Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 1827

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, НҮ-ийн гудамж  байр, “ м*******” ХХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот, “*******” ХХК-д /РД: 0000/ холбогдох

           12,851,244 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд,

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.Амарсанаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ МТ м*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “ М*******” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 19/17 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний 5.2-т “Худалдан авагч тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны өдөр тооцоо нийлж, акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана” гэж заасан.

Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн ч “*******” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 8.567.496 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй бөгөөд тус компанийн болон захирал Д.Амарсанаагийн хаягийг тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган мөн шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1777 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн.

Ингээд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37/6/1353 тоот албан бичгээр хаягийг тогтоон мэдэгдсэн.

Худалдан авагч “*******” ХХК 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул уг гэрээний үлдэгдэл төлбөр 8.567.496 төгрөг, мөн гэрээний 7.2-т зааснаар төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцсон ба алданги 4.238.748 төгрөг, нийт 12.851.244 төгрөгийг хариуцагч  “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү.

“*******” ХХК 12.851.244 төгрөгийг сард 1.000.000 төгрөгөөр төлнө гэснийг манай удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Гэрээний хугацаа 1 сар бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоход нийт 735 хоногийн алданги 31.485.548 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлэн алданги 4.283.748 төгрөгийг нэхэмжилсэн гэв.

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Д.Амарсанаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь “ М*******” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед уул уурхайн олборлолт явуулж байгаад алдагдалд орж зээлээр авсан түлшний үнийг төлж чадахаа больсон.

“ М*******” ХХК-иас авсан түлшний үнэ болох нийт 12.851.244 төгрөгийг сард 1.000.000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой. Надад хугацаа хэрэгтэй байна. Авсан нь үнэн, төлнө гэв.      

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох бариыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ М*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12.851.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 8.567.496 төгрөг, алданги 4.283.748 төгрөг/

Нэхэмжлэгч “ М*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээг 1 сарын хугацаатай байгуулан  худалдагч “ М*******” ХХК нь стандартын шаардлага хангасан барааг өөрийн шатахуун түгээх станцаар дамжуулан “*******” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны бариыг үндэслэн олгож, хэзээ ямар хэмжээгээр авсан талаархи бүртгэлийг хөтлөхөөр,

 Худалдан авагч “*******” ХХК нь тухайн сард авсан барааг сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлэн акт үйлдэн, ийнхүү үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор үнийг нь төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

Дээрх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19/17 тоот гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 11-13 дугаар хуудас/

Худалдагч “ М*******” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр худалдан авагч “*******” ХХК-ийн зээлээр худалдан авсан барааны тооцоог үйлдэхэд тус компани 2017 оны 3 дугаар сард 8.521.204 төгрөг, 4 дүгээр сард 46.292 төгрөг, нийт 8.567.496 төгрөгийг бүтээгдэхүүний үнэд төлөхөөр үлдэгдэлтэй гэжээ. 

/ХХ-ийн 15-17 дугаар тал/

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “ М*******” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан болон 8.567.496 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаараа маргахгүй байгаа болно.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч буюу худалдан авагч “*******” ХХК алданги төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т “... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“,

232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ“ гэж тус тус заажээ.

Хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

  -Үндсэн төлбөр 8.567.496 төгрөг,

  -Алданги 4.283.748 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

     Нийт 12.851.244 төгрөг.

  Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг барилан хариуцагч “*******” ХХК-иас 12.851.244 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ М*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

  Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг барилан хариуцагч “*******” ХХК-иас 12.851.244 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ М*******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ М*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 220.570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ М*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.САРАНГҮН