Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1034

 

  

 

 

 

 

 

 

 

2023          10          12                                      2023/ШЦТ/1034

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч А.Оргилбаяр,

хохирогч Ө.Т,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2309000002078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д.Т/регистрийн дугаар ..../, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Д.Т нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим ... дугаар хороо, ... хийдийн хойд талын авто машины зогсоол дээр Ө.Тийг “найзыг минь бүлэглэн зодлоо” хэмээн ойлгож улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ө.Тийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Тгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2023 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбын хийдийн хойд талын авто машины зогсоол дээр Ө.Тийг “найзыг минь бүлэглэн зодлоо” хэмээн ойлгож улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Тгийн хохирогч Ө.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

 

хохирогч Ө.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Г, И 2 хоорондоо муудалцаад Г Т дуудаад зодоон болсон. Тэгээд зодолдож дуусаад хэн хэн нь гомдолгүй гээд тарж явцгаахад Д.Т араас ирээд цохисон...” гэв.

хохирогч Ө.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Итгэл Г нар хоорондоо муудалцаад барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг салгаад байж байхад Г явсан найзуудыгаа дуудсан. Тэгээд би Г юм яриад зогсож байхад Б гэх Г найз нь араас миний хөлөөс өргөтөл Гантулга наадах чинь яагаа ч үгүй гэж хэлсэн ... Тэгээд би И тэд нараас салгаад машинд суулгаад дөнгөж эргэж харахад тэд нарын нэг нь гараараа миний нүүр хэсэг - эрүү рүү 1 удаа цохисон. Би газарт унасан бөгөөд Батбилэг намайг тэд нараас салгаад гэрт авч ирж өгсөн гэсэн. ...Намайг Г найзуудын яг хэн нь цохисныг би харж амжаагүй, эргэж харахад намайг цохисон бөгөөд би шууд газарт ухаан балартаад унасан. Түүнээс өөр хүн намайг цохиж зодоогүй. Г найзуудын нэг нь 1 удаа гараараа намайг цохисон..." гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би И дээр очоод арчаагүй юм гээд дагз руу нь нэг цохисон тэгээд Батбилэг намайг салгаад байсан. Тэгээд Т Т гээд манай дамбын найзтай юм ярьж байснаа гэнэт нүүрээ дараад доошоо суусан. Харин Т Т цохисон байх. Хажууд хамт байж байгаад гэнэт Т нүүрээ бариад доошоо суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/,

 

Гэрч О.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би мэдэхгүй байна. тасарчихсан байсан. ...Гантулга бид хоёр зууралдаж байснаа санаж байна. тэрнээс биш зодолдсон эсэхээ мэдэхгүй байна. Би үнэлгээ хийлгэхгүй, хэн яаж хагалсныг мэдэхгүй байгаа учир гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/,

 

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цонх хагарч байгаа чимээ гараад би эргээд харсан чинь Төгөлдөр манарцан сууж байсан. Машины зүүн урд цонх нь хагарсан байсан. Төгөлдөр надад миний нүүр сонин болчихлоо ярихаар өвдөөд байна гээд хэлсэн. Тэгээд би Төгөлдөрийг гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №10646 тоот актын “…Ө.Тийн биед эрүү ясны хугарал, зүүн шанаанд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, 2 чихний дэлбэн, зүүн чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...“гэх дүгнэлт /хх-н 27-28/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.Т нь согтуурсан үедээ 2023 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбын хийдийн хойд талын авто машины зогсоол дээр Ө.Тийг “найзыг минь бүлэглэн зодлоо” хэмээн ойлгож улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Тий дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Тд 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Тд нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь нийт 14.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан 1.164.200 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

Харин үлдэх хохирол нь нотлох баримтгүй тул шүүх уг хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд нь энэ тогтоолоор оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР