| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/04827/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6*******, *******, *******, “УТТС” ХХК-ийн /РД: ......../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, *******, 72 дугаар хотхон, 3-2 тоотод оршин сууж байгаа, Гомбосүрэнгийн Б /РД: ........../,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 7*******,******* дугаар гудамж, 5 тоотод оршин суух, Оргодолын Б/РД: .........../ нарт холбогдох
2.159.240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд,
Хариуцагч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “УТТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“УТТС” ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Бтай авто машины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.
Энэ гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шижүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу авто машиныг түрээслэгч Г.Б нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Ингээд гэрээ байгуулсан өдрөө Г.Бд авто машин хүлээлгэн өгөх акт үйлдэн түүний ашиглалтанд гэрээний зүйл болох ....... УНС улсын дугаартай хьюндай элентра маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн.
О.Бнь түрээслэгч Г.Быг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хангахаа илэрхийлж манай компанитай баталгааны гэрээ байгуулсан бөгөөд түүнтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулаагүй тул хариуцагч О.Бэс татгалзаж байна.
Түрээсийн хугацаанд түрээслэгч Г.Б нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөрийн 12 өдрийн төлбөрийг төлөөгүй тул санхүүгийн түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-т зааснаар түрээсийн авто машиныг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр түүнээс хураан авсан.
Ингээд акт үйлдэн авто машины оношлогоог хийлгэн хэн аль нь гарын үсэг зуран авто машиныг компанийн зогсоолд байрлуулсан. Түрээслэгч Г.Бд зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн бөгөөд уг нэмэлт хугацаанд Г.Б нь зөрчлөө арилгаагүй. Төлбөрөөс төлөөгүй.
Иймд санхүүгийн түрээсийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д зааснаар 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг “М*******” ХХК-иар хийлгүүлсэн.
Гэрээ дуусгавар болох үед түрээслэгч Г.Б нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300.000 төгрөг, засварын зардал 1.962.240 төгрөг, мөн тэрээр ******* УНС улсын дугаартай авто машиныг жолоодон явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэн 298.000 төгрөгийн торгууль тавигдсан байсаныг компани төлсөн.
Манай компани Г.Баас 2.560.240 төгрөгийн авлагатайгаас түүний барьцаанд төлсөн*******1.000 төгрөгийг хасч тооцсон бөгөөд Г.Баас үлдэх 2.159.240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Б миний бие “УТТС” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 34 сарын хугацаанд, сар бүр 550.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөн гэрээ дуусгавар болмогц 15-72 УНС улсын дугаартай, хьюндай элентра маркийн авто машиныг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон.
Түрээсийн төлбөр өдрийн 25.000 төгрөг бөгөөд 12 хоногийн түрээсийн төлбөрөө төлж чадаагүй тул 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авто машинаа хураалгасан.
Авто машиныг хураан авахдаа оношлогоонд оруулан хүлээн авсан атлаа засварын мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300.000 төгрөг, торгуулийн 298.000 төгрөгийн тухайд маргах зүйлгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УТТС” ХХК нь хариуцагч О.Б, Г.Б нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2.159.240 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.
/-Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300.000 төгрөг,
-Засварын зардал 1.962.240 төгрөг,
-Торгуульд төлсөн 298.000 төгрөг,
Нийт 2.560.240 төгрөг -401.000 төгрөг /барьцаанд төлсөн/ =2.159.240 төгрөг/
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхийн өмнө нэхэмжлэгч “УТТС” ХХК нь авто машины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр хариуцагч О.Бэс татгалзсан болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч “УТТС” ХХК нь хариуцагч Г.Бтай 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Авто машины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулан түрээслэгч Г.Б нь “УБТТС” ХХК-ийн өмчлөлийн ******* УНС улсын дугаартай, хьюндай элентра маркийн авто машины сарын түрээсийн төлбөрт 550.000 төгрөг, 1 сарын түрээсийн хүүг 2 хувиар, 34 сарын хугацаанд гэрээ үргэлжлэн нийт 17.775.269,89 төгрөгийг төлөхөөр, уг үүргээ биелүүлсэн тохиолдолд авто машины өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохирчээ.
Дээрхи гэрээний талууд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээг шинэчилсэн бөгөөд төлбөрийн нөхцөл болон түрээсийн төлбөр өөрчлөгдөөгүй ба гэрээний нийт үнийг 16.533.580,46 төгрөг гэж тохирон гэрээ бүрт талууд гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулсан байна.
Талуудын хооронд байгуулсан дээрхи 2 гэрээнд оролцогчид нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 6-16, 21 дүгээр тал/
Түрээслүүлэгч “УТТС” ХХК нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр авто машин хүлээлцэх акт үйлдэн авто машиныг Г.Бд хүлээлгэн өгсөн ба актад хойд гуприйн зүүн булан зурагдсан, копутны ирмэг жижиг зурагдсан, урд 2 дугуй шинэ гэжээ.
/ХХ-ийн 22 дугаар тал/
Хариуцагч Г.Б нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 151.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд тус бүр 10.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 30.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16, 28-ны өдрүүдэд тус бүр 10.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд тус бүр 20.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18, 20, 24, 8 дугаар сарын 14, 22, 23, 25, 9 дүгээр сарын 7, 11, 13, 14, 19-ний өдрүүдэд тус бүр 10.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 20.000 төгрөг, нийт*******1.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тайлбараа гаргажээ.
/ХХ-ийн 26-47 дугаар тал/
Хариуцагч Г.Бы нэхэмжлэгч “УТТС” ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор тэрээр 1 өдрийн түрээсийн төлбөрт 25.000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох хугацааны түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөг төлөхөөс 1.900.000 төгрөгийг төлсөн ба түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300.000 төгрөг байгаа талаар хариуцагч Г.Б маргахгүй байна.
/ХХ-ийн 48-49 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-д “Энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан түрээсийн төлбөрийг төлөөгүй 3 болон түүнээс дээш өдрийн хугацаа өнгөрсөн эсвэл төлбөрийн үлдэгдэл 3 өдрийн хэмжээнд хүрсэн бөгөөд түрээслүүлэгчээс тогтоосон нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд” гэрээний зүйлийг түр саатуулна гэж заасан бөгөөд түрээслүүлэгч нь дээрх зүйл заалтыг үндэслэн 15-72 УНС улсын дугаар бүхий авто машиныг түрээслэгч Г.Баас 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хураан авсан талаар талууд тайлбарлаж байна.
Талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авто машин хүлээлцэх акт үйлдэн түрээслэгч Г.Б нь 15-72 УНС улсын дугаар бүхий авто машиныг хүлээлгэн өгч оношлогоонд оруулахад хөдөлгүүрийн тос, тосны шүүр, севчэ, катушка солих, дугуйн шпильк нэмэх, урд гарны ажиллагааг засах, баруун урд өндгөн тулгуур засах, яндангийн жийрэг солих, хойд гупер засах, будах, баруун урд крыло засах, будах, зүүн хойд крыло засах будах шаардлагатай гэж авто машины оношлогоо, үзлэгийн хуудсанд тэмдэглэсэн ба үүнд жолооч Г.Б, кузов засварын ахлах н.Хүрэлбаатар, авто засварын инженер н.Мөнхболд нар гарын үсгээ зуржээ.
/ХХ-ийн 23-25 дугаар тал/
Нэхэмжлэгч “УТТС” ХХК болон Г.Б нарын хооронд байгуулсан гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д заасны дагуу түрээслүүлэгч “УТТС” ХХК нь түрээслэгчид зөрчлөө арилгахад нь зориулж 14 хоногийн хугацаа өгөх бөгөөд энэ хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээг цуцлана гэснийг үндэслэн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.
Түрээслэгч нь түрээсийн зүйлийг түр саатуулан барьсан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Г.Бы түрээслэж байсан 15-72 УНС улсын дугаартай авто машиныг засварлах сэлбэг хэрэгслүүдийг худалдан авч “М*******” ХХК-иар засвар үйлчилгээний ажлуудыг хийлгэн 1.962.240 төгрөгийн зардлыг гаргасан нь харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, засвар, үйлчилгээний нэхэмжлэл, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 50, 54-70 дугаар тал/
Хариуцагч Г.Б нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр авто машиныг оношлогоонд оруулан хүлээн авсан атлаа засварын зардал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ба тухайн өдөр авто машиныг оношлогоонд оруулахад тэрээр байлцан үзлэг, оношлогооны актад дурьдсаныг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан атлаа уг оношлогоогоор тогтоосон засвар үйлчилгээг хийхийн тулд сэлбэг хэрэгслийг худалдан авсан үнэ, засвар үйлчилгээ хийхэд гарсан зардлыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Түрээслэгч буюу хариуцагч Г.Б нь түрээслүүлэгчийн өмчлөлийн 15-72 УНС улсын дугаар бүхий авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10.000 төгрөгөөр, 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 25.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 10.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 20.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 10.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 10.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 20.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 10.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 20.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 12.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 8.000 төгрөг, нийт 295.000 төгрөгөөр торгуульжээ.
Дээрхи 295.000 төгрөгийн торгуулыг нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “УТТС” ХХК нь 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн бөгөөд мөн торгуулийн шимтгэлд 3.000 төгрөгийг төлсөн нь Улаанбаатар хотын банкны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаагаар тогтоогдсон ба хариуцагч Г.Б энэ талаар мөн маргаагүй болно.
/ХХ-ийн 71-76 дугаар тал/
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ”,
227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид залшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн авто машины санхүүгийн түрээсийн гэрээ 2020 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжлэх байсан бөгөөд түрээслэгч Г.Б гэрээний 3.4-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрт 550.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бөгөөд түрээслэгчийн ашиглаж байсан авто машиныг засварлахад зарцуулсан зардлыг болон тэрээр авто машиныг ашиглах явцдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 298.000 төгрөгөөр торгуулсаныг түрээслүүлэгч “УТТС” ХХК төлсөн байх тул дээр дурьдсан төлбөр, хохирлыг түрээслэгч Г.Б нь хариуцан төлөх учиртай.
Г.Бы гүйцэтгэх үүрэг: Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300.000 төгрөг,
-Засварын зардал 1.962.240 төгрөг,
-Торгуульд төлсөн 298.000 төгрөг,
Нийт 2.560.240 төгрөг -401.000 төгрөг /барьцаанд төлсөн/ =2.159.240 төгрөг/
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Г.Баас 2.159.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УТТС” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “УТТС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49.498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 49.497 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УТТС” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “УТТС” ХХК нь хариуцагч О.Бэс татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН