| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0183/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/184 |
| Огноо | 2023-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч Д.Зориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Зоригт холбогдох 2330000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ........... оны .............. дүгээр сарын ..............-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Хулгар” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:.................,
Хатагин ургийн овогт Дашдондогийн Зориг
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Д.Зориг нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг “Цагаан-Өндөр” гэх газар гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Цагаан-Өндөр гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Гансайхантай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас зодож иргэн А.Гансайханы эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Д.Зориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой Гансайхан, Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Оюунсүрэн гэх улсууд Сүхбаатар сумаас уулын тахилгад оролцоод бөөнөөрөө явж байсан. Мөнх-Эрдэнэ нь миний дүү юм. Бид бөөнөөрөө морь мал уяад цуг байдаг. Тэр газар очоод байж байтал Эрдэнэбаатар, Энхцэцэг гэх хоёр хүн ирсэн байсан. Бид архи дарс уусан. Тэр үед Гансайхан, Эрдэнэбаатар хоёр муудсан. Гансайхан мөн манай дүүгийн хажууд байдаг айлын Бат-Эрдэнэ гэх залуутай муудаад байсан. Би тэр хэдийг муудаад байхаар нь салгаад байж байтал Гансайхан намайг доромжлоод, аавыг минь хүртэл яриад шээс баас гэх зэргээр доромжлоод байсан. Тэр орой бид бөөнөөрөө хоносон. Өглөө нь Эрдэнэбаатар, Баатарсүх гэх хоёр найзтайгаа бид 3 нэг 0,5 граммтай шил архи, нэг пивотой хувааж уусан. Ууж суухдаа газар нутгийн талаар яриад маргалдсан. Эрдэнэбаатар бид хоёр 2022 онд худаг хамт гаргасан. Худаг гаргахад нэг хүн 6 сая төгрөг гаргасан. Эрдэнэбаатар хүний 400 адуу хариулдаг. Гэтэл тэр адуун дээрээ нэмж адуу авч хариулна гэсэн. Би “худаг ус хүрэлцэхгүй, чи адуугаа цөөхөн болго” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байхад миний амруу хоёр удаа салаавч хийсэн. Тэгээд 3 дахь удаа салаавч өгөхөд нь би өөдөөс нь цохисон...гэв.
Эрүүгийн 2330000000152 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Эрдэнэбаатарын: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан-өндөр” гэх газар эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг юм. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед саахалт нутаглах Мөнх-Эрдэнэ гэх айлд байж байхад иргэн Д.Зориг нь миний биед халдаж миний зүүн нүдэн тус газар цохиж зодсон юм. Тухайн үед 0,5 литрийн ЛХ нэртэй архи 1 шилийг 2,5 литрийн нийслэл пиво 1 савыг хувааж уусан.Миний зүүн нүд хөхөрч, нүдний аяган дотор улайж хавдсан байдалтай нүд байнга хорсож өвдөж байгаа. Түрүү өдөр 2023 оны 05 дугаар 22-ны орой бид хамт Мөнх-Эрдэнэ гэх айлд хоноход бид хоёр газар нутгийн маргаанаас болж маргалдсан юм...гэх мэдүүлэг, /хэргийн 6-р хуудас/,
- Гэрч Ч.Оюунсүрэнгийн: 2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед Зориг, Эрдэнэбаатар хоёр 0,5 литрийн архи 1 шилийг хувааж ууж байгаад Эрдэнэбаатар нь Зоригийн аманд салаавч тулгаж байгаад Зоригтод зүүн нүдэн тус газраа нэг удаа цохиулсан юм.Зүүн нүд нь хөхөрч, хавдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг/ хэргийн 8-р хуудас/,
- Гэрч Д.Энхцэцэгийн: Өглөө 11 цагийн үед Зориг, манай нөхөр Эрдэнэбаатар хоёр 0,5 литрийн архи 1 шилийг хувааж ууж байгаад тэр хоёр хоорондоо газар нутгийн талаар маргаж байгаад Д.Зориг нь гэнэт босоод Эрдэнэбаатарыг сууж байхад нь баруун гараараа зүүн нүдэн тус газар нь 2 удаа цохиж дээрээс дарж хөлөөрөө өшиглөөд байхлаар нь Баатарсүх бид салгаж болиулахад Эрдэнэбаатарын амнаас нь цус гарсан байдалтай, зүүн нүд нь хавдаж, хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг,/ хэргийн 10-р хуудас/,
- Хохирогч Б.Эрдэнэбаатарын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хэргийн 16 хуудас/
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №198 дугаартай “...1. Б.Эрдэнэбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхи болон салстын цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/ хэргийн 17-18-р хуудас/,
- Хохирогч А.Гансайханы: 2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө Сүхбаатар сумын "Дархан хаан" уулын их тахилгад яваад Зориг гэх хүнээр машинаа бариулаад орой 23 цагийн үед саахалт нутаглах Бат-Эрдэнэ гэх айл дээр ирсэн юм. Ирэх замдаа 0.75л Эдэн, Экс нэртэй архи 2 шилийг Бат- Эрдэнэ, Зориг нартай хувааж уугаад ирсэн юм. Тухай үед би их согтуу Зориг гэх залуутай буруу зөрүү юм яриад байсан болохлоор би явлаа гээд Бат-Эрдэнэ гэх айлаас гарахад Д.Зориг араас гарч ирээд намайг газар унагаж дээрээс гар хөлөөрөө цохиж зодоод байсан. Энэ талаар би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг/ хэргийн 53-р хуудас/,
- Гэрч Б.Энхцэцэгийн өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед саахалт нутаглах Мөнх-Эрдэнэ гэх айлд байж байхад манай гэр салхинд нураад Мөнх-Эрдэнийн түр амьдарч байсан юм. 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Гансайхан, Зориг нар Сүхбаатар сумын Дархан уулын тахилгад яваад буцаж байна гээд Мөнх-Эрдэнийд ирсэн. Тэгээд тэд нар 0,5л нэг шил архи задалж тойруулсан. Тэгсэн Зориг, Гансайхан нар нь хоорондоо маргалдаж Зориг, Гансайхан хоёр гэрээс гарахлаар би салгах гэж араас нь гарахад Зориг нь Гансайханыг газар унагасан байдалтай цохиж зодож байхлаар нь би салгаж болиулсан...гэх мэдүүлэг,/ хэргийн 57-р хуудас /
- Гэрч И.Оюунсүрэнгийн: 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Сүхбаатар сумын "Дархан хаан" уулын тахилгад яваад буцаж байгаа гээд манайд зориг, Гансайхан нар ирж архи уусан юм. Тэгээд Гансайхан нь согтуу хүн, хүн рүү агсарч байгаад Зоригтой маргаж муудаад тэр хоёр гэрээс гарч Зориг нь дарж унагаад зүүн хавирган тус газар нь өвдөглөж байгаа харагдсан. Тэгээд хүмүүс салгаж болиулсан. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг,/ хэргийн 55-р хуудас/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №207 дугаартай "1. А.Гансайханы биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна..." гэх дүгнэлт / хэргийн 61-62-р хуудас/,
- Д.Зоригийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 41-43 хуудас/
-Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.04-ний өдрийн 26/173 дугаартай албан бичиг, А.Гансайханы эмчилгээний зардлын түүх /хэргийн 84-85/
-Д.Зоригийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 хуудас/
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Д.Зориг нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 3 дугаар багийн “Цагаан-Өндөр” гэх газар гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өмнө өдөр үүссэн худаг усны талаарх маргаан, хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи болон салстын цус хуралт ” бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Цагаан-Өндөр гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Гансайхантай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдан түүнийг эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Д.Зоригийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “2023 оны 05 дугаар сарын 22-ны орой Гансайхан, Бат-эрдэнэ, Мөнх-эрдэнэ, Оюунсүрэн гэх улсууд Сүхбаатар сумаас уулын тахилгад оролцоод бөөнөөрөө явж байсан. Мөнх-Эрдэнэ миний дүү юм бид бөөнөөрөө морь мал уяад цуг байдаг. Тэр газар очоод байж байтал. Эрдэнэбаатар Энхцэцэг гэх хоёр хүн ирсэн байсан. Тэгээд бид архи дарс уусан. Тэр үед Гансайхан Эрдэнэбаатар хоёр муудсан. Гансайхан мөн манай дүүгийн хажууд байдаг айлын Бат-Эрдэнэ гэх залуутай муудаад байсан. Би тэр хэдийг муудаад байхаар нь салгаад байж байтал. Гансайхан намайг доромжлоод аавыг минь хүртэл яриад шээс баас гэх зэргээр доромжлоод байсан. Тэр орой бид бөөнөөрөө хоносон. Өглөө нь Эрдэнэбаатар Баатарсүх гэх хоёр найзтайгаа бид 3, нэг 0,5 граммтай шил архи нэг пивотой хувааж уусан. Ууж суухдаа газар нутгийн талаар яриад маргалдсан. Эрдэнэбаатар бид хоёр 2022 онд худаг хамт гаргасан. Худаг гаргахад нэг хүн 6 сая төгрөг гаргасан. Эрдэнэбаатар хүний 400 адуу хариулдаг. Гэтэл тэр адуун дээрээ нэмж адуу авч хариулна гэсэн. Би худаг ус хүрэлцэхгүй чи адуугаа цөөхөн болго гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байхад миний амруу хоёр удаа салаавч хийсэн. Тэгээд 3 дахь удаа салаавч өгөхөд нь би өөдөөс нь цохисон..” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан
хохирогч Б.Эрдэнэбаатарын “...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед саахалт нутаглах Мөнх-Эрдэнэ гэх айлд байхад Д.Зориг нь миний биед халдаж миний зүүн нүдэн тус газар цохиж зодсон юм. Тухайн үед 0,5 литрийн ЛХ нэртэй архи 1 шилийг 2,5 литрийн нийслэл пиво 1 савыг хувааж уусан.Миний зүүн нүд хөхөрч, нүдний аяган дотор улайж хавдсан байдалтай нүд байнга хорсож өвдөж байгаа. Түрүү өдөр нь Мөнх-Эрдэнэ гэх айлд хамт хонохдоо бид хоёр газар нутгийн маргаанаас болж маргалдсан юм....” гэх,
гэрч Ч.Оюунсүрэнгийн“...2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 11 цагийн үед Зориг, Эрдэнэбаатар хоёр 0,5 литрийн архи 1 шилийг хувааж ууж байгаад Эрдэнэбаатар нь Зоригийн аманд салаавч тулгаж байгаад Зоригтод зүүн нүдэн тус газраа нэг удаа цохиулсан юм.Зүүн нүд нь хөхөрч, хавдсан байдалтай байсан” гэх,
гэрч Д.Энхцэцэгийн “...өглөө 11 цагийн үед Зориг, манай нөхөр Эрдэнэбаатар хоёр 0,5 литрийн архи 1 шилийг хувааж ууж байгаад тэр хоёр хоорондоо газар нутгийн талаар маргаж байгаад Д.Зориг нь гэнэт босоод Эрдэнэбаатарыг сууж байхад нь гэр дотор баруун гараараа зүүн нүдэн тус газар нь 2 удаа цохиж дээрээс дарж хөлөөрөө өшиглөөд байхлаар нь Баатарсүх бид салгаж болиулахад Эрдэнэбаатарын амнаас нь цус гарсан байдалтай зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан” гэх мэдүүлгүүд,
хохирогч Б.Эрдэнэбаатарын биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт,
шинжээчийн 198 дугаартай “...1. Б.Эрдэнэбаатарын биед зүүн нүдний дээд доод зовхи болон салстын цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,
хохирогч А.Гансайханы "...2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө Сүхбаатар сумын "Дархан хаан" уулын их тахилгад яваад Зориг гэх хүнд машинаа бариулаад орой 23 цагийн үед саахалт нутаглах Бат-Эрдэнэ гэх айл дээр ирсэн юм. Ирэх замдаа 0.75л Эдэн Экс нэртэй архи 2 шилийг Бат- Эрдэнэ, Зориг нартай хувааж уугаад ирсэн. Тухай үед би их согтуу Зориг гэх залуутай буруу зөрүү юм яриад байсан болохлоор би явлаа гээд Бат-Эрдэнэ гэх айлаас гарахад Д.Зориг араас гарч ирээд намайг газар унагаж дээрээс гар хөлөөрөө цохиж зодоод байсан" гэх,
гэрч Б.Энхцэцэгийн өгсөн "...2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Гансайхан, Зориг нар Сүхбаатар сумын Дархан уулын тахилгад яваад буцаж байна гээд Мөнх-Эрдэнийд ирсэн. Тэд нар 0,5л нэг шил архи задалж тойруулж уугаад Зориг, Гансайхан нар нь хоорондоо маргалдаж, Зориг, Гансайхан хоёр гэрээс гарахлаар би салгах гэж араас нь гарахад Зориг нь Гансайханыг газар унагасан байдалтай цохиж зодож байхлаар нь би салгаж болиулсан" гэх,
гэрч И.Оюунсүрэнгийн “...2023 оны 05 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Сүхбаатар сумын "Дархан хаан" уулын тахилгад яваад буцаж байгаа гээд манайд Зориг, Гансайхан нар ирж архи уусан юм. Тэгээд Гансайхан нь согтуу хүн, хүн рүү агсарч байгаад Зоригтой маргаж муудаад тэр хоёр гэрээс гарч Зориг нь дарж унагаад зүүн хавирган тус газар нь өвдөглөж байгаа харагдсан” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 207 дугаартай " 1. А.Гансайханы биед зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна..." гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй, нотлогдож,тогтоогдсон байна.
3.Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нарт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 198, 207 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар 5 батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нарын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч Д.Зоригийн, хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нарыг цохиж зодсон үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
5. Прокуророос шүүгдэгч Д.Зоригийн, хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг “ хоёр түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Зоригийг хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан бөгөөд тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 “ хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан шинжээр тодорхойлогдоно.
6. Шүүгдэгч Д.Зоригийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиж зодсоноор бусдын эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нартай худаг, усны маргаан, хувийн таармажгүй харилцаа зэргээс үл ялих зүйлээр шалтгаалан тэдгээрийг цохиж зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Зоригийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч аас “Шүүгдэгч Д.Зоригт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Зориг нь хохирогч нараас уучлалт гуйж сайн дураараа эвлэрсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна..” гэх дүгнэлтийг гаргасныг шүүгдэгч Д.Зоригийн зүгээс улсын яллагчийн дээрх дүгнэлт болон ял оногдуулахтай холбоотойгоор тайлбар, дүгнэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.Зоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Зоригийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Зориг нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Д.Зоригийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэбаатар, А.Гансайхан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэдгээр нь хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч Д.Зоригийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн хохирогч А.Гансайхан нь дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 117.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.07.04-ний өдрийн 26/173 дугаартай албан бичиг, А.Гансайханы эмчилгээний зардлын түүх зэргээр нотлогдох бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Д.Зориг нь нөхөн төлсөн нь ............. тоот дансанд 117000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдоно.
Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Хохирогч А.Гансайхан нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хор, хохирогч Б.Эрдэнэбаатар тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад
Шүүгдэгч Д.Зориг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатагин ургийн овогт Дашдондогийн Зоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “ хоёр,түүнээс олон хүнийг ” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зоригийг 600 /зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Д.Зориг түүнд оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зориг торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Зоригт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Д.Зориг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр хохирогч А.Гансайханд гэмтэл учруулснаас Эрүүл мэндийн даатгалын санд 117.000 төгрөгийг нөхөн төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Гансайхан нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хор, хохирогч Б.Эрдэнэбаатар тухайн гэмт хэргийн улмаас өөрт эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Д.Зориг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН