| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 123/2025/0086/З |
| Дугаар | 221/МА2026/0117 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0117
Өмгөөлөгч Э.Чийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Ч
Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Э.Ч
Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Б.А, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ч.Б, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Х.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаартай 3уунмод сумын сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2025/0107 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, гуравдагч этгээд Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төлөөлөгч Б.А, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төлөөлөгч Ч.Б, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төлөөлөгч Х.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 123/2025/0086/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Ч нь Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаартай 3уунмод сумын сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2025/00107 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5.3, Боловсролын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Өмгөөлөгч Э.Ч миний нэхэмжлэлтэй, төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2025/0107 дугаартай шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.
Нийтийн ашиг сонирхол гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д заасныг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7-д Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлийг зөрчсөн болохыг тогтоосон. Тус захирамжийн улмаас сургалтын анги танхим хүрэлцэхгүй, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим зөрчигдөж, одоо ч зөрчил арилаагүй. Цаашлаад 12 дугаар ангийн сурагчид гадаадын сургуульд суралцах хүсэлтийг сургууль сольсон шалтгаанаар хүлээн авахгүй байх тохиолдол гарч байна. Мөн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргах эрхгүй этгээд гэх үндэслэлээр маргасан. Шүүхийн уг асуудлаар хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь энэ нь зөвхөн нэг аймгийн асуудал биш 21 аймгийн асуудал бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн хэрэглээний асуудал юм.
Боловсролын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар Боловсролын удирдлагын хамгийн гол зарчим бол хамтын удирдлагыг хэрэгжүүлэх зарчим юм. Энэ утгаараа хууль тогтоогч маргаан бүхий акт гаргах эрхийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон. Харин Боловсролын ерөнхий хуулиар Засаг дарга нь тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх, аймгийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэгтэй байна. Гэтэл засаг дарга дүгнэлтгүйгээр өөрөө ажлын хэсэг байгуулж, зөвхөн хүмүүн цогцолбор сургуулиас санал авах, сонсох ажиллагаа хийхийг оролдсон ч гуравдагч этгээд Ч.Б, Х.М нарын мэдүүлгээр огт санал аваагүй, мэдээлэл хүргүүлээгүй үйл баримт хэрэгт авагдсан байдаг. Анхан шатны шүүхийн дээрх хууль тогтоомжийг зөрчсөн үйл баримтад хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
Маргаан бүхий актын улмаас сурагчдаас гадна багш нарын эрх хязгаарлагдаж байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэг маргааныг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Ч нь “Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаартай 3уунмод сумын сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Төв аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/266 дугаар захирамжаар “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үйлчилгээний чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц, үйл ажиллагаа, менежментийг шинэчлэн сайжруулах” ажлын хэсгийг байгуулжээ.
3.2. Тус ажлын хэсэг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд ажиллаад “Хүмүүн цогцолбор сургуулийг 2024-2025 онд хэрэгжүүлж эхэлсэн анги бүлгийн бүтцийг үргэлжлүүлж, Хүмүүн дунд болон ахлах сургуулийг 12 жилийн сургалттай 1, 2 дугаар сургууль болгон бүтэц, хэв шинж, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, Спортын төрөлжсөн сургуулийг “Төрөлжсөн ахлах сургууль”-аар 2025-2026 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаа эхлүүлж, төрөлжих чиглэлийг аймгийн Засаг даргатай зөвшилцөн баталгаажуулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх” тухай дүгнэлт гаргасан байна.
3.3. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооноос 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 347 дугаартай “Хүсэлт, санал уламжлах тухай” албан бичгийг Төв аймгийн Засаг даргад хүргүүлж “ ... тус хоёр сургуулийг нэгтгэж, нэгдсэн удирдлагатай болгох ... санал, хүсэлтийг судлан үзэж зохион байгуулалтын арга хэмжээ авч, 2025 оны 08 дугаар сарын 29-ний дотор хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна.
3.4. Улмаар Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/446 дугаартай “Зуунмод сумын сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” захирамжаар Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагаа, менежментийг сайжруулах зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн Хүмүүн цогцолбор сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар бүрэн дунд сургууль, мөн Спортын төрөлжсөн сургууль болон Зуунмод сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг нэгтгэн бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж Зуунмод сумын 3 дугаар бүрэн дунд сургууль болгон тус тус өөрчилж шийдвэрлэжээ.
3.5. Дээрх шийдвэр гаргасан тухай хариуг Төв аймгийн Засаг даргаас 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/144 тоот албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороонд хүргүүлснээр маргаан бүхий Төв аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/466 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах ажил явагдаж эхэлсэн байна.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяа нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 29.1.1-д “орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах” 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаас гадна боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 30.1.1-д “орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус заажээ.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, аймгийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байх бөгөөд энэхүү маргааны хувьд хариуцагч Төв аймгийн Засаг даргад хуулиар эрх олгогдоогүй, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
4.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар дараах төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгүүлнэ”, 27.5.3-д “ерөнхий боловсрол” гэж зааснаас үзвэл ерөнхий боловсролтой холбоотой чиг үүргийг нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлүүлэн гүйцэтгүүлж болох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “нэгжийн удирдлага" гэж нэгж дэх нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа тогтолцоо,үйл ажиллагааг”, 4.1.4-д “нэгж дэх төрийн удирдлага" гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг” гэж зааснаар Төв аймгийн Засаг даргад ерөнхий боловсролтой холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй буюу Засаг даргыг орон нутгийн өмчийн сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах зэрэг асуудлаар шийдвэр гаргахыг хориглосон зохицуулалт байхгүй байна.
4.4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас маргаан бүхий акттай холбоотойгоор сурагчид, эцэг эхчүүдээс гарсан гомдлыг шийдвэрлэж, холбогдох зохион байгуулалтыг хийж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болох нь тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн “... тус захирамжийн улмаас сургалтын анги танхим хүрэлцэхгүй, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим зөрчигдөж, одоо ч зөрчил арилаагүй ...” гэх гомдол үндэслэлгүй.
4.5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 123/ШШ2025/0107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ