Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/83

 

                                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-н Э-д холбогдох эрүүгийн 2317000680067 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт (Г аймгийн С сум,  дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй), одоо Г аймгийн С сумын  дугаар баг, Х-ы тоотод оршин сууж байгаа улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н Э /РД:ВА/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Х-ы 1-13 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон хоолойг нь боох, баруун гарын булчин хэсгээс хүчтэй базах зэргээр зодсон,

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон төмөр шанагаар 2 удаа толгой тус газар цохиж зодсон,

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон алчихаад шоронд явна, гэрийг чинь шатаана гэх зэргээр айлган сүрдүүлж зүүн гарыг нь арагш дарж зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000680067 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би архи уучихаад зодож нүдээд байдаггүй. Өөрөө хэл амаар доромжилдог. Чамайг ална, хядна шоронгийн хадаас болгоно гээд орилж хашхираад байдаг.  Өөдөөс нь хэрүүл маргаан хийхээр цагдаа дуудаад өгчихдөг. 

2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр би хоолойг нь багалзуурдаагүй. Босч ирээд орилж, хашхираад байхаар нь цээжин дээрээс нь дараад цааш нь түлхсэн. Тэрнээс багалзуурдаагүй.

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаднаас орж ирэхэд хэрүүл маргаан хийгээд байсан. Ус уух гээд усны савны хажууд байж байтал архичин, банзал, гичийгээр дуудаад байхаар нь чи чинь ямар хачин юм бэ зайлаач гээд хоёр удаа тогшсон.

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бие өвдөөд гэртээ хэвтэж байсан. Хажуу айлын хүн 100 татахуу гэхээр нь яах юм бэ хөгшнийх нь бие өвдөөд байна. 100 татвал татъя гэсэн. Гэртээ уухгүй уувал авгай хүүхэд ирнэ гээд гадаа уучихаад яриад сууж байсан авгай хүүхэд ирээд нааш ир чи гээд дуудсан. Гадаа гудманд хашхирч орилоод чи архи уулаа гэхээр нь үгүй ээ би архи уугаагүй 50-хан грамм уусан гэтэл худлаа яриад бай чи уусан байна гээд хойд айлын хүмүүс дээр очиж орилсон. Гарч явлаа гээд байхаар нь чи хайчих гээд байгаа юм бэ би өөрөө явлаа гээд гараад ирсэн. Тэрнээс би хүчтэйхэн зодоогүй. Өөрөө л хэрүүл маргаан хийдэг. Миний араас 2 удаа том чулуу шидээд хувцастай байхад хүртэл ар тал язарч байсан. Ямар ч газар архи уусан би хэрүүл маргаан хийж үзээгүй гэв.

2. Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын 3 дугаар багт Хүрийн ногоо 1-13 тоотод эхнэр П, дагавар охин Т нарын хамт амьдардаг. 2023 оны 06 дугаар сарын 17-ны орой хойд айлын Ц ахтай хамт гадаа сууж байгаад ганц хундага архи уучихаад байж байсан чинь эхнэр ажлаасаа ирсэн. Тэгээд эхнэр намайг архи уулаа гээд хэрүүл болсон. Гэртээ ороод хэрүүл хийж маргалдаж байгаад би уурандаа өвчтэй хүний өвчинг хөдөлгөж байж алуулав аа бас гэрийг чинь шатаана шүү гээд хэлчихсэн юм. Тэгээд эхнэр гарах гээд байхаар нь цагдаа дуудах гэж байна гэж бодоод гаргахгүй санаатай зүүн гарыг нь арагш дараад татчихсан юм. Тухайн үед охин Т гэрт хамт байсан бөгөөд тэр 2 гэрээс гараад явсан чинь охин буцаад орж ирээд ээжийнхээ гадуур хувцасыг авсан. Тэгж ирэхэд нь чи ээжтэйгээ нийлээд намайг загналаа, миний ундааны савтай архи хаана байна гэж асуухад охин юм хэлэхгүй гэрээс гараад явсан. Тэгээд би эхнэрийг цагдаа дуудаж байгаа байх гэж бодоод гэрээс гараад гадуур явж байгаад шөнө цагдаа нарт баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхнэр П-тэй маргалдаж муудаад шүүхээр орж 30 хоногийн баривчилгаанд орж байсан. Дараа нь 4 дүгээр сарын 05-ны өдөр эхнэртэйгээ маргалдаж муудаад эхнэр цагдаад дуудлага өгөөд бас 30 хоногийн баривчилгаанд орж байсан. Тухайн үед яг юу болж байсан талаар одоо санахгүй байна. Тухайн үед өгсөн мэдүүлгүүдэд байгаа байх. Би П-тэй хамтран амьдраад 13 жил болж байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг архи уухаар архи уулаа гэж загнаад олон удаа хэрүүл хийж байсан. Эхнэрээ зодож гэмтэл учруулж байсан удаа байхгүй. Архи уугаад тасарсан үедээ бол ганц нэг удаа гар хүрчихсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 102 дугаар хуудас/,

3. Хохирогч Р.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2023 оны 06 дугаар сарын 17-ний өдөр 20 цагийн үед би охин Т-ийн хамт Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногоо 1-13 тоотод гэртээ байж байсан чинь манай нөхөр Э.Э нь гаднаас архи уусан бололтой согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд миний өөдөөс хэрэлдээд хэл амаар доромжлоод бүгдийг чинь алчихаад шоронд чинь яваад өгье гээд агсам тавьж байгаад миний зүүн гарыг барьж байгаад арагш нь дараад байсан. Тэгсэн манай охин боль гээд болиулсан. Олон удаа агсам согтуу тавьж цагдаагийн байгууллагад баривчлагдаж байсан. Би яг хэзээ хэзээг нь одоо хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2023 он гарснаас хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ний өдөр агсан согтуу тавьж хэл амаад доромжлоод цагдаад дуудлага өгөөд шүүхийн шийдвэрээр 20 хоног баривчлагдаж байсан. Яг тухайн үедээ юу болсон талаар нь би одоо сайн санахгүй байна миний тухайн үед өгсөн мэдүүлэг дээр юу болсон талаар байгаа. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногоо 1-13 тоотод гэртээ байж байсан чинь Э.Э архи уусан согтуу орж ирээд хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилж байгаад усны саван дээр байсан төмөр шанагаар миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудаад 30 хоногийн баривчлах шийтгэл авсан. Эдгээр асуудлыг манай охин Т л мэдэж байгаа, өөр хүн мэдэхгүй. Э байнга архи уугаад хэл амаар доромжлоод сэтгэл санааны хямралтай байлгадаг, өөрөөр зодож гэмтэл учруулж байсан зүйл байхгүй. Би Э.Э-тай 2011 оны 07 сараас эхэлж хамтран амьдарч байгаа ямар нэгэн гэрлэлтийн баталгаа байхгүй учир салж чаддаггүй...

...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 48, 50 дугаар хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч П.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 06 дугаар сарын 17-ний орой Сүмбэр сумын 3 дугаар баг Х-ны 1-13 тоотод гэртээ ээж П-гийн хамт байж байсан чинь манай хойд аав Э.Э гаднаас архи уусан бололтой согтуу орж ирсэн. Согтуу ирэхээр нь манай ээж архи уулаа гээд хэлсэн чинь чи дандаа цагдаад барьж өгдөг гээд ээжтэй хэрэлдээд байсан. Тэгээд нэлээд маргалдаж байгаад ээж бид 2 гарах гэсэн чинь гаргахгүй та нар өвчтэй хүний өвчин хөдөлгөж байж гай болов оо бүгдийг нь алчихаад шоронд чинь явчихна шүү гээд байсан. Гэхдээ зодож нүдсэн юм байхгүй ээжийн зүүн гарын сарвуунаас бариад арагш нь дараад чи цагдаа дуудах гэж байна уу гээд байсан. Тэгээд гадаа сэрүүхэн байхаар нь ээжийн гадуур хувцасыг авах гээд гэр лүү ороход аав надаас ундааны саванд хийсэн архи хаана байна гэхээр нь би мэдэхгүй гэхэд аав ээжтэйгээ нэг тал болчихсон юм байна л даа, харж байгаарай эргэж ирээд гэрийг чинь шатаана гэсэн. Манай хойд аав Э надад гарч хүрч зодсон зүйл байхгүй, өмнө нь ч зодож байгаагүй. Би одоо сайн санахгүй байна гэхдээ ямар ч байсан 2023 оны 02 дугаар сарын сүүлээр байхаа бас архи ууж ирээд ээжтэй хэрэлдэж муудаад цагдаад 20 хоног баривчилгаанд орж байсан. Бас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байхаа хойд аав Э.Э гаднаас согтуу орж ирээд ээжтэй хэрэлдэж, маргалдаж хэл амаар доромжилж байгаад гэрт байсан усны шанагаар 2 удаа толгой руу нь цохиж байсан. Тухайн үедээ ээжийн толгой нь жаахан өвдөж байна гэж байсан ил харагдахаар шарх гэмтэл бол учраагүй байсан. Ер нь бол согтуу архи уугаад ирэхээрээ байнга л ээжтэй муудаад хэрүүл хийгээд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, 

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 54-59 дүгээр хуудас/,

6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Э.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/,

8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/59 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

9. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ЗШ/118 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Х-ны 1-13 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон хоолойг нь боох, баруун гарын булчин хэсгээс хүчтэй базах зэргээр зодсон,

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн Ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон төмөр шанагаар 2 удаа толгой тус газар цохиж зодсон,

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн Ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон алчихаад шоронд явна, гэрийг чинь шатаана гэх зэргээр айлган сүрдүүлж зүүн гарыг нь арагш дарж зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Э.Э-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн Ногооны 1-13 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон хоолойг нь боох, баруун гарын булчин хэсгээс хүчтэй базах зэргээр зодсон,

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн Ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Р.Пд агсам тавьж, хэл амаар доромжлон төмөр шанагаар 2 удаа толгой тус газар цохиж зодсон,

Мөн 2023 оны 06 дугаар сарын 17-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн Ногооны 1-13 тоотод байх гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон “алчихаад шоронд явна, гэрийг чинь шатаана” гэх зэргээр айлган сүрдүүлж зүүн гарыг нь арагш дарж зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны шөнө хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон хоолойг нь боох, баруун гарын булчин хэсгээс хүчтэй базах зэргээр зодсон, мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон төмөр шанагаар 2 удаа толгой тус газар цохиж зодсон, мөн 2023 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-д агсам тавьж, хэл амаар доромжлон “алчихаад шоронд явна, гэрийг чинь шатаана” гэх зэргээр айлган сүрдүүлж зүүн гарыг нь арагш дарж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь:

 “Байнга зодох” гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байх ойлголт юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь гэмтлийн зэрэгт шаарддаггүй ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран эрхэд халдсан үйлдлээр энэ гэмт хэргийн шинж хангагддаг хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэг юм.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга зодохгэдэг нь гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Түүнчлэн шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Р.П-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Р.П-гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.Т-ийн мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/59 дугаартай шийтгэврийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ЗШ/118 дугаартай шийтгэврийн хуулбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.П-г зодсоны улмаас Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЗШ/59 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3-т зааснаар 20 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг,

мөн шүүгдэгч Э.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.П-г зодсоны улмаас Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ЗШ/118 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтанд хамруулж 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тус тус эдэлсэн ба шүүгдэгч Э.Э нь хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Р.П-гийн зүүн гарыг арагш дарж зодож, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгч Э.Э-ын хувьд 2023 оны 02 дугаар сарын 27, 2023 оны 04 дүгээр сарын 05, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Р.П-гийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн ба тэдгээр үйлдлийн хооронд Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн шинжийг хангасан байна.

Прокуророос шүүгдэгч Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн хохирогч Р.П нь мөрдөн шалгах ажиллагаанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Э.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “намайг хорихгүйгээр шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ын гаргасан “намайг хорихгүйгээр шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь тэрээр архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Р.П-д агсам тавьж гэр бүлийн хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулж, нийтэд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх зэргээр хохирогчийг бие махбодь болон сэтгэл зүйн дарамтанд оруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Эад Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Э.Э-ын байгаа газрыг олж тогтоон, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн байна.

Шүүгдэгч Э.Э нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 02 /хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Э.Э-ад холбогдох хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгч Б овогт Э-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ