Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/190

 

 

 

 

   2023              09              14                                           2023/ШЦТ/190

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгч Г.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхбатад холбогдох эрүүгийн 2330000000172 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Цайрт минерал” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хайлааст гэх газар оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Дөрвөлж” 609 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД:ЖЮ00282716/, Гүр ургийн овогт Гансүхийн Сүхбат.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Сүхбат нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт цагаан” нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж мөн нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Сүхбат шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр орой караокед ороод 4 ширхэг пиво уусан. Тэгээд хэсэг сууж байгаад караокеноос гарсан. Гэр лүүгээ харих гээд, эхнэрээ дуудчихаад гадаа зогсож байхад Г.Сүхбат караокены гадаа зогсож байсан. Тэгээд над руу ирээд чи намайг танихгүй байна уу гэхэд нь танихгүй байна гэхэд “би чамайг танина. Чи 80-аад оны хүүхэнтэй суучихсан байна гэж хэлэхээр нь би уурлаад эхнэрээ өмөөрөөд 1 цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 20-ний орой 22 цагийн үед Урт цагаан караоке руу ганцаараа орсон. Тухайн үед би караокед ороод Сэрүүн нэртэй 0.5 литрийн пиво 4 ширхэг уусан. Тэгээд би хэсэгт сууж байгаад караокеноос гарсан. Намайг гарахад Г.Сүхбат гээд манай доод үеийн залуу караокены гадаа зогсож байсан. Тэр үед би Сүхбатад "чи намайг танихгүй байна уу?" гэж асуусан. Тэгэхэд Сүхбат надад "чамайг таниад байх албагүй" гэж хэлсэн. Тэр үед би Сүхбатыг "чи 80-аад оны хүүхэнтэй суучихсан байж" гэж хэлсэн. Тэгсэн Сүхбат “миний амьдрал чамд хамаагүй" гээд бид хоёр муудсан. Тэгээд бид хоёр нэг нэгнийгээ заамдсан. Тэр үед Сүхбат намайг татаж унагаагаад миний нүүрэн тус газар зүүн нүд рүү мөн уруул руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед бид хоёрыг Өлзий гээд Урт цагааны зөөгч залуу салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р хуудас/,

 

Гэрч Э.Өсөхбаярын өгсөн “...Би тухайн орой ажил дээрээ байсан. Намайг ажлын үүдэнд тамхи татахаар гарахад 2 залуу үүдэнд зогсож байсан. Тэгээд намайг гарч ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдсан зүйл анзаарагдаагүй. Харин удалгүй тэр хоёр залуу маргалдаад эхэлсэн. Тухайн үед хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэгээд тухайн үед хар савхи өмссөн залуу нь нөгөө залуугаа нүүр руу нь 1 удаа гараараа цохиж байсан. Тэгэхэд нөгөө цохиулсан залуу нь хамраа бариад доошоо тонгойсон. Тэгэхэд нөгөө савхитай залуу нь гараараа боогоод унагаасан. Тэгээд унасных нь дараагаар нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Дараа нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед би тэр хоёрын дундуур нь орж салгасан. Мөн зодсон залуугийн эхнэр нь гэх эмэгтэй хамт салгасан. Тэр үед караокены гадаа манай ажилтан Өлзийхутаг, Бямбасүрэн, мөн Ганболор гэх эмэгтэй нар байсан... Зодуулсан залуугийн амнаас нь цус гарсан байсан. Мөн нүүр нь цус болсон байсан. Тухайн залуу нь манай караокед 1 цагийн өмнө орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байсан. Гадаа караокены үүдэнд зодуулахдаа ямар нэгэн бэртэл авсан байх. Тухайн үед нүүр ам нь цус болсон байсан. Харин зодсон гэх залуу нь биедээ ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй. Зодуулсан залуу нь нөгөө залуудаа гар хүрч зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 10-11-р хуудас/,

 

Гэрч Э.Өлзийхутагийн өгсөн “...Тухайн орой манай ажлынхан караокегоо хаагаад хүмүүсээ гаргаж байсан. Тэр үед караокены гадна чимээ гарахаар Бямбасүрэнгийн хамт гарсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ гэх залуу нэг залуугийн доор нь орчихсон хоорондоо зууралдаад Бат-Эрдэнийг толгойгоор нь хана руу түлхэж байсан. Тэр үед би Өсөхбаярын хамт тэр хоёрыг салгасан. Тэгээд Бат-Эрдэнийг босгож ирэхэд ам хамар нь цус болчихсон байсан. Харин нөгөө залууг хүмүүс караокеноос холдуулаад авч явж байсан. Цагдаа нар ирээд зодолдсон гэх залуучуудыг аваад явсны дараагаар Ганбаяр гэх эмэгтэй караокены дотор надад "би Бат-Эрдэнийг цохихоор нь машины цаанаас гүйж ирээд нөгөө залууг салгаад боль гээд болиулах гэж оролдсон" гэж хэлж байсан...Тухайн үед Бат-Эрдэнийг босгож ирэхэд ам, хамар нь цус болчихсон байсан. Харин нөгөө залууг салгатал шууд яваад өгсөн. Гэмтэл бэртэл учирсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,/хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч Н.Бямбасүрэнгийн өгсөн “...Тухайн орой манай ажлынхан караокегоо хаагаад хүмүүсээ гаргаж байсан. Тэр үед караокены гадна чимээ гарахаар Өлзийхутаг ахын хамт гарсан. Тэгээд гарахад Бат-Эрдэнэ гэх залуу үүдэнд нэг залуугийн доор нь орчихсон зодуулж байсан. Тэр хоёр залууг ямар учраас хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна. Тэр үед Өлзийхутаг, Өсөхбаяр нар тухайн 2 залууг салгасан. Тэгээд Бат-Эрдэнэ гэх залуу босож ирсэн. Тухайн үед Бат-Эрдэнийн ам хамар нь цус болчихсон байсан... Тухайн үед Бат-Эрдэнийн ам, хамар нь цус болчихсон байсан. Харин нөгөө залууд нь ил харагдах гэмтэл бэртэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №241 дугаартай “...1. Э.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

 

Шүүгдэгч Г.Сүхбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 44-р хуудас/

 

Шүүгдэгч Г.Сүхбатын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 48-р хуудас/

 

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хэргийн 47-р хуудас/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Сүхбат нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт цагаан” нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж мөн нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

          Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Э.Бат-Эрдэнийн өгсөн “... Сүхбат намайг татаж унагаагаад миний нүүрэн тус газар зүүн нүд рүү мөн уруул руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед бид хоёрыг Өлзий гээд Урт цагааны зөөгч залуу салгасан...” гэх,

Гэрч Э.Өсөхбаярын өгсөн “...тухайн үед хар савхи өмссөн залуу нь нөгөө залуугаа нүүр руу нь 1 удаа гараараа цохиж байсан. Тэгэхэд нөгөө цохиулсан залуу нь хамраа бариад доошоо тонгойсон. Тэгэхэд нөгөө савхитай залуу нь гараараа боогоод унагаасан. Тэгээд унасных нь дараагаар нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Дараа нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед би тэр хоёрын дундуур нь орж салгасан. Мөн зодсон залуугийн эхнэр нь гэх эмэгтэй хамт салгасан....” гэх,

Гэрч Э.Өлзийхутагийн өгсөн “...Бат-Эрдэнэ гэх залуу нэг залуугийн доор нь орчихсон хоорондоо зууралдаад Бат-Эрдэнийг толгойгоор нь хана руу түлхэж байсан. Тэр үед би Өсөхбаярын хамт тэр хоёрыг салгасан. Тэгээд Бат-Эрдэнийг босгож ирэхэд ам хамар нь цус болчихсон байсан....” гэх,

Гэрч Н.Бямбасүрэнгийн өгсөн “...Бат-Эрдэнэ гэх залуу үүдэнд нэг залуугийн доор нь орчихсон зодуулж байсан. Тэр хоёр залууг ямар учраас хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №241 дугаартай “...1. Э.Бат-Эрдэнийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10 хувь нөлөөлнө...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Сүхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.Сүхбат нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг “Урт цагаан” нэртэй караокены гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Бат-Эрдэнэтэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж мөн нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Г.Сүхбатын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай...” гэх дүгнэлтийг гаргав.

 

1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Г.Сүхбат нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж, нүүрэн тус газар нь цохиж, хөлөөрөө өшиглөж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнийг зодон түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд эрүүний 2 шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Сүхбат нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Сүхбатыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Сүхбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ...” саналыг гаргав.

 

       2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Сүхбатад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Г.Сүхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Сүхбатын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

       2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Сүхбатын үйлдлийн улмаас хохирогч Э.Бат-Эрдэнийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй гэж хэрэгт мэдүүлжээ.

Хохирогч Э.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Г.Сүхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч Г.Сүхбатад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүр овогт Гансүхийн Сүхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Сүхбатыг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Сүхбатад оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Сүхбатад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнэ нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.Сүхбат энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР