Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0112

 

 

 

 

 

                                                                                                   

 

 

 

“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Нэхэмжлэгч: “Х т” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Ц.С нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-2122000002* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0712 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0421/З                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0712 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.14-т заасныг тус тус баримтлан Х т ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нарт холбогдуулан гаргасан Улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-2122000002* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэл:
Улсын Их Хурлаас 2011 онд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө" гэж өөрчилсөн, Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж өөрчлөн найруулсан, уг өөрчлөлт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 13 дугаарт нийтлэгдэж, уг хугацаанаас хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ", 8.2-д "Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана", 8.2.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх" гэж тус тус заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны 2019 оны сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор "үндсэн хууль зөрчсөн" гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт "ашигт малтмал нөөц ашигласны худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд... нь ашигт малтмалын ашигласан бүх төрлийн улсын төсөвт төлнө" гэж заасныг нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож хүчингүй болгосон байна.

2.2. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна", 27.1.3-д "өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн no баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр". 27.1.6-д "хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол" гэж заасан. 2019 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд, 47.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд" гэж. 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн 47.1 гэснийг 47.16" болгож тус тус өөрчлөн найруулсан байна.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө: 1.1 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 1.2. Ашигт малтмал экспортолсон этгээд: 1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заажээ.

Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч"-ээс бусад этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй гэж үзэхээр байна.

2.3. Харин бидний зүгээс өөрийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас жонш огт олборлож, экспортлоогүй, харин худалдах, худалдан авах гэрээний дагуу 2018-2021 онуудад бусдаас жоншны бүтээгдэхүүн худалдан авч экспортолсон, бусад этгээдүүд АМНАТ төлсөн эсэхийг огт шалгалгүй татварын алба дэндүү хялбарчлан давхардуулан төлбөр ногдуулсан гэж тайлбарлан маргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа нэхэмжлэгч компанийг "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж үзсэн эсэх, эсхүл "экспортод ашигт малтмал гаргасан" гэж үзсэн болох нь ойлгомжгүй, эргэлзээтэй байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байсан болно.

Нэхэмжлэгчээс "...ашигт малтмалыг бусдаас худалдаж авсан" гэж тайлбарлан маргасан энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар нь жонш худалдан авсан эсэх талаарх холбогдох баримтуудыг огт үнэлээгүй, шүүх мөн ач холбогдол өгөөгүй.

2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 47.7-д "ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх бөгөөд уг төлбөрийн баримтад ашигт малтмалын нэр төрөл, ангилал, тоо хэмжээ, малтмалын ашигт нөөц ашигласны борлуулалтын үнэлгээ, ногдуулсан төлбөрийн дүнг тусгасан байна", 47.19-д "ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд 47.10, 47.11-д заасны дагуу тайлагнаж төсөвт төлнө” гэж тус тус заасны дагуу ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч, шууд эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байхаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн бусад этгээдээс ашигт малтмалыг худалдан авсан гэрээ, төлбөрийн баримт, худалдсан этгээдийн суутган төлсөн тайлан мэдээ зэргээр нотлогдох тохиолдолд суутган төлсөн төлбөрийг хасаж тооцохоор байна.

2.5. Татварын улсын байцаагч нарын үйлдсэн Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5. "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;" Татварын ерөнхий хуулийн 5.1.2. "тодорхой байх;" 5.1.3. "шударга байх; зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч эхлээд хяналт шалгалтад хамрагдаж буй аж ахуйн нэгж бүрийн ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн үйл ажиллагаа, орлого, зарлагын болон бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-д "дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн нөхөн татвар ногдуулах" уу эсхүл Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ын 2.2.6. "уул уурхайн бүтээгдэхүүний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14-т заасан эх үүсвэрийн дагуу эрх бүхий этгээдийн нийтэд зарласан үнийн мэдээлэл, ийм мэдээлэл байхгүй бол статистикийн үнийн мэдээлэл ашиглах" уу гэдгийг шийдэх ёстой байтал шууд журмын 2.2.6 дахь заалтыг ашиглаж нөхөн ногдуулалтын акт тавьснаар шийдвэр нь үндэслэлгүй болсон.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.8. "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэсэн зарчим нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3.-д "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх;” гэсэн зарчимтай харилцан хамааралтай салбар эрх зүйд хэрэглэгдэх ба манай тохиолдолд бидний зүгээс АМНАТ-ийг огт төлөөгүй биш төлсөн, гагцхүү бидний төлөлтийг Монголын татварын алба зөв байна хэмээн удаа дараа тайлан хүлээн авч байсныг анхаарч үзэх хэрэгтэй.

Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана." гэж заасны дагуу манай компанийн үйлдсэн татварын тайланг маш өндөр дүнтэй хаана байдаг нь эргэлзээтэй зарлаж буй үнэ нь бодит үнэн биш бирж гэх байгууллагын үнэд таарахгүй байна гэж удаа дараа буцаагаад байхаар бидний зүгээс дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу татварын тайлангаа татварын албанд цаасаар үйлдэн шуудангаар хүргүүлдэг байсан. Гэтэл Татварын алба биднийг огт тайлан гаргадаггүй, хүргүүлээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.7. Татварын улсын байцаагч нар нь Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулахдаа татварыг бодитой, шударгаар ногдуулах зарчмыг зөрчсөн болохыг анхан шатны шүүхээс дүгнэж үзсэнгүй. Тухайлбал, татварын улсын байцаагч нар нь тооцоолол дээр алдаа гаргаж жоншны ачилт болгон дээр болон зарим үед дээж өгөх бурт сар бүр жишиг үнэд өөрчлөлт орж байсныг харгалзан үзэхгүйгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн манай компани нь жоншны нөөцийг ашиглаж олборлосон уул уурхайн компаниудаас худалдан авч экспортод гаргах худалдааны бизнес эрхэлсэн бөгөөд энэ тохиолдолд жонш олборлогч компаниуд нь АМНАТ-аа хуульд заасан үүргийнхээ дагуу төлсөн гэдэг тайлбарыг татварын улсын байцаагч нар шалгаж үзэхгүйгээр нөхөн ногдуулалтын акт ногдуулсан. Өөрөөр хэлбэл нэг төрлийн бүтээгдэхүүн дээр 2 удаа буюу татварыг давхардуулан ногдуулсан болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2.8. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх үндэслэл:

Татварын улсын байцаагч нар нь манай компанийн экспортод гаргасан жоншны бүтээгдэхүүний жин (тонн) бүхий гаалийн мэдүүлэг болон бэлэн бусаар дансаар шилжүүлсэн гүйлгээний хуулга, жонш худалдах гэрээ зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг бүрэн шалгаж тогтоосон атлаа бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно. Манай Улс дэлхийн зах зээл рүү жоншийг шууд худалдах боломжгүй бөгөөд далайд гарцгүй зөвхөн 2 хөрш улсдаа экспортох боломжтой учраас олон улсын зах зээлийн өрсөлдөөнд оролцох, улмаар жишиг үнээр бүтээгдэхүүнээ борлуулах бодит боломж байхгүй гэдгийг татварын байгууллага сайн мэдэж байгаа. Мөн жонш нь биржийн бус бараа бүтээгдэхүүн тул олон улсын биржүүдээр арилжаалах боломжгүйн зэрэгцээ бүтээгдэхүүний овор хэмжээ ихтэйгээс шалтгаалж тээвэр логистикийн хүчин зүйлээс шууд шалтгаалдаг бүтээгдэхүүн юм. Өөрөөр хэлбэл уурхайн аман дээрх жоншны үнэ болон ачилт хийсэн, тээвэрлэж төмөр замын өртөө хүргэсэн, улсын хил хүртэл тээвэрлэгдсэн нэгж жоншны үнэ хүртэл харилцан адилгүй нэмүү өртөг, зардал шингэсэн үнэтэй байдаг.

Гэтэл татварын улсын байцаагч нар нь тухайн улсын орон нутгийн үнийг мэдээлэлдэг, зөвхөн мэдээллийн шинжтэй албан бус цахим хуудас болох www.indmin.com rэх хаяг дээрээс БНХАУ-ын Т боомт дээр FOB (Free On Board) үнэ буюу усан онгоцны тавцан дээрх үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилээр экспортод гарсан жоншны бүтээгдэхүүн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр мянга гаруй километр тээвэрлэгдэж, ачилт буулгалтын үнэ, тээврийн үнэ, орон нутгийн болон улсын татвар хураамж тооцогдож улмаар далайн боомтоос дэлхийн өнцөг булан бүр лүү хамгийн хямд усан тээврээр зөөвөрлөгдөх боломжтой бүх үнэ, зардал, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнээс тооцож Монгол Улсад татвар ногдуулж байгаа нь эрүүл ухаанаар ойлгох боломжгүй зүйл юм.

Өнөөдөр энэхүү дэлхийн зах зээлийн үнийг тогтоосон гэх www.indmin.com цахим хуудсанд хандахад www.fastmarket.com гэсэн албан бус мэдээллийн шинжтэй цахим хуудас болсон байгаа нь дэлхийн зах зээлийн үнийг тогтоодог мэдээллийн эх сурвалж биш гэдэг нь илэрхий харагддаг. Тухайлбал, жоншны үнийг өмнө Т боомт дээрх мэдээлэл тавигдсан бол одоо Мексикийн үнийг тавьсан байгаа нь албан бус эх сурвалж гэдгийг нь тодорхой харуулж байна. Аливаа эрдэс баялаг нь шат дамжлаг бүрээр үнэ өсч, мөн эцсийн бүтээгдэхүүн болох хүртлээ өртөг зардал шингэж нэмүү өртөг үүсгэдэг тул анхны баяжмалын борлуулалтаас үйлдвэрийн дамжлагад шингэх үеийн үнээр тооцож татвар ногдуулах үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0712 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

            2. Нэхэмжлэгч “Х т” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч Ц.С, Н.Х нарт холбогдуулан “2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн НА-2122000002* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.С, Н.Х нар нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн  2,966,359,633.15 төгрөгийн нөхөн татвар, 923,933,394.13 төгрөгийн торгууль, 546,441,810.4 төгрөгийн алданги, нийт 4,436,734,837.32 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...манай татварын тайланд тусгасан гэрээний үнийг баримтлахгүй биржийн үнийг баримтлах ёстой гэж үзэж байсан бол манай компанийн тайланг хүлээн авахгүй буцаах боломж татварын албанд байсан атал олон жилийн дараа АМНАТ-аа буруу гаргаж байсан мэтээр биднийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнийн дүнгээс тооцон суутган төлөх ёстой, ...өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, бусад аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн худалдан авч экспортод гаргасан байхад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан, ...улсын байцаагчид аж ахуйн нэгжид ашигтай Засгийн газрын тогтоол болон жоншны хүчин төгөлдөр MNS стандартыг хэрэглээгүй, харин хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй...” хэмээн тайлбарлан маргасан.       

5. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно” гээд, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундажыг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж тус тус зааснаар нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнээс тооцох зохицуулалттай байх бөгөөд энэ дагуу татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах” тухай тогтоолыг хэрэглэж, борлуулалтын үнэлгээг тооцон, төлбөр тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “...бодит үнээр биш харин олон улсын жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож татвар ногдуулж байгаа нь хууль хэрэглээний хувьд илэрхий ноцтой зөрчилд тооцогдоно...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

6. Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зохицуулалтыг хууль тогтоогчоос 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; ашигт малтмал экспортолсон этгээд; Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж өөрчилсөн боловч энэ нь ашигт малтмалын ашиглалтын МV-021094 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болох нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд агуулга адилхан, ямар нэг өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгч нь экспортолсон хайлуур жоншиндоо ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль батлагдах хүртэл хугацаанд "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч"-ээс бусад этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх эрх зүйн зохицуулалт байгаагүй...” хэмээх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь тухайн хугацаанд ч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн байсан тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 2018-2021 оны хооронд улсын хилээр худалдсан хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.

7. Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээдээс хяналт шалгалтад хамаарах хугацаанд өөрийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, бусад аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн худалдан авч экспортод гаргасан байхад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан хэмээн маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн жонш худалдан авч экспортод гаргасан гэх ... “Н ор ж” ЗБН, “Д” ЗБН, “Ө” ЗБН, “Э” ЗБН, “Э” ЗБН,  “С” ХХК ... зэрэг хуулийн этгээдүүд нь тухайн хугацаанд АМНАТ-ын тайлан ирүүлээгүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаагүй болох нь холбогдох татварын алба, хэлтсээс ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байх тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн “...ашигт малтмалыг бусдаас худалдаж авсан" гэж тайлбарлан маргасан энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нар нь жонш худалдан авсан эсэх талаарх холбогдох баримтуудыг огт үнэлээгүй...” гэх давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

8. Татварын ерөнхий хуулийн (2008 он) 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:” гэж, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэж заасныг нэхэмжлэгч хуулийн этгээд зөрчсөн, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлагнаагүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

9. Анхан шатны шүүх “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхайн эдэлбэрээс ашигт малтмалаа олборлож худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд ашигт  малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 2018-2021 оны хооронд улсын хилээр худалдсан хайлуур жоншинд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй, ...нэхэмжлэгч татварын хяналт шалгалтад хамаарах хугацаанд өөрийн талбайд үйл ажиллагаа явуулаагүй, бусдад бүтээгдэхүүн худалдан авч, экспортод гаргасан гэж тайлбарлах ба хэрэгт авагдсан татварын хяналт шалгалтын үед хариуцагч татварын улсын байцаагч нарын үйлдсэн баримтаар баяжмалын агуулгаар ангилан хувь хэмжээг тооцсон болох нь нотлогдож байна, ...тухайн нөхөрлөлүүд татварын тайлан гаргаж, татвар тайлагнаж байгаагүй болох нь тогтоогдож байх тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй, ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тодруулах шаардлагатай нөхцөл байдал байхгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанид нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа нэхэмжлэгч компанийг "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж үзсэн эсэх, эсхүл "экспортод ашигт малтмал гаргасан" гэж үзсэн болох нь ойлгомжгүй, эргэлзээтэй байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх шаардлагагүй.

10. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 0712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

 

                         ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН