| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2020/00368/И |
| Дугаар | 181/ШШ2020/00959 |
| Огноо | 2020-04-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2020/00959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж ” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э/РД /,
Хариуцагч: “И” ХХК/РД: /-д тус тус холбогдох,
2 122 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г.Э, “ И” ХХК нар нэхэмжлэгч “Ж ” ХХК үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 1,415,200 төгрөгийг төлж, барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан.
Гэвч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Төлбөр барагдуулах гэрээний 2.4-т төлбөр төлөгч тал гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлбөр авагч талд төлнө гэсний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 714,676 төгрөгийн алданги тооцогдож, Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн хуулийн зохицуулалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн /1,415,200 төгрөг/ 50 хувиар тооцож 707,600 төгрөгийн алданги үүсгэсэн болно.
Хариуцагч Г.Э, “ И” ХХК нараас Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 1,415,200 төгрөг, алдангид тооцсон 707,600 төгрөг, нийт 2,122,800 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Гантулга овогтой Э нь 1984.09.09-нд Говь-Алтай аймагт төрсөн.
2018 оны 10-р сарын 01-ний өдрөөс СБД-ийн 4-р хороо 48-р байрны 01 тоотод үйл ажиллагаа явуулдаг И ХХК-ийн И ресторанд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн болно.
Ажиллах явцдаа нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарийн дагуу бараа нийлүүлдэг бэлтгэн нийлүүлэгч компаниудтай тооцоо нийлж, гарын үсэг зурах гэх мэт үйл ажиллагаа хийдэг байсан ба нэхэмжлэгч байгууллага Жем интернешнл ХХК-тай нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарийн дагyy тооцоо нийлж, өр төлбөрийг төлөх гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Г.Э би Жем интернэшнл ХХК-тай иргэний хувьд худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн өөрийн хувийн хэрэглээнд бараа аваагүй, зөвхөн “ И” ХХК-ийн И ресторанд бараа авч тооцоо нийлж, компаний төлбөрийн үлдэгдэлийг баталгаажуулсан болно.
Г.Э гэдэг хүний зүгээс “Ж ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарийн дагуу л тооцоо нийлж гарын зурсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэх талыг тухайн хэрэгт хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Мөн компаний өр төлбөрийг нягтлан бодогчоор ажиллаж байсан ажилтнаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ж ” ХХК хариуцагч Г.Э, “ И” ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэгт 1 415 200/нэг сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг, алдангид 707 600/долоон зуун долоон мянга зургаан зуу/ төгрөгийг, нийт 2 122 800/хоёр сая нэг зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Э нь нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарийн дагуу л тооцоо нийлж гарын зурсан гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Г.Э, “ И” ХХК-д холбогдуулан нийт 2 122 800/хоёр сая нэг зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “ И” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ үйлдсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Этай Гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шар айрагны үлдэгдэл төлбөр болон алданги нийт 2 122 800/хоёр сая нэг зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Тус Гэрээнд хариуцагч Г.Э гарын үсэг зурж, “ И” ХХК-ийн тамгыг дарсан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.
Гэрээг үйлдэх үед буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Г.Э нь “ И” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг байсан болох нь № А000180699 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь “ И” ХХК-д шар айраг нийлүүлдэг байсан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь “ И” ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ...”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө ... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э нь зөвхөн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх ба “ И” ХХК-ийн үүргийг хүлээхгүй болно.
Нэхэмжлэгч нь “ И” ХХК-д шар айраг нийлүүлдэг байсан байх ба Гэрээг иргэн Г.Э байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрт 1 415 200/нэг сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг, алдангид 707 600/долоон зуун долоон мянга зургаан зуу/ төгрөгийг, нийт 2 122 800/1415200+707600=2122800/ /хоёр сая нэг зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас нийт 2 122 800/хоёр сая нэг зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ