| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/01496/И |
| Дугаар | 101/ШШ2020/01853 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2020/01853
2020 05 22 101/ШШ2020/01853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 06 дугаар хороо, тоот хаягт оршин суух, РД:, Н.Днэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоотод оршин суух, РД:, Б.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь миний танил Туулаар холбогдож 1.000.000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэйгээр, хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Б.А нь 2019 оны 10-р сарын 23-ны өдрийг хүртэл 9 сарын хүү 900.000 төгрөгийг өгөөд сүүлийн 2019 оны 11, 12-р сар, 2020 оны 01-р сараас 3 сарын хүүг өгөлгүй, утсаар ч ярихгүй алга болсон. Иймд Б.А-с үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг, алданги 450.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1.000.000 төгрөгний зээлийг авч 900.000 төгрөгний хүүг төлсөн. Чингэлтэй дүүргийн ТҮК-д ажил хийдэг байж байгаад халагдсан учир зээлийг төлөх боломжгүй болсон. Үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 300.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийг сард 500.000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Б.А-с зээлийн гэрээний үүрэгт 1.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.А нь 1.300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 450.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.
Зохигчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 1.000.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байгуулж зээлийг олгосон, гэрээнд дурьдсан ХААН банкны 500000 тоот дансанд мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч шилжүүлсэн байна. /хх-ийн 3 тал/
Нэхэмжлэгч Н.Д нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар үүргээ биелүүлсэн байх тул шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Б.А-с 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 1.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Н.Д-с хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А-с 42.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч Б.А-с 1.750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 42950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.А-с 42950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА