| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
Улсын яллагч Э.Нэргүй,
Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Т.Нансалмаагаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Пд холбогдох эрүүгийн 2317000000079 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цагдаа, хууль сахиулах мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг ......... хотхоны ........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Б-ын П /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/252 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн тусгай албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 онд баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-д заасныг тус тус зөрчиж Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 215 дугаартай өрөөнд буюу ажлын байран дээрээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 221700164 дугаартай хэргийн хохирогч О.Нгаас дахин мэдүүлэг аваагүй байж 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг авсан мэтээр мэдүүлгийг зохион бичиж, гарын үсэг дуурайлган зурж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь:
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст О.Ш залилуулсан талаар гомдол гаргасан. Гомдол гаргасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор анх удаа мэдүүлэг өгсөн. Тэрнээс хойш надаас мэдүүлэг аваагүй бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас 70540044 дугаарын утаснаас над руу холбогдоод таны гомдлын дагуу шалгагдсан хэргийг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Би 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн орчим мөрдөгч Б.Птай утсаар холбогдоод чи яагаад хэргийг хааж байгаа юм бэ гэтэл харин тиймээ эгчээ хэргийн хугацаа дуусах гээд байсан юмаа гэсэн. Би мэдүүлэг өгөөгүй Б.П худлаа ярьж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 хуудас/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №2764 дугаартай дүгнэлтэнд:
оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “ХОХИРОГЧИД ЭРХ ҮҮРЭГ ТАЙЛБАРЛАСАН, ХУУЛЬ САНУУЛСАН БАТАЛГАА” гэсэн баримтын 1 дэх хуудасны нүүрэн талын доод хэсэгт, ар талын доод хэсэгт баруун дээд буландаа 130 гэж дугаарласан “ХОХИРОГЧИД ЭРХ ҮҮРЭГ ТАЙЛБАРЛАСАН, ХУУЛЬ САНУУЛСАН БАТАЛГАА” гэсэн баримтын 2 дахь хуудасны ар талын О.Н гэсний өмнө, баруун дээд буландаа 131 гэж дугаарласан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “ХОХИРОГЧООС ДАХИН МЭДҮҮЛЭГ АВСАН ТЭМДЭГЛЭЛ” гэсэн баримтын нүүрэн талын доод хэсэгт ар талын О.Н гэсний өмнө тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн О.Нгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Дүгнэлт гаргасан шинжээч О.Г гэжээ. /1-р хх-ийн 240-245 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Иймд шүүгдэгч Б.П нь хууль сахиулагчаар Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлан санаатайгаар хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Пыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Т.Нансалмаа нь шүүгдэгч Б.Пд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Пд Эрүүгийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч О.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ