Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/832

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205022110402 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХАБ-н инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ******* **************од оршин суух хаягтай,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 27-ны 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:МЮ*******/, ******* овогт *******ийн *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Toi et moi” ХХК-ны “АСЕ” тоглоомын төвийн 32 дугаартай ширээний компьютерын дэлгэцийг “тоглоом тоглоод хожигдсон” гэх шалтгаанаар гараараа цохиж дахин ашиглах боломжгүй болгон эвдэлж хохирогч “Toi et moi”  ХХК-нд 540.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:                                         

Нэг: Шүүгдэгч Э.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирлоо нөхөн төлсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2205022110402 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “АСЕ” гэх нэртэй цахим тоглоомын газар ажилладаг юм. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед манай байгууллагад үл таних 2 эрэгтэй орж ирээд №32 дугаартай ширээн дээр нэг нь суугаад нөгөөх нь хажууд нь хараад сууж байсан. Тухайн суусан залуу нь хараал хэлээд компьютерын эд зүйлийг цохиод байхаар нь би очоод тухайн хүнд хандаж та яагаад компьютерын гар, хулгана цохиод байгаа юм та энэ эд зүйлийг эвдэх юм бол төлнө шүү гэж хэлсэн чинь надад тэр чинь хамаагүй чи тэр нэхэмжлэлээ аваад ир гэж хэлэхээр нь би холдож явсан. Тухайн №32 дугаартай ширээн дээр суусан үл таних залуу уурлаж харааж орилоод компьютерын дэлгэц рүү гараараа цохих үед очиж харсан чинь дэлгэц хагарсан байсан. Би үл таних хүнд хандаж та дэлгэж хагалсан байна цагдаад дуудлага өглөө гэж хэлсэн чинь тухайн хүн босоод тамхины өрөө орсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байж байсан чинь үл таних хүн гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал)

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...Компьютерын ширээний ард суух саарал өнгийн фудволктой эрэгтэй хүн бичлэгийн 0:00:04 секундэд компьютерын хулганыг баруун гараараа авч шидэж байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. 0:00:04 секундэд тухайн эрэгтэй компьютерын гарыг хүчтэй түлхэж байгааг бэхжүүлэв. 0:00:17 секундэд тухайн эрэгтэй зүүн гараараа дэлгэц рүү цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 29-34 дэх тал)

4. “Дамно” ХХК-ийн “компьютерын дэлгэц нэг ширхгийг 540.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-22 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 6 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед найз Отгонбаатартай уулзаад хоолонд орчхоод шөнө 3 цагийн үед бид 2 МУИС-ын эдийн засгийн сургуулийн ард байрлах Гацуурхан гэх пабад 4,4 шил “Heineken” гэх нэртэй пивоноос ууж суусан. Өглөө 08 цагийн үед Отгонбаатар найз Ням-Очир руу залгаад хаана байгаа талаар асуухад хорооллын өргөөгөөс доошоо уруудаад “АСЕ” гэх нэртэй интернэт тоглоомын газар байгаа хүрээд ирээч гэхээр нь бид 2 явж очиж уулзсан. Тэгээд интернэт тоглоомын газар  тоглохоор болж би нэг компьютер дээр суугаад “One 1Bet”  тоглоом тоглож спортын уралдаан дээр бооцоо тавиад мөнгөө алдчихсан. Уур хүрээд тэр уурандаа сууж байсан компьютерын дэлгэц рүү гараараа нэг удаа цохисон чинь дэлгэц нь хагарчихсан. Би дэлгэцийн төлөөд өгье гэхэд намайг 2-3 дахин нугалж өг гээд байхаар нь дургүй хүрээд гараад явчихсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

6. “Toi et moi”  ХХК-ны захирлын “Э.******* нь АОС 32 инч дэлгэцийн төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр менежер ийн Хаан банкны дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулав.” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 62 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Toi et moi” ХХК-ны “АСЕ” тоглоомын төвийн 32 дугаарын ширээний компьютерын дэлгэцийг “тоглоом тоглоод хожигдсон” гэх шалтгаанаар гараараа цохиж дахин ашиглах боломжгүй болгон эвдэлж хохирогч “Toi et moi”  ХХК-нд 540.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), *******ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Тухайн №32 дугаартай ширээн дээр суусан үл таних залуу уурлаж харааж орилоод компьютерын дэлгэц рүү гараараа цохих үед очиж харсан чинь дэлгэц хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 29-34 дэх тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-22 дахь тал), Э.*******ын яллагдагчаар өгсөн: “...Уур хүрээд тэр уурандаа сууж байсан компьютерын дэлгэц рүү гараараа нэг удаа цохисон чинь дэлгэц нь хагарчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн хохирогчийн эд хөрөнгийн үнэлгээнд нэрлэн заасан 540.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас үүссэн гэм буруутай үйлдэл байх ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Шүүгдэгч Э.*******ын дээрх гэмт үйлдэл нь Баянгол дүүргийн прокуророос “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв. 

Хэргийн шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Э.*******ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэрэгт “Toi et moi” ХХК-ны захирлын “Э.******* нь АОС 32 инч дэлгэцийн төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр менежер ийн Хаан банкны дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулав.” гэсэн албан бичиг хавтаст хэргийн 62 дахь талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэж шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв. 

Хэрэгт Э.******* бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Э.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай. 

 

          

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ