| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/03408/и |
| Дугаар | 1835 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1835
| 2020 05 21 | 101/ШШ2020/01835 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н-гийн гаргасан,
Хариуцагч: Э-д холбогдох,
Гэм хорын хохиролд 21,210,030.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, хариуцагч Э, иргэдийн төлөөлөгч Д, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Н нөхрийнхөө хамт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21:30 цагийн орчимд явган хүний гарц дээр машинд мөргүүлж, маш ноцтой гэмтэл авсан. Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтэд “зулайн бяцралтай, зөөлөн эдийн гэмтэлтэй, хөнгөвтөр гэмтэлтэй гэсэн бөгөөд тухайн үед хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн.
Гэтэл нэхэмжлэгч нь ослоос хойш хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан ба хариуцагч Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 4,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Нд өгсөн. Гэвч осол гарах үед нэхэмжлэгч нь Д ХХК-нд сарын 888,050.00 төгрөгийн цалинтай ажиллаж байсан хэдий ч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2019 ны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай тогтоож, сарын 123,480.00 төгрөгийн тэтгэмж авдаг болсон.
Үүнээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын зөрүү 9,174,840.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 3 сарын цалин 2,664,154.00 төгрөг, 12,859,510.00 төгрөг дээр өмгөөллийн хөлс 1,000,000.00 төгрөг, нийт 13,859,510.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Гэвч бид 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тэргэнцэр, суга таяг авсан зардал 255,210.00 төгрөг, эм тарианы зардал 765,310.00 төгрөг, гэмтлийн эмнэлгийн баримтаар 160,000.00 төгрөг, эрүүгийн хэргээс материал хуулбарлахад 7,000 төгрөг, эмчилгээний материал авахад 60,000.00 төгрөг, идиом түрхлэг авахад 24,000.00 төгрөг, бусад эмчилгээний зардалд 56,700.00 төгрөг, 27,000.00 төгрөг болон 35,000.00 төгрөг, гэмтлийн эмнэлгийн баримтаар 7,790 төгрөг, “Удаан хайрхан трейд” ХХК-ийн 3,300 төгрөгийн баримт, 4,800 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн баримтаар 93,000 төгрөг, 25,000 төгрөг, Си-104 үйлчилгээний төлбөр 99,000 төгрөг, эм тариа авахад 960 төгрөг, нэхэмжлэгчийн нөхөр Эрээн хот руу явж байгаад ослын тухай сонсож буцаж ирэхэд гарсан зардал 18,400 төгрөг, гэмтлийн эмнэлгийн баримтаар 40,000.00 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл сарын 80,000 төгрөг ба 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 1,035,538.00 төгрөг, нийт 2,718,008 төгрөгөөр нэмэгдүүлж, 16,577,510.00 төгрөгийг нэхэмжилсэн.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,632,512 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Учир нь, нэхэмжлэгч Н 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 4,000,000.00 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн хүүнд 632,512.23 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй буюу орлогогүй болсон тул зээл, зээлийн хүүг төлж чадахгүйг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 4,632,512.23 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 21,210,030.23 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэг болсон өдөр тархины цус харвалттай группд байдаг миний том эгч минь таталт өгсөн тул би эм авах гэж сандарч явж байгаад зам тээврийн осол гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч Н нь тухайн үед зам хөндлөн гарахдаа өөрөө анхаарал болгоомжгүйгээр гэнэт л зам дээр гүйж гарч ирсэн.
Би, нэхэмжлэгчийг мөргөсөндөө маш их харамсаж байна. Гэвч хэрэгт авагдсан баримтууд НӨАТ-ын баримт биш, бүгд падаан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй. Надад гомдол гаргах эрх байхгүй боловч санамсаргүй осол болсон, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа нэхэмжлэгчид 4,000,000.00 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэлийн одоо нэхэмжилж байгаа зүйлүүдийг зөвшөөрөхгүй, өөр ашиг сонирхол байна гэж хардаж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нгээс хариуцагч Эид холбогдуулан гэм хорын хохиролд 21,210,030.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1219 тоот шийтгэх тогтоолоор хариуцагч Эийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцжээ /х.х-ийн 4-6 хуудас/.
Тодруулбал, хариуцагч Э нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 21:25 цагийн үед *******,******* байрны хажууд тоёото приус 30 маркийн ******* улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож, зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Нг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хариуцагчийг гэм буруутай эсэх талаар маргахгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 14 дэх хэсэгт “...................бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хариуцагч Эоос нэхэмжлэх эрхтэй болно.
Ингээд нэхэмжлэгч Н уг эрхийнхээ хүрээнд хариуцагч Эид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 3 сарын хугацааны дутуу авсан цалин хөлс 2,664,154.00 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин-тэтгэмжийн зөрүү 9,174,840.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000.00 төгрөгөөс гадна эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан 1,682,470.00 төгрөг, 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны сайн дурын нийгмийн даатгалын шимтэл 1,035,538.00 төгрөг болон Х ХХК-иас авсан 4,000,000.00 төгрөгийн зээлийг түүний ашигласан хугацааны хүү 632,512.23 төгрөгийн хамт нийт 21,210,030.23 төгрөгийг нэхэмжилсэн байна /х.х-ийн 1, 2, 67, 68, 110 хуудас/.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ. Тайлбарлавал, аливаа этгээд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хэн нэгэн этгээдэд гэм хор учруулсан тохиолдолд хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэг хуульд зааснаар үүсэх ба хохирлын хэмжээ нь гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирлоор хязгаарлагддаг байна.
Үүнийг тус хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус тухайлан зохицуулсан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох тухай 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 028559 тоот актаар нэхэмжлэгч Нгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 50 хувиар тогтоосон ба тэрээр 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 123,480.00 төгрөгийн тэтгэмж авч эхэлсэн байна /х.х-ийн 7, 71 хуудас/.
Түүнчлэн нэхэмжлэгч Н нь Д ХХК-нд оёдолчноор ажилладаг болох нь ажил олгогч байгууллагын тодорхойлолт, ажилд томилсон тушаал болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч нь сард 888,050.00 төгрөгийн цалин хөлс авдаг байжээ /х.х-ийн 8, 69, 70, 72, 77 хуудас/.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н нь эрүүл мэндийн хувьд эрүүл байсан тохиолдолд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадах байсан бөгөөд хариуцагч Эийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан тул өөрийн ажлаа зохих ёсоор хийж чадахгүйд хүрчээ.
Үүнийг Хууль зүйн сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3-д “Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2-т ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж тус тус заасан.
Иймд, нэхэмжлэгч Н нь зам тээврийн осолд өртсөн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 2,664,154.00 /3x888,055/ төгрөг болж байна.
Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ажил олгогч Д ХХК -иас нэхэмжлэгч Нд 2019 оны 5, 6 дугаар сарын цалин хөлс гэж 402,902.00 төгрөгийг олгосон байх тул үүнийг нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлс болох 2,664,154.00 төгрөгөөс хасч, хариуцагчаас 2,261,252.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй /х.х-ийн 70 хуудас/.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 123,480.00 төгрөгийн тэтгэмж авч эхэлсэн бөгөөд түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тогтоосон тул уг өдөр хүртэлх хугацааны цалин-тэтгэмжийн зөрүүг тооцвол нэг сарын 764,570.00 төгрөг, нийт 9,174,840.00 төгрөг болж байна /88,050-123,480=764,570x12=9,174,840.00 төгрөг/.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н нь тэргэнцэр, суга таяг худалдан авахад 255,210.00 төгрөг, эм тариа худалдан авахад 765,310.00 төгрөг, “Мөнгөн гүүр эмнэлэгт” үзүүлж, эмчээс зөвлөгөө авахад 25,000.00 төгрөг, хэвлийн эхо, шархны боолт хийлгэж, өвдөгний зураг авахуулахад 93,000.00 төгрөг, толгойн зураг авахуулахад 99,000.00 төгрөг, мөн Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнд толгойн “MRI” хийлгэхэд 160,000.00 төгрөг, хэвтэн эмчлүүлэхтэй холбоотойгоор хөтөвч, шээлтүүр, ор, хөнжлийн даавуу зэргийг худалдан авахад 60,000.00 төгрөг, идеос тосон түрхлэг худалдан авахад 24,000.00 төгрөг, ариутгасан бинт, мебо болон арртол гэх зүйлийг худалдан авахад 56,700.00 төгрөг, барагшин, баавгайн булчин худалдан авахад 35,000.00 төгрөг, парако, кетогсал худалдан авахад 27,000.00 төгрөг, эмнэлгийн буюу түргэн тусламжийн автомашинаар тээвэрлүүлэхэд 40,000.00 төгрөг, нийт 1,641,170.00 төгрөгийн зардал гаргасан байна /х.х-ийн 10, 11 75, 76, 79, 80, 81, 82, 83 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан эдгээр зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой зайлшгүй төлбөл зохих зардлууд байх тул хариуцагч нь нөхөн төлөх үүргийг хүлээх ба түүний нэхэмжлэгчид төлбөл зохих хохирлын хэмжээ дутуу авсан цалин хөлс, тэтгэмжийн зөрүү 11,436,092.00 /2,261,525.00+9,174,840/ төгрөг, эм болон эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан 1,641,170.00 төгрөг, нийт 13,077,262.00 төгрөг болж байна.
Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн нөхөр гэх С нь БНХАУ руу явахаар авсан тийзийг 18,400.00 төгрөгөөр буцаажээ. Гэтэл нэхэмжлэгчийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зам тээврийн осолд өртсөн тухайн цаг мөчид ******* түүнтэй хамт байсан бөгөөд уг осол болсон өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ руу явахаар төлөвлөсөн байсныг ийнхүү хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас цуцлахад хүрсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна /х.х-ийн 74 хуудас/.
Мөн нэхэмжлэгчийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан бусад зардал болох 4,800 төгрөгийн памперс, 3,300 төгрөгийн шүдний оо-сойз, 7,000 төгрөгийн зураг болон 7,790 төгрөгийн баримт буюу зардлууд хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой зайлшгүй зардалд хамаарахгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Н болон өмгөөлөгч ******* нар 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь түүнд 1,000,000.00 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 12, 13 хуудас/.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах, аль эсхүл авахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан гэх 1,000,000.00 төгрөгийн зардал нь хариуцагчийн гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор зайлшгүй төлөх ёстой зардалд хамаарахгүй ба нэхэмжлэгч нь төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэгч Н нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Х ХХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж, нийт 4,000,0000.00 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /х.х-ийн 102-104 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч энэхүү гэрээгээр 4,000,000.00 төгрөгийг 18 сарын хугацаанд ашиглаж, үндсэн зээлийг ашигласан хугацааны хүү болох 632,512.23 төгрөгийн хамт цалингаасаа төлөх үүргийг хүлээсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан 3 сарын цалин хөлс 2,664,154.00 төгрөг, 1 жилийн хугацааны цалин-тэтгэмжийн зөрүү 9,174,840.00 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал авсан цалингаасаа зээлээ төлөх учраас хариуцагчаас нэг зүйлийг хоёр өөр байдлаар тодорхойлон нэхэмжлэх эрхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анхнаасаа цалин хөлсний орлогоосоо уг зээлийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цалин-тэтгэмжийн зөрүү болох 11,436,092.00 төгрөгийг хариуцагч нь төлөх тул үүнээс зээлээ төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг болно.
Нэхэмжлэгч Нгээс хариуцагч Эид холбогдуулан 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны сайн дурын нийгмийн даатгалын шимтэл 1,035,538.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хэрэгт энэ талаар холбогдох нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийг төлөх ёстой хэмээн дүгнэх нь учир дутагдалтай болно.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1219 тоот шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагч Э нь нэхэмжлэгч Нд 4,000,000.00 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлжээ.
Гэтэл хариуцагч нь тус төлбөрийг нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг төлөхөөр өгөөгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа буюу төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан бодит хохирлоор хязгаарлагдах зарчимтай нийцнэ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалин-тэтгэмжийн зөрүү 11,436,092.00 /2,261,525.00+9,174,840/ төгрөг, эм болон эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад зарцуулсан 1,641,170.00 төгрөг, нийт 13,077,262.00 төгрөгөөс хариуцагчийн нэхэмжлэгчид урьд өмнө төлсөн 4,000,000.00 төгрөгийг хасч, хариуцагчаас нийт 9,077,262.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,132,768.23 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Л.ЭНХЖАРГАЛ