Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199  

 

 

 

           

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил

Шүүгдэгч Г.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Алтанцэцэгт холбогдох 2330000860144 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ..................... Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч, “Петро Чайна” ХХК-д хятад хэлний орчуулагч ажилтай, одоогоор жирэмсний чөлөөтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн Түмэнхаан, Булгийн 1-21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:................

Хатгин ургийн овогт Ганболдын Алтанцэцэг

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Г.Алтанцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Г.Алтанцэцэг нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим орчин буюу фейсбүүк дэх “Сүхбаатар аймаг Асгат сум” гэх зарын группэд фейсбүүкийн “Цэцэг.Г.Б” гэх хаягаас “хантааз хямдралтай үнээр ирсэн байна шүү. Цөөн тоогоор ирсэн тул авах хүмүүс яаралтай авна уу. Унаанд тавьж өгнө” гэх утга бүхий нийтлэл тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Э.Алтанчимэгийн Хаан банкны 5167690644 дугаар дансаар 100,000 төгрөгийг, хохирогч Э.Анужингийн Хаан банкны 5167690644 дугаар дансаар 30,000 төгрөгийг,

мөн өдөр “Сүхбаатар аймаг Уулбаян сумын нэгдсэн групп” гэх фейсбүүк хаягт дээрх утга бүхий нийтлэл тавьж хохирогч Б.Цэвээнсүрэнгийн Хаан банкны 5167690644 дугаар дансаар 30,000 төгрөгийг,

мөн өдөр “Сүхбаатар аймгийн зар” гэх фейсбүүк хаягт дээрх утга бүхий нийтлэл тавьж хохирогч Б.Энхсайханы Хаан банкны 5167690644 дугаар дансаар 40,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

шүүгдэгч Г.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “Хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан.  ” гэх,

хохирогч Э.Алтанчимэгийн “ Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн “Э.Алтанчимэг” гэх фейсбүүк хаягаараа “Сүхбаатар аймаг Асгат сум” гэх фейсбүүк групп хаягт “Цэцэг.Г.Б” гэх фейсбүүк хаягаас оруулсан монгол хантаазны зурагтай “хантааз хямдралтай үнээр ирсэн байна шүү. Цөөн тоогоор ирсэн тул авах хүмүүс нь яаралтай авна уу. Унаанд тавьж өгнө” гэх утгатай пост зар мэдээллийн дагуу уг фейсбүүк хаягтай харилцаж 4 ширхэг монгол хантааз / том хүний 2 ширхэг хантааз 1 бүрийг нь 30,000 төгрөг, хүүхдийн хантааз 2 ширхэг, 1 бүр нь 20,000 төгрөг/ худалдаж авахаар болж, уг хантаазны төлбөр 100,000 төгрөгийг өөрийн ,,,,,,,,,,, тоот данснаас Г.Алтанцэцэг гэх хүний ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот данс руу шилжүүлсэн юм. Гүйлгээ хийсний дараа “хийчихлээ, та утасны дугаараа, явуулах жолоочийнхоо утсыг явуулчхаарай” гэхэд “,,,,,,,,,,,,,,,,,, чат бичээрэй” гэсэн. Тэгээд би “Цэцэг.Г.Б” хаягийн өгсөн ,,,,,,,,,,,,,,,,,, дугаар руу залгахад хантааз зардаг болон хүргэлт хийдэг хүн биш гэж ярьсан. Ингээд би залилуулсан талаараа мэдэж “Цэцэг.Г.Б” хаяг руу чат бичихэд миний хаягийг блок хийчихсэн ” гэх,

гэрч Р.Баттөрийн өгсөн “...Би Ганболдын Алтанцэцэг гэдэг хүнийг танина. Манай хадам ээж Нина гэдэг хүний дүү болох Ганболд гэдэг хүний хүүхэд байгаа юм... Би монгол хантааз, монгол гутал худалдан борлуулж байгаагүй. Би ямар нэгэн бараа хүргэлтийн ажил хийж байгаагүй. Монгол гутал, монгол хантааз яаж хийдэг талаар ч мэдэхгүй байна... Би Юнителийн ,,,,,,,,,,,,,,,,,,,, дугаарыг эзэмшиж ашигладаг. Би уг дугаарыг Матад суманд сүлжээ орсон үеэс эхэлж ашиглаж байгаа. 10 гаруй жил ашиглаж байгаа байх. Би Юнителийн 88588469 гэх ганцхан дугаартай. Би өөрийн 88588469 дугаараа өөр ямар нэгэн хүнд ашиглуулж байсан удаа байхгүй... Миний 88588469 дугаар руу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Мобикомын .............дугаараас залгаад “монгол хантааз зардаг болон хүргэлт хийдэг хүн мөн үү” гэж асуусныг санахгүй байна. Би тухайн цаг хугацаанд монгол хантааз, монгол гутал худалдан борлуулдаг болон хийдэг ажил хийдэггүй байсан. Мөн бараа тээврийн хүргэлтийн ажил хийж байгаагүй. Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн төв юм уу Матад сум хоёрын аль нэгэнд нь байж байсан. Тухайн үед ямар нэгэн ажил хийгээгүй байсан... Би “Р.Баттөр” болон “Battur Rawdan” гэх фейсбүүк хаягтай. Би тухайн фейсбүүк хаягаараа адуу мал зарна гэдэг зарын мэдээллийг фейсбүүк орчинд оруулж байснаас өөр ямар нэгэн зүйл худалдан борлуулна гэсэн зар оруулж байгаагүй. “Дорнод-Матад ирнэ, явна” гэх зарын групп болон Матад сумын зарын группуудээр Дорнод аймаг болон Матад явна гэж өөрийн 88588469 дугаарыг бичиж зар оруулдаг байсан. Тэгэхээр миний “Дорнод болон Матад явна 88588469” гэх зарыг харсан хэн нэгэн миний энэ дугаарыг монгол хантааз зарна гэсэн зарын мэдээлэлдээ өгсөн байж болзошгүй...” гэх,

гэрч У.Мөнхзаяагийн өгсөн “...Манай найз Г.Алтанцэцэг нь 5167690644 тоот данс эзэмшиж ашигладаг... Г.Алтанцэцэг нь “Ганболд Алтанцэцэг” гэх фейсбүүк хаягтай. Г.Алтанцэцэг нь өмнө надад хэлэхдээ “Цэцэг.Г.Б” гэх фейсбүүк хаягтай гэж байсан. Уг фейсбүүк хаяг нь одоо устсан байгаа гэж байсан. Би бол “Ганболд Алтанцэцэг” гэх фейсбүүк хаягтай нь харилцдаг...” гэх,

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,

Хаан банкнаас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №5630/40/23 дугаартай албан тоот,

хохирогч Э.Анужингийн өгсөн “Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амралтаараа Баруун-Урт суманд ирээд өөрийн “Erdene Anuu" гэх фейсбүүк хаягаараа фейсбүүк орж байтал Асгат сумын зарын нэгдсэн групп дээр “Цэцэг.Г.Б” гэх фейсбүүк хаягаас “монгол хантааз, гутлын зурагтай хямдарсан” гэх зар оруулсан фейсбүүк хаягтай харилцаж 1 ширхэг том хүний монгол хантааз худалдаж авахаар болж уг өдрийн 19:00 цагт өөрийн 5648200225 тоот данснаас 5167690644 тоот данс руу 30,000 төгрөг гүйлгээний утга дээр нь өөрийнхөө 96510104 дугаарыг бичээд шилжүүлсэн юм. Тэгтэл миний захиалсан барааг унаанд хийхгүй удаад байхаар нь би за за больё гэж чат бичихэд тухайн фейсбүүк хаяг миний фейсбүүк хаягийг блок хийгээд алга болсон. Би 30,000 төгрөгөө залилуулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх,

Хаан банкнаас ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №5630/67/23 дугаартай албан тоот, /хх-ийн 91-124-р хуудас/

хохирогч Б.Цэвээнсүрэнгийн “Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн “Буд Цэцэ” гэх фейсбүүк хаягаараа фейсбүүк орж байтал “Сүхбаатар аймаг Уулбаян сумын нэгдсэн групп” гэх фейсбүүк групп хаягт “Цэцэг.Г.Б” гэх хаягаас “төрөл бүрийн монгол хантаазны зурагтай хантааз зарна. Унаанд хийж тавьж өгнө” гэсэн утгатай зар оруулсан байсан. Би уг хаягтай чатаар харилцаж 1 ширхэг том хүний монгол хантааз худалдаж авахаар болж өөрийн 5640066068 тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 14 цаг 21 минутад Г.Алтанцэцэгийн 5167690644 тоот данс руу гүйлгээний утга дээр нь “ 88133394” гэж бичээд 30,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл мөнгө шилжүүлсний дараа миний “Буд Цэцэ” гэх фейсбүүк хаягийг блок хийгээд алга болж залилсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм ” гэх,

хохирогч Б.Энхсайханы “...Би өөрийн “..............” гэх фейсбүүк хаягаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Цэцэг Г.Б” гэх фейсбүүк хаягтай үл таних хүний аймгийн зар дээр тавьсан байх зарын дагуу харилцаж монгол гутал худалдаж авахаар болсон юм. Тухайн “Цэцэг Г.Б” фейсбүүк хаягаас чатлахдаа “Онгонд байгаа аймгаас захиалга орсон хүмүүсийн бараануудыг явуулах гэж байна. Унаанд амжаад тавиад явуулчихъя. Хүргэлт үнэгүй. Гутал нь 40к шүү. 5167690644 Алтанцэцэг гэх данс руу хийгээрэй” гэхээр нь би итгээд нөхөр У.Батсүхийн 5630381651 тоот данснаас тус өдрийн 21:00 цагт 5167690644 тоот данс руу 40,000 төгрөг гүйлгээний утга дээр нь 96188185 гэж бичээд шилжүүлсэн. Тэгтэл маргааш өглөө нь “Цэцэг Г.Б” гэх фейсбүүк хаяг руу чат бичих гээд ороход блок хийчихсэн байсан. Одоо хүртэл шилжүүлсэн мөнгөө олж авч чадахгүй залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх,

гэрч У.Батсүхийн “ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой манай эхнэр Б.Энхсайхан нь өөрийнхөө фейсбүүк хаягаар юм үзэж байгаад “ аймгийн зарын групп дээрээс том хүний еэтэн монгол гутал хямдхан захиалж авах гэсэн. Миний дансанд мөнгө байхгүй байна. 40,000 төгрөг байвал явуулчих гэхээр нь би өөрийн 5630381651 тоот данснаас тус өдрийн 21:00 цагт эхнэрийн монгол гутал захиалсан 5167690644 тоот данс руу 40,000 төгрөг гүйлгээний утга дээр нь эхнэрийн 96188185 утасны дугаарыг бичээд шилжүүлсэн. Дараа нь манай эхнэр захиалсан монгол гутлаа ч авч чадаагүй. 40,000 төгрөгөө ч авч чадаагүй залилуулсан гэж байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон,  тогтоогдож байна.

2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, зөв, байх тул шүүгдэгч Г.Алтанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

4. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэйгээр үйлдэгддэг байна.

 

Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн хувьд цахим орчинд буюу Фейсбүүкт өөрийн “Цэцэг Г.Б” гэх фейсбүүк хаягт худал зар тавьж хохирогч нараас өөрийн дансаар мөнгө шилжүүлэн залилан мэхэлж авсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.

 

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр бусдыг хуурч, залилсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шууд холбоотой, шалтгаалсан байна.

 

5. Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Алтанчимэгт 100,000 төгрөгийн, хохирогч Э.Анужинд 30.000 төгрөгийн,  хохирогч Б.Цэвээнсүрэнд 30,000 төгрөгийн, хохирогч Б.Энхсайханд 40.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Г.Алтанцэцэг зүгээс хохирогч нарт учирсан дээрх хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч Г.Алтанцэцэгийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Г.Алтанцэцэгт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

Г.Алтанцэцэгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Г.Алтанцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Бусад:

 

Шүүгдэгч Г.Алтанцэцэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт Ганболдын Алтанцэцэгийг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Алтанцэцэгийг 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Г.Алтанцэцэг нь түүнд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтанцэцэг торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Алтанцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6.Шүүгдэгч Г.Алтанцэцэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН