Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1031

 

  

 

 

 

 

 

 

 

2023           10           12                                     2023/ШЦТ/1031

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2209022871439 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Б/регистрийн дугаар .../, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага эрх зүйч мэргэжилтэй, ....-д харуулын албаны дарга, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ... дүгээр гудамж .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнссэн,

Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “...” дэлгүүрийн гадна талд иргэн Э.Г-ийг“агсан согтуу тавьсан, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р үүдэн шүдний сулрал, хамарт зулгаралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Г-нмэдүүлэг, шүүгдэгч Б.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “...” дэлгүүрийн гадна талд иргэн Э.Г-ийг“агсан согтуу тавьсан, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р үүдэн шүдний сулрал, хамарт зулгаралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бын хохирогч Э.Г-нэрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Тухайн өдөр 2022 оны 8 дугаар арын 12-ны өглөө Хүүхдийн 100-ийн ... дэлгүүрээс дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу хамгаалагч Б хамт очиход нэг хүн ширээ дэрлээд унтаж байсан. Юу болсон талаар асуухад дэлгүүрийн ажилтан “энэ хүн 1 цагаас хойш орж ирээд үйлчлүүлэгчид рүү орилж хашхираад байна. Тэгээд гар гэсэн шаардлага тавихад бид нарыг ална гэж орилж байгаад унтаад өглөө. Энэ хүнийг гаргаад өгөөч” гэсэн. Тухайн иргэнийг сэрээгээд “гэрээ олох уу, одоо гар аа” гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд гаргахад дэлгүүрийн хаалгаар гарсан даруйд намайг цохисон. Би 2 гарыг нь хавсраад гавлах гэж оролдсон боловч дийлээгүй. Тэгээд гарыг нь хөших гэж байгаад газарт унагасан. Хохирогч газарт байхдаа намайг өшиглөж, миний биед халдсаар байсан. Би хохирогчийг цохиогүй. Тухайн иргэн согтуу байсан бөгөөд цагдаа, хурандаа нарын нэр дурдаж, бид нарыг үг хэлээр доромжилсон. Тухайн үед гудамжаар явж байсан хүмүүс “та нар согтуу хүн зодлоо” гэсэн байдлаар биднийг буруутгаж байсан. Бидний хувьд иргэнийг зодсон зүйл байхгүй нулимс асгаруулагч ашигласан...” гэв.

шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би гэрээний дагуу хамгаалж байсан обьектоос өөрийн хүлээх үүргийн дагуу тухайн хүнийг авч гарсан тэгсэн чинь тухайн хүн миний нүүр рүү гараараа 3-аас 4 удаа цохисон тэгээд миний 2 гуяны дотор тал руу 2-оос 3 удаа өшиглөж байсан тэгээд тухайн хүний хөдөлгөөний хязгаарлахын тулд тусгай мэх буюу хавсарч унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

 

хохирогч Э.Ганхүрд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байрны хүмүүстэй 2 шил архи хувааж уугаад гэртэй ороход эхнэр архи уулаа гээд маргалдаад байхаар нь гэрээсээ 20 цагийн үед гарч яваад хамт ажилдаг найз болох Д, Б нартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо хүүхдийн 100 тэнд үйл ажиллагаа явуулдаг ... дэлгүүрийн гадна уулзсан уулзаад би ... дэлгүүр ороод эдэн 0,07 граммын архи аваад Д машинд суугаад Ч баарны гадна ганцаараа буугаад орсон чинь Б уг бааранд таараад дайлж Коктейль хэд хэдийг авч уугаад уг баарнаас гарсан. Уг баарнаас гараад ... орж халуун юм уух гэж ороод суудал дээр нь унтчихсан юм. Нэг мэдэхэд хоёр хамгаалагч намайг чирч гудраад байхаар нь би урдаас нь болиоч намайг битгий тэгээд бай гэсэн чинь маргаан үүсэж миний нүд рүү газ, нулимс асгаруулагч асгаруулагч цацсан тэгтэл нүд хүчтэй өвдөхөөр нь би орилоод болиоч гэж хэлэхэд уг хоёр хамгаалагч миний хоёр гарыг өчөөд чирээд ... дэлгүүрийн гадна гаргасан тэгээд намайг нүүрээр унагаасан. Тэгэхээр нь би та нар яагаад ингээд байгаа юм гэж хэлсэн чинь хөгшин хамгаалагч нь намайг чи ямар том юм бэ чиний танилтай талтай нь тэндээ юм байгаа биз гэж хэлээд миний толгойны баруун талын шанаа тус газар хөлөөрөө гишгэж газартай хавсарсан тэр үед нөгөө хамгаалагч нь зүүн талын хөлийн гуя хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулаад байсан тэр үед би их хашхирсан хажуугаар явж байсан хүмүүс болиоч ээ наад хүн чинь согтуу байна битгий зодооч гэж хэлсэн нэг эрэгтэй цагдаа дуудсан юм. Тэгээд би газар сууж байхад цагдаа нар ирсэн бид гурвыг аваад цагдаагийн газар луу авч очсон цагдаа намайг эмнэлэгт очиж үзүүл гэж хэлэхээр би шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн юм..., ... Би нэлээн согтуу байсан..., ... Би ... дэлгүүрт 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн үед орохоос өмнө ямар нэгэн хүнтэй маргалдсан зодоон цохион хийсэн асуудал байхгүй..., ... Би хяналтын камер байсан үгүйг анзаараагүй камертай байсан манай эхнэрт дуудлагаар очсон цагдаа нар утсан дээрээсээ юу болсон талаар бичлэгийг үзүүлсэн байсан тэгэхээр камерын бичлэг байгаа гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр согтуу залуу Баасанжав ахыг цохих гэхэд Баасанжав ах бултаад тэр согтуу залуугийн гараас нь өчөөд дийлэхгүй тавиулаад ахиж Баасанжав ахыг цохих гэхэд бултаад Баасанжав ах цохисон, би хаана нь цохисныг нь хараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

 

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022.8.12-ны өдрөөс 2022.08.13-ныг шилжих шөнө үүрээр Сүхбаатар дүүргийн 3-р хороо хүүхдийн 100-ийн тэнд байх Сиюу-гийн гадаа 2 хамгаалагч согтуу хүн зодоод байна гэх дуудлага ирсэн уг чиглэлт хүлэг 113 очих ёстой байсан ч хүлэг 113 чиглэл дуудлагатай явж байсан ойрхон явж байсан манай чиглэлийг очуулахаар болсон тэгээд яваад очиход ... гийн гадаа 2 хамгаалагч нэг согтуу хүнтэй байсан. нөгөө согтуу хүний уруул ам шүд амнаас нь цус гарсан байдалтай байсан.Нөхцөл байдлыг тогтохоор ... гийн ажилтантай уулзахад согтуу ах орж ирээд ширээн дээр суучхаад гарахгүй байсан ... дэлгүүрээр үйлчлүүлж байсан хүмүүсийг тайван суулгахгүй байсан гэж ярьсан тэгээд уг ажилтан нь хамтран ажилдаг хамгаалалтаа дуудаад 2 хамгаалагч ирээд аваад гарсан гадаа юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн. Камерын бичлэг шүүж үзэхэд 2 хамгаалагч тус иргэнийг аваад гарч байсан нөгөө согтуу хүн нь хоёр хамгаалагчтай маргалдаад гарч байгаа байдалтай дотор талын камерт бичигдэн үлдсэн байсан. тэгээд гадна шатны хажуу талын камер шүүхэд өндөр намхан хоёр хамгаалагчийн намхан нь тэр согтуу залуугийн дээр нь гарчихсан цохиж байсан. тэр цохисон намхан баасан /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх хамгаалагчаас тодруулж асуухад над руу дайраад байхаар нь би дээр гарч суусан цохисон зүйл байхгүй гэж хэлсэн. уг дуудлага мэдээлэл нь нэг минутын зайтай 3-4 удаа давхардаж орж ирсэн дуудлагын утга нь 2 хамгаалагч ... дэлгүүрийн гадаа хүн зодоод байна гэж ирсэн. Камерыг нь шүүж дуусаад хохирогчийн эхнэрийг дуудаад хамт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгчид хүлээлгэн өгсөн. 2 хамгаалагч бас гомдолтой гэсэн тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү дагуулж явах гэсэн боловч уг хоёр хамгаалагч ээлжээ хүлээлгэж өгчхөөд очиж мэдүүлгээ өгнө гэж хэлээд явсан. тухайн үед илтгэх хуудсан дээрээ тодорхой бичиж өгсөн..., ... ... дэлгүүрт байсан согтуу залуугийн дээр хоёр хамгаалагчийн намхан нь дээр нь гарчихсан гараараа нүүрэн тус газар нь цохиж байсан бичлэг нь байсан би тухайн үед таб нь дээрээ бичиж авч байсан одоо нэг жилийн өмнө учир бичлэг нь устсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №11229 тоот актын “…Э.Г-нбиед зүүн дээд 1-р үүдэн шүдний сулрал, хамарт зулгаралт, дух, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ..., ...дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-н 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Бын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “...” дэлгүүрийн гадна талд иргэн Э.Г-ийг“агсан согтуу тавьсан, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р үүдэн шүдний сулрал, хамарт зулгаралт, дух, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Бт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт нь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР