Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0089

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын

иргэн R Q-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Ц.О

Гомдол гаргагч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн R Q

Хариуцагч:  Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ц.О

Нэхэмжлэлийн шаардлага: Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.О-ийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2025/0024 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагч Ц.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 115/2025/0027/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн R Q-аас “Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.О-ийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 115/ШШ2025/0024 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R Q-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Замын-Үүд дэх Гаалийн газрын, гаалийн улсын байцаагч Ц.О-с 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №00***** дугаартай Шийтгэлийн хуудас-аар БНХАУ-ын иргэн R Q-ээс 20,000 америк долларыг хураасныг 15,825 америк доллар гэж, 10,778,340 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг 8,528,340 төгрөг гэж тус тус төлбөрийн хэмжээг багасгаж, илүү хураасан 4,175 америк доллар, торгох шийтгэлийн зөрүү 2,250,000 төгрөгийг гомдол гаргагч БНХАУ-ын иргэн R Q-д буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Ц.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “... Зөрчлийн тухай хуулийн 2.1.2. “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, Зөрчилд холбогдсон эд зүйл барааг хуулийн хүрээнд цогцоор авч үздэг энэ нь Зөрчлийн тухай хуулийн 4.2.4. “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар "Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ", Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар "Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэж тус тус заасан.

3.2. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 "Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ", 57 дугаар зүйлийн 57.2.2-т "Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх", Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 "Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ", Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно" зэрэг гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

3.3. Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д "Гаалийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг эрхээс гадна дараахь эрх эдэлнэ" гээд 274.1.7-д "гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх", Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" зөрчлийн бүрэлдэхүүнтэй байсан тул тус хуулийн зүйл заалтын дагуу хуулиар хүлээсэн үүрэг, эрхийн дагуу шийдвэрлэсэн.

3.4. Гэтэл анхан шатны шүүхээс зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгээс мэдүүлэх шаардлагагүй 15 саяыг хасаж тооцно гэсэн заалт байхгүй байхад хасаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дахь заалт"... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..." гэх үндэслэлтэй байна.

3.5. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 115/ШШ2025/0024 дугаар шийдвэрийн 15 сая төгрөгийг хасаж тооцсон хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Замын үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.О 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудсаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн R Q нь 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр экспортын зорчигчийн гарах хэсэгт зорчиж явахдаа 20.000 ам долларыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 10.778.340 төгрөгөөр торгож, 20.000 ам долларыг хураан авч улсын орлого болгожээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд Замын-үүд дэх Гаалийн газрын зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлтийн албаны гаалийн улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг шүүхэд гаргажээ.

3. Анхан шатны шүүх шийдвэртээ: “... шүүхийн хэлэлцүүлгийн явцад дүрс бичлэг бүхий CD-нд хийсэн үзлэгээр гомдол гаргагч R Q нь рентгенээр нэвтэрсний дараа хариуцагчаас биед нь шалгалт хийх явцад R Q биеийн бүсэлхий хэсэгт цамцан дотуураа 2 боодол америк долларыг 2 талын бөөрөн тус хэсэгтээ 1, 1-ээр нуусан байсан, тодруулбал гомдол гаргагч нь хариуцагчаас төхөөрөмжөөр биеийн гаднаас шалгаж, улмаар хувцасны гаднаас гараар тэмтрэн, гадуур хүрэмний цахилгааныг тайлах үед дотуур цамцаа дээш нь сөхөж биедээ нуусан валютыг үзүүлснээр зөрчил илэрсэн бөгөөд Монгол улсын хилээр 20.000 ам доллар буюу гадаад валютыг гаальд мэдүүлэхгүйгээр биедээ нуун далдалж нэвтрэхийг завдсан буюу гаальд үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, ... R Q-д Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй... харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан ... шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-д зааснаар гомдол гаргагчийг гаальд мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн валют болох 20.000 америк долларыг бүхэлд нь хурааж, зөрчилтэй америк долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10.778.340 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байх тул ... гадаад валютын болон торгох шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна ... тодруулбал гомдол гаргагч R Q -ийг 15.000.000 төгрөг хүртэл хэмжээний бэлэн валютыг гаальд мэдүүлэхгүй байх эрхтэй гэж үзэх бөгөөд 20.000 америк долларын 15.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний валют зөрчилтэй валютад тооцогдохгүй гэж үзэх үндэслэлтэй” гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дах хэсэгт зааснаар ... шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж илүү хураасан 4175 америк доллар, торгох шийтгэлийн зөрүү 2.250.000 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгохыг даалгаж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ц.О давж заалдах гомдолдоо: “...Зөрчлийн тухай хуулийн 2.1.2-т “ Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, Зөрчилд холбогдсон эд зүйл барааг хуулийн хүрээнд цогцоор нь авч үздэг энэ нь Зөрчлийн тухай хуулийн 4.2.4-т “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно”, ... гэтэл анхан шатны шүүхээс зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгээс мэдүүлэх шаардлагагүй 15.000.000-ыг хасаж тооцно гэсэн заалт байхгүй байхад хасаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5 дах заалт “... хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн...” гэх үндэслэлтэй байна... иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 115/ШШ2025/0024 дугаар шийдвэрийн 15 сая төгрөгийг хасаж тооцсон хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргажээ.

5. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр  зүйлийн 22.1 дэх хэсэгт “гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” , Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Зорчигч 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ”, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “бараа гэж хилээр нэвтрүүлэх ... валютыг ойлгохоор “, 55 дугаар зүйлийн 55.1-т “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”, 55.3-т “Мэдүүлэгч нь энэ хуулийн 55.1-т заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч ... хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ”, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр нэвтрүүлнэ” , Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 5.5-д “Дараах бараатай зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад бичгээр мэдүүлнэ”,  5.5.2-т “15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют” гэж хууль болон журамд гаалийн хилээр гадаад валютыг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

6. Гомдол гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний хувьд дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн болохыг хариуцагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллаганы явцад цуглуулсан нотлох баримтууд болон CD бичлэг зэргээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1- дэх хэсэгт заасныг зөрчсөн үйл баримт хангалттай нотлогдсон гэж дүгнэхээр байна.

7. Хариуцагчийн зүгээс гомдол гарагчид Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулахдаа гомдол гаргагчийн гаальд мэдүүлэхээс зайлсхийсэн валют болох 20.000 америк долларыг бүхэлд нь хурааж, 20.000 америк долларын 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10.778.340 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.  Тухайлбал:

8. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Валютын зохицуулалтын тухай хууль, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан журамд 15 саяаас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг бэлнээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэхээр хууль болон журамд зохицуулсанаас харахад 15 саяаас дээш төгрөг эсхүл гадаад валютыг гаалийн мэдүүлэгт мэдүүлэхээр зохицуулсан байна.

9. Дээрх хуулийн зохицуулалтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн R Q нь 20.000 америк долларыг улсын хилээр нэвтрүүлэхдээ 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 4175 долларыг гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль болон журамд улсын хилээр нэвтрүүлэх монгол төгрөг болон гадаад валютын үнийн дүнгийн хязгаар тавьсан энэ тохиолдолд гомдол гаргагчийн зүгээс 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 4175 долларыг заавал гаальд мэдүүлэх шаардлагагүй. Энэ талаар хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж шийдвэрлэв.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн байна.

11. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт илүү хураан авсан 4715 доллар болон торгох шийтгэлийн зөрүү 2.250.000 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

12. Учир нь гомдол гаргагч нь хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаарсарын 16-ны өдрийн 115/ШШ2025/0024 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... илүү хураасан 4175 америк доллар, торгох шийтгэлийн зөрүү 2.250.000 төгрөгийг гомдол гаргагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн  R Q-д улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                         Л.ОДБААТАР