| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00624/И |
| Дугаар | 1472 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 1472
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, Чулуунбаатарын Гын /РД: 0000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* тоот, “Х*******” ХХК-д /РД: 22222/ холбогдох
11.072.335 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие “Х*******” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 2018/13-Т тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, *******д байрлах, “Э*******” ХХК-ийн 2.036 м.кв газар дээр баригдах 75 айлын орон сууцны А блокын 6 дугаар давхрын 34.74 м.кв талбайтай 2 өрөө бүхий ******* тоот орон сууцыг захиалсан.
Энэхүү гэрээгээр захиалсан орон сууцны нийт төлбөр 36.477.000 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1.050.000 төгрөг байхаар тохирсоны зэрэгцээ төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөгийг төлөх, 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлөх, үлдэх 1.477.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн дотор төлөхөөр гэрээнд заасан. Би дээр дурьдсан төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн.
Харин дээрх гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагч “Х*******” ХХК орон сууцны барилгыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор батлагдсан зураг төслийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохиролцсон.
Гэвч өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны барилга ашиглалтанд ороогүй хүлээгдсээр байгаа бөгөөд энэ хугацаанд миний бие байраа хүлээж түрээсийн байранд түрээс төлөн амьдарч хохирсоор байна.
Би “Х*******” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч элдэв шалтаг хэлсээр өдий хүрсэн ба надад гэрээний хугацаа хэтрүүлсэний алдангид тооцож миний төлөх 1.477.000 төгрөгийг хасахаар, мөн надад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 400.000 төгрөг төлснөөс өөрөөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй.
Бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14-т “төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд өгөх хугацааг 4.1-т заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувиар алданги тооцож захиалагч талд төлөх”-өөр заасан ба мөн гэрээний 4.1-т заасан 2018 оны 12 дугаар сарын 31-ий өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөх ёстой хугацаанаас бүтэн 1 жил хэтрүүлсэн нь миний эрхийг ноцтой зөрчиж хохироож байна.
2018 оны 8 дугаар сард тус компанитай гэрээ байгуулах үед 6 давхар барилга баригдана гэж гэрээ байгуулсан боловч 8 давхар болж баригдсан бөгөөд миний хувьд өөрийн захиалсан орон сууцандаа амьдран суух хүсэлтэй байгаа.
Гэрээний дагуу орон сууцыг ашиглалтанд оруулах ёстой хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 30 хоног хэтрүүлсэнийг хасаад 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 355 хоног ба 1 хоногийн алдангийг 36.477.000 төгрөгийн 0.1 хувиар тооцон, 36.477 төгрөг гэж үзсэн.
Нийт 12.949.335 төгрөгөөс надад бэлнээр төлсөн 400.000 төгрөг, мөн 1.477.000 төгрөгийг хасч үлдэх 11.072.335 төгрөгийг хариуцагч “Х*******” ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “Х*******” ХХК-ийн захирал Ц.Т******* шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.Г нь борлуулалт зуучлалын “Х*******” ХХК-иар дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2018/13-Т тоот орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тус компани нь манай борлуулалтыг хариуцдаг компани.
Ч.Гтай байгуулсан гэрээнд зааснаар орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлагдсан зургийн дагуу захиалагч талд хүлээлгэн өгөх заалттай.
Гэвч “Э*******” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан ёсоор тус компани гадна шугам сүлжээний ажлыг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны дотор хийж дуусгана. Үүнтэй холбоотойгоор А блок хугацаандаа ашиглалтанд ороогүйгээс үүсэх хохирлыг “Э*******” ХХК хариуцна, мөн манай компани гадна шугам сүлжээ хийх нийт зардал 250.000.000 төгрөгийн 33 хувь 83.333.000 төгрөгийг төлсөн боловч “Э*******” ХХК одоог хүртэл гадна шугам сүлжээний ажлыг хийгээгүйгээс манай компани өнөөдрийг хүртэл орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж чадаагүй.
Орон сууцыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэнтэй холбогдуулаад манай компани захиалагч нарт тодорхой хэмжээний алдангийг барагдуулж байсан ба Ч.Гын орон сууцны үлдэгдэл төлбөр 1.477.000 төгрөгийг орон сууц ашиглалтанд орох хугацаа хэтэрсний алдангийн дүнд суутгахаар тохирсон.
Мөн орон сууц байнгын ашиглалтанд өгөх хугацаа хэтэрсэнтэй холбоотой бүх захиалагч нарт тэгш хандах үүднээс алдангийг хугацаа хэтэрсэн сар тутамд 400.000 төгрөгөөр тооцон, хугацаа хэтэрсэн сарын нийт төлбөрийн 50 хувийг байр ашиглалтанд орсны дараа бэлэн олгохоор Ч.Гтай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19/40 тоот албан бичгээр тохиролцон орон сууц ашиглалтанд орсны дараа 2.200.000 төгрөгийг олгохоор гарын үсэг зуралцсан.
Манай компанийн зүгээс захиалагч Ч.Гтай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2018/13-Т тоот гэрээний 4.14 дүгээр заалтанд заасны дагуу алдангийг өгөх боломжгүй гэдгээ мэдэгдэхэд Ч.Г нь дээрх нөхцлийг зөвшөөрч тохиролцон гарын үсэг зурсан болно.
Тухайн орон сууц эхлээд 6 давхар баригдана гэж байгаад 8 давхар барилга баригдсан нь үнэн гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “Х*******” ХХК-д холбогдуулан 11.072.335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/Байрны нийт төлбөр 36.477.000 төгрөг,
2019.01.30-2020.01.20-ны өдөр хүртэл, 355 хоног,
36.477.000*0,1 хувь=36.477 төгрөг /1 хоног/
355 хоног*36.477 төгрөг=12.949.335 төгрөг,
12.949.335 төгрөг -1.477.000 төгрөг-400.000 төгрөг=11.072.335 төгрөг/
Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч буюу орон сууцны төсөл хэрэгжүүлэгч “Х*******” ХХК-ийг төлөөлж борлуулалт, зуучлалын “Х*******” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах, Э******* ХХК-ийн 2.036 м.кв газар дээр баригдах 75 айлын орон сууцны А блок орон сууцны 6 давхар, 34.74 м.кв талбайтай, 2 өрөө бүхий ******* тоот орон сууцыг захиалан бариулахаар, 1 метр квадрат талбайн үнийг 1.050.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 20.000.000 төгрөг,
2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 15.000.000 төгрөг,
2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1.477.000 төгрөг, нийт 36.477.000 төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчийн Хаан банк дахь ******* тоот дансанд төлөхөөр,
Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцны барилгыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлагдсан зургийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 4-5, 7 дугаар тал/
Захиалагч буюу нэхэмжлэгч Ч.Г нь 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр төсөл хэрэгжүүлэгчийн “Х*******” ХХК, захирал Ц.Тулгын Хаан банк дахь ******* тоот дансанд “А блок, 6 давхар, ******* тоот” гэсэн утгатайгаар 15.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгийг байрны төлбөрт төлсөн нь мөнгө төлсөн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч, төсөл хэрэгжүүлэгч “Х*******” ХХК энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 8, 10-11 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн гэрээнд талууд болох захиалагч Ч.Г, төсөл хэрэгжүүлэгч “Х*******” ХХК, борлуулалт, зуучлалын “Х*******” ХХК нар нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан дээр дурьдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Орон сууцны барилгыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө” гэж заасан бөгөөд хариуцагч “Х*******” ХХК нь гэрээнд заасан дээрхи үүргийг биелүүлээгүй талаараа маргахгүй байгаа ба байр ашиглалтанд орох хугацаа хэтэрсэн алдангийн дүнд Ч.Гын төлбөрийн үлдэгдэл 1.477.000 төгрөгийг суутгахаар тохиролцсоноо 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 19/06 тоот албан бичигтээ тусгажээ.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Хариуцагч “Х*******” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19/40 тоот албан бичигтээ “... орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн тул захиалагчтай тохирч хугацаа хэтэрсэн сар тутамд /11 сар/ 400.000 төгрөгөөр тооцон нийт төлбөрийн 50 хувь 2.200.000 төгрөгийг байр ашиглалтанд орсоны дараа захиалагчийн Хаан банк дахь 5045462297 дансанд олгохоор тохирсон ба 400.000 төгрөгийг 2019 оны 11 сард олгохоор тохирсон” гэжээ.
/ХХ-ийн 29 дүгээр тал/
Захиалагч Ч.Г мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.14-т “Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн хоног тутам 0.1 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө” гэж заасны дагуу хариуцагч “Х*******” ХХК-иас алданги шаардахад өгөх боломжгүйгээ түүнд мэдэгдэхэд тэрээр дээрх нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан хэмээн хариуцагч тал тайлбартаа дурьдсан ба дээрх тохиролцоо гэх зүйлийг гэрээний талуудыг хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэн өөрсдийн хүсэл зоригын дагуу тохирсон гэж үзэх боломжгүй.
Иймд алдангийг сар тутам 400.000 төгрөг хэмээн тооцох үндэслэлгүй.
/ХХ-ийн 21 дүгээр тал/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж заасан ба энэ нь гэрээний үүргийг хэн нэг тал нь зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэлбэр бөгөөд алдангийг гэрээгээр тохирсоны дагуу барилгыг ашиглалтанд оруулах сүүлчийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч “Х*******” ХХК-иас шаардах эрхтэй.
Хариуцагч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:
2019.01.30-ны өдрөөс 2020.01.20-ны өдөр хүртэл 355 хоног,
15.000.000 төгрөг+20.000.000 төгрөг=35.000.000 төгрөг /Ч.Гын төлсөн мөнгө/
35.000.000 төгрөг*0,1 хувь =35.000 төгрөг,
35.000 төгрөг*355 хоног=12.425.000 төгрөг,
12.425.000 төгрөг-400.000 төгрөг-1.477.000 төгрөг=10.548.000 төгрөг.
/400.000 төгрөг- 2019.11 сард Ч.Гт хүлээлгэн өгсөн,
1.477.000 төгрөг байрны төлбөрийн үлдэгдэл/
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Х*******” ХХК-иас 10.548.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 524.335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Х*******” ХХК-иас 10.548.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 524.335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192.110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х*******” ХХК-иас 183.718 төгрөг гаргуулан Ч.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН