Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0138

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин

Нэхэмжлэгч: Б.Ж

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн “дэд хураднаа” цолыг олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0946 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0821/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн “дэд хураднаа” цолыг олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0946 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.13, 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан Б.Жгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан нь нэхэмжлэгч Б.Жг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой, төрийн тусгай албаны харилцаа юм. Иймд уг харилцаанд нийтлэг зохицуулалт болох Төрийн албаны тухай хууль бус, харин тусгай зохицуулалт бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэглэх ёстой.

Тодруулбал, уг хуулийн 277 дугаар зүйлд албан хаагчийг албанаас халах үндэслэл, журам, шийдвэр гаргах процессыг тусгайлан зохицуулсан байхад хариуцагч энэхүү тусгай заалтыг хэрэглээгүй, харин ерөнхий хуулийн зохицуулалтаар шийдвэр гаргасан нь хууль буруу хэрэглэсэн үйлдэл болсон. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудалд огт дүгнэлт хийлгүй орхисон. Мөн албанаас халах шийдвэр гаргахдаа хариуцагч хууль, журмаар тогтоосон шалгалт, процесс, үе шаттай ажиллагааг явуулах үүрэгтэй байтал уг ажиллагааг хэрэгжүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэмд зааснаар сахилгын зөрчил шалгах, тайлбар авах, нотлох баримт цуглуулах, үе шаттайгаар шийдвэрлэх тодорхой журам бий. Гэвч энэ ажиллагааг огт хэрэгжүүлэлгүй шууд шийдвэр гаргасан. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон байгууллагын дотоод хяналт шалгалтын журмаар шалгалт явуулах, илтгэх хуудас гаргах, түүнийг үнэлж шийдвэрлэх процессыг тогтоосон байдаг. Гэтэл энэхүү журмыг мөн зөрчиж, бодит шалгалтгүйгээр дотоод илтгэх хуудсыг үндэслэн албанаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй. Эдгээр зөрчлийн улмаас нэхэмжлэгч өөртэй нь холбоотой шалгалтад тайлбар өгөх, өөрийгөө өмгөөлөх, нотлох баримт гаргах, сонсох ажиллагаанд оролцох үндсэн эрхээ эдэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргахын өмнөх “сонсох ажиллагаа” огт хийгдээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн шийдвэр зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчим, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж буй этгээдийн оролцоог хангах зарчим, захиргааны акт гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох зарчим зэрэг захиргааны үйл ажиллагааны суурь зарчмуудыг шууд зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр ноцтой процессын зөрчилд бодитой, нарийвчилсан дүгнэлт хийлгүй, зөвхөн хариуцагчийн тайлбарыг баримталсан байдлаар нэг талд хэлбийсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Жгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Ж нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн “дэд хураднаа” цолыг олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Б.Ж нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/268 дугаар тушаалаар Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 64 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/731 дүгээр тушаалаар тус албаны Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/356 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

3.2. Гэтэл “... ял болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангаагүй” гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Б.Жгийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, “... тэнсэгдсэн этгээдийн хувийн байдлын талаарх мэдээллийг гаргаагүй, уулзалтын тэмдэглэлээ бусад этгээдэд олшруулж ашиглуулсан, ажил эрхлэлтийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт аваагүй, сумын багийн Засаг даргатай тэнсэгдсэн этгээдийн талаар харилцан мэдээлэл солилцоход чиглэсэн тодорхой ажил зохион байгуулаагүй” гэсэн үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар Б.Жд нийт ажилтны дунд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын арга хэмжээг тус тус авсан байна.

3.3. Нэхэмжлэгч Б.Жгаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гаргасан “Ажлын байрны дарамт, шахалтад ажиллаж байна. Тус газрын зарим алба хаагчид шинээр ажилд орсон алба хаагчдаас шан харамж нэхдэг” гэх гомдол гаргасан байх ба Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт, шалгалт явуулжээ.

3.4. Тус хяналт, шалгалтаар Б.Жгийн гомдолд дурдсан асуудал тогтоогдоогүй, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Ж нь тус газрын хяналтад тэнсэх, албадлагын арга хэмжээ эдэлж байгаа Д.Лс нийт 4,700,000 төгрөгийг бэлнээр авахдаа бэлэн мөнгө хүлээн авах актыг үйлдээгүй, тэнсэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан этгээд болох Н.Бд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байж улмаар хувийн харилцаа тогтоон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан 4,100,000 төгрөг авсан, тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж байсан иргэн Б.Б, Д.Т тус бүрээс 50,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөгийг бэлнээр авсан нь нотлох баримтаар тогтоогдож байна дүгнэж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Илтгэх хуудас”-аар гаргажээ.

3.5. Улмаар “... урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан, бусдад давуу байдал олгосон” гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Жд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, цэргийн дэд хурандаа цолыг хураажээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд зааснаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 273.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан.

4.2. Нэхэмжлэгч Б.Ж тэнсэх, албадлагын арга хэмжээ эдэлж байгаа Д.Лс нийт 4,700,000 төгрөгийг бэлнээр авахдаа бэлэн мөнгө хүлээн авах актыг үйлдээгүй, тэнсэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан этгээд болох Н.Бд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байж улмаар хувийн харилцаа тогтоон, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан 4,100,000 төгрөг авсан, тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж байсан иргэн Б.Б, Д.Т тус бүрээс 50,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөгийг бэлнээр авсан болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтад гэрчийн мэдүүлэг өгсөн иргэдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

4.3. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь дээрх зөрчлүүдийн шинж байдал, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж зааснаар Б.Жд өмнө 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан нөхцөл байдлыг харгалзан түүнийг төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцсэн байна.

4.4. Нэхэмжлэгч талаас “… өмнө нь 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан талаар мэдээгүй” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар няцаагдаж байх ба Б.Ж нь түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/29, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалуудад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан журмаар гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нь дээрх тушаалуудын үндэслэлтэй холбоотой маргах боломжгүй байна.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, албаны шалгалт явуулах журам зөрчсөн, албанаас халах шийдвэрийг гаргах процесс журмыг зөрчсөн, захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй” гэж давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч Б.Жг дээрх зөрчлүүдийг гаргаагүй, өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг гарах үед нь гомдол гаргаж байсан гэж тайлбарлах атлаа энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, сахилгын арга хэмжээ авсан тушаалууд нь хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй байна.

4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ