Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/01284

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М”-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Сэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ж нь 1986 онд Мийг төгссөнөөс хойш Мд ажиллаж эхэлсэн ба эрдэм шинжилгээний ажилтан, багш, тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн декан, захирал, салбар хүрээлэнгийн захирал, хэвлэлийн газрын захирал зэрэг албан тушаалуудыг хариуцлагатай хашиж байв.

Эрдмийн ажлын хувьд Шинжлэх ухааны академийн Хэл Зохиолын хүрээлэнд 1998 онд “Монгол хэлний ойролцоо утгат үг хэллэгийн бүтэц, утга, хэрэглээ” сэдвээр дэд доктор буюу Ph.D зэрэг, 2004 оны 10 дугаар сарын 19-нд Москва хотноо байдаг ОХУ, Бельгийн хамтарсан “World Information Distributed University” буюу “Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургууль”-д “Система синонимов в Современном Монгольском языке” буюу “Орчин цагийн Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, Монгол хэлний үгийн сан, утга судлал, монгол хэлийг гадаад хүнд заах аргаар мэргэшин 60 шахам ном, сурах бичиг, толь бичиг хэвлүүлж, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад дотоодод хэвлүүлж, олон улсын хурлуудад илтгэл тавьсан эрдэмтэн хүн юм.

Энэ хооронд дэлхийн нэр хүнд бүхий их сургуулиуд болох Английн Лондон, Кембриж, Лийдс (1991-1995), ХБНГУ-ын Лейпциг (2003-2004), Английн Их Британийн номын сан (2005-2006), Боннын Их Сургууль (2015-2017), Японы Токиогийн Гадаад Судлалын их сургууль (2008-2011), Австралийн Үндэсний Их Сургуулиудад (2012, 2017) нийт 10 гаруй жил зочин багш, зочин судлаач, зочин профессороор ажиллаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2015 оны 9 сараас 2017 оны 10 cap хүртэл ХБНГУ-ын Боннын Их Сургуульд зочин профессороор ажиллаж ирээд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Мийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимд профессорын орон тоонд ажиллахаар Мийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/561 тоот тушаал гарч ажилдаа орж үргэлжлүүлэн ажиллаж байсан билээ.

Энэ хугацаанд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Мд Улс төрийн томилолтоор захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ирсэн Я.Төмөрбаатар болон түүний удирдлагын багийн алдаа завхрал, хууль зөрчсөн үйл ажиллагаануудыг шүүмжлэн, хэвлэлийн бага хурал хийж, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсний төлөө хавчигдан гадуурхагдаж, мөшгөн мөрдөгдөж, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өр авлага үүсгэсэн, өөртөө тушаал гаргасан гэсэн хилс хэрэгт намайг холбогдуулж, улмаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан юм.

Үүнийг миний бие эс зөвшөөрч шүүхэд хандсан ба 3 шатны шүүхийн буюу 2018.10.02-ны 181/ШШ2018/02019 тоот шийдвэр, 2018.12.17-ны 2497 тоот магадлал, 2019.04.25-ны 00590 тоот тогтоолоор тус тус Мийн захирлын надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгосон байдаг.

Мийн захирал Я.Төмөрбаатар нь надад зөвхөн хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулаад зогсохгүй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаснаасаа 20 хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 02-нд намайг байгууллагадаа боловсролын талаарх мэдээллээ худлаа өгсөн, хүлээн зөвшөөрөгдөөгүй хуурамч докторын диплом ашигласан гээд Б/193 дугаартай тушаал гарган ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Үүгээр зогсохгүй намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, цагдаагийн байгууллагад шилжүүлэхийг ч уг тушаалаар үүрэг болгосон байдаг.

Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчоос шууд зогсоож болох нөхцөлүүдийг дурдаж, хуульчилсан байдаг бөгөөд би түүнд хамаарах ямар нэгэн зөрчил, үйлдэл огт гаргаагүй. Хуурамч диплом ашигласан, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн явдал ч байгаагүй. Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Гэхдээ Миас намайг хуурамч диплом ашигласан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, түүнтэй холбоотойгоор эрүүгийн журмаар хэрэг үүсгэсэн тул 2018 оны 10 дугаар сарын 08-нд шүүгч “нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон 181/ШШ2018/02049 захирамж гаргаж, би эрүүгийн асуудал шийдэгдэж дуусахыг хүлээхээс өөр аргагүй болсон.

Эрүүгийн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажлууд хуулийн дагуу явагдаж, 2019 оны 6 дугаар сарын 10-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 1407 дугаартай тогтоол гарч, намайг ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй, хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгосон дипломыг хуурамчаар үйлдээгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

Хэрэг хаагдсан тул дахин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхээс “Мийн зүгээс прокурорын тогтоолд гомдол гаргах эрхтэй тул эрүүгийн хэрэг бүрэн дууссан гэж үзэх боломжгүй” гээд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 181/Ш32019/11464 дугаартай захирамж гарган, дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг хүлээн авахаас татгалзсан Улсын Ерөнхий прокурорын мэдэгдэл гарсан тул шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хандсан боловч мөн л хүлээн авахаас татгалзсан. Миний бие мэдэгдлийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авч чадаагүй тул шүүхэд энэ тухайгаа мэдэгдэж, дахин 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар одоо хэрэг хэлэлцэгдэж байна.

Миний докторын зэрэг хамгаалсан сургууль нь ОХУ-ын яамны харьяа бус боловч статус ижил өөр байгууллага юм. Манайхаар бол Хүмүүнлэгийн их сургуульд доктор хамгаалсан хүнийг Миас лавлаад байгаатай л ижил зүйл болоод байна. Миний докторын зэрэг хамгаалсан сургуульд Монгол улсаас 200 хүн доктор хамгаалсан байдаг.

М нь Улсын ерөнхий прокурорт хүртэл гомдол гаргасан ч гомдлууд нь үндэслэлгүй болох нь тогтоогдож, улмаар тэрхүү хэргийг эрүүгийн журмаар шалгаж, дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл, миний бие гэм буруугүй болох нь, гэмт хэрэг үйлдээгүй болох нь, хуурамч диплом ашиглаж, Мд худал мэдээлэл өгөөгүй болох нь тогтоогдсон тул энэ хугацаанд зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэхийг хүсэж байгаа юм.

Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн цалин орлогогүй болж, хууль шүүхийн байгууллагаар маш их явж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш их хохирлоо. Энэ нь зөвхөн Я.Төмөрбаатар гэх хүний хувийн хандлага, дээрэнгүй байдлаас болж байгаа гэхээр жирийн эрдэмтэн, судлаач, багш хүний хувьд бүр ч гомдолтой байгаа юм.

Ажил олгогч намайг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм байна. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5.2-т нэрлэн заасан байдаг ч түүнд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, зөрчил гаргасан гэж үзсэн ч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох хуулийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцэхгүй байгаа.

Хариуцагч нь Жг хуурамч диплом ашиглаад нэмэгдэл цалин авч байгууллагыг хохироосон гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Гэвч хуурамч биш болохыг цагдаа тогтоосон. Нэхэмжлэгчид 061 тоот дипломыг гардуулсан болохоо баталж, ОХУ-ын Боловсролын яам албан бичиг ирүүлсэн байдаг. Хариуцагч байгууллага нь дипломыг хуурамч эсэхийг тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу. Зүй нь дипломыг хуурамч эсэхийг шалгаад тогтоогдвол ажлаас чөлөөлөх ёстой байсан байх. Хэрэв Ж дипломыг хуурамчаар үйлдсэн байдаг бол 2004 оноос хойш маш их хугацааны дараа тушаал гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй байгаа юм.

Иймд Жг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин буюу ажилгүй байсан 2018 оны 5 дугаар сарын 02-оос 2020 оны 5 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацааны 509 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор миний тооцоогоор 60,134,278 төгрөг болж байх тул үүнийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М болон Ж нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б/363 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулагдсан байдаг бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “....“Багшийн хувийн хэрэгт бүрдүүлэх ёстой хувийн болон боловсролын тухай мэдээллийг загварын дагуу үнэн зөв, бүрэн, хугацаанд нь бөглөж өгөх, мэдээллийн системд оруулах, өөрчлөлтийг журамд заасан хугацаанд оруулах...” үүрэгтэй гэж ажилтны байгууллагын өмнө хүлээх үүргийг зааж өгсөн.

Мөн Мийн Багшийн ёс зүйн дүрэмд зааснаар “...Багш нь эрдэм мэдлэг, үнэнийг эрхэмлэж, эдгээрийг бусад эрх ашиг, сонирхлоос ямагт дээгүүр тавих, үнэнч, шударга зарчимч, хариуцлагатай, эрдмийн чин шударга байдлыг эрхэмлэн бүтээлчээр хамтран ажиллах үүрэгтэй...”, мөн “... Багшид мэргэжил, мэргэшлийн мэдлэг чадвартай холбоотой материалаа нуун дарагдуулах, худал мэдүүлэг хийхийг хориглосон байна...” гэж тус тус журамлан заасан байдаг.

Мийн захиралд нэр бүхий иргэнээс Мийн Шинжлэх Ухааны сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Жн боловсролын талаарх мэдээлэл болон шинжлэх ухааны доктортой холбоотой хуурамч бичиг баримтаар докторын зэргийн нэмэгдэл авч байгаа гэх агуулга бүхий мэдээлэл ирүүлсний дагуу Мийн захирлын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/169 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарч гомдол, мэдээлэлтэй холбоотой асуудлыг судлан үзэж дүгнэлт гаргасан байна.

Тодруулбал, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13-1396 дугаартай Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ирүүлсэн албан бичигт “...Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр Жанцангийн Бат-Ирээдүйд хэл шинжлэх ухааны докторын зэрэг олгож, ДНМ00061 дугаартай дипломыг гардуулсан бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаа нь шинжлэх ухааны болон шинжлэх ухааны сурган хүмүүжүүлэх ажилтнуудын аттестатчилах хорооны үйл ажиллагаатай хамааралгүй ба олгосон диплом нь улсын чанартай баримт бичигт хамаарахгүй... ” гэж дурдагдсан байсан тул үүнийг тодруулахаар ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийх тушаал гарсан болно.

Дээрх захирлын тушаалын дагуу Мийн Шинжлэх Ухааны сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Жн боловсролын талаарх мэдээлэл нь үнэн зөв эсэх, хэрэв хуурамч бичиг баримт байгаа бол байгууллагад хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээг зөв нягтлан шалгаж тогтоох ажлын хэсгийг Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Б.Баяртогтох, Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Отгонбаатар, Дотоод, хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд уг асуудлаар ажлын хэсэг 2 удаа хуралдаж дүгнэлт гаргасан байсан.

Ийнхүү ажлын хэсгийн холбогдох хүмүүс Мийн Шинжлэх Ухааны Сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Жн боловсролын талаарх мэдээллийг судлан түүний өөрийн бөглөсөн анкет зэрэг холбогдох хувийн хэргийг шалгаж үзэхэд Шинжлэх Ухааны докторыг 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ДН№00061 дугаар Оросын Холбооны улс, Москва хотод эзэмшсэн гэх байдал нотлогдсон, мөн түүнтэй өөртэй нь уулзалт хийх үеэр 2004 оны 11 сард Орост байдаг “World information university” буюу Орос, Бельгийн хамтарсан сургуульд докторын зэргийг хамгаалж байсан гэх зэрэг тайлбарыг өөрөө өгч байсан юм.

Хэрэв ОХУ-д Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах шинжлэх ухааны эрх бүхий байгууллагаас зохих дүрэм, журмын дагуу докторын зэрэг хамгаалсан тохиолдолд хамгаалалтыг хүчин төгөлдөрт тооцож, диплом олгож баталгаажуулахад докторын зэрэг горилогчийн хувьд ихээхэн цаг хугацаа шаардагдахаар байсан. Гэтэл Ж нь 2004 оны 11 дүгээр cap буюу докторын зэрэг горилох хамгаалалтын үед Мийн МХСС-ийн профессорын ажлыг эрхлэн гүйцэтгэж байсан байх ба ОХУ-д шинжлэх ухааны докторын зэргийн хамгаалалтын ажилд зориулан тэрээр урт болон богино хугацааны томилолтоор явсан зэрэг баримт байхгүй боловч ОХУ-ын Москва хотод 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр ОН№00061 дугаартай шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан гэх үнэмлэхтэй байсан болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, хууль бусаар докторын зэрэг хамгаалсан гэж үзэх үндэслэл болсон юм.

Уг нөхцөл байдлыг тодруулахаар ажлын хэсэг Орост байрлах Орос, Бельгийн хамтарсан сургуулийн доктор хамгаалах зөвлөлийн дүрмээр нэг хувийг номын санд өгдөг тул Жн нэр дээр онлайн хайлт хийхэд түүний нэр дээр хайлт илрээгүй бөгөөд харин бусад багш нарын хайлт илэрч бүтээл нь гарч ирж байсан. Харин Бельгийн дипломыг судлаад өргөмжлөл гэж тооцсон, сертификат байсныг олж илрүүлсэн байдаг.

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр Мийн Шинжлэх Ухааны Сургуулийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Жн хувийн хэрэгт бүрдүүлсэн бичиг баримт, сургуулийн архиваас авсан санхүүгийн болон бусад холбогдох баримт, тушаалууд, Оросын Холбооны Улсын Боловсролын Яамны 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13-1396 дугаар албан тоотод үндэслэн “...хуурамч бичиг баримт ашиглаж байгууллагад 4,359,820.12 төгрөгийн бодит хохирол учруулсан, мөн Б/363 тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.2-т заасан “...Багш Мийн Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц “...Байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн” гэх ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Мийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 дугаартай тушаал гарч Жг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй юм.

Захирлын Б/193 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцлах...”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан....”, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1 гэж заасныг тус тус удирдлага болгон хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5.1, 5.5.2(1)-т заасан “Ноцтой” зөрчлийг гаргасан гэж үзэн Жг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Ноцтой зөрчил гаргасан гэж үзэх болсон үндэслэл нь ажлын хэсгийн дүгнэлт байсан, уг дүгнэлтээр зөрчлүүд илэрсэн учраас хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон. Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргахын зэрэгцээ цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Цагдаагийн байгууллага гомдлыг шалгаад дипломыг хуурамчаар үйлдээгүй, харин тухайн диплом Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх асуудлыг цагдаа тогтоохгүй гэсэн хариу өгсөн байдаг.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж нь хариуцагч “М” ТБАГУТҮГ /цаашид “МУИС” гэнэ/-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл /гомдол/ гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Жг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, 132 дугаар зүйлийн 132.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 4.2.2, 5.3.1, 5.3.2, 9.2/3/, Хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 5.1, 5.5.1, 5.5.2/1/, 5.6 дахь заалтууд болон Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/169 дүгээр тушаалаар багуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн “Ж нь өөрийн боловсролын тухай мэдээллийг байгууллагадаа үнэн зөв, шударгаар гаргах үүргээ зөрчиж, ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Шинжлэх ухааны докторын зэргийн боловсролын дипломыг ашиглаж, МУИС-аас шинжлэх ухааны докторын нэмэгдэл болон профессорын нэмэгдлийг 2005 оноос хойш үндэслэлгүйгээр авсны улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан болохыг ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон” үндэслэлээр түүнийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон МИУС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл тогтоогдсон тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/02049 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

МУИС-ийн гаргасан “2005 оноос хуурамч боловсролын үнэмлэх ашиглаж, эрдмийн зэргийн нэмэгдэл авч, байгууллагад 4,359,820 төгрөгийн хохирол учруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1407 тоот тогтоолоор Жд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Уг тогтоолд МУИС-ийг төлөөлж гаргасан М.Нармандахын гомдлыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 253 дугаар тогтоолоор, мөн Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/761 тогтоолоор тус тус хүлээн авахаас татгалзсанаар хэрэг бүртгэлтийн хэрэг нэг мөр дуусгавар болсон байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг МУИС-аас Улсын Ерөнхий прокурорын газарт гаргасан үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2019/11464 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, дахин 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж дуусгавар болгосон баримт хавсаргаагүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2020/00109 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж, дахин 4 дэх удаагаа буюу 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн журмаар шалгаж байсан хэрэг дуусгавар болсон нь шүүхэд нэхэмжлэлийг хянан хэлэлцэж болохгүй үндэслэл арилсан гэж шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар одоо хэлэлцэж байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд тогтоосон журмаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа буюу шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсоноос шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зэргээр шийдвэрлэж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар шинээр тоолох үндэслэл болсон тул 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн гомдлын энэ шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэв.

Хариуцагч тал энэ талаар тайлбар гарган мэтгэлцээгүй болно.

Иймд шүүх Жн гаргасан гомдлын үндэслэлийг хянан хэлэлцсэн болно.

ОХУ-ын Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр Жд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгож, ДН№00061 дугаартай дипломыг олгосон, энэ дипломыг үндэслэн МУИС-ийн захирлын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар цалингийн 20 хувийн нэмэгдэл буюу 2004 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл 1,926,698.91 төгрөгийн, шинжлэх ухааны докторын зэргийн бичиг баримтыг үндэслэн МУИС-ийн захирлын 2006 оны 9 дүгээр сарын 01-ний 426 дугаар тушаалаар дэд профессорын нэмэгдэл буюу 2018 оны 3 дугаар сарын байдлаар нийт 2,433,121.21 төгрөгийн нэмэгдлийг тус тус олгосон үйл баримт хэргийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь уг дипломыг улсын чанартай шинжлэх ухааны докторын зэрэг олгосон диплом биш байхад энэ тухай мэдээллийг байгууллагадаа үнэн зөв, шударгаар гаргах үүргээ нэхэмжлэгч зөрчиж, ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Шинжлэх ухааны докторын зэргийн боловсролын дипломыг ашиглаж, МУИС-аас шинжлэх ухааны докторын нэмэгдэл болон профессорын нэмэгдлийг 2005 оноос хойш үндэслэлгүйгээр авсны улмаас байгууллагад 4,359,820 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 тоот тушаалд үндэслэсэн заалтуудыг судлан үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 “хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогчийн санаачилгаар цуцлах”, 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 131 дүгээр зүйлийн 131.1.3 “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах”, 131.2 “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах”, 132 дугаар зүйлийн 132.1 “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх”,

-Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1 “ажил олгогчийн хариуцлага хүлээлгэх эрх хэмжээ”, 4.2.2 “хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох ажил олгогчийн эрх”, 5.3.1 “хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох нийтлэг журам”, 5.3.2 “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоход ажил олгогч шийдвэр гаргах”, 9.2/3/ “хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан багшид ...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах”,

-Хөдөлмөрийн гэрээний 2.2.1 “ажил олгогчийн эрх”, 5.1 “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл”, 5.5.1 “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлүүд бий болбол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах”, 5.5.2 /1/ “багш байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон бол уг зөрчлийг ноцтой зөрчилд тооцох”, 5.6 “ажил олгогч гэрээг дуусгавар болгох үед шалтгааныг тодорхой зааж, хуульд заасан хугацаанд нөгөө талд бичгээр мэдэгдэх” зэрэг зохицуулалтуудыг үндэслэжээ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхэд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх нь талуудын хооронд үүссэн энэхүү маргааныг шийдвэрлэх гол үндэс гэж үзэхээр байна.

Шүүх МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/193 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2-т нийцээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна.

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан гэх өөрийн боловсролын тухай мэдээллийг байгууллагадаа үнэн зөв, шударгаар гаргах үүргээ зөрчсөн зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 3.1.3 “Багшийн хувийн хэрэгт бүрдүүлэх ёстой хувийн болон боловсролын тухай мэдээллийг загварын дагуу үнэн зөв, бүрэн, хугацаанд нь бөглөж өгөх, мэдээллийн системд оруулах, өөрчлөлтийг журамд заасан хугацаанд гаргах үүргийг хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарлаж, энэ заалтыг хөдөлмөрийн гэрээний 5.5.2 /1/-д заасан байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэсэн заалтад хамаатуулан татгалзлаа дэмжиж байна.

1.1. Хэргийн баримт, талуудын маргаагүй тайлбараар ОХУ-ын Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр Жд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгож, ДН№00061 дугаартай дипломыг олгосон, уг диплом хуурамч биш болох нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тогтоогдсон тул хариуцагч байгууллагад гаргасан хувийн хэрэгт нэхэмжлэгч нь өөрийн боловсролын мэдээлэлдээ “шинжлэх ухааны доктор” зэрэгтэй гэж бичиж, боловсролын дипломын хуулбарыг гарган өгсөн явдлыг худал мэдүүлсэн, шударга бус хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

1.2. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 3.1.3 дахь заалтыг уг гэрээний 5.5.2/1/-д хэт ерөнхий байдлаар томьёолон заасан “байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журам зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно” гэсэн заалтад шууд хамаатуулан нэхэмжлэгчийг “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, талууд хөдөлмөрийн гэрээгээр чухам ямар дүрэм, журамд заасан хориглосон, эсхүл үүрэг болгосон ямар зохицуулалтыг зөрчвөл уг зөрчил ноцтойд тооцогдох талаар харилцан тохиролцож тодорхойлох, энэ талаар бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан байж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлийг ажил олгогч гаргаж тавих боломжтой юм.

Иймд хөдөлмөрийн гэрээний 3.1.3 дахь заалтыг талуудын тохиролцож, тодорхойлсон ноцтой зөрчилд шууд хамаатуулах үндэслэлгүйн зэрэгцээ уг заалтыг нэхэмжлэгч зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул тушаалын энэ хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй гэж дүгнэв.

Хоёр.ОХУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй ШУ-ны докторын зэргийн боловсролын дипломыг ашиглаж, МУИС-аас шинжлэх ухааны докторын нэмэгдэл болон профессорын нэмэгдлийг 2005 оноос хойш үндэслэлгүйгээр авсны улмаас байгуулагад эд хөрөнгийн хохирол учруулсан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг шүүх мөн адил үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, нэхэмжлэгчид докторын зэрэг олгосон ДН№00061 дугаартай дипломыг ОХУ болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдмийн зэрэг олгосон баримт мөн эсэх, үүний үндсэн дээр нэмэгдэл олгох үндэслэлтэй эсэхийг докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хариуцагч байгууллага өөрөө хянаж, шийдвэрлэх бүрэн боломжтой, нэмэгдэл олгохгүй байх эрх нь өөрт нь байсан тул нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн эс үйлдэхүйг нэхэмжлэгчид нялзаах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, ажилтанд цалин, хөлс, нэмэгдэл олгох эсэх асуудал нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд ажилтанд нэмэгдэл олгох бүрэн үндэслэл тогтоогдсон эсэхийг ажил олгогч өөрөө хянан шалгаж шийдвэрлэдэг тул МУИС-аас бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон нэмэгдлийг авсан Жг үндэслэлгүйгээр ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэх нь учир зүйн алдаатай болно.

Иймд тушаалын энэ дүгнэлтийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн болно.

Шүүх уг маргааныг шийдвэрлэхэд ОХУ-ын Мэргэжлийн аттестацийн комиссын 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 37 тоот шийдвэрээр Жд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг олгосон ДН№00061 дугаартай диплом нь улсын чанартай баримт бичиг мөн эсэхэд дүгнэлт хийх нь ач холбогдолгүй гэж үзсэнийг, түүнчлэн Жн 2004 онд гаргасан боловсролын тухай мэдээлэл үнэ зөв эсэхийг, докторын зэрэг олгосон диплом нь Монгол Улсад эрдмийн зэрэг олгосон баримтад тооцогдох эсэхийг тухайн цаг хугацаанд нь шалгаж, асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ажил олгогч 13 жил 5 сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр тушаалыг хуульд нийцээгүй гэх дүгнэлтэд хүрсэн тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоов.

Нэхэмжлэгч нь МУИС-д “ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор” ажлын байранд сарын 2,336,400 төгрөг /2018.02, 03, 04 сарын цалин/-ийн дундаж цалин хөлстэй ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараараар тогтоогдож байх тул Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу тооцож гаргасан түүний дээрх дундаж цалин хөлснөөс ажилгүй байсан 24 сар 10 хоногийн олговрыг тооцож, хариуцагчаас 57,160,298 төгрөг /2,336,400төг/21,5х10+(2,336,400х24)/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Жн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-ийн удирдлагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Жг МУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессорын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорт МУИС-аас 57,160,298 төгрөг гаргуулж Жд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Жн ажилгүй байсан бүх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг МУИС-ийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 443,751 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА