Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0487

 

2021              07               21                                             128/ШШ2021/0487      Улаанбаатар хот

  

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.М

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

       Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, нэхэмжлэгч А.М,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...1.      Монголын Үндэсний шигшээ багийн пара жүдо бөхийн тамирчин, олон улсын хэмжээний спортын мастер А,М нь төрөлхийн харааны бэрхшээлтэйн улмаас түүнийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөгжлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохыг тогтоосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн, тив зэрэглэлийн тэмцээн, уралдаанд оролцож дараах амжилтуудыг үзүүлсэн байдаг. Үүнд: 2010 онд Хятад улсын Гуанжоу хотод зохион байгуулагдсан зуны спортын Азийн наадам /4 жилд 1 удаа зохион байгуулагддаг/-д мөнгөн медаль, 2017 онд Арабын нэгдсэн Эмрайт улсын Абу-Даби хотноо зохион байгуулагдсан Пара Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /4 жилд 1 удаа зохион байгуулагддаг/-д оролцож алтан медаль, 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпийн 3 дугаар наадам/4 жилд 1 удаа зохион байгуулагддаг/-д оролцож хүрэл медаль, 2019 онд АНУ-ын Фойрдвен хотноо зохион байгуулагдсан олон улсын хараагүйчүүдийн спортын дэлхийн наадам /4 жилд 1 удаа зохион байгуулагддаг/-д оролцож алтан медаль авч тус тус амжилтыг үзүүлсэн. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Хөгжлийн бэршээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасны дагуу урамшууллыг авахаар харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч дээд газраас чиглэл өгтөл урамшуулал олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн болно. Үүний дагуу дээд шатны байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандахад тус газар нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгээр нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно гэж заасан боловч ямар эх үүсвэрээс олгохыг тодорхой заагаагүй тул иргэн А.М нарын урамшууллыг олгох боломжгүй байна... хууль тогтоомжид өөрчлөлт орж тодорхой тусгасан тохиолдолд олгох боломжгүй болно.” гэсэн хариуг өгсөн болно.

Төрийн захиргааны байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь чиг үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах эсхүл огт шийдвэр гаргахгүй байгаагаар илрэх бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, хуульд заасан холбогдох урамшууллыг олгохоос татгалзаж байгаа нь дараах нөхцөл байдлуудын хүрээнд хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Тодруулбал Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан зохицуулалттай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хуулийг хэрхэн яаж хэрэглэх талаарх чиглэл, заавар, аргачлалыг хүргүүлсэн байдаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 тоот “Аргачлал, чиглэл хүргүүлэх тухай”, мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 тоот “Чиглэл өгөх тухай” албан бичгүүдээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшууллыг олгохдоо олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн гэсэн 6 зэрэглэлийн тэмцээний давтамж тус бүрээр тооцон тухай бүр олгоно. Өөрөөр хэлбэл олимпын наадамд алтан медаль авсан бол 1 сарын тэтгэврийн хэмжээг 48 сараар тооцон олгоно. Хэрэв энэ урамшууллыг авсны дараа тивийн наадам# оролцон медаль хүртсэн бол мөн л тухайн тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон урамшуулал олгоно..., Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг өмнө нь хэрэгжиж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, журамд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас олгож байсан. Харин шинэ хуулиар дээрх урамшууллыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих” 33 дугаар зүйлд хамааруулж заасан хэдий ч шаардагдах төсөв хөрөнгө нь тухай орон нутгийн төсөвт тусгагдсан тул шалгуур нөхцөлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөнгөн урамшууллыг олгох гэсэн байдаг.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудын веб сайтуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож ал г, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд холбогдох урамшууллыг авахдаа ямар ямар бичиг баримт бүрдүүлж авах талаар холбогдох мэдээллийг оруулсан байдаг нь хуульд заасан шалгуурыг хангасан иргэдэд итгэл төрүүлж буй нөхцөл байдал болно. Өөрөөр хэлбэл иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0459 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд с

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 онд батлагдсан/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.15-т заасны дагуу хуульд заасан болзол, шалгуурыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд холбогдох мөнгөн тусламжийг өгч байсан боловч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 онд батлагдсаН/-д дээрх тусламжийг ямар сангаас, ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх нь тодорхой тусгагдаагүй учраас өгөх боломжгүй гэдэг боловч 2005 онд мөрдөгдөж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд мөн уг тусламжийг нийгмийн халамжийн аль сангаас олгох талаар мөн л нарийвчлан тусгаагүй байсан тул өмнө нийгмийн халамжийн ямар сангаас тусламж, урамшуулал өгч байсан одоо мөн тэр сангаас олгоод явах боломжтой гэж үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж, урам, дэмжлэг, итгэлээр хөглөхийн зэрэгцээ, тухайн хүний цаашдын тэмцээн уралдаанд өөрийгөө бэлдэн оролцож амжилт гаргахад нь тус дэм болж буй дэмжлэг төдийгүй энэхүү урамшууллыг хуульд заасан чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс холбогдох сангаасаа олгож санхүүжүүлнэ гэж ойлгож байна. Холбогдох хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь нийгмийн халамжийн сангаас болзол, шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуульд заасан урамшуулал өгөх бүрэн бололцоотой боловч, дээд газраас буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодорхой чиглэл өгөхөөс татгалзаж, олгох үндэслэлгүй гэж шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч А.М хуульд заасан урамшуулал авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байна. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн 1/183 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-т зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хууль бус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй бөгөөд хууль бус шийдвэр гэдэгт хуульд заагаагүй нөхцөл, хэлбэр, хэмжээгээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох тохиолдол хамаарна. Тухайн жилд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжид зориулагдах хөрөнгө зориулалт, төрөл тус бүрээр нарийвчлан төсөвлөгдөн зарцуулагддаг. Зарим тохиолдолд Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар нийгмийн халамжийн зарим төрлийн тэтгэмжийн эх үүсвэрийг тодорхой зааж өгч төсөвт тусгагдан олгогддог билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан тохиолдолд олгох мөнгөн урамшууллыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн байгууллага одгоно гэсэн хуулийн заалт байхгүй, эх үүсвэр, төсвийг хэрхэн шийдэж өгөх талаар хуулийн зохицуулалт байхгүй тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нийгмийн халамжийн тодорхой зориулалт, төрөл тус бүрээр төсөвлөгдсөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох боломж байхгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-т заасан мөнгөн урамшууллыг олго гэсэн шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр намайг хөгжлийн  бэрхшээлтэй иргэн болохыг тогтоосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагддаг дэлхийн, тив зэрэглэлийн тэмцээн, уралдаанд оролцож дараах амжилтуудыг үзүүлсэн. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Хөгжлийн бэршээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно” гэж заасны дагуу урамшуулал олгох ёстой байсан гэж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан мөнгөн урамшууллыг олго гэсэн шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж тус тус маргаж байна.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч А.М нь харааны бэрхшээлийн улмаас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн[1] бөгөөд 2010 онд Хятад улсын Гуанжоу хотод зохион байгуулагдсан зуны спортын Азийн наадамд -66 кг жинд мөнгөн медаль[2], 2017 онд Арабын нэгдсэн Эмрайт улсын Абу-Даби хотноо зохион байгуулагдсан Пара Жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож алтан медаль[3], 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн паралимпод оролцож -66 кг жинд хүрэл медаль[4], 2019 онд Америкийн Нэгдсэн Улсын Фойрдвен хотноо зохион байгуулагдсан олон улсын хараагүйчүүдийн спортын дэлхийн наадамд оролцож -66 кг жинд алтан медаль авч тус тус хүртжээ. 

          Улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан шалгуурыг хангасан гэж үзэн тэрээр нэг удаагийн мөнгөн урамшууллыг олгож өгөх тухай өргөдлийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандахад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1726 дугаар албан бичгээр “...одоогоор нийгмийн халамжийн сангаас тус заалттай холбоотойгоор олгох эсэх нь тодорхойгүй байгаа тул дээд газраас чиглэл хүлээж байна” гэж,[5]

          Харин энэ асуудлын талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандахад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/1228 дугаар албан бичиг болон 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгүүдээр “...ямар эх үүсвэрээр олгохыг тодорхой заагаагүй тул иргэн А.Мөнхбатын урамшууллыг олгох боломжгүй...холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж, тодорхой тусгасан тохиолдолд олгох боломжтой” гэсэн хариуг тус тус өгсөн байна.[6]

          Нэг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Маргаан бүхий Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага, иргэн А.Мөнхбатад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшууллыг олгох эсэх буюу тодорхой тохиолдлыг зохицуулахаар, хуулиар олгосон тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр байх бөгөөд уг акт нь захиргааны байгууллагын гадна орших иргэн А.Мөнхбат руу чиглэн, түүнд шууд үр дагаврыг бий болгосон, татгалзсан үйлдэл байна.

          Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан  шинжийг агуулж байх тул захиргааны акт мөн болно.

          2005 оны 12 дугаар сарын 08-ний өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэн олимп, тивийн наадам, хийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгох,” гэж заасантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 3 дахь хавсралтын 3.1-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн нэг удаагийн мөнгөн тусламжийг олгодог байжээ.[7] 

          Харин 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “...хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт зөвхөн энэ хуулийн 26.1.1-26.1.16-д заасан тохиолдолд хамруулахаар хуульчилснаар Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 3 дахь хавсралтыг Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 197 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.[8]

   Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан тохиолдолд олгох мөнгөн урамшууллыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн байгууллага олгоно гэсэн хуулийн заалт байхгүй, эх үүсвэр, төсвийг хэрхэн шийдэж өгөх талаар хуулийн зохицуулалтгүй тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нийгмийн халамжийн тодорхой зориулалт, төрөл тус бүрээр төсөвлөгдсөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох боломж байхгүй”[9] гэж тайлбарлаж байгаа нь бодит нөхцөл байдалд тохироогүй, эрх зүйн үндэслэлгүй байна.

          Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д ...өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, ...хуульд заасан ...мөнгөн тусламж авах эрхтэй гэж зааснаар Хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх эрхийнх нь хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Хөгжлийн бэрхшээлтэй хүн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тохиолдолд түүний оролцсон тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор хуульчилж өгсөн.

          Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.1.5, 26.1.6-д заасан тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, олгох журам, жишиг үнийг Засгийн газар батална гэж байгаагаас үзвэл маргааны үйл баримт болсон харилцааг зохицуулсан тодорхой хуулийн зүйл, заалт дээр заавал нэмэлт нарийвчилсан зохицуулалт хийж журам баримтлах шаардлагатай гэсэн үндэслэлээр олгохоос татгалзаж байгаа нь хууль бус байна.

          Энэ урамшууллыг эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд өмнө нь олгож байсан болохоор одоо ч гэсэн үргэлжлүүлээд олгох боломжтой гэх... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.[10]

          Өөрөөр хэлбэл нэгэнт хууль тогтоогчоос Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан мөнгөн урамшууллыг олгохоор хуульчлан баталсан тул уг хуулийн зохицуулалттай холбоотой журам  батлагдан гараагүй гэх үндэслэлээр түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзнэ. 

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хамаарагдахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6-д Засгийн газрын гишүүн нь хууль тогтоомж,...өөрийн шийдвэрийн биелэлтийг,...шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн шууд харьяалах Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2622 дугаар “Аргачлал, чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр[11] “...Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн уг хуулийн 26.1.1-26.1.6-д заасан хөнгөлөлт, тусламжийг олгохтой холбоотой харилцааг зохицуулсантай холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан мөнгөн урамшуулалд шаардагдах төсөв, хөрөнгө нь орон нутгийн төсөвт тусгагдсан тул шалгуур, нөхцөлийг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд мөнгөн урамшууллыг өмнө бүрдүүлж байсан баримт бичгийн дагуу олгох...” чиглэл, аргачлалыг өгсөн бол 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/251 дүгээр “Чиглэл өгөх тухай албан бичиг”-ээр[12] Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшууллыг ...тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон олгох... талаар чиглэлийг тус тус өгч байжээ.

          Төсвийн ерөнхийлөн захирагчийн чиглэл өгсөн дээрх албан бичгүүдээс  үзвэл маргаан бүхий актын ...аль сангаас санхүүжүүлэх болон ямар журмаар зохицуулахыг заагаагүй, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.8-д заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд энэ зүйлийн 14.2-т заасан төсвийн удирдлагын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшууллыг ...тэмцээний давтамжийн хугацаагаар тооцон олгох... талаар чиглэлийг удаа дараа хүргүүлж байсан нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих бодит үндэслэл болно гэж үзэх боломжтой байна.

          Иймд асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өгсөн чиглэлийг хэрэгжүүлээгүй агентлагийн шийдвэр хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэв.

            Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

          Монгол улсын Засгийн газрын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудлыг хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өөрийн шууд харьяанд байх  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хохироохгүйгээр хуульд заасан баталгаагаар хангах мэргэжил арга зүйн удирдлага болгон хэрэгжүүлэх чиглэл, аргачлалыг өгч ажилласан байна.

            Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын сайдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж, урам зориг, дэмжлэг, итгэлээр хөглөхийн тулд тэдэнд урамшуулал болгон олгож буй мөнгөн урамшууллыг хэрхэн олгох талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг чиглэл, аргачлалаар хангасан атал Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлттэй хамаатуулан харьяалах Нийслэл, орон нутгийн харьяа газар, хэлтэст чиглэл өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас харьяалах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст урамшуулал олгох тухай чиглэл өгөхгүй байгаа нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч А.М эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хангалттай үндэслэлүүдээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.4-д заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

          Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблей 2006 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн конвенци-г боловсруулан гаргасан бөгөөд Монгол Улс 2009 оны 5 дугаар сарын 13-нд уг конвенцид нэгдэн орсон бол Ази, номхон далайн бус нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодит болгох Инчеоны стратеги-г 2014 оны 3 сард хүлээн авч соёрхон баталсан байна.

          Иймд дээрх нэгдэн орсон олон улсын конвенц болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хүлээсэн үүрэг, эрхэм зорилгоо ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хамгааллын хөтөлбөрт хамруулах, тэдгээрийг бие даан өөрийгөө хөгжүүлэн амьдрахад бүх төрлийн дэмжлэг үзүүлэх нь хариуцагч байгууллагын үүрэг болохыг дурдах нь зүйтэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 8, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.8, 14.2-т заасныг баримтлан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/183 тоот албан бичгийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан урамшуулал олгох тухай чиглэл өгөхийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР