Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/85

 

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш Б холбогдох эрүүгийн 2317000000087 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Г.. аймгийн А.. суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Г.. аймгийн С.. сумын .. дугаар баг, Ц.. у. гэх газар оршин суух, урьд 1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар, 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 1994 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогт Ш.. Б... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ш.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Цагаан Ус гэх газарт эхнэр Ө.О түүнийг гэр лүүгээ авч явах гэхэд дургүйцэн толгойн үснээс үсдэж дарах, толгой болон зүүн баруун гар луу нь удаа дараа гараараа цохих зэргээр зодож бие махбодид нь баруун гарын алганд, баруун гарын эрхий хуруунд урагдсан шарх, зүүн бугалганд, зүүн шуунд, толгойд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/

3. Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 8 цагийн үед би зэлэн дээрээ үхэр саагаад байж байтал Б Мх руу явж мал хийчихээд ирье гээд явсан.  10 цаг өнгөрөхөд Б гэртээ ирэхгүй байхаар нь Охиноо эгчийг дагуулаад М гэр лүү явсан. Б нэг хонь хийгээд гэдсийг нь гаргасан байсан. Мөн нэг ямаа цохиод унагаасан байсан. Би наад ямаагаа гаргаад гэр лүүгээ харъя, үхэр тугал нийлэх гээд байна гэсэн. Тухайн үед Б архи уусан халамцуу байсан. Б над руу гэнэт уурлаад намайг элдэв бусаар хараасан. Би болъё гэж бодоод гэр лүүгээ алхаж байтал араас Б дагаж ирээд надтай хэрэлдээд намайг татаж чангаагаад муудалцсан. Охиноо эгчийг явсны дараа Б намайг үсдэж газар дараад миний толгой болон зүүн, баруун гар луу гараараа хэд хэдэн удаа цохисон. Би алгаараа газар тулж байгаад үзүүртэй чулуунд гараа эвгүй зүссэн. Тэгээд би арай гэж Баас зугтаад гэртээ ирж ээж Т-д болсон явдлын талаар хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн. Миний баруун алга шалбарч оёдол тавиулсан, зүүн гарын бугалга, шуу хөхөрсөн, толгой хавдсан. Өмнө нь Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б нь зан байдлын хувьд хэнэггүй, төлөв даруу, ажилсаг, хөдөө мал дээр байх дуртай хүн. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, байнга архи уудаггүй, архи уухаараа ширүүн зантай болдог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15, 17 хуудас/

            4. Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өглөө 9-10 цагийн үед Б мотоциклоо унаад айлд мал хийж өгнө гээд явсан. Би гэртээ ойр зуурын ажлыг хийгээд байж байтал Быг авч ирнэ гээд О 11 цагийн үед Охиноотой хамт Бы араас явсан. 14 цагийн өнгөрч байхад О гаднаас орж ирсэн бөгөөд Оийн гар цус болоод хавдчихсан байсан. Би юу болсон талаар Оээс асуутал Б намайг зодсон гэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн. О гэрээс гарахдаа гэмтсэн зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/

5. Гэрч И.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Үхрээ сааж дуусаад О хоёулаа яваад Быг аваад ирье та надтай цуг явах уу гэхээр нь би зөвшөөрөөд Оийг хамт Монголоо гэх айлын гэрт очсон. Б, М гэрт мал гаргаад байж байсан. Би М гэр лүү орсон. Гэнэт гадаа хүн орилох чимээ гарахаар нь гараад хартал Б Оийг зодох гээд дайраад байгаа харагдахаар нь би гүйж очоод салгах гэтэл Б надад дийлдэхгүй байсан. О үхэр, тугал нийлэх гээд байна хоёулаа явъя гэтэл Б явахгүй гээд уурлаад О рүү дайраад байсан. О надад хандан эгчээ та гэртээ хариад байж бай гэхээр нь би гэр лүүгээ явсан. Түвээжий гуайн гэр лүү ороход О гэртээ ирсэн гар нь цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дүгээр дүгнэлтэнд: “Ө.Обиед баруун гарын алганд, баруун гарын эрхий хуруунд урагдсан шарх, зүүн бугалганд, зүүн шуунд, толгойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023 оны 08 дугаар сарын 27-нд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун гарын алганд, баруун гарын эрхий хуруунд урагдсан шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуунд, толгойд цус хуралт гэмтлүүд нь тус бүртээ “Шүүхийн эмнэлгийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.” 

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 32-33 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 52-71 хуудас/ зэрэг болно.

Шүүхийнхэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ш.Быг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ш.Бы гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Ө.Онь хохирол нэхэмжлээгүй нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Ө.Оэмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох нийт 155 000 төгрөгийг шүүгдэгч Ш.Баас Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор тогтоолоо.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ш.Бы хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ш Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ш.Баас 155 000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БАТТУЛГА