| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0199/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/202 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Мөнх-Эрдэнэд холбогдох 2330000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ..................дөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн Их уул гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
.......... ургийн овогт Т........... ..............М /РД:.................../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Т.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг Их уул гэх газарт хохирогч С.Батын итгэмжлэн хариуцуулсан адуунаас зүүн гуяндаа са тамгатай, сартай хонгор зүсмийн шүдлэн үрээ, зүүн гуяндаа са тамгатай, хонгор зүсмийн шүдлэн байдас болох 2 тооны адууг зөвшөөрөлгүйгээр авч, улмаар 80 км замыг туулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд аваачин "Баянтал" нэртэй мах бэлтгэн үйлдвэрт нядлуулахаар өгч завшсаны улмаас 1,991,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би С.Бат ахын адуунуудыг зүсээр нь буцааж өгсөн...” гэх,
хохирогч С.Батын "...Манай төрсөн ахын хүү Хүрэлхүү 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр над руу утсаар залгаад "танай тамгатай 2 тооны адуу бойны хашаанд байна, та адуу өгсөн үү" гэж асуугаад зургийг нь над руу явуулсан. Би “бойнд адуу өгөөгүй” гэж хэлээд зургийг нь харсан чинь манай 2 адуу мөн байсан. Тэгээд бойны газарт тэмдэглүүлсэн хүний нэр утсыг нь шалгуулсан чинь манай адууг малладаг Т.Мөнх-Эрдэнийн дүү Т.Мөнхбаяр гэдэг хүн нэрээ бичүүлсэн байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 5-6-р хуудас/,
гэрч Б.Ганболорын “ 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 00 минутын үед манай аавын ах Буниазанын хүү Хүрэлхүү гэдэг хүн аймгийн зүүн талын “Баян тал” мал нядалгааны газарт мал өгөхөөр очиход манай аавын тамгатай 2 тооны адуу байгааг олж мэдээд надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би аав руу утсаар залгаад “тамга нь адилхан 2 тооны адуу байна” гэж хэлэхэд “зургийг дараад явуулчих харъя” гэсэн. Зургийг аваад явуулахад зүс болон тамга нь таарч байсан. Баян тал бойны хүмүүстэй холбогдоод "хэн авчирч өгсөн бэ манай адуу байна" гэж асуухад бүртгэл дээр нь 88858019 утасны дугаартай Мөнхбаяр гэж хүн бүртгүүлсэн байсан. Тэгээд судлаад үзсэн чинь манай аавын адууг малладаг Мөнх-Эрдэнэ гэдэг хүний төрсөн дүү Мөнхбаяр гэдэг хүн авчирч өгсөн юм шиг байна лээ. Ааваас “энэ хүнийг таних уу” гэж асуухад манайд саахалт нутагладаг Мөнхбаяр гэдэг хүн байна гэж хэлсэн. Би Мөнхбаяр гэдэг хүний утас руу залгаж асуухад утсаа авахгүй байснаа дараа нь “хэн бэ” гэсэн мессеж ирсэн. Би "Мөнхбаяр гэдэг хүн байна уу" гэж асуухад "байхгүй ээ аймаг руу явсан" гэж хэлсэн. "Өөр холбогдох дугаар байна уу" гэж асуухад утасгүй байхгүй гэж хэлсэн. Би тэр мессеж бичсэн хүнийг Мөнхбаярын эхнэр нь байсан байх гэж бодож байна. Манай аав тэр 2 тооны адууг бойнд өгөөгүй болохоор хулгайч авчирч өгсөн байна гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх /хх-ийн 9-10-р хуудас/,
гэрч Б.Хүрэлхүүгийн "...Би 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 30 тооны ишгэн ухна нядалгаанд биш мал өгч байгаа хүмүүс авч магадгүй гэж худалдан борлуулахаар очсон юм. Би бойны хашаа гадна талаас ямар байдгийн бол гээд өнгийгөөд хартал манай өөрийн са тамгатай сартай үрээ, хонгор байдас 2 тооны адуу байсан. Манайх биш байхаар нь өмнө манай ах Бат адуу алдсан гэж ярьж байсан болохоор ах руу гаа зургийг авч явуулаад утсаар холбогдож асуухад "хавар алдсан адуу мөн байна" гэж хэлсэн. Бат ахын охин Ганболор адууг хэн авчирч өгсөн талаар бойны хүнтэй уулзаж бүртгэлийг нь үзэхэд "манай Бат ахын адуучин Мөөжгий гэдэг хүний дүү Мөнхбаяр гэдэг хүн байна” гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг,/хх-ийн 13-14-р хуудас/
гэрч Т.Мөнхбаярын “ Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Асгат сумын төвд болсон Зээрд адуу уяачдын холбооны 25 жилийн ойн наадамд морь уяж хөдөөгөөс ирсэн. Манай төрсөн ах Т.Мөнх-Эрдэнэ бас морь уяад ирсэн байсан. Т.Мөнх-Эрдэнэ ах бид 2 тааралдахад “намайг маргааш завтай юу, 2 адуу байна” гэхээр би “тэгье өглөө яваад очъё” гэж хэлсэн. Би маргааш өглөө нь очиход адуугаа гаднаа хураасан байсан. Манай ах Т.Мөнх-Эрдэнэ болон саахалт айлынх нь Нямка ах бид 3 гурав 2 адуу барьж авч машин дээр ачаад би Асгат сумын төв дамжаад Улаанбаатар хот явах байсан найз Х.Наранбатыг суулгаад аймгийн төв явж Баян тал МБҮ дээр буулгасан. Баян тал МБҮ 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нядалгаанд оруулна гэхээр үлдээгээд явсан. Миний ачиж Баян тал МБҮ-ийн хашаанд буулгасан 2 тооны адууны эзнийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ах адууг нь малладаг Баяндэлгэр сумын харьяат Бат гэдэг хүний са тамгатай адуу байсан. 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бойнд авчирч өгөхөд маргааш оруулна гэж хэлсэн Маргааш өглөө нь очиход “орой бойнд оруулна залгая” гэж хэлсэн. Тэгэхээр би Т.Мөнх-Эрдэнэд ахад утсаар “адууг орой бойнд оруулна гэнэ” гэж хэлсэн чинь ах “хүнд захиад орхиё, чи буц” гэж хэлэхээр нь би Асгат сум дамжаад "Далт" гэдэг газар ах Т.Мөнх-Эрдэнийнд очиход ах надтай зөрөөд аавын машиныг унаад уралдах морио ачаад Баяндэлгэр сум явсан. Тэгээд байж байтал хоёр адууг захиж үлдээсэн хүн нь ах Мөнх-Эрдэнийн эхнэр Заяа эгч рүү залгаад “бойны хашаанд байгаа хоёр адууны эзэн гээд хүн гарч ирсэн” гэж хэлсэн. Бас бойны малын эмч над руу залгаад "чиний 2 адууны эзэн гээд хүн ирчхээд байна цагдаад гомдол гаргана гэсэн адууг чинь бойнд оруулахгүй" гэж хэлсэн тэгэхээр нь би дахиж бойны хүмүүстэй холбогдоогүй орхисон” гэх мэдүүлэг,/хх-ийн 21-23-р хуудас/
гэрч Б.Норовсамбуугийн “ 2023 оны 08 дугаар сарын 14-ний оройн 18 цаг 00 минутын үед "миний адуу орох болж байна уу" гээд над руу утсаар залгаж асуусан тэгэхээр би "таны бичиг баримт бүгд бэлэн, харин адууны эзэн гэж нэг эгч гарч ирсэн. Тэр хүнтэй учраа олоод хоёулаа ирж уулзаад ирэх юм бол адууг нядалгаанд оруулъя" гэж хэлэхэд "аан за за" гэж хэлээд бараг таних юм байна гээд утсаа тасалсан. Мөнхбаяр дахиж надтай холбогдоогүй. Харин эгч нь гээд нэг хүн 88324524 гэсэн дугаараас холбогдоод “тэр 2 хоёр адууг адууны эзэнтэй сольсон адуу юм аа, өнөөдөр нядалгаанд орох боломж байна уу” гэж ярихаар нь би "тэр 2 адууны эзэнтэй хамт ирвэл нядалгаанд оруулъя" гэж хэлэхэд "за" гэж хэлээд утсаа тасалсан дахиж холбогдоогүй. Миний бүртгэл дээр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар баг Мөнхбаяр 88858019 гэсэн утасны дугаар болон ............... гэж регистрийн дугаар бүртгэж авсан байна..." гэх мэдүүлэг,/хх-ийн 17-18-р хуудас/
гэрч Б.Нямдоржийн “2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байхад Т.Мөнх-Эрдэнэ мотоциклтой ганцаараа манайх руу ирээд "чи найздаа хоёр адуу барилцаад өг" гэхээр нь "яах гэж байгаа юм бэ" гэж асуухад "аймаг руу аваачиж өгнө" гэж хэлэхээр нь цуг барилцаж өгсөн. Сартай хонгор зүсмийн зүүн гуяндаа са тамгатай шүдлэн үрээ, хонгор зүсмийн зүүн гуяндаа тамгатай шүдлэн байдас барьж авсан. Т.Мөнх-Эрдэнийн дүү Т.Мөнхбаяр сумын төвөөс аавынхаа Бонго-3 маркийн 45-65 ДГС улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай ирээд Т.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнхбаяр бид гурав 2 тооны адууг барьж Т.Мөнхбаяр аймгийн төв бойнд өгнө гээд ачаад явсан. Т.Мөнх- Эрдэнэ гэртээ үлдсэн. Т.Мөнх-Эрдэнэ Баяндэлгэр сумын С.Бат гэдэг хүний адууг малладаг юм. Тухайн 2 тооны адуу С.Бат гэдэг хүний тамгатай адуу байсан. Би 2 тооны адууг хараад Т.Мөнх-Эрдэнийг адуу малласныхаа үнэ хөлсөнд авсан адуу байх гэж бодсон” гэх /хх-ийн 31-32-р хуудас/ мэдүүлгүүд,
“Болор үнэлгээ” ХХК-ны 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2302213 дугаартай шинжээчийн “2 тооны адууны зах зээлийн үнэлгээ 1,991,000 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-ийн 42-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, зөв, байх тул шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Хууль зүйн ойлголтоор “ Завших ” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд буюу иргэдийн өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байгаа этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тастаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг ашиглах, шамшигдуулах санаа бий болж хэрэгждэг онцлогтой юм.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд, зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээх зэргийг хамааруулан ойлгодог билээ.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь тухайн цаг хугацаанд иргэн С.Батын малыг харилцан тохиолцон, хариуцан маллаж, өмчлөгчийн эд хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр итгэмжлэн хариуцаж байсан буюу түүний өмчийг хууль ёсоор хариуцаж хамгаалж байсан хийгээд түүний хувьд малын эзэн С.Батын зөвшөөрөлгүйгээр малыг бусдад өгөх, худалдах, хувьдаа ашиглах эрхгүй этгээд байжээ.
Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болох бөгөөд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн, хохирогч С.Батаас тухайн хугацаанд итгэмжлэн хариуцуулсан адуун сүргээс 2 тооны адууг Баян тал мах бэлтгэх үйлдвэрт өгч завшиж 1.991.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн тайлбарт “ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй, Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй ” гэж тайлбарласан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3."бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ” ойлгоно гэж заасан ба шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдлээс бусдад 1.991.000 төгрөгийн хохирол учирсан нь хуульд заасан бага хэмжээний хохирлоос дээш байх бөгөөд энэ нь түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй шууд холбоотой, шалтгаалсан байна.
5. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батад 1.991.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид 2 тооны адууг зүсээр нь буцаан өгсөн болох нь хохирогч С.Батын мэдүүлэг, хүсэлтээр тогтоогдоно. Иймд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Т.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд мөрдөн шалгах ажиллагаанд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар аргаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Бусад:
Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............ овогт Т.................М............г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд ялтан Т.Мөнх-Эрдэнэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Мөнх-Эрдэнэ нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардалгүй, хохирогч С.Батад учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН