Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Б-ын Мд холбогдох эрүүгийн 2317000000090 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Политехник коллежид багш ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .......-р баг, ........ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Т овогт Б-ын М /РД:....................../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн гадаа Т.Хтэй хувийн таарамжгүй харилцаа буюу түүнийг өөрийн хуучин эхнэр Б.Атай хардаж, улмаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөх, газарт унагаах, цээж мөр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь баруун дээд талын дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстын шарх, доод уруулын салстын өнгөц няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хохирогчийг танина. Урд нь манай эхнэрийг элдэв бусаар хэлж байсан. Өмнө өөрт нь сануулж байсан. Өмнө нь хий хардсан удаа бий. Өөрөөс нь ажил дээр нь очоод за ахыгаа уучлаарай, хий хардаж байсан байна гээд уучлалт гуйсан. Тэгэхдээ чи цаашдаа ахынхаа уурыг хүргэх зүйл битгий хийгээрэй гэж хэлж байсан. Ажлын хүмүүсийнх нь хажууд уучлалт гуйсан. 06 дугаар сараас шөнө эхнэр лүү яриад, мөнгө төгрөг нэхээд, наадмын үеэр сүүлдээ 08 дугаар сарын дундуур шөнө над руу залгаад та чинь баян биздээ мөнгө өгчих гээд шөнө 02:00, 03:00 цагт хүртэл согтуу залгаж байсан удаатай. Манай хадам ээж хүртэл мэдэж байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, миний буруу. Дахин ийм асуудал гаргахгүй гэв.

2. Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын орчим би коллежийн гадаа Э ахтай уулзахаар Билгүүн гээд ажлын газрын залуутай зогсож байтал коллежоос М гараад ирсэн. Тэгээд би Мтай мэндлээд гар барьсан чинь М надтай инээж гар барьж байснаа миний гарнаас татаад нүүр лүү толгойгоороо 1 удаа хүчтэй мөргөсөн. Мд мөргүүлснээс  үүдэн би манараад зогсож байтал М миний цамцнаас татаад газар унагаад хөлөөрөө 2-3 удаа цээж мөр лүү өшиглөсөн. Мд зодуулснаас үүдэн дээд 4 шүд хөдөлсөн, уруул сэтэрч хавдсан. Тухайн үед надтай цуг байсан Б Мг салгасан. Гэтэл М надад хандаад чамайг ална гэсэн тэгээд би тэндээсээ шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Т.Х аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 90 000 төгрөгийн зардал гарсан байна. Тус 90 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

4. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...М өмнө нь ганц нэг удаа намайг Хтэй хардах асуудал гардаг байсан. Мгийн хувьд их хартай бөгөөд манай ажлын газрын бүжиг ангид Х ганцаараа эрэгтэй болохоор Хтэй намайг харддаг болсон байх. ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

5. Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 215 дугаар дүгнэлтэнд:

Т.Хгийн биед баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстын шарх, доод уруулын салстын өнгөц няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2023.08.31-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 27 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 49 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.М нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн гадаа Т.Хтэй хувийн таарамжгүй харилцаа буюу түүнийг эхнэр Б.Атай хардаж, улмаар түүний нүүр лүү толгойгоороо мөргөх, газарт унагаах, цээж мөр лүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь баруун дээд талын дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстын шарх, доод уруулын салстын өнгөц няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Х, гэрч Б.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 215 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Б.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.М  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлийн хардалтаас  үүдэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.М нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Б.Мгийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Харин хохирогч Т.Хгийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалсангаас 90000 /ерэн мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 90000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2317000000090 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна. Хохирогч Т.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, КБ-1 бичлэг гэсэн шүүгдэгч Б.М хохирогчийг зодож буй дүрслэл бүхий СД 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг  500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2- т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн КБ-1 бичлэг гэсэн шүүгдэгч Б.М хохирогчийг зодож буй дүрслэл бүхий СД 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 90000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ