| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/1300/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1305 |
| Огноо | 2023-11-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа,
улсын яллагч: Г.Янжиндулам,
шүүгдэгч: Д.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Ст холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********* овогт ********, ************ /регистрийн дугаар **********/,
Монгол Улсын иргэн, **********ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “*********** ХХК-д генераторын худалдаа засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн*********** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.С нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ********** агуулахын авто зогсоолд иргэн ************маргалдах үедээ шил арчигч шингэний сав шидэж хохирогч ************эзэмшлийн ******** улсын дугаартай "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг устгаж, гэмтээн 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Д.С нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, *******агуулахын авто зогсоолд иргэн ************маргалдаж байхдаа “шар өнгийн салон өнгөлөгч” шидэж, хохирогч ************эзэмшлийн улсын дугаартай "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг устгаж, гэмтээн 430,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч ************мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ амарч байхад ажил дээр дуудлага гараад 09 цагийн үед ирсэн. Өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай приус-30 маркийн машинаа ажлын зүүн талд байрлах ******ойл шатахуун түгээх станцын зогсоол дээр байрлуулсан ба эхнэр, хүү хоёр машинд суугаад үлдсэн юм. Тэгээд дуудлагын дагуу засвараа дуусгачхаад 10 цаг 30 минутын үед явах гээд машин дээрээ очоод хаалгаа нээгээд суух гэсэн чинь ********* гээд хар хөх өнгийн машины жолооч нэг хүнтэй хэрэлдэж байгаад шар өнгийн салон өнгөлөгч шидээд миний машины салхины шилийг оносон. Би тэгэхээр нь зөрүүлээд нөгөө шидсэн салон өнгөлөгчийг нь ****** машины жолооч руу шидсэн боловч нөгөө ******* машины жолоочийг биш түүнтэй хэрүүл хийгээд зогсож байсан хүний биеийг оночихсон. Тэр хүн над дээр ирж уурлахаар нь та хэд яагаад хог шидээд байгаа юм энийгээ ав гээд маргалдаж байгаад салсан. Тэгээд машиндаа суугаад шил арчигчаа ажиллуулсан чинь тэр салон өнгөлөгч шидээд оносон хэсэгт гурван цэг үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-гэрч ******** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 13-ний өдөр би нөхөр болох******* ажлаа дуусгаад би болон хүү Эрхэс хамтдаа гэртээ харихаар ***** агуулах эко ойл штс-ийн үүдэнд зогсоолд зогсоод хүнд юм өгчихөөд байж байхад хоёр хүн маргалдаад нэг нь манай машин руу юм аваад шидсэн. Тухайн шидсэн зүйл нь манай машины салхины шилэн дээр оносон тэгэхээр нь манай нөхөр буугаад тухайн шидсэн зүйлийг нь буцаагаад шидэхэд манай нөхөр рүү дайраад байсан болохоор би буугаад та нар юм шидэж хүний машин оночихоод яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлэхэд тэд нар машиндаа суугаад яваад өгсөн. Би машиндаа суугаад шилээ харахад цэг шиг юм үүссэн байсан тэгэхээр нь нөхөртөө хэлэхэд нөгөө залуугийн шидсэн юм оносон хэсэгт жижигхэн цэг шиг цуурсан байсан болохоор цагдаа нар ирэхээр нь хүлээгээд үзүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр өөрийнхөө ****** банкны ******* дугаарын данс руу 150,000 төгрөг дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 72-73 дахь тал/,
-“*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 803 дугаартай “үнэлгээгээр тогтоогдсон дүн 430,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Д.Сын яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С******* зах орчхоод гэртээ харих гээд явж байх замдаа Сонгинохайрхан дүүргийн ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******агуулах худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах гагнуурын цех рүү орох гээд төв замаас баруун гар тийшээ эргээд ***** худалдааны төвийн зогсоол эргээд зогссон. Тухайн үед миний машины гадны талаар давхар приүс 30 маркийн тээврийн хэрэгсэл эргэж орж ирээд жолооч нь намайг загначхаад цаашаа хөдлөөд зогсоол дээр очоод зогсохоор нь би араас нь хөдөлж очоод уг приүс маркийн автомашины жолоочийг та яагаад байгаа юм бэ, гэсэн чинь хөдөөний мал минь явж хонио хариулаач гэж хэлэхээр би уурандаа машин дотор байсан шар өнгийн савтай салон өнгөлөгчийг сав аваад солгой гараараа маргалдаж байсан хүн рүү шидсэн чинь цаад талынх нь приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун талын баганатай ойролцоо хэсэгт оносон. Тэгээд жолооч нь бууж ирээд машин оночихлоо гээд надтай маргалдаад байхаар нь би хөдлөөд явсан ...” гэж /хавтаст хэргийн 68-69 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 17 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 18 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 21 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.С нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.С нь бусдын өмчлөлийн зүйл болох машины шил рүү сав шидэж байгаа нь хууль бус санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч ******** 430,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш /300,000 төгрөгөөс дээш/ хохирол учруулсан” байна.
Шүүгдэгч Д.С-ын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь халдсан хууль бус үйлдэл гэж үзэх ба хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Д.С-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч *********үнэлгээр нь 430,000 төгрөгийн хохирол учирсан хэдий ч 150,000 төгрөгийг барагдуулсан одоо гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хавтаст хэргийн 78, 92 дахь тал/ байх тул шүүгдэгч Д.Сыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Д.С нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Д.С-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Д.С-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлтийн байдал болон ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардгийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт ********,************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Д.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэгүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА