| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00620/И |
| Дугаар | 1473 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 1473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, А*******, ******* дугаар байр, 1 дүгээр давхар, ******* тоот, “З,” ХХК-ийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Олимп плаза, 401 тоот, “И,” ХХК-д /РД: 0000/ холбогдох
5.010.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Болормаа, Ж.Буд-Эрдэнэ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, Э.Ганбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн захирал З.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“З*******” ХХК нь “И*******” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Хөрөнгө үнэлгээний ажлын гэрээ” байгуулан компанийн патент болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгүүлэх, үнэлгээний ажлын хөлс 5.010.000 төгрөг бөгөөд 300 ширхэг шоколадаар төлж барагдуулахаар тохирсон.
300 ширхэг шоколадыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гүйцэтгэгч талд хүлээлгэж өгөх, хөрөнгө үнэлгээний ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 7 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохирч 300 ширхэг шоколадыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр гүйцэтгэгч “И*******” ХХК-д хүлээлгэн өгсөн.
Манай компани “И*******” ХХК-ийг патент, хөрөнгө үнэлгээний ажилд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангасан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг ажил хийгдээгүй, удаа дараа утсаар асууж лавлан шаардсан ч өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гэрээнд заасан хугацаа хэтрээд 68 хоног болж байна.
“И*******” ХХК гэрээний 1.2, 2.1, 2.2, 2.5 дахь хэсэгт заасан үүргээ тус тус зөрчөөд байна. Эдний байгууллага бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрт зарагддаг үнээр нийлүүлсэн гэж тайлбарлаж байх ба хэдэн ширхэг үйлдвэрлэгдэхээсээ хамаараад үнэ нь өөр өөр байдаг. “И*******” ХХК-ийн 20 жилийн ой болох гэж байгаа гэсэн бөгөөд хайрцаг савыг тусгайлан захиж, товгор үсэгтэйгээр хийсэн ба мөн цөөн тоогоор хийсэн учраас үнэ нь 16.700 төгрөг байгаа.
Манайд гэрээний санал ирүүлэхдээ өөрсдөө 1 ширхэгийг нь 20.000 төгрөгөөр тооцсон байсныг бид харин ч үнийг нь буулгаж 16.700 төгрөг болгосон.
Нэхэмжлэгч “З*******” ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-т заасан үнэлгээний ажлын хөлсөнд 300 ширхэг шоколадыг нэг бүрийг 16.700 төгрөгөөр тооцон нийт 5.010.000 төгрөгийн шоколад хүлээлгэн өгсөн ч тус компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул манай компани гэрээнээсээ татгалзсанд тооцон гэрээний төлбөрт төлсөн 5.010.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “И*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганчимэг шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, Э.Ганбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “З*******” ХХК-тай патент болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
Тус гэрээний нийт үнийн дүн 5.010.000 төгрөг бөгөөд гэрээгээр тохирсоны дагуу нэг бүр нь 16.700 төгрөгийн үнэтэй, 300 ширхэг шоколадыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авсан.
Бид нэхэмжлэгч “З*******” ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны гэрээний саналаа хүргүүлсэн ба үнийн санал дээр 1 ширхэг шоколад 21.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гэсэн үнийн санал явуулсан нь үнэн.
“З*******” ХХК-иас бараа бүтээгдэхүүн авсан, бид авсан үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Гэрээнд дурьдсаны дагуу хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэдээ мэдээллийг авсаны дагуу анхан шатны тайланг бэлтгэн захиалагч талд мэдэгдсэн.
Патентийн үнэлгээг хийж гүйцэтгэх шаардлагатай мэдээллийг захиалагч тал гаргаж өгөөгүй байсан бөгөөд тухайн үед “З*******” ХХК-ийн патентийн эрх хараахан гараагүй, хувь хүний нэр дээр байсан.
“З*******” ХХК ажлын хөлсийг 300 ширхэг бүтээгдэхүүнээр төлөхдөө тухайн бүтээгдэхүүний дэлгүүрт зарагддаг үнээр манай байгууллагад бэлтгэн нийлүүлсэн.
Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй бус гэрээнд дурьдагдсан ажлын 50 хувьтай тэнцэх ажлыг хийж гүйцэтгэсэн төдийгүй захиалагч талаас бидэнд үнэлгээний тайлан бэлтгэхэд шаардлагатай материалыг бүрэн гаргаж өгөөгүй гэж үзэж байна.
Дээрх шалтгаануудын улмаас “З*******” ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг дэлгүүрт зарагддаг үнээр буюу 16.700 төгрөгөөр төлж барагдуулах нь зохимжгүй гэж үзэж байна.
Манай хийсэн ажлын төлбөрийг хувиар тооцоолон бодож ажлын хөлсний үнийн дүнгээс хасах нь зүйтэй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “З*******” ХХК нь хариуцагч “И*******” ХХК-д холбогдуулан 5.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч “И*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хөрөнгө үнэлгээний ажлын гэрээ байгуулах саналыг төслийн хамт нэхэмжлэгч талд цахим шуудангаар хүргүүлсэн ба уг саналд хөрөнгө үнэлгээний ажлын хөлсийг 6.000.000 төгрөг, ажлын хөлсөнд 300 ширхэг шоколад авах ба нэг бүр нь 20.000 төгрөг гэж мөн патент болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 сарын 7-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ гэж тусгасан байсан талаар зохигч хэн аль нь тайлбарлаж байна.
/ХХ-ийн 37-38 дугаар тал/
Нэхэмжлэгч “З*******” ХХК нь хариуцагч “И*******” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Хөрөнгө үнэлгээний ажлын гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч “И*******” ХХК патент болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр,
нэхэмжлэгч буюу захиалагч “З*******” ХХК ажлын хөлс 5.010.000 төгрөгт 1 бүрийн үнийг нь 16.700 төгрөгөөр тооцон, 300 ширхэг шоколадыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон нь талуудын тайлбар болон гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 3-4 дүгээр тал/
Хариуцагч “И*******” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан 20 жилийн ой болж буйтай холбоотой уг шоколадыг тусгайлан захиалан хийлгэн хөрөнгө үнэлгээний төлбөрт хэмээн 300 ширхэг шоколадыг хариуцагч тал 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авсан талаар талууд хэн аль маргаагүй.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т “Гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 7-ны өдрөөс 7 хоног”, 1.3-т “Патент болон бусад үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхэд оршино” гэж заасан ба “И*******” ХХК уг үүргээ биелүүлээгүй, ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч “З*******” ХХК нь гэрээнээсээ татгалзсан хэмээн тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “И*******” ХХК шоколадыг дэлгүүрт борлуулдаг үнээр нийлүүлсэн гэх боловч уг бүтээгдэхүүн тэдний захиалгаар бүтээгдэн нийлүүлэгдсэн, дэлгүүрийн үнээр худалдсан гэх баримтаа ирүүлээгүй ба үнэлгээний ажлын 50 хувьтай тэнцэх ажлыг гүйцэтгэсэн гэх боловч ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул ажлын тодорхой хувийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй, хувиар тооцоолон тодорхойлох боломжгүй.
Мөн хариуцагч тал захиалагч “З*******” ХХК-ийг ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллээр хангаагүй гэх боловч энэ нь тэдний шүүхэд гаргасан тайлбар болон ажил гүйцэтгэхтэй холбоотой харилцаж байсан цахим шуудангаар няцаагдаж байх ба нэхэмжлэгч тал 2019 оны 11 дүгээр сарын 13, 20-ны өдрүүдэд цахим шуудангаар үнэлгээний ажилд шаардлагатай патентын жагсаалт болон холбогдох 45 хуудас материалыг ирүүлсэн талаар хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлалаа.
Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөрөнгө үнэлгээний ажлын гэрээ байгуулах, уг гэрээтэй холбоотойгоор талууд 2019.09.26, 2019.10.01, 2019.10.28, 2019.10.29, 2019.11.13, 2019.11.20, 2020.01.14, 2020.01.17-ны өдрүүдэд цахим шуудангаар харилцаж байсан талаараа болон уг захидлын агуулгын талаар буюу гэрээ байгуулах санал болон төсөл, барааны логоны санал, үнэлгээний ажил гүйцэтгэхэд шаардлагатай баримтуудыг тус тус хүргүүлэх, ажлын гүйцэтгэл шаардах, шаардлагын хариуг хүргүүлсэн зэрэг агуулгынх нь талаар хэн аль нь маргахгүй байгаа тул уг захидлуудад үзлэг хийх шаардлагагүй гэж үзэв.
/ХХ-ийн 32-33, 36 дугаар тал/
Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авсанаа буцаах бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэхэд хариуцагч тал үнэлгээний ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэж дуусах байсан бөгөөд үнэлгээний ажилтай холбоотой талууд 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд харилцсан нь талуудын тайлбар болон баримтаар тогтоогдсон ба нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй бөгөөд аливаа хуулийн этгээд гэрээ байгуулж буй тохиолдолд үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ“,
мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна“ гэж заасан бөгөөд хариуцагч “И*******” ХХК ажлын хөлс 5.010.000 төгрөгт бараа бүтээгдэхүүн буюу 300 ширхэг шоколадыг хүлээн авч өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан атлаа гэрээнд заасан хөрөнгө үнэлэх ажлаа гүйцэтгээгүй тул хүлээн авсан барааны үнийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “И*******” ХХК-иас 5.010.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “И*******” ХХК-иас 5.010.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З*******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И*******” ХХК-иас 95.110 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “З*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН