| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/00394/И |
| Дугаар | 1010 |
| Огноо | 2020-03-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 1010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Л*******гийн Эгийн /РД: Ц0000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,******* тоотод оршин суух, П*******ын Эрд /РД: 0000/ холбогдох
15.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э,
Хариуцагч П.Эр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Э миний бие өөрийн гэсэн гэр оронгүй, 2 нялх хүүхэдтэй эгчийгээ гэр оронтой болгох зорилгоор хашаа, байшин худалдан авахаар зарын дагуу ярихад Д.Б******* надтай утсаар ярьсан ба Баянзүрх дүүрэг, *******,*******,*******,-А тоот хашаа байшинг очиж үзэхэд П.Эры эхнэр н.М үзүүлсэн.
Баянзүрх дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн *******,*******, тоотын 345 м.кв талбай бүхий, нэгж талбарын дугаартай газрыг П.Эрд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан ба уг газрын 160 м.кв талбайтай хэсэг газарт нь байшин барьсан байсан.
Ингээд уг хашаа, байшинг худалдан авахаар болж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариат дээр очиж гэрээ байгуулсан ба гэрээ байгуулан 15.500.000 төгрөгөө П.Эрд өгөхөд тэрээр мөнгийг Б.Б*******т өгөхөд Б.Б******* тоолж аваад П.Эрд буцаагаад мөнгө өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед үүнийг нэг их анзаараагүй.
Гэрээ байгуулсан өдрөө газрын албан дээр очих гэсэн боловч ажлын цаг дуусах дөхсөн байсан учраас дараа ярьж байгаад очихоор тохироод салсан бөгөөд 7 хоногийн дараа эгч маань хашаа, байшиндаа нүүн очсон.
Анх худалдахдаа П.Эр газар өмчлөх эрхийн гэрчилгээг удахгүй гаргаж өгнө гэсэн боловч удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй бөгөөд надад худалдсан хашаа, байшинг П.Эр нь иргэн Б.Б*******т худалдсан боловч тэрээр гэрчилгээ гарч болохгүй гэдгийг мэдээд, эд нараас мөнгөө авч чадахгүй болохоор нийлж зар өгөөд надад зарсныг би хожим мэдсэн.
Газрын албан дээр очиж нэрээ шилжүүлж авья гэхэд П.Эр нь янз бүрийн шалтаг хэлж байсан бөгөөд дараа больё гэсээр нэг мэдэхэд 2,3 жил болсон байсан.
П.Эр барилга дээр ажилладаг бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээрээ дахин 1 байшин бариад гэрчилгээтэй газраа хуваагаад газраа надад зарсан юм билээ. Газрын албан дээр очоод газар эзэмших эрхийн гэрчилгээг салгах гэсэн боловч боломжгүй гэдэг хариуг өгсний дараа би үүнийг мэдсэн.
Энэ талаар П.Эрд хэлж мөнгөө нэхэхэд өгөх боломжгүй гэсэн ба хашаа, байшингаа суллачих, зараад эсвэл түрээслээд мөнгийг чинь өгье гэсний дагуу эгчийнх маань уг хашаа байшингаас 2018 оны 5 дугаар сард нүүн хашаа, байшинг нь хүлээлгэн өгсөн.
Цагдаад хандахад хандахад гэмт хэргийн шинжгүй гэсэн ба шүүхэд хандах хэрэгтэй гэсний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иймд П.Эраас 15.500.000 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Эр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манайх Баянзүрх дүүрэг, *******,*******,*******, тоот хаягт 2008 оноос хойш амьдарч байгаа. Баянзүрх дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/306 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, *******,*******, тоотын 345 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай газрыг П.Эр надад 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
2014 онд өөрийн эзэмшлийн 345 м.кв талбайтай газраа 2 хуваан байшин барьсан ба манайх******* тоотод амьдардаг ба-А тоотыг ээж А.Дуламсүрэн 2014 оны 6 дугаар сард Б.Б*******т 15.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд би ээжийн дуудсаны дагуу нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан.
Мөнгийг ээж авсан бөгөөд 3 хоногийн дараа Б.Б******* хашаа, байшинг авахаа болилоо гэсэн ба ээж мөнгийг үрчихсэн байсан. Тэгээд зар тавиад Л.Эд хашаа, байшинг зараад мөнгийг нь Б.Б*******т өгсөн.
Манай амьдарч байгаа*******,-А тоотод аль алинд нь байшин байгаа, газар эзэмших эрх миний нэр дээр байдаг бөгөөд би нотариат дээр 2 удаа очиж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь буруудсан юм шиг байна.
Би уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болохоор төлөхөд хэцүү байна. Дараа нь ийм асуудал болно гэж мэдээгүй, мөнгийг нь авсан улсуудтай яривал болох байх. Л.Эгийн худалдан авсан-А тоотод эднийхийг нүүснээс хойш хүн амьдраагүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч П.Эрд холбогдуулан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт төлсөн 15.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Л.Э нь П.Эрд холбогдуулан Баянзүрх дүүргийн *******,*******, тоотын 345 м.кв талбайтай газраас 160 м.кв талбай бүхий газрыг буюу-А тоотыг түүнд худалдсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.
Гомдлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Чинбат хүлээн авч 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба 180604104 дугаартай хэрэгт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Мөнх-Эрдэнэ ажиллагаа явуулан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган прокурорт хүргүүлсэн байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4250 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор П.Эр нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан бөгөөд уг шийдвэрт оролцогчид гомдол гаргаагүй нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 9-10 дугаар тал/
Нэхэмжлэгч Л.Э “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хэрэгжээгүй тул Баянзүрх дүүрэг, *******,*******,-А тоотын 160 м.кв талбайтай газрын үнэд төлсөн 15.500.000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж,
хариуцагч П.Эр “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний байгуулсан боловч мөнгийг хүлээн аваагүй. Мөнгийг хүлээн авсан хүмүүс хариуцна” гэж тус тус маргаж байна.
Баянзүрх дүүргийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/306 тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүрэг, *******,*******, тоотын 345 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай, нэгж талбарын дугаартай газрыг 5 жилийн хугацаатай П*******ын Эрд эзэмшүүлэхээр шийдвэрлэн газар эзэмших эрхийн 000519537 тоот гэрчилгээг түүнд 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр олгожээ.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Дээрхи газрын эзэмшигч П.Эр нь газар эзэмших эрхийн 000519537 тоот гэрчилгээтэй 345 м.кв талбай бүхий газраасаа 160 м.кв талбайтай газрын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх гэрээг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Этай байгуулан мөн дээрхи 160 м.кв талбай дахь газартаа буй 6*9 хэмжээтэй өвлийн сууцыг хамт худалдан газар болон байшингийн үнэд нийт 15.500.000 төгрөгийг Л.Эгаас хүлээн авч уг өдрөө мөнгө хүлээлцсэн хэлцлийг үйлдсэн ба талууд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.
/ХХ-ийн 4-7 дугаар тал/
Хариуцагч П.Эр нь өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэг болох 160 м.кв газар болон уг газар дээрхи 6*9 талбайтай өвлийн сууцыг нийт 15.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаараа маргахгүй байгаа боловч мөнгийг өөр этгээд захиран зарцуулсан гэж тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Л.Э, хариуцагч П.Эр нар газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулмагц уг өдрөө худалдан авагч Л.Э нь Баянзүрх дүүрэг, *******,*******,-А тоотод байршилтай газрын нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг зохих мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан хүлээн авчээ.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Хариуцагч П.Эр нь гэрээнд заасны дагуу 160 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч тал уг Баянзүрх дүүрэг, *******,*******,-А тоотод оршин суусан талаар хэн аль нь маргахгүй байгаа болохыг дурьдлаа.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасан бөгөөд хариуцагч П.Эр нь нэхэмжлэгч Л.Эд худалдсан гэх хашаа, байшингаа өөрийн эзэмшил, ашиглалтанд 2018 оны 5 дугаар сард шилжүүлэн авсан атлаа төлбөрийг нь буцаан шилжүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.Эраас 15.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч П.Эр нь дээрхи гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч П.Эрд 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийг хувийг гардуулан өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч П.Эр нэхэмжлэлийн хувийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардан авсан атлаа бичгээр тайлбар гаргаагүй боловч энэ өдрийн хуралдаанд тайлбараа гаргасныг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч П.Эраас 15.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 235.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эраас 235.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН