Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 26

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0041/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч              П.Б-жаргал

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Б-д холбогдох, 1918008180004 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Б-.

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хас банкны хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр 42-66 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1.д заасныг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Х.Б-ыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Уг ослын улмаас Х.Б-ын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь дагз ясны хугарал, тархины баруун чамархай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, улмаар Х.Б- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2019.11.29-ний өдөр гавал тархины гэмтлийн улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар Б.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар Б.Б-д оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар Б.Б- нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

-Хэргийн хамт ирүүлсэн 678006 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн Б-алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн Б-алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйпийн 3.т зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.т заасныг журамлан шүүгдэгч Б.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулчихаад дахин Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 3.4.т зааснаар тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалтыг тогтоосон нь Б.Б-гийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1.д заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлттэй байна гэжээ.

Хохирогч Л.Э- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие хөдөө орон нутагт ажилладаг тул Б.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаан оролцох боломжгүй бөгөөд гомдол, саналгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасчихаад, дахин тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч П.Б-жаргал тайлбартаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэсэн байдал, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хас” банкны хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр 42-66 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын машин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1.д заасан ...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Х.Б-ыг мөргөж зам тээврийн осол гаргаж, ослын улмаас хохирогч Х.Б-ын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь дагз ясны хугарал, тархины баруун чамархай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, улмаар Х.Б- нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2019.11.29-ний өдөр гавал тархины гэмтлийн улмаас нас барж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлджээ.

            Шүүгдэгч Б.Б-гийн энэ үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон хохирогч Л.Э-, гэрч  А.М-, Э.Э- нарын мэдүүлэг / х.хийн 33, 37, 41-р хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-н 8-р тал/, хохирогчийн биед учирсан хохирол, гэмтлийн талаарх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-11-28-ны өдрийн 125 дугаар дүгнэлт /х.х-ийн 50-р тал/., Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахмад П.Мөнхбаатарын гаргасан 2019-11-29-ний өдрийн зам тээврийн ослын талаарх дүгнэлт /х.х-ийн 60-р тал/., хохирогчийн хувцсанд шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-12-05-ны өдрийн 108 дугаар дүгнэлт /х.х-ийн 66-р тал/., Б.Б-гийн жолоодож явсан 42-66 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг, шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцааагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Л-гийн дүгнэлт /х.х-ийн 74-77-р тал/., талийгаач Х.Б-ын нас барсны гэрчилгээ, ослын газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирол төлсөн баримт зэргээр нотлогдож тогтоогдсон  байна.

            Анхан шатны шүүх болсон үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдэл, гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

           Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан  ял оногдуулахдаа үндсэн ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял заавал оногдуулахаар хуульчилснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэрэглэсэн атлаа давхар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь буруу бөгөөд энэ нь шүүгдэгчийн хувьд   түүний эрх зүйн байдлыг дордуулснаас гадна шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт эрх хасах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох нэмэгдэл ял хэрэглэх заалтгүй өөр зүйл, хэсэгт энэ хязгаарлалтыг хэрэглэх, түүнчлэн Эрүүгийн хуульд заасан өөр төрлийн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг сонгож  хэрэглэх боломжтой.   

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан ялыг тус тусд нь заалт болголгүй 1 заалтаар оногдуулах, мөн тэнссэн тохиолдолд 7.1 дүгээр зүйлийн 5. дахь заалтыг заавал бичихийг анхаарч, цаашид хуулийн зүйл, хэсгийг хуульд заасан үндэслэлээр зөв тайлбарлан хэрэглэх, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцнэ.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтыг:

-Шүүгдэгч Б- овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. гэж өөрчлөн тогтоох хэсгийн 5., 6 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

           2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

         -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.,

           -Шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай., гэсэн заалт тус тус нэмсүгэй.

3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                               Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ