| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00163/И |
| Дугаар | 965 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 965
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор, 1105 тоот хаягт байрлах, “АЗА ” ХХК-ийн /РД: 00000 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоот хаягт байрлах, “ЭБҮ” ХХК, /РД: 00000000/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******,******* тоот хаягт байрлах, “ИХЭ” ХХК /РД: 00000/ нарт холбогдох,
9,914,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АЗА ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЭБҮ” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр А/2/034 дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулан 6.665.764 төгрөгийн эм барааг зээлээр аван 36.180 төгрөгийн төлөлт, 8.590 төгрөгийн эм барааг буцаан үлдэгдэл төлбөр 6.609.994 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байна.
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2 байгууллагын хооронд үүссэн тооцоог нийлэн акт үйлдэхээр очиход “ИХЭ” ХХК-ийн захирал Одонхүүгийн С******* нь тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан гэж 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор уг авлагыг бүрэн барагдуулна гэж 711 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулсан.
“ЭБҮ” ХХК-тай байгуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ болон “ИХЭ” ХХК-тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд эм барааны төлбөрийг тохирсон хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож уг алдангийг үлдэгдэл төлбөрийн хамт худалдан авагч тал нь нийлүүлэгч талд үл маргах журмаар төлөх үүрэг хүлээнэ гэж талууд харилцан тохирсон.
Эм барааны үлдэгдэл төлбөр 6.609.994 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд тохирсон бөгөөд уг үнийн дүнд өнөөдрийг хүртэл алдангийн хэмжээг тооцоолоход 12.393.738,8 төгрөг болж байна.
Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн дагуу 3.304.997 төгрөгийн алданги, эм барааны үнэ 6.609.994 төгрөг, нийт 9.914.991 төгрөгийг хариуцагч “ЭБҮ” ХХК, “ИХЭ” ХХК нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ЭБҮ” ХХК-ийн захирал Д.Ичинхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Ичинхорлоо би “Э*******” эмийн сангийн эрхлэгчийн ажлыг хийдэг. 2017 онд тархины хорт хавдрын хагалгаанд орох болоод эмийн сангийнхаа зөвшөөрлийг О.С*******д даатган түрээслүүлсэн.
Түрээслүүлэн өгөхдөө эмийн холбоогоор дамжуулан зар өгч эм зүйч н.Оюун, н.Тогтох, О.С******* нартай холбоо тогтоогоод О.С*******д Д******* *******,******* тоот байранд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн зөвшөөрөл, байраа түрээслүүлэн өгсөн.
Энэ хугацаанд эмийн алдагдал, зөв буруу олгох, бүх эмүүдийг татан авалт, ямар нэгэн асуудлыг О.С******* даан, гардан авч ажиллуулсан. О.С*******тэй уулзаж төлбөрөө төл гэхэд Хятадаас удахгүй мөнгө орж ирэхээр төлнө гэсэн. Манай байгууллагад хамааралгүй болно гэжээ.
Хариуцагч “ИХЭ” ХХК-ийн захирал О.С******* шүүхэд гаргасан тайлбартаа:
“ИХЭ” ХХК-д захирал албан тушаалтай О.С******* миний бие 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “АЗА ” ХХК-тай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн буюу бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулан өөрийн ажиллуулж байсан эмийн санд бүтээгдэхүүн авсан нь үнэн болно.
Нийт 6.665.764 төгрөгийн бараа авснаас эргэн төлөлт 36.180 төгрөг буюу 8.590 төгрөгийн бараа буцаан өгч үлдэгдэл 6.609.994 төгрөгийг төлөх нь үнэн болно.
“АЗА ” ХХК нь алданги болох 3.304.997 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл бэлэн мөнгө зээлдэж аваагүй тул алданги төлж чадахгүй.
Үлдэгдэл болох 6.609.994 төгрөгийг О.С******* миний бие эм болон бараа бүтээгдэхүүнээр эргэн төлөлтийг бүрэн барагдуулна. Одоогийн миний байдал болон санхүүгийн хувьд хүнд байгаа болон Хятад улсаас ирэх витамин С үрлэнгээр хийх гэсэн боловч хорио цээр тогтоосонтой холбоотой 2020 оны 3 сар буюу 4, 5 дугаар саруудад төлөх бүрэн боломжгүй байгаа тул 2020 ондоо багтааж “АЗА ” ХХК-д бүрэн төлж төлбөрийн үлдэгдлээ дуусгана.
Үлдэгдэл төлбөр “Э*******” ХХК-д ямар ч хамааралгүй болох нь үнэн болно. Тухайн үед буюу 2018 онд О.С******* миний бие “ЭБҮ” ХХК-ийн эмийн санг ажиллуулах тусгай зөвшөөрлийг түрээслэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан боловч эмийн сангийн байршил буюу орлогоос хамаарч ашиггүй байсны улмаас эмийн сангаа ажиллуулж чадахгүйд хүрч хаасан болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АЗА ” ХХК нь “ЭБҮ” ХХК, “ИХЭ” ХХК нарт холбогдуулан 9,914,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/Эм, барааны үлдэгдэл төлбөр 6.609.994 төгрөг, алданги 3.304.997 төгрөг/
Нэхэмжлэгч “АЗА ” ХХК нь хариуцагч “ЭБҮ” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулахад нийлүүлэгч “АЗА ” ХХК-ийг С.Ц*******, харилцагчийг “ЭБҮ” ХХК-ийн менежер О.С******* нар төлөөлөн байгуулсан ба гэрээнд тус тус компанийн гүйцэтгэх захирлууд гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулжээ.
Уг гэрээгээр нийлүүлэгч нь харилцагчид Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, зохих зөвшөөрөл, үйлдвэрлэгчийн баталгаажилт бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг шууд төлбөртэй болон дараа төлбөртэй нөхцлөөр нийлүүлэхээр,
харилцагч нь эм барааг худалдан авсан тухайн сард нь буюу зарлагын баримтын огнооны сарын сүүлчийн өдөр хүртэлх хугацаанд багтаан төлбөрийг мөнгөн хэлбэрээр гүйцэтгэхээр,
мөн гэрээний 3.13-т зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алданги төлөхөөр, гэрээний дуусгавар болох хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэмээн тус тус харилцан тохирчээ.
Дээрх 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/2/034 тоот гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 7-10 дугаар хуудас/
Гэрээг нэхэмжлэгч “АЗА ” ХХК-тай хариуцагч “ЭБҮ” ХХК байгуулсан боловч гэрээг байгуулахад “ИХЭ” ХХК-ийн захирал О.С******* нь харилцагчийг төлөөлөн оролцож 6.665.764 төгрөгийн эм, бараа бүтээгдэхүүн хүлээн авснаа мөн 36.180 төгрөгийг төлж, 8.590 төгрөгийн эм, бараа буцаасан талаараа хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
Талууд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн ба уг баталгаа ёсоор харилцагч нь нийлүүлэгч “АЗА ” ХХК-д 6.909.994 төгрөгийн төлөхөөр байгаа бөгөөд үүнийг эм, барааг хүлээн авсан ”ИХЭ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 2.500.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны дотор 4.109.994 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирч тамга даран баталгаажуулжээ.
/ХХ-ийн 11-12 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т “Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй бол ... худалдан авалтын хэмжээг хэтрүүлсэн дүнд болон төлбөр төлөх хугацааг хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийн нийлүүлэгчид төлнө. Алдангийг гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл дүнгээс тооцож төлнө” гэж заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй харилцагч буюу худалдан авагч алданги төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,
232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.
Энэ нь зөвхөн бэлэн мөнгө зээлсэн, зээлдүүлсэн тохиолдолд хэрэглэх хариуцлага бус бөгөөд гэрээний үүргийг хэн нэг тал нь зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэлбэр юм.
Алдангийг харилцан тооцоо нийлэн төлбөрийг төлөх сүүлийн өдөр болох 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 6.609.994 төгрөгөөс хэтэрсэн буюу 12.393.738 төгрөг болж байгаа бөгөөд нийлүүлэгч буюу худалдагч талтай “ЭБҮ” ХХК гэрээг байгуулсан хэдий ч “ИХЭ” ХХК уг эм, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч зарцуулсан, төлбөрийг төлөх талаараа тайлбар гаргасан тул гэрээний дагуу төлөх төлбөрийг “ИХЭ” ХХК хариуцан төлөх учиртай.
Хариуцагч “ИХЭ” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
-Үндсэн төлбөр 6.609.994 төгрөг,
-Алданги 3.304.997 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/
Нийт 9.914.991 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ИХЭ” ХХК-иас 9.914.991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЗА ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ЭБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч “ЭБҮ” ХХК болон “ИХЭ” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө буюу боломжит хугацаанд мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ИХЭ” ХХК-иас 9.914.991 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЗА ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “ЭБҮ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “АЗА ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИХЭ” ХХК-иас 173.590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АЗА ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН