Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 27

 

Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0036/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

Хохирогчийн өмгөөлөгч               Ж.Туяа

Шүүгдэгч                                       Н.З-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ч.Булган

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолтой, Н-гийн З-д холбогдох, 1918006850001 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд  ял шийтүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-гийн З-.

Шүүгдэгч Н.З- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Найрамдлын гудамжинд 73-66 ДАР улсын дугаартай “Тоёота приус” маркийн  машин  жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Н-гийн З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүдэгч Б- овогт Н-гийн З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.т зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг рентген зургийг зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, прокурорын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ч.Булган давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх: "Шинжээч нар дүгнэлтдээ шүүгдэгчийг 60 км цагаас дээш хурдтай явсан гэж дүгнээгүй байх ба харин тухайн нөхцөл байдалд тохирсон хурдтай яваагүй,осол гэмтэл тохиолдох нөхцөл үүссэн үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна гэж дүгнэжээ. Хэдийгээр хохирогч гарцгүй хэсгээр зам хөндпөн гарч явсан буруутай байх боловч шүүгдэгч хохирогчийг мөргөн унагаж,улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ "гэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.1.д зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тээврийн Цагдаагийн албаны Хан-Уул дүүргийн ЗЦТ-ийн 5 шинжээчийн гаргасан 520 тоот дүгнэлтийн 7.д: тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа жолооч Н.З- нь ЗХД-ийн 12.1.жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км гэсний дагуу цагт 60 км цагийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин осол гарах тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй,зорчих хэсгийн дагуу 1 машин, 1 явган зорчигчоос өөр оролцогчгүй сийрэг нөхцөлд жолооч Н.З- нь 20 км цагаас бага хурдтай явсан болох нь шүүгдэгч болон насанд хүрээгүй гэрч Б.Ө- нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ нь ЭХХШТХ-ийн 39.6-р зүйлийг 1.3.д заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэсэн үндэслэл болж байна.

Шүүх  эмнэлгийн шинжээчийн 685 дугаар дүгнэлтээр Б.Л-гийн биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн битүү хугарал ...тогтоогдлоо.гэж дүгнэлт гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Отгончимэг энэ дүгнэлтээ гэмтлийн эмчийн оношоор тогтоосон,нарийн мэргэжлийн эмч биш учир рентгэн зурагнаас хугарал мөн бишийг би мэдэхгүй гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 105-р хуудаст эмнэлэгт хэвтсэн тухай Б.Л- 2019.10.04-нд машинд мөргүүлж гэмтлийн тасагт зүүн дунд чөмөг ясны хүзүүний хугарал, дархи доргилт, цээжний няцрал оношоор хэвтсэн. ор хоног 5 гэсэн эмчийн тодорхойлолт байгаа боловч онош тогтоосон талаар өөр баримт байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэнд тархи доргилт, цээжний няцралт гэж түсгаагүй зөрүүтэй байна. Хэрвээ зүүн хөл дунд чөмгөөр хугарсан бол өвчитний түүхэнд онош болон хийгдсэн эмчилгээний талаар бичигдсэн баймаар юм. Хүндэвтэр гэмтэл учирсан гэх дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох энэхүү нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлийн 2.т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах,цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байхад хэт нэг талыг барьсан шинжээчдийн эргэлзээтэй дүгнэлтүүдээр яллах нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Яллагдагч Н.З- нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн алба хаагчдын 2 удаа гаргасан дүгнэлт эргэлзээтэй байсан тул гадны шүүх шинжилгээний алба эсвэл ШУТИС-ийн инженер механикийн сургуулийн эрдэмтэн багш нараар дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хяналтын прокурор Яндагт гаргасан боловч үл хайхран Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн алба хаагчдаар дүгнэлт гаргуулсан нь нэг байгууллагын алба хаагчид өөрсдийн байр суурийг хамгаалж нэг талыг барьсан дүгнэлт гаргалаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ осол нь хохирогч Б.Л-гийн өөрийнх нь ЗХД-ийн 5-р бүлэг 5.6.д заасан "явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц,гарам байхгүй бол замын дагуу хоер тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна"гэсэн заалтыг зөрчсөн гол буруутай үйлдлээс болж гарсан байна.

Жолооч Н.З- нь явган зорчигчийг замын голд зогсож байхыг хараад эсрэг урсгал руу орж тойрч гарах үед хохирогч замаар баруун урагш байх дэлгүүрийг чиглэн алхаж машины хамар өнгөрсөн байтал толинд шүргүүлэн газар унасан нь хэргийн материалд авагдсан хохирогч гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Нэг л алхалүй зогссон бол машин хаэуугаар нь шүргэхгүй өнгөрөх байсан.Жолооч түүнийг алхана гэж бодоогүй.самбаачлан зогсоох арга хэмжээ авах хугацаа ч түүнд байхгүй байсан.

             Иймд шүүхийн шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх түл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ЭХХШТХ- ийн 1.15.р зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Н.З-:

Тайлбарлах, ярьж хэлэх зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Н.З-ын өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж  байна., хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Л-гийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

           Хэрэгт авагдсан нотлох баримтаар Н.З-ын  үйлдэл  тогтоогдсон шийтгэх тогтоол үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг   хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.З- нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Найрамдлын гудамжинд 73-66 ДАР улсын дугаартай “Тоёота приус” маркийн  машин  жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.д заасан ...Жолооч хөдөлгөөний зарчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан , хурдыг дүрэмт заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.., гэсэн  12.3.д заасан ...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан авто тээврийн хэрэгслийн  хөдөлгөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлджээ.

           Шүүгдэгч Н.З-ын үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Б.Л-, гэрч Г.А- нарын мэдүүлэг,  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2019-10-09-ны өдрийн 685 дугаар дүгнэлт/ х.хийн 32-33-р хуудас/  Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн  шинжээчийн /байцаагчийн/  2019-10-05-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, / х.хийн 44-р хуудас/  Замын цагдаагийн газрын 3 шинжээчийн  бүрэлдэхүүнтэй гаргасан 2019-10-27-ны өдрийн 38 дугар дүгнэлт, /х.хийн 50-х хуудас/  дахин шинжилгээ буюу   Тээврийн цагдаагийн  албаны 5 шинжээчийн  бүрэлдэхүүнтэй гаргасан 2019-10-15-ны өдрийн 520 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /х.хийн 7-9-р хуудас/ ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон  байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг,  гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан  ял оногдуулжээ.

              Мөн хэргийн мөрдөн шалгах  ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн,  хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулж, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байна.

          Шинжээчдийн дүгнэлтээс үзвэл хохирогч Б.Л- нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6.д заасан  “...явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна., хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон буруутай энэ нь  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн боловч энэ нь  шүүгдэгч Н.З-ыг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн анхан шатын шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүх хуралдааныг “хаалттай” гэж буруу бичсэн бөгөөд   Эрүүгийн  хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт нөлөөлхөөр бол гомдол, эсэргүүцлийг үндэслэн  дээд шатны шүүх хэргийг хэлэлцэнэ, харин шүүхийн шийдвэрийн агуулга өөрчлөгдөхгүй, зөвхөн үг, үсэг,  тоо, тооцоо зэрэг  техникийн шинжтэй алдаа гарсан бол  шүүх өөрийн санаачлагаар эсхүл ороцогчдийн санал, хүсэлтээр залруулга хийх талаар хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээж аваагүй нь буруу байгааг цаашид анхаар нь зүйтэй.

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч Н.З-ыг цагаатгах талаарх  давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь дээрх нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримт, мөн хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн  “хаалттай” гэснийг “нээлттэй” гэж өөрчилсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА