| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0085/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-09-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,
шүүгдэгч М.Э,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М.Э, А овогт Б.Г нарт холбогдох эрүүгийн 2217001360076 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Ө. аймгийн З... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... жолооч ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын .. дугаар баг, Урсахын ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт М.Э /РД:ЙИ/,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Ө.. аймгийн З..суманд төрсөн,.. настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ө.. аймгийн З... сумын .. дүгээр баг, Б.... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б.Г/РД:ЙИ/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.Э, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Яллагдагч М.Э нь Б.Гтой бүлэглэн Ж.Этэдгээрт 2021 оны 9-10 дугаар сард маллуулахаар итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн үхэр, хониноос 27 тооны үхэр, 43 тооны хонийг завшиж 32 960 000 төгрөгний хохирол учруулсан,
яллагдагч Б.Г нь М.Этай бүлэглэн Ж.Этэдгээрт 2021 оны 9-10 дугаар сард маллуулахаар итгэмжлэн хариуцуулж хүлээлгэн өгсөн үхэр, хониноос 27 тооны үхэр, 43 тооны хонийг завшиж 32 960 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч М.Э, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 8, 19 хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-ийн 13 хуудас/
3. Хохирогч Ж.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би М.Эт 2020 оноос хойш өөрийн адуугаа хариуцуулж маллууж эхэлсэн. М.Э нилээн итгэлтэй миний адууг сайн харсан. 2021 оны 09 дүгээр сараас намайг үхэр, хонио нааш нь аваад ир би Өвөрхангай аймгаас дүүгээ дуудаад маллуулна гэсэн. Би Дундговь аймгийн Баянжаргалан суманд байх малчин Б-т маллуулж байсан 30 тугал, нас бие гүйцсэн 32 эр үхэр, 24 бяруу, 3 гунж, 71 үнээ нийт 160 үхрийг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.Э, Б.Г хоёрт хүлээлгэж өгсөн. Тэгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба үхрүүдийг 10 гаран удаа тоолж насаар нь ялган Э Г нарт хүлээлгэж өгсөн. Мөн манай бог мал болох 309 хонь ямаа нь Дорноговь аймгийн Айраг сумын Б Б гэх малчинд байсныг 2021 оны 10 дугаар сарын эхээр Гт хүлээлгэж өгсөн. Бид нар малчин Б-ын өвөлжөөн дээр очоод түүний ээж, ах нарын хамт Г бид 2 нийлж тоолж хүлээлгэн өгсөн. Тэр үед тоолоход 51 ямаа, 251 хонь, нийт 309 бог мал байсан. 2022 оны 01 дүгээр сард би үхрээ эргэхээр Шивээговь сумын баруун урд байрлах Элстэй амны бууц гэх газарт байрлах өвөлжөөнд очоод үхрээ будсан. Бид тоолоход 24 үхэр дутсан. Гоос дутаад байгаа 24 үхрийн талаар асуухад энүүхэн урд байгаа, маргааш авч ирээд бид нар өөрсдөө будъя, тусдаа яваад байгаа гэсэн. Түүний дараа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үхрээ Цайдам руу гаргах гээд очоод тоолоход 31 үхэр дутаж байсан. Яагаад дутаад байгааг Гоос асуухад урьд шөнө байсан гэсэн. Түүнээс хойш нэг сар гаран би үхрээ хайгаад олдоогүй. Харин 2022 оны 5 дугаар сарын сүүлчээр Э Г нар үхэр хайхаар Дундговь аймгийн Баянжаргалан сум руу явуулахад 1 үнээ, 1 гуна, нийт 2 үхэр олж ирсэн. Тухайн үхрүүдийн чихийг өөр имээр имнэсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Э архи уугаад байхаар нь би чиний ажлыг би хийгээд байна, чи хаагуур яваад байгаа юм бэ гэтэл Э тэгвэл би хийж чадахгүй гэж хэлээд явсан. Морины уяа дууссаны дараа Гоос малаа буцаагаад тоолж авахад үхэр 114, хонь 182, ямаа 56 байсан. 2021 оны 08 дугаар сард Гийн дүү Т гэх эмэгтэй над руу залгаад Гийг хэзээ явуулах юм гэхээр нь би Гийг цагдаад өгөх гэж байгаа гэтэл Э ах надад Г 2 гуна янзлаад эхнэрийнхээ эгчийн дансаар мөнгийг нь авсан гэж хэлж байсан. Э Г нарт тус бүрт сард 1 сая төгрөгөөр бодож цалинг нь тухайн сарын 20-25-ны хооронд Эын данс руу шилжүүлдэг байсан. Гт 2021 оны 10 дугаар сараас эхлэн 2022 оны 02 дугаар сар хүртэл цалинг нь хэвийн өгч байгаад мал дутахаар нь цалин өгөхөө зогсоосон. Мөн Г 2022 оны 07 дугаар сард нутаг руугаа явна гэхээр нь 1 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш цалин нь өгөхгүй байгаа. Анх 160 үхэр хүлээлгэж өгөөд түүнээс нэг бяруу үхсэн, би өөрөө идшинд 5 үхэр хэрэглэсэн, 2022 оны хавар дүү Н-д 2 үхэр өгсөн, Б гэх залууд 6 үхэр зарсан, 2022 оны 05 дугаар сард нэг эр үхрийн шээс нь боогдохоор нь би өөрөө очиж янзалж махыг нь авсан. Нийт би 15 үхрийг зарлагадсан байна. Миний үлдэх үхэр 145 үлдэх ёстойгоос 114 үхрийг би Гоос хүлээн авсан. Мөн 4 үхрийг нь энэ оны 09 дүгээр сард олж нийт 118 үхэр болсон. Ингээд тооцохоор нийт 27 үхэр цэвэр дутаж байна. Анх 309 бог мал хүлээлгэж өгснөөс миний хийсэн зарлага 15 хонь. Би Гийг анх нэг хонь идээрэй гэсэн. Тэрийгээ нийт 10 хониор бодож хассан. Эыг энэ оны цагаан сараар нэг хонь ид гэж хэлсэн. Ингээд нийтдээ миний зарлага 26 хонь болж байгаа. Харин би Гоос энэ оны 07 дугаар сард 182 хонь, 58 ямаа хүлээж авсан. Ингээд бодохоор анх би 151 хонь хүлээлгэж өгснөөс 26 хонийг зарлагадаж 225 хонь үлдэх ёстой байсан. Харин Гоос 182 хонь хүлээж авсан ба одоо 43 хонь цэвэр дутаж байна. Саяхан би Эын туслах Хосоо гэх залуутай утсаар ярихад Э ах Өвөрхангайгаас манай хонь ирсэн, зарна гээд ярьсан гэсэн. Э ахаас манай ээж, эгч хоёр мөнгөөр нь 3 хонь худалдаж авсан. Тухайн хонины мөнгийг Э ахын данс руу хийсэн гэсэн. Мөн энэ оны хавар 06 дугаар сард манай хонь саахалт айлын Бгийн хоньтой нийлсэн байхад нэг танихгүй хүн ирээд Э нэг хонь ав гэсэн гээд аваад явсан гэсэн. Мөн Г Б 2 архи ууж байтал Г энэ үхрүүдээс 30 гаран үхэр алга болсон. 20 орчмыг нь Э ах бид хоёр нийлээд янзалчихсан гэж ярьсныг Б манай эхнэрт хэлсэн. Гийн яриагаар 22 хонийг Э авсан гэсэн. Харин Г өөрөө 16 хонийг нь би даана гэж яриад байгаа. Дутсан малыг яг яасан талаар надад хэлэхгүй байгаа. Би Э, Г гэх хүмүүсээс 27 үхэр, 43 хонь нийт 70 мал нэхэмжилж байна. Миний тооцсоноор 14 үнээ, 13 шүдлэн, хязаалан насны үхрүүд байсан. Дутаад байгаа 43 хонь нь эр голдуу төлөгнөөс дээш хонь байсан. Би 1 хонийг 150 000 төгрөгөөр үнэлж нийтдээ 6 450 000, харин 1 үхрийг 2 сая төгрөгөөр үнэлж нийтдээ 54 000 000 төгрөг болно. Ингээд нийт 60 450 000 төгрөгөөр хохирсон гэж тооцож байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 17-34 хуудас/
4. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын 20-ны орчим Э, Г нар 1 хар зүсмийн эр гуна алдсан, харсан үзсэн хүн байна уу гээд манайхаар орж ирээд сураглаж байсан. Тухайн үед манай хавиар тийм үхэр харагдаагүй, тэдний мал гэрийнхээ ойролцоо бэлчдэг байсан бөгөөд манайх руу нэг их ойртоод байдаггүй байсан. Түүнээс хойш мал алдлаа гэж сураглаж байгаагүй. 2022 оны 07 дугаар Цайдамд болсон наадмын сунгаан дээр Этэй тааралдаад Танайх хар гуна алдсан гэсэн олсон уу гэж асуухад Э тэр талаар ерөөсөө мэдээгүй гэсэн. Э болон Г нар мал зарсан, сольсон талаар ямар нэгэн сураг сонсогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 46 хуудас/
5. Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э, Г нар мал зардаг байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2022 оны 07 дугаар сард Гийн хонь цөөхөн болохоор нь ойрхон юм чинь гээд манай хоньтой нийлүүлээд хамт малаа малласан. Тэр үед Г нэг хүнд хар хонь өгсөн. Нөгөө хүн нь манай хотонд ирээд Г хонь аваарай гэсэн гэж хэлэхээр нь би Гийн хониноос хар зүсмийн эм хонь барьж өгөөд явуулсан. Түүнийг яваад удаагүй байхад Г ирэхээр нь би түүнийг дагуулаад тухайн хүний араас нь гүйцэж очоод тухайн хонийг Гт үзүүлсэн. Тэр үед Г миний өгөх гэж байсан хонь мөн байна гэж хэлээд нөгөө хүнийг явуулсан. 2022 оны 08 дугаар сарын орчим Г бид хоёр манай гэрт архи уугаад сууж байтал Г энэ алга болсон үхрийг Э ах авсан гэж надад ам алдаж байсныг би дараа нь Эгийн эхнэрт нь бас халамцуудаа хэлчихсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 48 хуудас/
6. Гэрч Х.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Эаас 2021 оны 10 дугаар сарын сүүлээр нэг улаан хүрэн бяруу авсан. Э 2021 оны 03 дугаар сард мал өвс тэжээлгүй болоод байна гээд надаас нэг сая гаран төгрөгний өвс тэжээл худалдаж авсан. Тухайн мөнгөнөөсөө надад 450 000 төгрөг буцааж өгсөн. Тэгээд дахиад мөнгө өгөхгүй нэмж тэжээл худалдаж авсан. Мөнгөө өгөхгүй удаад байхаар нь би Эд хэлнэ гэтэл за яахав гэсэн. 2022 оны 10 дугаар сарын сүүлээр над руу залгаад үлдсэн мөнгөнийхөө тооцоонд нэг бяруу авчих гэсэн. Би Б гэх хүнд 50 000 төгрөгийн түлш хийгээд Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын ухаагийн тэндээс очиж бяруу аваад Шивээговь суманд ченж Бт зарсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 65-66 хуудас/
7. Гэрч Л.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э ойр зуурын хэрэглээний зүйлийг зээлээр аваад уван цувуулан эргүүлж өгдөг байсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр надад өрнөөсөө төлнө гээд нэг жижиг улаан бяруу 600 000 төгрөгөнд бодож өгсөн. Тухайн бяруу нилээн туранхай байсан учраас 550 000 төгрөгөөр тооцож худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 68 хуудас/
8. Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын дундуур Э над руу чат бичээд надад мөнгөний хэрэг гараад байна чи наадмынхаа хонийг авах уу, нэг хязаалан хонь байна, 150 000 төгрөгөөр ав гэсэн. Би наадмаар идэх махтай боллоо гэж бодоод өөрийн данснаас Эын данс руу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр honi гэсэн утгатай шилжүүлсэн. Надад хонийг 2, 3 хоногоос хот орохдоо өгнө гэсэн. Тэгээд хонио авч ирж өгөхгүй байхаар нь яасан гээд асуухаар удахгүй очно гэсээр байгаад наадам өнгөрсөн. Би худлаа боллоо гэж бодоод ахиж холбоо бариагүй өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 72 хуудас/
9. Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед өвлийн идэш авах гээд хүнээс асууж байтал бяруу 600 000 төгрөгөөр зарах хүн байна гэж ээж И хэлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бяруу авах хүнтэйгээ ээж Иаар дамжуулан холбогдоод би өөрийн биеэр Шивээговь сумаас урагш 10 орчим км зайд байх айлд очсон. Тухайн хүнтэй уулзаад би 9 сард урьдчилгаагаа шилжүүлсэн хүн байна бяруугаа авах гэсэн юм гэхэд үхрийн бэлчээр дээрээс жижигхэн улаан хүрэн бяруу авсан. Үлдэгдэл 300 000 төгрөгөө бярууны үлдэгдэл гэсэн утгатай шилжүүлсэн. Тухайн бярууг авахад тэр хүн өөрийгөө олон малтай, морь уядаг, нэг гэр нь Шивээговь сумын төв дээр байдаг гэсэн. Тухайн үед миний хажууд утсаар дүү нь гэх хүн рүү залгаад чи мал хаяж явлаа, архи уулаа гээд загнасан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 80 хуудас/
8. “Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /1-р х.х-ийн 208-212 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч М.Э, Б.Г нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хяналтын прокурор Э.Нэргүйгээс шүүгдэгч М.Э, Б.Г нарын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч М.Э нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг, мөн шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Э, Б.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Э, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 32 960 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Шүүгдэгчид нь хохирогч Ж.Эд учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн тус бүр 16 480 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Ж.Этэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэж авсан цалингийн тодорхой хувь хэмжээгээр хохирлыг төлж барагдуулахаар, шүүгдэгч М.Э нь “Шивээ сэрвис” ХХК-нд жолооч ажилтай ба сар бүр цалингаасаа тодорхой хэмжээгээр хохирлыг төлж барагдуулахаар тус тус илэрхийлж хүсэлт болон гэрээ, ажлын газрын тодорхойлолтыг хавтаст хэрэгт гарган өгч хохирлыг төлөх талаар илэрхийлсэн байна.
Мөн шүүгдэгч М.Э нь 500 000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэлээр тогтоогдож байх тул хохирлоос хасаж 15 980 000 төгрөгийг, шүүгдэгч Б.Гоос 16 480 000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ж.Эд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь цалин хөлс авахгүйгээр 1 жил гаран хугацаанд хохирогч Ж.Эгийн малыг малласан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчдийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч яг хэдэн сарын хугацаанд Ж.Эгийн малыг малласан, хэдэн төгрөгийн цалин авах байсан болох нь тогтоогдохгүй байна. Энэ нь хэдийгээр гэм хорын хохиролд хамаарахгүй, иргэд хоорондын хөлсөөр ажиллах гэрээгээр зохицуулагдах боловч хохирогч Ж.Энь шүүгдэгч Б.Гийг хөлсөөр ажиллуулсан цалин хөлсийг нь гэм хорын хохирлоос хасаж тооцох боломжтой байна. Мөн шүүгдэгч Б.Гийг хүсээгүй, зөвшөөрөөгүй байхад нь хохирогч Ж.Энь хохирол барагдуулах нэрийдлээр хүчээр ажил хөдөлмөр хийлгэх эрхгүй болохыг түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь тус тус анхаарах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Э, Б.Г нарын хүлээн зөвшөөрсөн 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчид нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Э, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Э, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Э, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.Эаас 15 980 000 /арван таван сая есөн зуун наян мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Гоос 16 480 000 /арван зургаан сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын 6-7 тоотод оршин суух хохирогч Ж.Эд олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА