| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/84 |
| Огноо | 2023-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Д-н М-д холбогдох эрүүгийн 2317001060091 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 11 дүгээр сарын 09-нд Д аймгийн Д суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Д аймгийн Д сумын дугаар баг, Т гэх газар оршин суух хаягтай, одоо Г аймгийн С сум, дугаар баг, Б-ны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх У овогт Д-н М /РД:ЗД/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-519 тоотод хамтран амьдрагч П.М-ын архи уулаа гэх үгэнд дургүйцэн, түүнийг гичий янхан, миний ууж идэхийг хориглолоо гэж уурлан, түүний үснээс зулгаах, газар унагах, нүүр цээж толгойн ар дагз хэсэгт нь гараараа удаа дараа цохих, газар мөргүүлэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний салстад, хамрын нуруунд, духанд, толгойн оройд баруун талдаа, цээжинд, баруун бугалганд, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 5-519 тоотод хамтран амьдрагч буюу хохирогч П.М-ын архи уулаа гэх үгэнд дургүйцэн, түүнийг гичий янхан, миний ууж идэхийг хориглолоо гэж уурлан, түүний үснээс зулгаах, газар унагах, нүүр цээж толгойн ар дагз хэсэгт нь гараараа удаа дараа цохих, газар мөргүүлэх зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, биед нь толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний салстад, хамрын нуруунд, духанд, толгойн оройд баруун талдаа, цээжинд, баруун бугалганд, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Хохирогч П.М-ын “...Би хажуу талын жижиг гэртээ ороод хоол идээд сууж байтал манай нөхөр М орж ирээд миний араас нуруу руу хатгаад байхаар нь би яагаад байгаа юм бэ гэж хэлээд эргээд хартал М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нилээн согтуу байсан. Би түүнд хандан чи яах гээд архи уучихсан юм бэ гэж хэлээд ууралсан чинь М мөн уурлаад муу гичийн янхан чинь миний ууж идэхийг байнга хорьлоо гэж хэлээд босож ирээд намайг гэрийн баруун талд ширээний хажууд сууж байхад цохих гээд гараараа далайгаад дайрсан. Тэгэхээр нь би түүнээс зугтаагаад жижиг гэрийнхээ зүүн талд гартал М миний араас хөөгөөд гүйцэж ирээд миний үснээс зулгаагаад хойш түлхэж унагасан. Би тухайн үед газар ойчоод босож ирэх гэтэл М миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Би хажууд хуванцар сагс байхаар нь түүнийг аваад Мийн нуруу орчим руу шидсэн. Тэр нь Мийн нурууг шүргээд цааш унасан. Тэгтэл М намайг цохихоо болиод хойшоо ухрахаар нь би цагдаа дуудна гэж хэлээд утсаа авах гэтэл М намайг цагдаа дуудах юм бол ална шүү гэж хэлээд ахиад над руу дайрсан. Би түүнээс зугтааж байх хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би охиноо аваад гэрээс гарах гэтэл М намайг гэрийн үүдээр гадагш түлхэж гаргахад би газар ойчсон юм. Тэгтэл М хүрч ирээд дээрээс дарж байгаад миний үснээс зулгааж байгаад толгойн ар, дагз хэсгээр 4-5 удаа газар мөргүүлсэн. Мөн миний нүүр, нүд, хамар орчим гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон. ...М босоод жижиг гэр лүү ороод гал тогооны шкаф дээр байсан машины түлхүүрийг аваад халаасандаа хийсэн. Тэгэхээр нь би машины түлхүүр авах гээд цамцнаас нь таттал М эргэж хараад дахин миний үснээс зулгаагаад гэрийн баруун хойшоо чирч аваачаад миний цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохисон бөгөөд би түүнтэй ноцолдсоор байгаад машины түлхүүрийг авсан... Би М-ид гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Харин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч М.Ч “...манай хажуу хашааны М миний гар утас руу залгасан байхаар нь би тэдний гэрт яваад ортол М гэртээ сууж байсан бөгөөд юу болсон талаар асуухад “манай нөхөр хоол идээд сууж байхад миний нүд рүү цохисон, тэгээд цагдаа бариад аваад явсан” гэж ярьж байсан. Тэр үед нүүр орчим нь хавдчихсан харагдаж байсан. Би тухайн үед түүний нүүрийг сайн харж чадаагүй. Учир нь М гэрэлгүй болчихсон гээд гар утасныхаа гэрлийг асаачихсан байж байсан. Тэгээд би удаагүй гэр лүүгээ орсон. М тухайн өдрийн маргааш нь ажилдаа очоогүй, түүний маргааш нь ажилдаа ирэхэд нүд нь нилээн хавдартай нүдний шил зүүчихсэн ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэрч Н.Д “...М нь үг дуу цөөтэй, түүний эхнэр манай цэцэрлэгт багшаар ажилладаг хүмүүс ба тэд дундаасаа 1 хүүхэдтэй. М хүнд их тусархуу, хүний үгнээс гарахгүй, хүүхдээрээ зантай, хааяа нэг баяр ёслолын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэдэг ч гэсэн ямар нэгэн ааш зан байхгүй, их тайван хүлээцтэй хүн юм. Би тэдэнтэй танилцсанаас хойш М-ийг эхнэртэйгээ маргалдаж муудалцаж байхыг нь хараагүй, хоорондоо их л эвтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 223 дугаартай дүгнэлтэд:
- П.М-ын биед толгойн оройгоор зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний салстад, хамрын нуруунд, духанд, толгойн оройд баруун талдаа, цээжинд, баруун бугалганд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.09.04-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/,
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч П.М-ын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч П.М нь эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.М-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.М-ийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.М нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ид оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Д-н М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ид оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ