Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0065

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Сын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж

Нэхэмжлэгч: Ш.С

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.С-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Ш.С-д 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтож олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0081 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 110/2025/0070/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.С-с Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Ш.С-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Ш.С-д 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтож олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0081 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ш.С-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, нэхэмжлэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс авч үзэхэд “... Нэхэмжлэгч Ш.С нь 10 жил 8 сарын хугацаанд нефть хангамжийн операторчноор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх тул "12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлээр түүнд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг тус тус үндэслэн хуульд нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.2. Хариуцагч талын маргаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн нефть хангамжийн операторчоор ажилласан эсэхтэй холбоотой маргаагүй, зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 04/1*** дугаартай "Зөвлөмж хүргүүлэх тухай" албан бичгээр "Түгээгч" буюу "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжлийг хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамааруулах эсэх талаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ыг баримталж байна.

3.3. Уг жагсаалтын "Хөдөлмөрийн хортой нөхцөл" 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил хамаарахгүй.

3.4. ...аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын "түгээгч", "нефть хангамжийн операторчин"-оор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй" гэж зөвлөмж ирсэн болно.

3.5.  Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0081 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.С-с Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Ш.С-д өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага гаргасан.

3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нефт хангамжийн операторчноор ажилласан эсэхтэй холбогдуулан маргаагүй. ...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох, газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь Нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллага /шатахуун түгээх станц/-ын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил хамаарахгүй” гэж маргажээ.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;

4.1. “Р” ХХК-ийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №24 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар тус компанийн шатахуун түгээх станцад түгээгч ажилтнаар Ш.С-г авч, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №53 дугаар “Тэтгэвэрт гарах ажилтныг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар  Ш.С-г тэтгэвэрт гарган ажлаас нь чөлөөлсөн байна.

4.2 Ш.С нь 2025 оны 09 дүгээр сарын  20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нийгмийн даатгалын байцаагчид “...хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргахад татгалзсан хариу өгчээ.

5. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор  Сагсай сумын оршин суугч Ш.С-с ирүүлсэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримтлах боломжгүйг тогтоож шийдвэрлэсэн байна.

6. Хэрэгт цуглуулсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, шаардлага ба татгалзлын үндэслэлийг харьцуулахад, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох нас, шимтгэл төлсөн нийт хугацааны талаар хариуцагч маргаагүй, харин “Р” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт эрхэлж байсан ажил нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй гэж маргасан.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, Ш.С-н өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус шинжийг агуулахаас гадна өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдэх тул шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байна.

8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 10 жил 8 сарын турш ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “нефть хангамжийн операторчин” албан тушаал нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталдаг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарах хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл мөн эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 5.1.4.-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй…;”, 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,

10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно” гэж тус тус заасан.

11. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт-ын 2 дугаар бүлгийн 2.19-ийн 8-д Операторчин, нефть боловсруулах, цэвэрлэх төхөөргийн, код 8131-13, нефть хангамжийн операторчин", 15-д "Нярав, хангамжийн, код 4321-17, нярав" гэж заасан байна.

12. Мөн тус тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам-ын 2.6-д Жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан даатгуулагчийн урьд ажиллаж байсан ажил, мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны А/77 дугаар тушаалаар баталж мөрдөж байсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох жагсаалтад дурдсан газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд хамаарагдаж, зохих болзол хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтооно гэж заасан.

13. Харин Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсгийн 14-д “Нефть боловсруулах үйлдвэр КИПА засварчин, лаборант, механик, гагнуурчин, сантехникийн засварчин, бензин, нефть зэрэг хортой шингэний резервуарын дотрыг уураар утан цэвэрлэх, засварлах ажил хийдэг резервуар цэвэрлэгч, тоног төхөөрөмж, шугам хоолойн засварчин, цистерн, банк, резервуар, худаг дотор цахилгаан хийн гагнуур хийдэг гагнуурчин, насосчин, нефть хангамжийн операторчин, тос шингэн савлагч, торх угаагч, ачаа шалгагч, лаборант, шил сав угаагч, шатахуун ачигч, буулгагч, нярав, цэнэглэх машины жолооч, тос цэвэрлэх цехийн ажилласан тос дахин боловсруулах үйлдвэрийн тос нэрэгч, тунгаагч, мастер, инженер” гэж заасан байна.

14. Анхан шатны шүүхээс “...Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа бөгөөд нефть хангамжийн операторчин, шатахууны ачигчийн ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд нь ажиллаж байгаагаас үл хамаараад тухайн ажил, мэргэжлийн чиг үүрэг, онцлог болох "бензин, шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга, ойр харьцдаг, түүнийг түгээх, хэмжих зэргээр нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны ууршилттай орчинд ажилладаг" хөдөлмөрийн "хортой" нөхцөлд хамаарахаар байхад хариуцагч талаас зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн операторчин хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй” гэж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

15. Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр одоогоор байхгүй, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаал болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалуудын хавсралтаар баталсан жагсаалтад заасан хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн ажил мэргэжилд хамаарна гэж үзэх нь явцууруулсан ойлголт бөгөөд аливаа хууль, журам нь бодит байдалтай нийцсэн, хэрэгжих боломжтой, зорилгодоо нийцэж байх ёстой.

16. Иймд Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын нефть хангамжийн операторчин ажил мэргэжил хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна.

17. Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилийг хэрхэн тооцох, энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан жагсаалтыг хуулийн зорилгод хэрхэн нийцүүлж хэрэглэх, аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0081 дүгээр тогтоолоор, хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс нийгмийн даатгалын хууль тогтоомжийг түүнд нийцүүлж хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.

18. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2025/0081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                    О.ОЮУНГЭРЭЛ

                 ШҮҮГЧ                                                                    З.ГАНЗОРИГ

                 ШҮҮГЧ                                                                    Л.ОДБААТАР