Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1904

 

 

 

 

 

            2020        05          26

                                 101/ШШ2020/01904

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: А ХХК-ийн гаргасан

 

            Хариуцагч: Б-д холбогдох,

 

            7,153,808.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани ... хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг хариуцагч Бд 2018 оны 10 сарын 01 өдрөөс 1 жилийн хугацаатай түргэн хоолны чиглэлээр ажиллуулахаар түрээслүүлсэн. Гэвч түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх хугацааг байнга хожимдуулж, өнөөдрийн байдлаар 4 сарын төлбөрт 6,000,000.00 төгрөгийг ашиглалтын төлбөр 1,153,808.00 төгрөгийн хамт төлөөгүй байна.

 

Иймд, хариуцагчаас 7,153,808.00 төгрөгийн төлбөрийг талаас нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Тус 4 сарын ашиглалтын зардал төлөөгүй гэж байгаа боловч ашиглалтын төлбөрийг сар бүр төлөхгүй бол ус хаадаг байсан учраас 1,153,808.00 төгрөгийг төлөх боломжгүй.

 

            Бид, тус үл хөдлөх хөрөнгөд 6,000,000.00 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн бөгөөд үүнээс 3,000,000.00 төгрөгийг салгаж үл болох зүйлийг түрээсийн төлбөрт суутгах ёстой. Мөн түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөхөд 1,200,000.00 төгрөгийн үнэ бүхий зүйлийг нэхэмжлэгч нь гээгдүүлсэн байсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А ХХК-иасхариуцагч Бд холбогдуулан 7,153,808.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч  А ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Бтай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, ...хаягт орших нийт 119.19 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэхээр тохирчээ /х.х-ийн 6-11 хуудас/.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хариуцагч нь гэрээний зүйлийг хоол үйлдвэрлэлийн буюу аж ахуйн зориулалтаар уг үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг хүртэхээр түрээсэлжээ. 

 

Мөн тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түрээсийн 1 сарын төлбөрийг 1,500,000.00 төгрөгөөр тохирч, 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу ашиглалтын зардлыг түрээслэгч буюу хариуцагч нь хариуцахаар болжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол үүргээ зөрчсөнд тооцох журамтай.

 

            Гэтэл хариуцагч Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, нийт 4 сарын түрээсийн төлбөр болох 6,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-нд төлөөгүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.

 

            Нэгэнт хариуцагч нь 6,000,000.00 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаагүй тул тэрээр нэхэмжлэгчид тухайн төлбөрийг төлөх ёстой. Харин ашиглалтын зардал 1,153,808.00 төгрөгийн хувьд хариуцагч нь гэрээний зүйлийг зориулалтаар нь ашиглаж байх тэрхүү цаг хугацаанд цахилгаан, дулаан, усны төлбөр ийнхүү 1,153,808.00 төгрөг болсон нь тодорхойгүй байна.

 

            Тодруулбал, гэрээний зүйл болох 119.19 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн ус, дулаан, цахилгааны төлбөрийн нэхэмжлэх хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн төлбөл зохих ашиглалтын зардлыг шууд 1,153,808.00 төгрөг гэж үзэх нь учир дутагдалтай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч  А ХХК нь хариуцагч Быг 1,153,808.00 төгрөгийг төлөөгүй гэдгийг баримтаар нотлоогүй.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 6,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,808.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг үндэслэн хариуцагч Баас 6,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,808.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,411.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

                                  
  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР