Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 1600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамж, 44 дүгээр байр, 11 тоотод оршин суух, Чантуугийн АТийн /РД: 00000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух, Пэрэнлэйн Сд /РД: 000000000/ холбогдох

Хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь 2.250.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин-Эрдэнэ,

Хариуцагч П.С,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ч.АТ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Ч.АТ нь П.Стай 2004 онд анх танилцаж 2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн гэрлэлтийн 235 дугаарт бүртгүүлж 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүү С.Ч*******, 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүү С.Ч*******, 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү С.Ч******* нарыг төрүүлж эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн гэр бүл болон амьдарч байсан.

           Улмаар таарч тохирохгүйн улмаас 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 577 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ асрамж болон тэтгэлгийг тогтоолгосон. Тус өдөр П.Стай мөн харилцан тохиролцож С.Ч*******, С.Ч*******, С.Ч******* нарт гарах цаашдын зардал бүрийг 50, 50 хувиар хувааж төлж байхаар эвлэрлийн гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн.

           Бага хүү С.Ч******* нь төлбөртэй сургууль буюу Ү******* хувийн ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд түүний 1 жилийн сургалтын төлбөр 4.500.000 төгрөгийг Ч.АТ дангаараа төлсөн.

           Тус сургалтын төлбөрийн тал хувь 2.250.000 төгрөгийг төлөхийг шаардсан боловч П.С төлөхгүй байгаа ба хүү С.Ч******* нь сургуулиасаа гарахад хүрээд байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлүүдэд заасанчлан эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хууль болон П.С, Ч.АТ нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу хүүхдүүдийнхээ боловсрол эзэмшихэд гарсан зардлыг тэгш хэмжээгээр төлөх үүрэгтэй.

           Иймд П.Сас хүү С.Ч*******ийн сургалтын төлбөрийн тал хувь 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.АТийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нь Ү******* хятад хэлний бүрэн дунд сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн төлбөрийн 50 хувийн асуудал юм. Одоо миний бага хүү С.Ч******* нь Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар дунд сургуулийн ангид суралцаж байгаа. Ү******* хятад хэлний бүрэн дунд сургуульд 2018-2019 онд 2 дугаар ангид суралцаж байсан.

Би хөдөө ажилтай явж байсан учраас тэр жилийн төлбөрийн 2.000.000 төгрөгийг Ч.АТийн хүсэлтээр өөрийнх нь ******* тоот данс руу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлж байсан.

Иймд төлбөр төлөөгүй мэтээр 2019 он гараад удаа дараа мөнгө нэхэж байсан. Мөн тэр жилийн Ү******* сургуулийн хүүхдийн 1 сарын хоолны мөнгө 35.000 төгрөг, өдөр өнжүүлэхийн 1 сарын төлбөр 350.000 төгрөгийг би өөрөө тухайн сар бүр төлж байсан. Иймд төлбөр төлөөгүй мэтээр худал ярьж мөнгөн нэхэмжилж байна.

Миний бие Ч.АТээс гэр бүлээ цуцлуулснаас хойш С.Ч*******, С.Ч*******, С.Ч******* гурван нарын тэтгэмжийг хуулийн хугацаанд тухай бүрт нь төлж байгаа.

Мөн байрны лизинг болох 415.000 төгрөгийг сар бүр хуваан төлөх, шаардлагатай үед хүүхдүүдэд гарах зардлыг ярилцаж байгаад 50, 50 хувиар нь хувааж төлнө гэж гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн.

2019 оны 3 дугаар сард гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл байрны лизинг 415.000 төгрөгийн тал хувь 207.500 төгрөгийг төлөөгүй, би өөрөө төлж байгаа. Би Ч.АТт хүүхдийнхээ сургалтын төлбөрийн тал хувийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.АТ нь хариуцагч П.Сд холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувь 2.250.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Хүү С.Ч*******ийн Ү******* сургуулийн сургалтын төлбөр 4.500.000 төгрөгийн тал хувь 2.250.000 төгрөг/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан П.С, Ч.АТ нарын гэрлэлтийг цуцалж,

             мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү С.Ч*******, 2011 оны 5 дугаар сарын 2-ны өдөр төрсөн хүү С.Ч*******, 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү С.Ч******* нарыг эх Ч.АТийн  асрамжинд үлдээж,

мөн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар С.Ч*******, С.Ч******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, С.Ч*******, С.Ч*******, С.Ч******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоон, эцэг П.Сар тэжээн тэгүүлэн,

мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдүүдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг, эцэг нь үүргээ хэрэгжүүлэхэд эх Ч.Алтантүлхүр нь саад учруулахгүй байхыг даалган шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй“ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

/ХХ-ийн 6-16 дугаар тал/

Мөн өдөр нь буюу 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэгч Ч.АТ, хариуцагч П.С нар эвлэрлийн гэрээ байгуулан дараах зүйлийг харилцан тохирчээ. Үүнд:

1. Хүүхдүүдийн тэтгэмжийг 18 нас хүртэл нь С.Ч******* Хас банкны ******* дансанд, С.Ч******* Хас банкны 5000386205 дансанд, С.Ч******* Хас банк ******* дансанд П.С төлнө,

2. С.Ч*******, С.Ч*******, С.Ч******* нарт гарах цаашдын зардал бүрийг 50 хувь, 50 хувиар хувааж шийдвэрлэх болно. Зардлыг гарсан тухай бүрт төлнө.

3. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Батмөнхийн гудамж, *** өрөө орон сууцны банкны лизинг зээлийн төлбөрийг сар бүрийн 23-25-ны дотор 50 хувь, 50 хувиар хувааж төлөх болно. /Нийт 413.000 төгрөгийг 2 хуваана/

4. Тус орон сууцны банкны лизинг зээл дуусгавар болсон өдрөөс С.Ч*******, С.Ч*******, С.Ч*******, Ч.АТ нарын хамтын өмчлөлд шилжүүлнэ. Үл маргах журмаар шилжүүлнэ хэмээн тус тус харилцан тохирч хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн ба уг гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байна.

/ХХ-ийн 17 дугаар тал/

Нэхэмжлэгч Ч.АТ нь хүү С.Ч*******ийн Ү******* сургуулийн 2в ангид суралцсан 2018-2019 оны сургалтын төлбөр 4.500.000 төгрөгийн тал хувь буюу 2.250.000 төгрөгийг хариуцагч П.Сас нэхэмжилж байх ба хариуцагч П.С 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ч.АТийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2.000.000 төгрөгийг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

/ХХ-ийн 25, 43, 75, 76 дугаар тал/

Хас банк дахь 5000299210 тоот данс ерөнхий боловсролын Ү******* сургуулийн данс болох нь Хас банкны 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 5в/1138 тоот лавлагаагаар тогтоогдож байх ба Ч.АТ нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Ч*******-АТ Чантуугаас Ү******* хувийн бүрэн дунд сургуульд” гэх утгатай 2.500.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “2в ангийн сурагч Сүхдамбын Ч*******-Чантуу АТээс Ү******* хувийн бүрэн дунд сургуульд” гэсэн утгатай 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтууд болон дансны хуулгаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 13, 14, 64, 66-68 дугаар тал/   

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасны дагуу “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ зэргээр хүүхдийн амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, орон байр, бусад шаардлагатай зүйлээр хангах нь эцэг, эхийн үүрэг юм.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон тухайлбал хүндээр өвчилсөн, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар ….. шүүхэд нэхэмжлэл гаргаж болно“ гэж заажээ.

Энэ нь “тухайн хүүхэдтэй холбоотой гарсан зардлыг хариуцуулах”-аар заасан заалт бөгөөд хүүхдэд зардал гаргаж байгаа тохиолдолд эцэг, эх хэн алинд нь адил тэнцүү хуваан хариуцуулах ёстой юм.

 Хариуцагч П.С 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ч.АТийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг “хүүхдийн” хэмээн  тусгасныг хүү С.Ч*******ийн төлбөрийн тал хувийг төлсөн гэж дүгнэх боломжгүйгээс гадна эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч тэдгээрийн үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжлэх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэх нь гагцхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон аливаа төлбөр, тэтгэлгийг төлснөөр хязгаарлагдахгүй болно.

Ч.АТ болон П.С нар нь 2017 оноос хойш тусдаа амьдарсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хариуцагч П.С эцгийн эрх, үүргээ ухамсарлан хүүхдүүдийн өдөр өнжүүлэхийн төлбөр болон шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэг болон тодорхой хэмжээний зардлыг хариуцан төлж үүргээ гүйцэтгэж байгаа хэдий ч хүүхдүүдтэйгээ холбоотой гарсан аливаа зардлын тал хувийг мөн хариуцан төлөх учиртай.

/ХХ-ийн 74-89 дүгээр тал/

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч П.Сас 2.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.АТт олгох нь зүйтэй гэж үзэв.

Хүү С.Ч******* 2018-2019 онд Ү******* сургуульд суралцаж байсан нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдсон ба Ү******* сургуулиас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон е-баримтад гараар “ анги С.Ч*******” хэмээн бичсэн нь төдийлөн ач холбогдолгүй ба хүү С.Ч******* 2019-2020 оны хичээлийн жилд хятад хэлний сургалттай Ү******* сургуулиас байршлын дагуу шилжин ирж Нийслэлийн 2 дугаар сургуулийн Б.Б багштай ангид суралцаж байгаа нь, хүү С.Ч******* 2018-2019 онд мөн сургуулийн 3б ангид, 2019-2020 онд ангид тус тус суралцаж байгаа нь тогтоогдсоныг дурьдлаа.  

/ХХ-ийн 5, 90 дүгээр тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон             

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч П.Сас 2.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.АТт олгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.АТийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Сас 50.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.АТт олгосугай.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч П.Сүхдамбын банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлага 2.250.000 төгрөгийн хэмжээнд зогсоосон тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 2119 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.САРАНГҮН