| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/01090/И |
| Дугаар | 101/ШШ2020/01695 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2020/01695
2020 05 13 101/ШШ2020/01695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, тоот хаягт байрлах, РД:, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 07-р хороо, тоот хаягт оршин суух, РД:, Н.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49.246.151,99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г нь манай байгууллагад хандаж өөрийн хэрэгцээнд зориулж 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2018-02-13-ны өдөр №ЗГ0303180049 дугаартай гэрээг байгуулан 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийг олгосон.
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 39 м.кв талбайтай, гурван өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцтгтэлийг баталгаажуулсан болно.
Манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, бичгээр мэдэгдэл өгч тодорхой хугацаанд зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч хариуцагч Н.Г өнөөдрийг хүртэл зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй.
Иймд хариуцагч Н.Г-с нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.080.178 төгрөг 66 мөнгө, үндсэн хүү 22.295.973 төгрөг 33 мөнгө, үндсэн зээл 23.870.000 төгрөг, нийт 49.246.151 төгрөг 99 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийг гаргасан. 2016 оны зээлийн гэрээний үүргийг сольсон гэв.
Хариуцагч Н.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би анх энэ ББСБ-иас 2016-12-27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 16.000.000 төгрөг зээлж аваад миний явуулж байсан бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас авсан зээлээ төлж чадахгүй болсон. Гэтэл 2018-02-13-ны өдөр надтай дахин гэрээ хийж үнийн дүнгээ хүү алданги тооцож 25 сая төгрөгийн гэрээ хийж хүү алданги тооцож хасч авсан. Мөн 3 сараар сунгах гэрээ хийсэн. Үүнээс хойш алданги тооцсон 49.246.151,99 төгрөг нэхэмжлэлээс хүү алдангийг төлж чадахгүй. Эхний 16 сая төгрөгийн зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н.Г-с зээлийн гэрээний үүрэгт 49.246.151,99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Г-с “2016-12-27-ны өдрийн ЗБ0301160138 дугаартай зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, гэтэл Ж ББСБ ХХК нь 2018-02-13-ны өдөр зээл олгож өмнөх зээлийг хаах саналыг гаргаж гэрээ хийгдсэн. Иймд 2016 онд авсан зээлийн гэрээний үүргийг биелүүлнэ” гэж маргасан.
Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн Н.Г-с зээлийн гэрээний үүрэгт 49.246.151,99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн хариуцагч Н.Г нарын хооронд 2016-12-27-ны өдөр ЗБ0301160138, 2018-02-13-ны өдөр ЗГ0303180049 дугаартай зээлийн гэрээнүүд байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-ийн гэрээний дагуу хариуцагч Н.Г-д 25.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийг тоног төхөөрөмж зориулалтаар олгосон гэдэг нь 2018-02-13-ны өдрийн 1100442601, 1101000680, 1100442600 дугаартай кассын орлогын ордерын баримтуудаар нотлогдоно гэсэн тайлбарыг гаргасан ч 2018-02-13-ны өдрийн 1100270702 дугаартай кассын орлогын ордерын баримтаар 25.000.000 төгрөгнөөс 2016-12-27-ны зээлийн гэрээний үүрэг 21.765.682,35 төгрөг, зээл олголтын шимтгэлийн хураамж 125.000 төгрөг, зээлийн өргөдлийн хураамж 10.000 төгрөг, нийт 21.900.682,35 төгрөгний төлбөрийг хийсэн хэдий ч үлдэх зээлийг хэрхэн олгосон нь тодорхойгүй байна. /хх-ийн 74, 78, 80 тал/
Хариуцагч Н.Г 2016-12-27-ны өдөр 16.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатай авч, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа атлаа 2018-02-13-ны өдөр 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийг авсан гэдэг нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, гэрээний гол нөхцлийг өөрсдөө тохиролцох зарчмын үүднээс хийгдсэн эсэх.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж тайлбар гаргасан хэдий ч энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т зааснаар зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж заасан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-д зээл олгох хэлбэрийг бэлнээр гэжээ.
Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан ч мөнгийг бэлнээр хариуцагч Н.Г-д олгоогүй байна гэж үзлээ.
Хариуцагч Н.Г 2016-12-27-ны өдрийн ЗБ0301160138 дугаартай гэрээний үүргийг биелүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан ч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Н.Г-с 2016-12-27-ны өдрийн ЗБ0301160138 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардахад энэ шийдвэр саад болохгүй.
Нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 474.387 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Г-с 49.246.151,99 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах Ж ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 474.387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА