| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0033/э/ |
| Дугаар | 43 |
| Огноо | 2017-02-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогч Г.А-
Шүүгдэгч Ц.Э-
Нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Э-т холбогдох 201714000010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ** аймаг ** сумын ** багийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Цгийн Э- /РД: ФА*******/
Шүүгдэгч Ц.Э- нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой Орхон аймгийн *** багийн *** тоотод Г.А-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Болдог гэдэг ахынд очиход А- гэдэг залуу ирчихсэн байсан. Тэгээд С-, С-гийн эхнэр хоёрт А- агсам тавиад байхаар нь би болиоч гэхэд чам шиг пацаан ингэх болоогүй гэхээр нь би А-ыг нэг удаа алгадсан. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Хохирол төлөөгүй. Ажил төрөлгүй болохоор төлөх боломжгүй байгаа. Хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр гэрээсээ гараад Болдогийнд очсон. Тэгсэн хэдэн хүн сууж байсан. Нэг нь шартаж үхлээ шар тайлаад өгөөч гэж байсан. Тэгээд би гарч яваад орой ирэхэд 0.5 граммийн архи авч ирсэн. Би хоёр найзынхаа хамт ороход энэ Э- гэх залуу манай хоёр найзыг хөөж гаргаад над руу дайрч миний нүүр лүү 2 удаа цохисон. Шүдээ Шигтгэмэл эмнэлэгт эмчлүүлж байгаа. Шүдийг эмчлэхэд 2.500.000 төгрөг болно гэсэн. Иймд эмчилгээний 2.500.000 төгрөг нэхэмжилнэ. Нэг ч төгрөг төлөөгүй. Би архи бага зэрэг уусан байсан. Одоо шүдээ эмчлүүлж байгаа, эмчилгээ дуусаагүй байгаа. Шүд эмчлүүлээд өгвөл гомдол саналгүй гэсэн мэдүүлэг, -Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *** багийн *** тоотод Б-э гэж манай найзын гэрт Т-, Э-, Нандин, Б-э нарын хамт архи уусан. Ингээд орой 17 цагийн үед гараад архи аваад буцаад ороод ирсэн чинь А- танихгүй хоёр залуугийн хамт ирсэн байсан. Тэгсэн Э- юун танихгүй хүн дагуулж ирээд байгаа юм гээд уурласан чинь А-тай хамт ирсэн 2 залуу гараад явсан. Тэгсэн А- наад хоёр залуугаар чинь архи авахуулах байсан юм гэхэд Э- юу гэж танихгүй дагуулж ирээд байгаа юм гээд тэр хоёр маргаад Э- А-ын нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэгэхэд А- нүүрээ дараад гараад явсан бөгөөд удалгүй намайг яаж байгаа юм гээд уйлаад байсан. Тэр үед амнаас нь цус гарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гарчихаад буцаж орж ирэхдээ миний шүдийг хугалчихлаа гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,
-Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...гаднаас танихгүй 3 залуу орж ирсний нэг нь хохирогч А- байсан юм билээ. Орж ирээд гэрийн эзнийг А- асуугаад манай найз залуу руу агсраад байсан. Тэгээд гутлынхаа түрийнд урт хуурай байсан тэрийг нь манай найз залуу аваад хүн алах нь уу гээд зурагтны доогуур шидэж холдуулсан. ...А- манай найз залуу руу агсраад эхэлсэн. Б-э чи миний гэрт агсардаг хэн бэ гээд А- Б-э хоёр хэрэлдээд маргалдаад байсан чинь Э- босож ирээд миний ахын гэрийг яагаад хүндлэхгүй байгаа юм бэ гээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тэгсэн чинь А- гараад явсан. Удаагүй буцаж орж ирээд миний шүд хугарсан байна намайг хэн зодов оо гээд хүмүүс рүү агсраад байсан гэсэн мэдүүлэг /хх 55 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.А-ын биед дээд гурван шүдний хугарал, нүүрэнд зулгаралт үүсчээ. 2. Эдгээр гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, ямар ч чиглэлд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 18 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/
-Ц.Э-ийн сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 25-30 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э- нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны орой Орхон аймгийн *** багийн *** тоотод Г.А-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Э-ийн “...А- агсам тавиад байхаар нь би болиоч гэхэд чам шиг бацаан ингэх болоогүй гэхээр нь би А-ыг нэг удаа алгадсан. Хохирогчид учирсан гэмтэл миний үйлдлээс болсон. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй” гэсэн, хохирогч Г.А-ын “...Би хоёр найзынхаа хамт ороход энэ Э- гэх залуу манай хоёр найзыг хөөж гаргаад над руу дайрч миний нүүр лүү 2 удаа цохисон” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Э- /хх 16 ху/, Н.Н-э /хх 55 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед дээд гурван шүдний хугарал, нүүрэнд зулгаралт үүссэнийг тогтоосон шинжээчийн 17 тоот дүгнэлт /хх 18 ху/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Г.А- нь хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилж “...Шүдээ Шигтгэмэл эмнэлэгт эмчлүүлж байгаа. Шүдийг эмчлэхэд 2.500.000 төгрөг болно гэсэн. Иймд эмчилгээний 2.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг гаргаж, эмчилгээ хийлгэсэн 255.300 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Дээрхи нэхэмжлэлээс шүүгдэгч нь баримтын хэмжээнд төлөхийг зөвшөөрч байх тул 255.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй. Харин үлдэх 2.244.700 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цгийн Э-ийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг 1 /нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-аас 255.300 /хоёр зуун тавин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг 2-8 тоотод оршин суух Г.А-т /РД: ****/ олгож, нэхэмжлэлээс 2.244.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА