| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-09-04 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч Г.Лхамжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Лхамжавт холбогдох эрүүгийн 2330000000181 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар 06-ны өдөр Сүхбаатар аймгийн .................суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ................ сумын 3 дугаар баг “Бор хошуу” гэх газарт оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан.
................................. регистрийн дугаартай, Хатагин ургийн овогтой, Ганхуягийн Лхамжав.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг
Шүүгдэгч Г.Лхамжав нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос Г.Лхамжавт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Лхамжавын үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон “хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авах” саналыг ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр хохирол,хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Шүүгдэгч Г.Лхамжав нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн.................. сумын 3 дугаар багийн нутаг “Билэх” гэх газарт зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд өөрийн хонгор зүсмийн шүдлэн насны морийг 7 настай төрсөн хүү Л.Отгон-Эрдэнээр унуулж “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2018 стандартын 2.2 дахь хэсэгт заасан заалт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад заасан Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна. Мөн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 2.5.3-д заасан тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойн хамгаалалт, зэргээр хангасан байх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлд заасан “насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Лхамжав овогтой Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь:
яллагдагч Г.Лхамжавын “ Би хүүгээ хурдан морь унуулахдаа гайгүй байх гэж бодоод хамгаалалтын хувцас өмсүүлээгүй мордуулсан нь миний буруутай үйлдэл. Хүү морь эргэх үед дөрөөгөө алдаад мориноосоо унасан талаар надад хэлсэн. Би хүүдээ даатгал хийлгэж амжаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/,
насанд хүрээгүй хохирогч Л.Отгон-Эрдэнийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аав, ээжийнхээ хамт морины сунгаан дээр очсон. Би өөрийнхөө бор хязаалан, хонгор шүдлэн насны хоёр морийг унаж уралдсан. Сүүлийнхээ нас буюу хонгор үрээгээ унаж уралдаад морь эргэх үед би эмээлийнхээ дөрөөг алдаад үрээнээсээ ойчсон. Намайг ойчсоны дараа танихгүй машинтай хүмүүс намайг машиндаа суулгаад аваад явсан. Тэгсэн замаас манай ээж миний сууж явсан машиныг зогсоогоод намайг авсан. Тэгээд ээж, аав намайг аваад сумын эмнэлэг рүү явсан. Сумаасаа аймаг руу явсан.Манай аав намайг мордуулсан. Би хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөөгүй байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8х/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярын “...2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг х “Билэх” гэх газар баяр наадмын өмнөх хурдан морины сунгаа, үсэргээ болсон юм. Манай нөхөр Г.Лхамжав бид хоёр өөрийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгслээр наадамд уяж байсан бор хязаалан, хонгор үрээгээ ачаад гурван хүүгээ дагуулаад сунгаанд очсон. Манай бага хүү Л.Отгон-Эрдэнэ хоёр морио унаж сунгасан. Сүүлийнхээ хонгор үрээгээ унаж яваад морь эргэх үед үрээнээсээ ойчсон. Тухайн үед би хүний машинд дайгдаж хүүгээ уралдахыг нь харах гээд дагаж явсан юм. Тэгсэн манай хүү яг морь эргэх үед үрээнээсээ унасан. Миний би хүүгээ ойчихоор “хүүхэд ойччихлоо” гээд сууж явсан машинаа эргүүлэхэд сунгаа дагаж байсан өөр нэг машин манай хүүг замаараа суулгаж байсан. Би наанаас нь амдаж очоод тэр машинаас хүүгээ авсан. Манай хүү миний цээж өвдөөд байна гээд уйлаад байсан. Тэгээд барианы дээр очоод нөхөртөө хэлээд сунгаан дээрээс шууд сумын эмнэлэг хүүгээ аваад явсан. Сумын эмнэлээс бичиг аваад аймаг руу очиж үзүүлсэн. Аймгийн төвд үзүүлж цээжний зураг авхуулахад манай хүүгийн зүүн талын 2 дугаар хавирга хугарсан байна гэсэн. Маргааш нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бид хоёр хүүгээ аваад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод хүүгээ эхэлж үзүүлээд гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлээд 07 дугаар сарын 16-ны өдөр сумандаа гэртээ ирсэн.Хүүхдэдээ хамгаалалтын хувцас өмсүүлээгүй байсан. Зориулалтын хувцасгүй уралдсан. Уралдааны хүүхэд заавал хамгаалах хувцастай уралдах ёстой талаар би мэднэ. Тухайн үед наадмын өмнөх сунгаа гэж бодоод хүүхдэдээ зориулалтын хамгаалах хувцас өмсүүлээгүй уралдуулсан нь эцэг эх бид хоёрын буруу ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2023 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 284 дугаартай “ Л.Отгон-Эрдэнийн биед цээжний битүү гэмтэл: цээжний зүүн талын 3-8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зүүн талын хий хуралдалт, гэмтлийн шок хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21х/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Шүүгдэгч Г.Лхамжав нь унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсүүлээгүйгээс мориноос унах, гэмтэл авах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.Үүнд:2.2.1.амь насанд аюултай гэмтэл; 2.2.2.амь тэнссэн байдал; 2.2.3.гэмтлээс үүссэн үлдэц уршиг; 2.2.4.ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр /35-100 хувь/ тогтонги алдагдсан” байдал хамаарахаар тогтоосон ба бөгөөд хохирогч Л.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай шинжээрээ хүнд гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
Шүүгдэгч Г.Лхамжав нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “...Ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул Г.Лхамжавт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.. ” гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Г.Лхамжавыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.Отгон-Эрдэнэ тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.164.600 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.08.02-ны өдрийн 26/242 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.Лхамжаваас 1.164.600 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Лхамжавын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан” оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Лхамжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурдан морь уях эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар тус тус тогтоов.
Шүүгдэгч Г.Лхамжав нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт Ганхуягийн Лхамжавыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Лхамжавыг 2 жилийн хугацаагаар хурдан морь уях эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Лхамжавт оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Лхамжавт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Лхамжавт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Л.Отгон-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.Лхамжаваас 1.164.600 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Г.Лхамжав энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН