| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0188/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
2023 11 01 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч. Б.Б,
Шүүгдэгч: Я.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ягийн Шд холбогдох эрүүгийн 2335000000189 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 02-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ялын үлдэгдэл 5 сарын хугацааг нэмж, 5 жил 6 сарын хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт Ягийн Ш /РД:................/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Я.Шнь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн үед хохирогч Х.Бийн эзэмшлийн малаас 1 тооны эр хонийг “Hyundai Grace” загварын .......УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч Я.Шг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Я.Шнь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн үед хохирогч Х.Бийн эзэмшлийн малаас 1 тооны эр хонийг авсан болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-13 дахь тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-19 дэх тал),
“Увс финанс Аудит” ХХК-ний шинжээч Я.Нгийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаартай “2018 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймагт 1996 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монголд орж ирсэн “Hyundai Grace” автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 79-80 дахь тал),
Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газар эхнэр 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдарч байгаа малчин өрх юм Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 03 цагийн арчимд гэртээ амарч байхад гэрээс зайдуухан машин нармаалдах чимээ сонсогдож би хувцсаа өмсөж босоод гэрээс гарахад манай гэрийн гадаа хотлуулсан хонь ямаа бүгд байхгүй байсан ба эргэн тойрноо харахад гэрээс баруун зүгт 300-400 метр зайнд мал ээрчихсэн байсан машинтай хүмүүс байхаар нь манай малыг хулгайлж байна гэж бодоод өөрийн эзэмшлийн Б200 загварын авто машинаа асаагаад хөдлөхөд уг манай мал ээрчихсэн байсан машинтай хүмүүс зугтаахад нь уг зугтаасан машины араас хөөгөөд 1 км орчим араас нь хөөгөөд 1 км орчим хөөгөөд уг машиныг гүйцэж урд талд нь орж зогсох гэтэл уг машин надаас дахин зугтаасан ба би уг машиныг зогсоох гэж 10-15 км хөөх явцдаа 4-5 удаа гүйцэж урьд нь гарч зогсоох гэсэн боловч зогсолгүй зугтаасаар байсан. Би малаа алдсанаас 3-4 хоногийн дараа Наранбулаг сумын нутаг Хайстын шил газар нүүдэлж очоод байж байхад манай сумын иргэн болох Г нь манай гэрт ирээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нүүдэллэж явахдаа манай гэрийн ойролцоогоор малаа туугаад зөрж явахад манай мал нийлсэн бөгөөд тухайн 7 тооны эх хонь орсон гэдгийг надад хэлсэн. Тухайн 06 дугаар сарын 07-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт шар хөдөө гэх газар өдөрлөгт очихдоо хажуу айлын хүн Ч гэх хүнд малаа захиж үлдээсэн боловч Ч тэр талаар мэдээгүй байсан. Би тухайн Г гэх хүний малыг очиж шүүж үзэхэд манай имтэй 7 тооны эх байсныг ялгаж авч ирсэн. Тийм учраас одоогийн байдлаар малаас 6 тооны эр хонь дутаж байгаа. 2023 оны 06 сарын 08-ны өдөр малаа алдчихаад дахин тоолж үзэхэд тоогоор 13 тооны хонь дутсан бөгөөд 06 дугаар сарын 07-ны өдөр 7 тооны хонь Г гэж айлын малд нийлсэн байсныг буцаан авсан. Тухайн үед бол ганцаараа мал тууж явсан учраас ялгаж чадаагүй мөн манай гэрт ямар нэгэн хүн байхгүй байсан тул хамтад нь туугаад явсан гэдэгээ хэлсэн. Миний малыг авсан гэх Ш надтай уулзахдаа миний хохирлыг барагдуулна мөн ганцаараа явж байхдаа 1 тооны хонь авсан гэдэг зүйлийг хэлсэн боловч учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Би анх Цагдаагийн байгууллагад 13 тооны бог мал алдсан гэж гомдол гаргасан боловч 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр И.Г гэх залуу нүүдэлж явахдаа өөрийн эзэмшлийн бог малыг миний эзэмшлийн бог малтай нийлүүлж, миний эзэмшлийн 7 тооны эх хонийг авч явсан байсан. Уг 7 тооны эх хонио би буцаагаад авчихсан бөгөөд одоо 6 тооны эр хонь дутаж байгаа. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авмаар байна. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ малаа хулгайд алдсан сэтгэлээр хандаж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Учир нь тухайн шөнө буюу 09 цагийн үед эхнэр бид хоёр гэрийн гадна машин нармаалдаад байхаар нь гарч харахад шөнө байсан учраас ямар нэгэн юм харагдаагүй мөн машин нь өндөр дуутай нармаалдаж байсан тул яг хоёр хүн дугарч байхыг бол сайтар сонсох сөхөөгүйгээр сандарч буцаж ороод машины түлхүүрээ авч эхнэрийн хамт машиндаа суугаад асаагаад хөдлөхөд уг машин зугтсан тул араас нь хөөхөд гүйцэгдэхгүй байсан тул эхнэрийг буулгачхаад араас хөөж хэд хэдэн удаа зэрэгцэж ирэхэд тухайн машин хурдтай явж байсан тул тоос шороон дунд урд талын суудал дээр хоёр бүрсгэр зүйл харагдахаар нь би хоёр хүн байна гэж хараад буцаж эхнэртээ хоёр хүн явж байх шиг байна гэж хэлээд цагдаа дуудсан. Уг мал хулгайлсан гэх залуу ганцаараа явсан гэж үнэнээ хэлж уучлалт гуйсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хэргийн улмаас миний 6 тооны эр хонь алга болсон бөгөөд тухайн үеийн шинжээчийн дүгнэлтээр 1 тооны эр хонийг 280.000 төгрөгөөр үнэлсэн тул нийт 1.680.000 төгрөгийн хохирол учирсан. Харин малаа алдсанаас хойш мал хайсантай холбогдуулан зардал гараагүй ч хэд хэдэн удаа дуудагдаж мэдүүлэг өгснөөс улбаалан зардал гарсан боловч уг зардлыг нэхэмжлэхгүй. Миний малыг авсан гэх Ш гэх залуу намайг аймгийн төвд байх үед ирж уулзахдаа би 1 тооны мал авсан боловч өөрийн чинь зүгээс 6 тооны мал нэхэмжилж байгаа бол шинжээчийн дүгнэлтийн дагуу 1.680.000 төгрөгийг барагдуулна гэж хэлээд уг мөнгийг бэлнээр өгсөн. Түүний дараа надаар хохирол барагдуулсан, гомдол саналгүй гэх утгатай бичгийг хамт нотариатч дээр очиж 08 дугаар сарын 31-ний өдөр хийлгэн авсан. Тэр талаарх баримтыг би Шд өгч явуулсан. Мөн надад бэлнээр хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32, 34, 37-38, 178 дахь тал),
Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би гэрлүүгээ харихад манай нөхөр уг машиныг хөөж байгаад алдчихлаа гээд надаас гэрт түрүүлж ирээд малаа бөөгнүүлээд бүртгэчихсэн манай шийр малаас 13 тооны хонь дутаж байна гэж хэлж байсан юм. Манай нөхөр тухайн үед цагдаад мэдэгдсэн юм. Би Х.Бийн хамтаар манай шийр мал бөөгнүүлээд мал хулгайлсан байж болзошгүй зугтаасан тээврийн хэрэгсэл нь хар ногоон өнгийн ......... УВХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм. Тухайн тээврийн хэрэгсэлд хэдэн хүн байсан эсэхийг харж чадаагүй. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн үед манай бог малаас хулгай авсан бөгөөд түүний дараа бог малаа тоолж үзэхэд 13 тооны бог мал дутаж байсан. 2023.06.10-ны өдөр манай гэрийн ойролцоо хаваржиж байсан И.Г гэх залуу манай гэрт ирж, нүүдлийн замд манай бог мал, танай бог малтай нийлсэн. Тухайн үед би ганцаараа тууж явсан учир чадахаараа ялгасан ба 7 тооны эх хонь ялгаралгүй манай бог малтай явчихсан байна гэж хэлсэн. Маргааш нь нөхөр Х.Б, И.Гийн гэр рүү явж 7 тооны эх хонио авч ирсэн. Би урьд өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн боловч тухайн үед олон тооны мал алдсан мөн машин нармаалдах чимээ чанга сонсогдож байсан тул одоо бодоход хоёр хүний дуу сонссон гэдэгтэй би өөрөө эргэлзэж байна. Зуны улиралд манай мал гэрийн гадна ямар нэгэн хашаанд оруулахгүйгээр гэрээс 20-30 орчим метр газарт хонодог. Тухайн шөнө мөн адил гэрийн гадна задгай хонож байсан бөгөөд манай нөхөр намайг дуудсаны дараа би гадагш гарч харахад харанхуй буюу ямар нэгэн юм харагдах боломжгүй байсан. Харин чимээгээр нь болон удаан харж нүд дассаны дараа гэрийн байруун хойд зүгт 200-300 орчим метр зайнд манай малын чимээ болон машины нармаалдах чимээ сонсогдсон. Манайх тухайн үед нохойгүй байсан. Анх нөхөр намайг дуудаж сэрээхэд бол шөнийн 3-4 цаг болж байсан. Бид хоёр гадагш гарч харчхаад нөхөр бид хоёр машинаа асаагаад араас нь хөөх хүртэл 5-10 минут болсон бөгөөд аль болох хурдан хувцсаа өмсөөд араас нь хөөсөн. Би нөхрийн хамт машинаар хөөхөд бол 2-3 орчим километр газарт хөөсөн. Тэгэхэд бол урд яваа машин хурдтай явж байсан учраас шороо ихээр боссон юм харагдахгүй байсан. Харин намайг буусны дараа нөхөр үргэлжлүүлэн хөөхөд гүйцэж дэргэд нь очиход шороон дунд сайтар хараагүй боловч хоёр хүн сууж байх шиг байна гэж надад хэлсэн. Хөөж байх хугацаанд бол гэгээ ороогүй харанхуй хэвээр байсан. Манайх 2023 оны 05 дугаар сард ямаа самнаж байхдаа малаа бүгдийг нь тоолсон. Түүнээс хойш айлд нийлсэн мал дутсан зүйл огт байхгүй. Харин малаа хулгайд алдсаны дараа тоолж үзэхэд 13 тооны хонь дутсан боловч 7 тооны тууврын малд нийлсэн байсныг Г гэх залуу ирж хэлсний дагуу өөрсдөө очиж шүүж авахад 7 тооны эх хонь байсан. Одоогийн байдлаар бол 6 тооны эр хонь дутаж байгаа бөгөөд мал хулгайлсан гэх хүн нь 6 тооны хонины хохирлын мөнгийг бэлнээр өгсөн гэж хэлээд өөр ямар нэгэн юм яриагүй. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хамаатны дүүгийн үсний даахинд явсан. Өглөө 07 цагийн үед явахын өмнө малаа бүртгэчхээд хойшоо айлдаа малаа захичхаад нөхрийн хамт явсан. Түүний дараа Г нь мал тууж манай гэрийн хажуугаар зөрөхдөө мал нийлсэн гэдгийг хэлсэн. Г нь гэр бүлийн найзууд учраас манай гэр болон манай таньж мэддэг учраас тухайн үед бид нар байхгүй байсан тул 3 хоногийн дараа ирж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46, 48-49, 180 дахь тал),
Гэрч Х.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ний өглөө 03-04 цагийн орчимд байх өглөө эрт манай Х.Бийн эхнэр Т.Д нь манай эрт орж ирээд манай мал хулгайч ачиж аваад явлаа манай нөхөр Х.Б араас нь ганцаараа хөөцөлдөөд явсан та араас яваад очооч гэж хэлж ирэхэд би тэр даруй босож машинаа асаах гэсэн боловч машины түлхүүр олдоогүй, учир орхисон. Түүгээрээ гэртээ буцаж ирчхээд Т.Дгийн гэрт нь авч ирэхэд манай дүү Х.Б нь шийр малаа бөөгнүүлж тоолж үзэхэд 13 орчим дутсан байна гэж байсан. Миний хувьд мал тоолсон зүйл байхгүй. Би дүү Х.Бийн ямар ямар зүсмийн хонь мал алга болсныг сайн мэдэхгүй байна. Уг дүү Х.Бийн хонь мал нь баруун чих нь нүх имтэй зүүн чих араас цөгрөг, шуулбар имтэй малнууд байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Х.Б гэх хүнийг таньж байна. Уг залуу нь манай сумын нэг багийн малчин залууг 2005 оноос эхлэн таньж байна. Манайх тус аймгийн Наранбулаг сумын 2 дугаар нутаг дэвсгэр Шар худаг гэх газар хаваржиж байхад Х.Б нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 04-05 цагийн хооронд манай гэрт ирээд манай шийр малыг хулгайлаад машиндаа ачаад аваад явчихлаа би араас нь хөөж байтал миний машины түлш дуусаад танай гэрт ирлээ мотоциклоо өгөөд аваач би тухайн манай мал хулгайлсан машины араас явах гэсэн юм гэж ирэхэд нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн мотоциклоо өгч явуулсан зүйл байгаа. Нээх удалгүй миний мотоциклийг аваад ирсэн ба Х.Б надад хэлэхдээ нөгөө миний хөөж явсан тээврийн хэрэгсэл надад гүйцэтгэсэнгүй яваад өглөө гэж ирээд миний мотоцикл өгчхөөд манай гэрт байсан түлш нэмж аваад өөрийн машинаа асаагаад гэр лүүгээ явсан юм. Тухайн үед 2023 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 04-05 цагийн үед Х.Б нь манай гэрт ирээд манай шийр мал хулгайлагдчихлаа би машин хөөж явна гэж ирэхэд нь би гэрээс гараад харахад нэлээн зайтай нэг машины замын тоос босож байсан учир би тухайн хүний хөөж явсан тээврийн хэрэгслийг хараагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),
Гэрч И.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би нуурын хөвөөгөөс, Наранбулаг сумын Хайстын шил рүү гэрээ нүүлгэсэн бөгөөд би бог малаа тууж явахад Х.Бийн бог мал миний бог малтай ирж нийлсэн. Би ганцаараа бог мал тууж явсан учир чадахаараа ялгаад Х.Бэд бог мал нийлчихлээ гэж хэлэх гэж гэрт нь очиход Х.Бийн гэр эзэнгүй байсан. Х.Бийн эзэмшлийн 7 тооны эх хонь миний бог малд нийлж явсан бөгөөд би Хайстын шилд буугаад 3 хоногийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х.Бийн гэрт очиж 7 тооны эх миний малд байна гэж хэлсэн. Түүний дараа маргааш нь Х.Б манай гэрт ирж өөрийн эзэмшлийн 7 тооны эх хонийг ялгаж аваад явсан. Х.Бийн бог малаас мал алга болсон гэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Хэн нэгэн айлын малтай нийлсэн бол бог малын шүүгээд алга болсон бог малаа олоод авчихна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дэх тал),
Гэрч П.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом суманд байх үедээ нөхөр И.Гтэй гар утсаар ярихад манай гэр нүүдэллэж явах үед манай бог мал Х.Бийн бог малтай нийлсэн бөгөөд Х.Бийн эзэмшлийн 7 тооны эх хонь манай бог мал дотор байсныг Х.Б ирээд аваад явлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),
Шүүгдэгч Я.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Малчин сумын нутгийн ойролцоо байх 60-н гуанз тийшээ ганцаараа өөрийн машинаар явсан. Аймгийн төв рүү явж байхад замын ойролцоо бөөн мал хэвтэж байхаар нь би хажууд нь очиж зогсож машинаа унтраахгүйгээр буугаад нэг бор зүсмийн эр хонь барьж авахад бусад мал нь үргээд явсан бөгөөд уг хонийг жолооч талын эсрэг талын буюу урд талын суудал сул тавьж байх хугацаанд машины гэрэл гарсан. Би машинаа бариад аймгийн төв рүү хөдлөхөд араас хар өнгийн машин хөөж ирсэн бөгөөд би эзэн нь байна гэж бодоод зугтсан уг машин 2 удаа зэрэгцэж хажууд ирсэн нэг удаа урд гарсан боловч би зогсохгүйгээр явсан. Удалгүй машин ард хоцорч дахин хөөж ирээгүй. Уг хонь авсан газраас Улаангом сум тал руу 20 орчим километр яваад эзэн нь мэдсэн тул авсан хонио буулгаж хаясан. Миний унаж явсан машин нь микро машин бөгөөд уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сард Э гэх залуугаас 1.5 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирсон боловч мөнгийг нь төлж барагдуулаагүй тул албан ёсоор нэр шилжүүлж аваагүй байгаа. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн арын хаалга гадна талаас нь онгойдоггүй мөн модоор уячихсан байсан харин багажны хаалга гадна талаас нь онгойдоггүй дотор талаас нь хөшиж онгойлгодог тул жолоочийн эсрэг талын онгойдог хаалгаар оруулж ачсан юм” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 96-97, 140, 188 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Я.Ш нь хохирогч Х.Бийн 1 тооны эр хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далд, бэлчээрээс авч явсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “машин механизм ашиглаж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.
“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Шүүгдэгч нар нь бусдын мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хулгайлсан 5 тооны хонийг тээвэрлэх үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор иргэний нэхэмжлэгч Л.Эийн эзэмшлийн Hyundai Grace” загварын 18-04УВХ улсын дугаартай суудлын машин ашигласан байх тул “машин механизм ашигласан” гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Я.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23/30 дугаартай “Увс аймгийн Наранбулаг суманд 2023 оны 05 дугаар сарын байдлаар нас гүйцсэн эр хонины зах зээлийн дундаж үнэ цэнэ 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийн үнэ ханштай байсан болохыг тодорхойлов" гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 70 дахь тал)-ээр хулгайлагдсан 1 тооны эр хонины үнэ 280.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ш надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад Шд ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй болно” гэх гарын үсэг гэрчилсэн нотариатчын үйлдэл, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 167-168 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Шнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
II. Шүүгдэгч Я.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Шнь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын 1 тооны хонийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Шнь урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ялын үлдэгдэл 5 сарын хугацааг нэмж, 5 жил 6 сарын хорих ялаар, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( хавтаст хэргийн 119, 121-122 дахь тал)-аар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Шурьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул шүүгдэгч Я.Шгийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Шүүгдэгч Я.Шгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ж.Бгийн өгсөн: “Я.Штэй 2017 онд албан ёсоор гэр бүл болсон бөгөөд Увс аймгийн Тэс сумын 1 дүгээ багт бод бог нийлсэн 200 орчим мал маллан амьдардаг. Аж амьдарлын хувьд дундаж амьдралтай малын ашиг шимээр ерөнхийдөө амьдардаг. Одоогоор ямар нэгэн өр зээл болон хадгаламж байхгүй. Тоёота приус 20 загварын суудлын машинтай мөн ачаа болон хүн тээвэрлэх зориулалтын микро машинтай. Төлөв даруу зантай бүхийл ажил хөдөлмөр эрхлэх тал дээр сайн гэж хэлж болно” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 56 дахь тал) Гэрч Ц.Ягийн өгсөн: “Миний төрсөн хүү Ш хөдөө мал маллан амдарч байгаад 2017 онд эхнэр Батзаяатай гэр бүл болж одоо тус аймгийн 1 дүгээр багт эхнэр 3 хүүхдийн хамт бод бог мал маллан амьдарч байгаа. Хүүхдүүд бага насны бөгөөд 3-5 нас хүртэлх хүүхдүүдтэй. Төлөв даруу зантай ямар нэгэн илүү зан байхгүй. Суурь хүмүүжлийн хувьд гэвэл ихээр хэрэг төвөг тариад байдаггүй байсан. Бие эрүүл мэндийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй байсан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 58 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүгдэгч Я.Шд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Шд 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Я.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иргэний нэхэмжлэгч Л.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар тавьсан байсан тул Ш гэх залуу зарын дагуу холбогдож худалдаж авсан. Тухайн үед 1 сая төгрөгөөр зарсан бөгөөд тооцоогоо бүрэн хийсэн. Харин нэрийг нь одоог хүртэл албан ёсоор шилжүүлээгүй байгаа Тэндээ тооцоо дууссан тул надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 41-42 дахь тал) мэдүүлсэн байх тул уг тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл нь иргэний нэхэмжлэгч Л.Э гэж байгаа боловч шүүгдэгч Я.Шгийн өмч гэж үзнэ.
Шүүгдэгч Я.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.300.000 төгрөгийн үнэ бүхий Hyundai grace автомашин, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 280.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Я.Шгийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Hyundai grace автомашиныг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжлэгдсэн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Шд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Ягийн Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Я.Шд 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Шд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй
5. Шүүгдэгч Я.Шнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Я.Шгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.300.000 төгрөгийн үнэ бүхий Hyundai grace автомашин, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 280.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Я.Шгийн хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан Hyundai grace автомашиныг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжлэгдсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ