| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0198/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/201 |
| Огноо | 2023-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Бат-Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Гансүхэд холбогдох 2330000000192 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, .......... оны ............дугаар сарын ..............ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн гудамж 2-204б тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 818 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, РД:..............,
........... ургийн овогт ............... ...Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Б.Гансүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.Гансүх нь 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Дөрвөлж ажилчдын 5 давхар орон сууцны урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Ш.Алхбаатарын толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “толгойн орой хэсгийн үстэй хэсэгт язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Гансүхийн ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүжгэнд орох гээд Ч.Оюунтуяатай хамт явж байгаад Ш.Алхбаатар, Бямбажав нартай таарсан. Тэгээд хамт архи ууж байгаад би бүжгэнд орох гэж байсан болохоор амандаа гараа хийгээд бөөлжихөд Алхбаатар миний авч өгсөн архийг голлоо гээд уурлаад бид хоёр маргалдсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлсөн...” гэх,
хохирогч Ш.Алхбаатарын “2023.07.22-ны өдөр Авто вокзал дээр ............... сумын танил 2 ахтайгаа тааралдаж 0.33 литрийн Хараа архи авхуулж хамт уусан. Тэгэхэд манай сумын эгч Ч.Оюунтуяатай тааралдаж “хаашаа явах гэж байгаа” талаар асуухад “бүжигт орох гээд явж байна” гэхээр нь хамт явъя гээд бид хоёр явж байхад Б.Гансүх гэх зүс таних залуутай тааралдсан. Мөн Б.Гансүх нь өөр хүнтэй /эрэгтэй/ явж байсан.Тэгээд бид дөрөв Залуус хотхоны тоглоомын талбай дээр Б.Гансүх, түүнтэй явж байсан залуу бид гурав надад байсан 0.33 л Хараа архийг хувааж ууж байхад Б.Гансүх нь гэнэт уурлаад араас толгой руу чулуугаар цохиод, газар унасан хойно мөр рүү цохисон.Тэр үед Оюунтуяа эгч хараад хүн аллаа гээд Б.Гансүх намайг зодохоо болиод цаашаа явсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд би толгойндоо 7 ширхэг оёдол тавиулсан. Б.Гансүх намайг яг ямар шалтгааны улмаас зодсон гэдгийг мэдэхгүй байна, ямар ч байсан 2-3 удаа чулуугаар цохисон би гомдолтой байна” гэх мэдүүлэг,/хх-ийн 10-11-р хуудас/
гэрч Ч.Оюунтуяагийн “ 2023.07.22-ны өдөр 16 цагийн үед аймгийн төвд байх авто зогсоол дээр найз Б.Гансүхтэй тааралдаж бид хоёр хамт бүжигт орохоор хоорондоо ярилцаж байхад манай сумын дүү Ш.Алхбаатар, Б.Бямбажав нартай тааралдсан. Анх би Б.Гансүхтэй тааралдахад Б.Гансүх нь бага зэргийн халамцуу байсан, мөн Ш.Алхбаатар, Б.Бямбажав нар нэлээн халамцуу байсан. Тэгээд бид 4 хамтдаа Баруун-Урт сумын 7 дугаар баг “Амжилт”-ын ......... гэх газар руу явцгаасан. Амжилтын талстын төвийн ертөнцийн зүгээр урд талд байх алаг 5 давхар байрны баруун хойд талд байх орон сууцны сүүдрэвчинд ороод тэр гурав Хараа нэртэй 0.33 литрийн архийг хувааж ууж дуусгасан. Ш.Алхбаатар нь уусан архиндаа согтоод гэнэт найз Б.Гансүх рүү томроод муудсан, ямар ч байсан хоорондоо хэрэлдээд тус сүүдрэвчнээс хоёулаа босоод явцгаасан. Тэр үед Б.Бямбажав бид тухайн хүмүүсийг боль гэж хэлэхэд үгэнд орохгүй байхаар нь бид хоёр энэ хоёр бага зэргийн муудаж байгаад болих байх гээд нээх тоогоогүй. Ш.Алхбаатар нь Б.Гансүхийг “чи намайг барахгүй шүү” гээд дахин маргалдаж муудаад тэр хоёр шинээр баригдсан байрны урд тал руу явахад араас нь Б.Бямбажав явсан тэгэхэд “хөөе чи миний толгойг хагалчихлаа, яаж байгаа юм бэ” гээд орилохоор нь би Ш.Алхбаатарыг харахад Ш.Алхбаатар газар уначихсан хэвтэж байхаар нь очиход толгойн хагарчихсан цус гарч байсан, Б.Гансүх, Б.Бямбажав хоёр тухайн байрны зүүн талаар хойшоо явж байсан. Би Ш.Алхбаатараас “толгойг чинь хэн хагалсан бэ, юу болчхов” гэж асуухад Ш.Алхбаатар нь “Б.Гансүх миний араас чулуугаар толгой руу цохиж толгой хагалчхаад яваад өглөө, би өөрийнхөн толгойг ижилхэн чулуугаар хагална” гээд газраас чулуу авахаар нь чулууг нь газар хаяулсан. Тухайн үед Ш.Алхбаатарын толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь эмнэлэгт дуудлага өгөхөд эмч нар дөнгөж ирэхэд Б.Гансүх, Б.Бямбажав хоёр ирсэн бөгөөд эмч нар Ш.Алхбаатарыг эмнэлэг рүү аваад явахаар нь Б.Гансүхийг яагаад хүний толгой хагалж байгаа юм бэ гээд асуухад “Ш.Алхбаатар нь өөрийнхөө амнаас болсон хохино” гэж хэлсэн. Тэгэхээр нь чи хүний толгойг хагалдаг нь зөв юм уу гэхэд өөдөөс нь юм хэлэхгүй байсан...Ер нь бол тухайн үед Ш.Алхбаатар нь Б.Гансүхийг өдөж хоргоож байгаад өөрийнхөө амнаас болоод толгойгоо хагалуулсан. Б.Гансүх нь Ш.Алхбаатарын толгой хэдэн удаа чулуугаар цохисныг хараагүй боловч тухайн үед Ш.Алхбаатар нь Б.Гансүх, Б.Бямбажав бид гуравт хэлэхдээ хоёр удаа толгой руу чулуугаар цохисон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,/хх-ийн 16-17-р хуудас/
гэрч Б.Бямбажавын “...Ш.Алхбаатар нь тухайн үед Б.Гансүхэд чулуугаар толгой руугаа цохиулаад толгойгоо хагалуулсан талаар хэлсэн. Харин сүүлд нь уг асуудлын талаар Б.Гансүх нь Ш.Алхбаатарын толгойг чулуугаар хагалсан талаар хэлж байсан яг ямар чулуугаар хагалсан гэдгийг нь мэдэхгүй байна.Тухайн үед Ш.Алхбаатар бид хоёр нэлээн согтуу байсан.Харин Б.Гансүх бид хоёрыг бодвол арай гайгүй байсан. Харин Ч.Оюунтуяа нь огт архи уугаагүй байсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 20-21-р хуудас/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №283 дугаартай “...1. Ш.Алхбаатарын биед толгойн орой хэсгийн үстэй хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
2. Яллах дүгнэлтэнд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн баримтаар хангалттай нотлогдсон, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, зөв байх тул шүүгдэгч Б.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
5. Шүүгдэгч Б.Гансүхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Алхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Харин хохирогч Ш.Алхбаатар уг гэмтлийн улмаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 298.000 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.08.11-ний өдрийн 26/226 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт зэргээр нотлогдоно.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Б.Гансүх нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 298000 төгрөгийн хохирлыг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд 2023.09.01-ний өдөр төлж барагдуулсан байна.
Энэ хэргийн хохирогч Ш.Алхбаатар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхтэй холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Б.Гансүхийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.
Хохирогч Ш.Алхбаатар нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Б.Гансүхэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Гансүхийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Б.Гансүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад:
Шүүгдэгч Б.Гансүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Борчулууны Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Гансүхийг 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.Гансүх нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гансүх нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Гансүхэд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Гансүх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Алхбаатар нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулснаас бусад өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН