Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/129

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,  

Шүүгдэгч М.О,    

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ын О-т холбогдох 2328000000205 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Биеийн байцаалт:       

Б овгийн М-ын О . . .                                     

Шүүгдэгч М.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы . . . тоотод байхдаа иргэн А.А-ийн “Хаан банк”-ны интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглан, хууль бусаар нэвтэрч түүний “Хаан банк”-ны . . .  дугаартай данснаас 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Худалдаа хөгжлийн банкны . . .  дугаартай данс руу нийт 897,994 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.О-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ ухаарч байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд явж байхад миний эзэмшлийн Хаан банкны . . .  дугаартай данснаас 11 цаг 33 минутад Худалдаа хөгжлийн банкны . . .  дугаартай дансанд эхлээд 35,000 төгрөг, дараа нь 13 цаг 09 минутад мөн данс руу 225,962 төгрөг, 13 цаг 50 минутад 573,598 төгрөг, 15 цаг 00 минутад мөн данс руу 63,434 төгрөг шилжин орсон байсан бөгөөд уг гүйлгээг би хийгээгүй байсан. Миний данснаас мөнгө алга болсон талаар би интернэт банк руугаа орж мэдсэн. Миний интернэт банкны нэвтрэх нууц үгийг би, мөн манай эхнэр болох Б.Буяндэлгэр, мөн найз болох М.О нар мэдэж байсан. Дээрээс нь Сэврэй сумын Хаан банкны ажилтан Ө.А гэх хүмүүс мэдэж байсан. Өөр хүн мэдэхгүй байсан. Гол нь би данснаас мөнгө гарахад мэдээгүй бөгөөд миний гар утсанд мессеж ирдэггүй. Би яагаад данснаас мөнгө гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Надаас нийт 897,994 төгрөг гарсан, өөр хохирол байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Уг хэргийг хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Миний кодыг манай эхнэр болон найз О л мэдэж байсан. Би О-аас асуухад О мэдэхгүй гэж хэлсэн... О миний хохирлыг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 32-33, 36-37 дахь тал/         

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/

А.А-ийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 9, 28 дахь тал/

Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /Хаан банкны орлогын мэдүүлэг/ /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы . . . тоотод байхдаа иргэн А.А-ийн “Хаан банк”-ны интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглан, хууль бусаар нэвтэрч түүний “Хаан банк”-ны . . .  дугаартай данснаас 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Худалдаа хөгжлийн банкны . . .  дугаартай данс руу нийт 897,994 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 36-37 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, А.А-ийн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 9, 28 дахь тал/, эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл /Хаан банкны орлогын мэдүүлэг/ /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.  

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч М.О-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч М.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы . . . тоотод байхдаа иргэн А.А-ийн “Хаан банк”-ны интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг нь өөрийнх нь зөвшөөрөлгүй ашиглан, хууль бусаар нэвтэрч түүний “Хаан банк”-ны . . .  дугаартай данснаас 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Худалдаа хөгжлийн банкны . . .  дугаартай данс руу нийт 897,994 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “О миний хохирлыг төлж барагдуулсан тул надад нэхэмжлэх хохирол гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ гэж мэдүүлснээс гадна Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт /хавтаст хэргийн 54 дэх  тал/-аар гэмт хэргийн улмаас учруулсан 897,994 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.    

 Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч М.О-т 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хязгаарлалтын бүсийг Өмнөговь аймаг Сэврэй сумын нутаг дэвсгэрээр тогтоох тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгч М.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч М.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч М.О-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Сэврэй сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад 897,994 /найман зуун ерэн долоон мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Б овгийн М-ын О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.     

3. Шүүгдэгч М.О-т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Сэврэй сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-д 897,994 /найман зуун ерэн долоон мянга есөн зуун ерэн дөрөв/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ