Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1574

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Д*******ын Эгийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Д*******ын ЭРөд /РД: 0000/ холбогдох

25.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од,

Хариуцагч Д.ЭР,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Э нь 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Д.ЭРтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 16.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд тэрээр уг зээлийн барьцаанд Л.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 43 м.кв байрыг барьцаалж уг барьцааг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Үүнээс хойш Д.ЭР зээлийн төлбөрөө төлөхөөс зайлсхийсээр ирсэн бөгөөд удаа дараа холбогдох, шаардлага тавихад удахгүй өгнө гэсээр ирсэн бөгөөд 2018 оны 3 дугаар сард 23.000.000 төгрөгийг 3 хувааж төлнө гэсэн агуулга бүхий баталгаа бичгийг өөрийн гараар бичиж өгсөн.

Ингээд тэрээр сураггүй алга болсон бөгөөд шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж байж дээр дурьдсан хаягт байгаа болох нь тогтоогдсон. Д.Э******* нь надад 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 3.300.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 800.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөг өгсөн.

Өөрөө 6.000.000 төгрөг төлсөн гэж байгаа бол үүнийг нь зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Д.ЭРөөс надад шилжүүлсэн 200.000 төгрөг энэ зээлийн асуудалд хамааралгүй.

Иймд Д.ЭРөөс үндсэн зээл 16.000.000 төгрөг, хүү 1.600.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 25.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.ЭР шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.ЭР миний бие 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Д.Эгээс 16.000.000 төгрөгийн зээл авсан. Түүнээс хойш Д.Эгийн Хаан банкны дансанд 6.000.000 гаруй төгрөгийг олон удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн.

2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Д.Эд шилжүүлсэн 200.000 төгрөг энэ зээлийн асуудалд хамааралгүй нь үнэн. Би 2019 оны 4 дүгээр сард Сингапур яваад 12 дугаар сард ирсэн. Алдангийг зөвшөөрөхгүй, хүүг нь хүлээн зөвшөөрч байна.

Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу *** тоотын 43.14 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Л.Б бөгөөд би уг орон сууцыг Д.Этэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан ба уг байранд миний дүү Д.М******* байсан. Дүү байраа бусдад түрээслэсэн гэсэн бөгөөд сарын хэдэн төгрөгөөр түрээслэснийг сайн мэдэхгүй.

Хариуцагч Д.ЭР миний бие Иргэний хуулийн хүрээнд энэ хэргийг шийдүүлж зээлийн үлдэгдлийг төлж Д.Эг хохиролгүй болгох хүсэлтэй байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

            Сонгинохайрхан дүүрэг, **** тоотын 43.14 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь Л.Б миний бие бөгөөд би уг орон сууцыг Д.ЭРийн дүү Д.М*******т хувь лизингээр худалдсан.

            Би Д.М*******тэй 2016 оны 10 дугаар сард орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн орон сууцаа 60.000.000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба түүний ах Д.ЭР надад 10.000.000 төгрөгийг өгөхөөр амаар тохирч, үлдсэн 50.000.000 төгрөгт нь Д.М*******тэй 8 жил, 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан.

            Худалдах, худалдан авах гэрээгээ бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй ба Д.М******* орон сууцны үнээ төлж дуусмагц би өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөхөөр тохирсон.

            Д.М*******ийн ах Д.ЭР нь 2017 оны 2 дугаар сард байрыг чинь барьцаалья гэж гуйгаад итгэмжлэл хийлгэж авсан бөгөөд 2018 оны 3 дугаар сард Д.Э гэж хүн ярьсан ба Д.ЭР байрыг чинь барьцаалж зээл авчихаад мөнгийг нь төлөхгүй байна, байрыг чинь зараад би өөрийн авах мөнгөө авна, чи илүү гарсан мөнгийг нь аваарай гэсэн.

              Д.М*******ээс би сард 500.000 төгрөг авахаар гэрээ байгуулсан ба гэрээ байгуулсанаас хойш буюу 2016 оны 12 дугаар сараас хойш надад 10.000.000 орчим төгрөг өгсөн. Д.М******* надад орон сууцны үнэ өгөхгүй мөртлөө бусдад түрээсэлсэн байсан тул би Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд түүнээс байраа авахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шийдсэн бөгөөд байрыг Д.М*******т үлдээгээд, өгөөгүй хугацааны мөнгө 16.500.000 төгрөгийг түүнээс гаргуулж, мөнгөө төлж дууссаны дараа өмчлөх эрхээ шилжүүл гэдэг шийдвэр гарсан.

   Шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.М******* мөнгөө төлж байгаа ба сарын 500,000 төгрөг төлдөг. Д.Э, Д.ЭР хоёрын асуудлаас болоод миний байр зарагдвал би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.ЭРөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.600.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/Үндсэн зээл 16.000.000 төгрөг, зээлийн хүү 1.600.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг/

Зээлдэгч буюу хариуцагч Д.ЭР нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.Этэй 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг тус тус  байгуулж хэрэглээний зориулалтаар 16.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохирсон нь дээрхи гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Уг зээлийн барьцаанд Л.Бгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 43.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь хэрэгт авагдсан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээ, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

            Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 43.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц Л.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

Л.Б  нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн дээрхи орон сууцыг бусдад худалдах, гэрээ байгуулах, барьцаанд тавих, барьцааны гэрээ болон барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн газраас лавлагаа авах, захиран зарцуулах бүрэн эрхийг Д.ЭРөд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар олгосон байх ба итгэмжлэлд хэн аль нь гарын үсгээ зурсан, хуулийн шаардлага хангасан ба итгэмжлэл олгож буй этгээд итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг уншин танилцсан, бусдын дарамж шахалтгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн хэмээн итгэмжлэлд тусгажээ.

/ХХ-ийн 4-6, 8, 38-53 дугаар тал/

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Д.ЭР 16.000.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд гагцхүү тэрээр зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг төлсөн гэж маргаж байна.

Зээлдэгч Д.ЭР зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 3.300.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 800.000 төгрөг, нийт 4.100.000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч Д.Эгийн Хаан банк дахь ******* тоот депозит дансны хуулгаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.ЭРийн зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг төлсөн гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбараа гаргалаа.

/ХХ-ийн 57-77 дугаар тал/

Зээлдэгч буюу хариуцагч Д.ЭР зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Этэй байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Д.Э түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй ба нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.ЭРийг зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг төлсөн хэмээн хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан тул уг мөнгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

Талууд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн  хугацаа болон хүүг тохирсон байх тул хэргийн 7 дугаар талд авагдсан баталгаа гэх баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй болно.

   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,

 талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тус тус заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.ЭРийн гүйцэтгэх ёстой үүрэг:

    -16.000.000 төгрөг /Үндсэн зээл/

     -1.600.000 төгрөг /Зээлийн хүү/

  -8.000.000 төгрөг /Алданги, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

  16.000.000+1.600.000+8.000.000=25.600.000 төгрөг

   25.600.000-6.000.000 төгрөг=19.600.000 төгрөг байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.ЭРөөс 19.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.ЭР нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, **** тоот хаягт байршилтай, 43.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдах нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүрэг, *** тоот хаягт байршилтай, 43.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны өмчлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Б өөрт хохирол учирсан гэж үзвэл хариуцагч Д.ЭРөөс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон     

                                                                         ТОГТООХ нь:                                                                                         

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.ЭРөөс 19.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.000.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.ЭР нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн биелэлтэд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 6 дугаар гудамж, 4 дүгээр байр, 30 тоот хаягт байршилтай, 43.14 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 356.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ЭРөөс 326.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН