Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2020/01154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү коллеж” УТҮГ/РД: /-т холбогдох, 

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2007 оны 8 сараас Үйлдаэрлэл Урлалын Политехник коллежид хими-биологийн багшийн ажилд орсон ба уг байгууллагад тасралгүй 12 жил ажилласан. Гэтэл тус сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 тоот тушаалаар Сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2019 оны 09-р сарын 24-ны өдрийн Б/113 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн юм.

Ажлаас чөлөөлсөн асуудлаар миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 11 сарын 01-ний өдөр тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Дугаар Б/144 тоот тушаал гаргаж намайг хуучин эрхэлж байсан ажилд маань буцаан томилсноор жэкэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Намайг ажилд эргүүлэн томилсноор 2019 оны 09 дүгээр сарын 23-нд буюу ажлаас халахын өмнөх өдөр захирлын Б/111 тоот тушаалаар надад Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудал хамт шийдвэрлэгдэж хүчингүй болсон гэж бодож байтал “Та Сануулах сахилгын шийтгэлтэй байгаа учраас улирал бүр олгодог цалингийн 30 хувийн нэмэгдлээс таныг хассан гэсэн тайлбар хэлсэн.

Дээрх сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү. Иймд тус сургуулийн захирлын Д.Сд “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Солонгын өмгөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багш Д.Солонгыг ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шалгаж тогтоосон зүйл байхгүй байгаа. Мөн энэ талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Ёс хорооны дүгнэлтийг үндэслэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн ёс зүйн хороо гэх нэгжтэй холбоотой нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөнгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт гаргасангүй гэж үзэж байна. Сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг өмнө нь гаргаж байгаагүй ба анх удаа гаргаж байна. Энэ үйл баримт тогтоогдохгүй байгаа учраас Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Нэг дүгнэлтээр ажлаас нь халж, Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тийм учраас өмнө нь гаргасан тайлбараа дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч “Ү коллеж” УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбар: Д.Солонгын 2019 оны 12-р сарын 23-нд гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 2 сарын 10-нд хариуцагч тал хүлээн аваад дараах хариу тайлбар гаргаж байна.

Сургуулийн захирлын 2019 оны 9-р сарын 23-ний өдрийн Б/111 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Өмнө нь Д.С ажлаас чөлөөлсөн асуудлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Сургуулийн захирлын 2019 оны 09 сарын 23-ны Б/111 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгоё гэж бичээгүй юм. “Нэхэмжлэлийн шаардлагадаа намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоон урьд эрхэлж байсан ... ажилд эргүүлэн тогтоож ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж ... өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.

Шүүх уг асуудыг шийдвэрлэж гаргасан 2019 оны 11 сарын 04-ний 181/ШШ2019/02180 дугаартай захирамжиндаа: Сануулах шийтгэлийн талаар шаардлагадаа огт дурьдаагүй, захирамжийн үндэслэх нь болон захирамжлах нь гэсэн хэсэгтээ ч огт бичээгүй байгаа болно.

Иймээс ИХШХШТХ-ийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа болохоор шүүгч С.Хишигбатын 2019 оны 12 сарын 30-ны 181/Ш32020/00299 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох.

Д.С нь 2019 оны 11 сарын 04-ний шүүх хуралдааны өмнө захирлын 2019 оны 09 сарын 23-ны Б/111 тоот тушаалыг үндэслэлгүй гэж, хүчингүй болгуулах шаардлага гаргах бүрэн боломжтой байсан боловч ингээгүй нь өөрөө гэм буруугаа болон сахилгын сануулах шийтгэл үндэслэлтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэж байна. Гагцхүү урамшуулал нь олгогдохгүй болохоор шүүхэд урьд гаргаагүй нэхэмжпэлийн шаардлага нэхэмжпэлээ дахин гаргаж байна гэж бид ойлгож байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 23-ны 04 тоот тогтоол нь ихээхэн эргэлзээтэй гарсан байна. Наад зах нь энэхүү тогтоол гарснаас хойш 11 cap гаруйн дараа гарсан захирамжийг хянан хэлэлцсэн байж болох уу? Яагаад гэвэл энэхүү захирамжийн огноо нь 2019 он гэж бичигджээ. Д.Сд сахилгын сануулах шийтгэл оногдуулсан үндэслэл

Сургуулийн ёс зүйн хорооны 2019 оны 09 сарын 18 ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Д.Сд сахилгын Сануулах шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэстэй болно.

Сургуулийн ёс зүйн хорооны 2019 оны 09-р сарын 18-ны хурлын тэмдэглэлд “Д.С багшийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн асуудлыг хэлэлцэх үед тэрээр ёс зүйн хорооны гишүүдийг “Би та нарыг миний ёс зүйг хэлэлцээд суух хэмжээний хүмүүс гэж бодохгүй байна” гээд гараараа зангаж хэл амаар дайрч доромжлон гүтгээд хаалга саван гарч явав гэж бичигдсэн нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Уг тэмдэглэлд Д.С нь бусдыг уруу татаж байдгийг Д.Ариунтунгалаг ярьснаар давхар батлагдаж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн сургуулийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж Ражив Гандийн нэрэмжит Ү коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 2.3-т “мэргэжлийн нэр хүнд үнэ цэнийг хамгаалах” гэж 2.4-т “ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах” гэж заасан зарчмыг 4.3.1-д сургуульд, “суралцагчид, эцэг эх, хамтран ажиллагсдын нэр төрийг гутаах доромжлохоос зайлсхийх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж тус тус үзэж энэ тухай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөр огноолсон 1 тоот дүгнэлтийг ёс зүйн хорооноос гаргасныг хэрэгт хавсаргасан байгаа.

Ажил олгогч нь дээрх дүгнэлтэд үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 тоот тушаалаар Д.Сд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан бөгөөд энэхүү тушаал нь Ү коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.1-д Дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон багшид эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоожийн дагуу хариуцлага тооцно гэсэн заалтанд бүрэн нийцэж байгаа билээ. Сахилгын хорооны шийдвэрээр холбогдох албан тушаалтан болох захиралд уламжилсан. Захирал нь Хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ авсан. Энэ буруутай гэж үү.

Мөн Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1-д: Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д: ажилтан нь үүрэгт ажпыг гүйцэтгэхдээ ажил үүрэгтэй холбоотой хууль эрх зүйн акт дүрэм журам хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллах гэсэн заалтыг зөрчсөн тул Хөдөлмөрийн хуулийн 131.1.1-д заасан “сануулах” шийтгэл оногдуулах үндэслэл болж байгаа болно.

Иймд Д.Сд Хөдөлмөрийн хуулийн 131-р зүйлийн 131.1.1-д заасан сануулах шийтгэл оногдуулсан нь зөв байх тул Д. Солонгын нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Байнга анхааруулсаар байтал ёс зүйгүй ааш авир гаргадаг, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаа биелүүлдэггүй ажилтандаа сургуулийн захиргаа Хөдөлмөрийн сахилгын хамгийн доод арга хэмжээ болох Сануулах шийтгэл оногдуулж болохгүй гэж үү. Сануулах шийтгэл оногдуулж болдоггүй юм бол улс оронд сахилга хариуцлага яаж дээшлэх юм бэ.” гэв.

 

Хариуцагч “Ү коллеж” УТҮГ-ын өмгөөлөгч Н.Сосорбарам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.С нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулиудыг зөрчсөн. Үүнийг нь Сургуулийн ёс зүйн хороо тогтоосон. Ёс зүйн хорооны дүрмийн 4.5.1-т ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйн зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон багшийг эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэж заасан. Эрх бүхий албан тушаалтан нь сургуулийн захирал, холбогдох хууль тогтоомж нь Хөдөлмөрийн тухай хууль байгаа. Эрх бүхий албан тушаалтан сахилгын хамгийн бага сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сануулах сахилгын шийтгэл ногдуулаад 7, 8 сар болж байна. Уг сануулах сахилгын шийтгэл үндэслэлтэй шийтгэл байгаа. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.С хариуцагч “Ү коллеж” УТҮГ-т холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/111 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ү коллеж” УТҮГ нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1-д: Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д: ажилтан нь үүрэгт ажпыг гүйцэтгэхдээ ажил үүрэгтэй холбоотой хууль эрх зүйн акт дүрэм журам хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллах гэсэн заалтыг зөрчсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид химийн багшаар ажилладаг болох нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн № 15 Хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/144 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч багшийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, сургуулийн ёс зүйн хорооны хурал хаяж гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч ... хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.1-т “сануулах;” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан № 15 Хөдөлмөрийн гэрээний 4-ийн 4.2-т “Ажилтан дараах үүрэг хүлээнэ. Үүнд:”, 4.2.2-т “... холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэн ажиллах” гэжээ.

 

Хариуцагчийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/50 тоот тушаалын хавсралтаар Ражив Гандийн нэрэмжит Ү коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм/цаашид “Дүрэм” гэх/-ийг баталсан болох нь Дүрмийн хуулбараар тогтоогдож байна.

 

Дүрмийн 5-ын 5.1-т “Дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, шалгалтаар илэрсэн, Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй багшид эрх бүхий албан тушаалтан ... хариуцлага тооцно” гэжээ.

 

Хариуцагчийн Ёс зүйн хорооноос 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь сургуулийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 2.3, 2.4, 4.3.1 гэсэн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт гаргасан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № 01 Ёс зүйн хорооны дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Дүрмийн 2-ын 2.3-т “Мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах”, 2.4-т “Ёс суртахууны үлгэр дуурайлалтай байх”, 4-ийн 4.3.1-т “Сургууль, суралцагч, эцэг, эх хамтран ажиллагсдын нэр төрийг гутаах, доромжлохоос зайлсхийх” гэжээ.

 

Хариуцагчийн Ёс зүйн хорооны 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн № 01 дүгнэлтэд нэхэмжлэгч нь цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сургууль, хамт олны нэрийг барьж нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд удаа тарааж сургуулийн болон салбарын нэр хүндэд халдсан, бусдыг сөрөг зүйлд өдөөн турхирсан гэсэн байх боловч нэхэмжлэгчийн тухайлсан ямар үйлдэл, эс үйлдэл Дүрмийн 2.3, 2.4, 4.3.1 гэсэн заалтуудыг хэрхэн зөрчсөн, хэрхэн тогтоогдсон нь тодорхой бус байна.

 

Түүнчлэн хариуцагчийн Дүрмийн 5-ын 5.1-т Ёс зүйн зөвлөлийн талаар дурдсан байх боловч Ёс зүйн хорооны талаар дурдаагүй байх тул Ёс зүйн хороо нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг шалган тогтоох эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч нь zarig.mn сайтад сургууль хамт олныхоо нэрийг барьж нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд тараасан гэх тайлбар гаргаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ёс зүйн хорооны гишүүдийг хэл амаар дайрч доромжилж гүтгэсэн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь тус үйлдлийг гаргасан болох нь хариуцагчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам, Дүрэмд зааснаар тогтоогдоогүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/111 дугаар тушаалд заасан сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/111 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ү коллеж” УТҮГ-ын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Ү коллеж” УТҮГ-ын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Б/111 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Солонгын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ү коллеж” УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ