| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н С-д холбогдох 2317000000063 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 05-нд Х аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Драгон үйлчилгээний төвд гар утасны засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт У хот, Х дүүрэг, дугаар хороо, Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н С /РД:СЖ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.С нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Оорцог гэх газарт 86-98 УЕА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйл “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ю.Г-ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000063 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Тухайн өдөр Эрээнээс наашаа гарсан. Замын-Үүдээс орой 19:00 цагийн үед гурвуулаа гарсан. Айраг гэх газар талийгаач найз, манай эхнэр хоёр суудлаа солиод суусан. Манай эхнэр эхлээд хойно унтаж явсан. Зарим зүйлүүд зөрөөд байна. Цаг нар нь. Шөнийн 03:00 цагийн үед болсон. Одоо 04:00 цаг гээд л ярьж байна. Тухайн үед би мэдүүлгээ өгөхдөө сандралын байдалтай байсан. У байцаагч байн байн залгаад чи ирж мэдүүлгээ өгмөөр байна гээд байсан. Тэгээд би цаг нараа буруу хэлсэн юм шиг байна лээ. Одоо бодоод байхаар шөнийн 03:00 цагт болсон асуудал. Эхний 103 дугаарт дуудлага өгөхөд 03:00 цагт дуудлага өгсөн. 103 шөнийн 04:40 гээд 1:40 цаг минут болж ирсэн. Улаанбаатар хот руу өвчтөн хүргэж өгөөд буцаж байсан ах бид хоёрт тусалсан. Үүнээс хойш цаг гарангийн дараа түргэн ирсэн. 103 хурдан очих боломж байсан. Ер нь жоохон удаан очсон гэв.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Есөн хүүхэдтэй байж байгаад 1 хүүхэд маань нас барсан. 8-н хүүхэдтэйгээ үлдсэн. Миний отгон охин байсан. Охинтойгоо хамт амьдардаг байсан. Сайхан охиноо алдсандаа харамсаж байна. Энэ хүмүүсийн буруутгах ч хэцүү байна гэв.
3. Шүүгдэгч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Ю.Гтай би гар утас худалдааны төв дээр 5 жил гаран хамт ажиллаж байна. Садан төрлийн холбоо байхгүй. Найз нөхдийн холбоотой. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед би Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас эхнэр А, Ю.Г бид 3 Хятад улс руу хил гарч эд зүйл бараа авчихаад буцаж байсан юм. Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу явахдаа Ю.Г-ийн хүргэн ахын эзэмшлийн улаан өнгийн Приус-40 маркийн 86-98 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байсан бөгөөд Замын-Үүд сумаас гарахад би жолоо бариад, миний хажуугийн суудалд Ю.Г сууж, харин манай эхнэр арын суудалд суугаад унтаад явж байсан. Тэгээд Замын-Үүд сумаас гараад бараг 00 цагийн үед бид 3 Дорноговь аймгийн Айраг суманд байх цайны газар зогсож хоол идсэн. Гарч ирээд Ю.Г, А 2 суудлаа солиод А миний хажууд суугаад Ю.Г арын суудалд унтаад явсан. Говьсүмбэр аймаг өнгөрөөд Баянтал сумын гэрэл харагдаж байхад би цаг харахад 03 цаг 10 минут болж байсан. Тэгээд Баянтал сум өнгөрөөд хэсэг явж байтал замын ертөнцийн зүгээр баруун талаас зам дээр нэг хярс гүйгээд гараад ирсэн. Тухайн үед би хярсыг дайрахгүйн тулд тормос гишгээд, жолооны хүрдээ ертөнцийн зүгээр зүүн тийш дарсан. Гэтэл машин замаас зүүн тийш гарч 1-2 удаа бүтэн эргэсэн. Яг 1, 2 удаа эргэсэн үгүйг сайн санахгүй байна. Тэгээд би өндийгөөд хартал машин явж байсан чиглэлийнхээ эсрэг буюу урагш хараад зогсчихсон, миний хажууд сууж байсан А яанаа хайраа гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Ю.Г-ийг хойд талын суудал байгаа эсэхийг шалгатал Ю.Г байхгүй байсан бөгөөд Ю.Г-ийг дуудтал дуугарахгүй байсан. Тэгэхээр нь би хаалгаа хүчтэй цохиод нээтэл, Ю.Г машины хойд талд доошоо харсан байдалтай газар хэвтэж байсан. Мөн хамар, чихнээс нь маш их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд би зам руу гүйгээд зам дээр явж байсан машинаас тусламж гуйх гэсэн боловч машин зогсоогүй. Тэгээд би буцаж машин дээрээ ирээд утсаараа 103 дугаарын утас руу залгаж түргэн тусламж дуудсан. Тухайн үед 80-90 км/цагийн хурдтай явж байсан. Би В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Зам дээр хярс гарч ирээд тэгээд би хярсыг дайрахгүйн тулд тормос гишгээд, жолооны хүрдээ ертөнцийн зүгээр зүүн тийш дарж замаас гарч онхолдон зам тээврийн осол гарах болсон. Тухайн үед А, Ю.Г нар унтаж байсан. Би суудлын бүсээ зүүсэн байсан харин А, Ю.Г 2 суудлын бүс зүйгээгүй байсан. Тухайн осол гарах үед Аын баруун хөлний эрхий хуруунаас шилбэ хүртэл урагдаж ангайсан шарх үүссэн байсан. Харин Ю.Г-ийн чих, хамарнаас нь цус гарсан байсан. Өөр харагдах гэмтэл учраагүй байсан. Нарийн ямар гэмтэл учирсанг би сайн мэдэхгүй. Миний биед баруун гар хөндүүрлэсэн, нуруу бас өвдөж байна. Миний унаж явсан Приус-40 маркийн 86-98 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормос бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 дугаар хуудас/,
4. Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед би Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нөхөр Э.С, найз Ю.Г нарын хамт Улаанбаатар хот руу Ю.Г-ийн хүргэн ахын эзэмшлийн улаан өнгийн Приус-40 маркийн 86-98 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Нөхөр, Ю.Г бид 3 Хятад улс руу хил гарч эд зүйл, бараа авчихаад буцаж байсан юм. Замын-Үүд сумаас гараад багцаагаар 00 цагийн үед бид 3 цайны газар зогсож хоол идсэн бөгөөд тус хоолны газар хаана байдаг болохыг би сайн мэдэхгүй байна. Хоол идэж гарч ирээд Ю.Г бид 2 суудлаа солиод би жолоочийн хажуу талын урд суудалд суугаад, Ю.Г арын суудалд унтаад явсан мөн би бас машин хөдөлснөөс хойш удалгүй унтаад өгсөн. Тухайн үед унтаж байгаад хааяа нэг сэрж орчин тойрныг харчихаад буцаж унтаад явсан. Гэтэл гэнэт нэг зүйлээс унах шиг эвгүй мэдрэмж төрөөд би сэрсэн бөгөөд сэрээд хартал машин замаас гарчихсан урагшаа хараад зогсож байсан. Тэгээд хэсэг зуур юу болоод байгааг ойлгохгүй манаралтын байдалтай байж байгаад машин осолд орсон байгааг мэдсэн. Мөн миний бодлоор машин нэг бүтэн эргээд 4 дугуй дээрээ буусан юм шиг санаад байгаа юм. Учир нь би унтаж байгаад сэрэхэд урд талын суудал дээр яг байран дээрээ сууж байсан. Тэгээд Э.С намайг зүгээр үү гэж асуухаар нь би зүгээрээ гээд Ю.Г-ийг байна уу гээд арын суудал руу хартал байхгүй байсан ба би Ю.Г-ийг дуудаж хэд хэдэн удаа орилсон. Гэвч хариу өгөөгүй. Тэгээд машинаас буугаад хартал Ю.Г машины хойно доошоо харсан байдалтай газар хэвтэж байсан. Мөн Ю.Г-ийн толгой, нүүр цус болчихсон байсан. Тэгээд түргэн рүү залгаж дуудлага өгсөн. Тухайн үед унтаж байсан болохоор хэдэн км/цагийн хурдтай явж байсанг мэдэхгүй байна. Би унтаж байсан болохоор ямар шалтгааны улмаас осол гарсан талаар мэдэхгүй байна. Э.С надад хэлэхдээ зам дээр хярс гарч ирээд тэгээд замын ертөнцийн зүгээр зүүн тийш жолооны хүрдээ дартал машин замаас гарч осол гарсан гэж хэлсэн. Ю.Г бид 2 тухайн үед унтаж байсан. Ю.Г бид 2 суудлын бүс зүүгээгүй байсан. Харин Э.С зүүсэн байсан. Э.С жолоо барихаас өмнө хангалттай унтаж амарсан байсан. Э.С 20 цагийн үед Зам-Үүдээс гараад 8 цаг жолоо барьсан байх... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32 дугаар хуудас/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ю.Г манай охин байгаа юм. Ю.Г нь 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхээс 9-лээ, айлын хамгийн бага хүүхэд. Талийгаач дээд боловсролтой, хүнсний технологч мэргэжилтэй хүн байсан. 2013 онд Ж гэх хүнтэй гэрлэлтээ батлуулан дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Зан байдлын хувьд сэргэлэн, цовоо, шударга, дайчин, даруухан, хөдөлмөрч ер нь ар гэрээ ажил хөдөлмөр эрхэлж тэжээн тэтгэдэг байсан. Талийгаач 1998-2006 онд Улаанбаатар хотын 88 дугаар дунд сургууль, 2006-2009 онд хүнсний технологийн коллежийг хоол технологийн мэргэжлээр, 2009-2012 онд Хүнсний технологийн дээд сургуулийг хүнсний технологч мэргэжлээр, 2010-2013 онд аврага технологийн дээд сургуулийг эмчилгээний бариа засал мэргэжлээр, 2014 онд Хүнсний технологийн дээд сургуулийн хүнс судлалын ухааны магистрийн зэрэг тус тус хамгаалж төгссөн. Чөлөөт бөхийн мастер зэрэгтэй. 2014-2016 онд АПУ ХХК-д ариутгалын инженерээр ажиллаж байгаад 2016 оноос бурхан болох хүртэл Драгон худалдааны төвд гар утасны худалдаа наймаа эрхэлдэг байсан. Талийгаач 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хятад руу явж бараа материал авахаар Улаанбаатар хотоос гарсан. Бараанд урагшаа явсны дараа хэд хэдэн удаа Ю.Гтай холбоо барьж утсаар ярьсан. Тухайн үед бараанд явахдаа талийгаач найз Э.С, А нартай хамт явсан. Э.С, А нар эхнэр нөхөр бөгөөд талийгаачтай найзууд байсан. Хэрэг болдог өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн үүрээр 04 цагийн үед А над руу залгаад Ю.Г-ийг Говьсүмбэр аймагт машинтай явж байгаад осолд орсныг мэдсэн. Тухайн 86-98 УЕА улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл Ю.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Ю.Г хүргэн ах Д.Э-аас худалдаж аваад тээврийн хэрэгслийг нэрийг өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Тус тээврийн хэрэгслийг Ю.Г Улаанбаатар хотод ойр зуурын ажилдаа унаж хэрэглэдэг байсан. Ю.Г-ид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач О /8настай/, А /1 ой 8 сартай/ гэх 2 хүүхэдтэй, О Нийслэлийн 163 дугаар сургуульд сурдаг. Хүүхдүүд нь одоо надтай амьдарч байгаа бөгөөд орой болгон талийгаачийг надаас асуудаг, тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.С-д маш их гомдолтой байна. Хэрэг явдал болсноос хойш Э.С нэг удаа л над руу холбогдож ярьсан. Дараах зүйлийг нэхэмжилнэ. Буяны зардалд 52,898,100 төгрөг, Хас банкны зээлийн үлдэгдэл 48,611,111 төгрөг, Хаан банкны кердит картын зээл 5,000,000 төгрөг, орон сууцны төлбөр нийт 101,509,211 төгрөгийг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дүгээр хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
86-98 УЕА улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг би 2019 оныд Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Тэгээд 2020 онд Г-ид 20 000 000 төгрөгөөр зарж байсан. Тухайн үед Г надаас тус тээврийн хэрэгслийг худалдаж аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй өдийг хүрсэн. Миний хувьд Г-аас тээврийн хэрэгслийн төлбөрийг бүрэн бүтэн хүлээж авсан. Надад хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй. Холбогдох нэхэмжлэлийг талийгаачийн нөхөр Ж гаргана... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/
7. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон Ю.Г, Э.С, Н.А нар нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулатороор үзүүлэхэд болон хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Э.С-д 937,000 төгрөг, Ю.Г-ид 2,491,000 төгрөг, Н.А-д 653,000 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 4,081,000 төгрөгний зардлыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна. ГСА, нэр утасны дугаараа гүйлгээний утга дээр бичиж хийнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтэнд:
- Н.А-ын биед зүүн мөрөнд цус хуралт, баруун зүүн өвдгөнд, зүүн шилбэнд зулгаралт, баруун хөлийн 1, 2 дугаар хурууны угаар шарх, зүүн бөөрний байрлалд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.29-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Баруун хөлийн 1,2 дугаар хурууны угаарх шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн мөрний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Зүүн бөөрний байрлалд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 56-57 дугаар хуудас/,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 166 дугаартай дүгнэлтэнд:
- Э.С-гийн биед толгойн оройд, баруун гарын сарвуунд цус хуралт, өвчүү, 2 далны хооронд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.05.29-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд:
- Ю.Г-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины хавсарсан гэмтэл, гавлын суурь ясны хугарал, баруун, зүүн нүдний аяга ясны дээд хананы цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн орой хэсэг, баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины зүүн дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, гавал тархины гэмтлийн хагалгааны дараах байдал, тархи уушигны хаван, хуйхны цус хуралт, гавлын ясны хальсны цус хуралт, нурууны нугаламын баруун талаарх цус хуралт, духны баруун тал, баруун хацар, хүзүүний баруун талаарх зулгаралт, зүүн бөөрний байрлалд, зүүн өвдгөнд зулгаралт, баруун гуянд, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.
- Ю.Г-н биед учирсан гавал тархины болон олон хавирганы хугарал гэмтэл нь амь насанд аюултай.
- Ю.Г-ид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- Ю.Г нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна.
- Талийгаачийн цусанд 0.5 промилл этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
- Ю.Г нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
11. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ю.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10 заалтуудаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ю.Г-ийн биед тархины тархмал няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус хуралтын улмаас мэс засалд орсон байсан задлан шинжилгээний үеэр гавлын суурь ясны хугарал оношлогдсон. Иймээс задлан шинжилгээний дараах онош дээр гавал тархины хавсарсан гэмтэл гэсэн онош тавигдсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
12. Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6/2023 дугаартай дүгнэлтэд:
Хариулт 1. 8689 УЕА улсын дугаартай “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь МУ-н ЗХД-ийн
3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Хариулт 2. Уг зам тээврийн осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариулт 3. 8689 УЕА улсын дугаартай “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.С нь МУ-н ЗХД-ийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дүгээр зүйлийн зүйл заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Уг зам тээврийн осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариулт 4. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд 8689 УЕА улсын дугаартай “Toyota Prius-41” маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
Хариулт 5. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд тухайн ЗТО-д холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. /1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,
13. Шинжээч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би зам тээврийн ослын шинжээчээр 7-8 жил болж байна. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хавтас хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилт хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар 86-98 УЕА улсын дугаартай Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин Э.С нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ хэрэг болох үед 80-90 км цагийн хурдтай явж байсан талаар мэдүүлдэг. Уг мэдүүлгийг үндэслэн Сг суурингийн гаднах замд зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсэн гэж үзсэн, мөн Сг хурдтай явж байсныг нотлох нэг баримт хэрвээ зам дээр амьтан гарч ирээд жолооч баруун гар тийш жолооны хүрдийг дарсан бол буцааж машинаа зам руу оруулах хярсыг тойрох арга хэмжээ авах ёстой байсан ч машин шууд замаас ертөнцийн зүгээр зүүн тийш гарсан байна. Өөрөөр хэлбэл машины жолооны хүрдийг буцааж эргүүлэн дарж зам руугаа орох оролдлого хийх боолмжгүй хурдтай явж байсан болохооор машин замаар шууд гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрчүүдийн мэдүүлгээр хэрэг явдал шөнө буюу харанхуйд болсон нь тогтоогддог. Харанхуйд явж байгаа тохиолдолд замын хөдөлгөөний дүрмээр жолооч тохиромжтой хурдыг өөрөө сонгон явж зайлшгүй саад гарч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч зогсоох л шаардлагатай. Харин С нь тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй, замаас гаргаж онхолдуулсан нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/,
14. Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
15. Хохиогч Ю.Г-ийн өвчний түүх /1 дүгээр хх-ийн 98-152 дугаар хуудас/,
16. Зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 184-187, 197-204 дүгээр хуудас/,
17. Хохирогч Ю.Г-ийн Хасбанкны зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 188-196 дугаар хуудас/,
18. Баруун буяны төв цогцолборын гэрээ /1 дүгээр хх-ийн 207-210 дугаар хуудас/,
19. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 2-20 дугаар хуудас/,
20. Шүүгдэгч Э.С-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Э.С-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Э.С нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Оорцог гэх газарт 86-98 УЕА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ю.Г-ийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Э.С нь Тоёота Приус 41 маркийн 86-98 УЕА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас талийгаач Ю.Гийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Хэдийгээр энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 101 509 211 /нэг зуун нэг сая таван зуун есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг шүүгдэгч Э.С-гийн зүгээс бэлнээр 50 000 000 төгрөг, 51 000 000 төгрөгийн бараа өгч нөхөн төлсөн хэдий ч хор уршиг арилгаагүй байна. Учир нь талийгаач Ю.Г бага насны 2 хүүхэдтэй байсан ба 2 хүүхэд нь орой болгон миний үйлчлүүлэгч болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гаас ээжийгээ нэхдэг. Энэ 2 хүүхдийн ирээдүй болон Ч.Н-д учирсан хор уршиг арилаагүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заасан. Иймд шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн сэтгэцэд учирсан хохиролыг шүүгдэгч Э.С-гээс гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Ж.Чимэг гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.С нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Оорцог гэх газарт Тоёота Приус 41 маркийн 86-98 УЕА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас талийгаач Ю.Г-ийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч Э.С-гийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч Э.С-гийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Сая шүүх хуралдаан хойшилсон хугацаанд шүүгдэгч Э.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нд 50 000 000 төгрөг бэлнээр, 51 000 000 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээлгэн өгч хохиролыг нөхөн төлсөн. Шүүгдэгч Э.С нь өөрөө гар утас засах хэдхэн багажтайгаа үлдсэн байгаа. 2023 оны 07 дугаар сарын 01-нээс хүний сэтгэцэд учирсан хохиролыг шийдвэрлэдэг болсон хэдий ч холбогдох хууль тогтоомж, дүрэм журам нь тодорхойгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролыг жич нэхэмжлэхээр нээлттэй үлдээх саналтай байна. Мөн Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон ба нийт 4 081 000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайн хэрэг гардаг өдөр эмнэлгийн авто машинаар Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байдаг. Ийм үйлчилгээ үзүүлсний төлөө хүнээс 4 081 000 төгрөг нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай байгаа тул уг нэхэмжлэлийг иргэний журмаас жич нэхэмжлэхээр үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Э.С нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 04 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Оорцог гэх газарт Тоёота Приус 41 маркийн 86-98 УЕА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ”, б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ю.Гийн амь насыг хохироосон үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.С нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Э.С нь Тоёота Приус 41 маркийн 86-98 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б, 12.1, 12.2, 12.3, 12.4-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ю.Г-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н, хохирогч Н.А нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6/2023 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Э.С болон түүний өмгөөлөгч Ж.Чимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Э.С нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.С-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас Ю.Г-ийн амь нас хохирсон ба шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гаас нэхэмжилсэн 101 509 211 /нэг зуун нэг сая таван зуун есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн хохиролыг шүүгдэгч Э.С нь нөхөн төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нгийн сэтгэцэд учирсан хохиролыг шүүгдэгч Э.С-гээс гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн сэтгэцэд учирсан хохиролыг бодоход 82 500 000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг болж байна. Харин талийгаач Ю.Г нь нас барах үедээ 32 настай байсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар сэтгэцэд учирсан хохиролыг тооцох гэхэд хүн амын дундаж наслалт нь 2023 оны байдлаар эрэгтэй хэд, эмэгтэй хэд болох талаарх судалгаа хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс хохирогчид аль ашигтай байдлаар шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н нь сэтгэл санааны хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.С-гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс шүүгдэгч Э.С-гээс 4 081 000 /дөрвөн сая наян нэгэн мянга/ төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ. Учир нь хохирогч буюу талийгаач Ю.Г, хохирогч Н.А, шүүгдэгч Э.С нарт ямар эмчилгээ хийж 4 081 000 /дөрвөн сая наян нэгэн мянга/ төгрөгийн зардал гарсан нь тодорхойгүй, бодитой биш байх тул иргэний нэхэмжлэгч нь уг зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.С-гээс жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс “тээврийн хэрэгсэлд учирсан 9 805 000 төгрөгийн хохирол нь бидэнд хамаагүй, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг талийгаач Ю.Г-ийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Иргэний нэхэмжлэгч Д.Э нь тухайн тээврийн хэрэгслийг жич нэхэмжлэх байх” гэх тайлбарыг гаргасан байх тул иргэний нэхэмжлэгч Д.Э нь Тоёота Приус 41 маркийн 86-98 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.С-гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийг хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Шүүгдэгч Э.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 101 509 211 /нэг зуун нэг сая таван зуун есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн байна. Улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийг хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх” гэх дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Ж.Чимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчаас “шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийг хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх” гэх дүгнэлт гаргасан байна. Шүүгдэгч Э.С-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 101 509 211 /нэг зуун нэг сая таван зуун есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийн хохиролыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн цаашид талийгаач Ю.Г-ийн 2 хүүхдийг харж хандаж явахаа илэрхийлсэн зэргийг харгалзаад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийг хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Э.С-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Э.С-д гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.
Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Э.С-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэв.
Шүүгдэгч Э.С-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-н С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Э.С-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нд 101 509 211 /нэг зуун нэг сая таван зуун есөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний нэхэмжлэгч Д.Э нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролоо,
иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н нь сэтгэцэд учирсан хохиролоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.С-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Э.С-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч Э.С-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ