Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 62

 

 

      

           

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

хохирогч Б.Хандсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч М.Хүрэлчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маанийн Хүрэлчулуунд холбогдох эрүүгийн 201619000779 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1986 оны 11 сарын 19-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Маанийн Хүрэлчулуун /РД:НЬ86111974/

 

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

  Шүүгдэгч М.Хүрэлчулуун нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлан 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын төвд Б.Хандсүрэн, Х.Бадрах нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

 Шүүгдэгч М.Хүрэлчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 06-нд би найзындаа очиж нэг шил архи уучихаад нилээд согтсон. Тухайн үед  эхнэр хүүхэд манай ахынд байсан. Би хүний мотоцикль унаж очоод эхнэртээ агсам тавьж, зодсон. Орой нь цагдаа ирээд намайг авч явсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

Хохирогч Б.Хандсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг хүүхэдтэйгээ ахынд нь байхад нөхөр айлаас ирж байна тосоод ав гэж нилээн согтуу утсаар ярьсан. Би хүүхэд харж байна надад ямар ч боломж байхгүй, миний хань өөрөө аргалаад хүрээд ир эсвэл наанаа хоночихоод маргааш хүрээд ирээд ир гэсэн. Гэтэл нөхөр удалгүй хүний гэрэлгүй мотоцикль унаад ална хядана гээд орилж чарлаад гэрт орж ирсэн. М.Хүрэлчулууны нүд нь улаанаар эргэлдэж амнаас нь хөөс гарч намайг ямар шалтаг шалтгаангүйгээр зодож байгаад унтаж байсан хүүхэд дээр суучих гээд байхаар нь би чи хүүхэд дээр суучихлаа гэтэл хүүхэд буйдан руу аваад шидчихсэн. Би хүүхэд алнаа гээд орилж босоод хүүхдээ авч гэрээс гарах гэтэл намайг гаргахгүй дахин зодсон. Тухайн үед би М.Хүрэлчулуунаас намайг битгий зодооч би чиний хоёр хүүхдийн эх шүү дээ гэж зөндөө гуйсан. М.Хүрэлчулуун намайг найзыг нь цагдаад өглөө гэж уурлаж зодсон. М.Хүрэлчулуун миний хоёр хүүхдийн эцэг учраас надад түүнд гомдох гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо хүү бид хоёрын биеийн байдал сайн байгаа гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Даваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Хүрэлчулуун агсам тавиад байна гэрт жаахан хүүхэд байгаа гэж байсан тэгтэл Хүрэлчулуун хашааныхаа хаалгаар гараад ирсэн нилээд согтуу байсан эхнэр нь бололтой эмэгтэй Хүрэлчулуунаас зугтаасан бололтой гарч ирээд булан тойроод цугтсан машинд байсан Цэрэнханд машинаас буугаад зугтчихсан цагдаагийн утасны дугаар надаас асууж байсан. Довдон ах машинаас түрүүлж буугаад Хүрэлчулуунтай барилцаад авсан Хүрэлчулуун Довдон ахыг заамдаад авсан мөн машинд орж ирээд намайг заамдаад миний машины баруун талын цонхыг Хүрэлчулуун гараараа хага цохиод хагалсан би цонхоо хага цохиулаад шууд давхиж яваад Довдон ахын эхнэр Ариунааг аваад буцаад ирэхэд Довдон ахыг Хүрэлчулуун түлхэж унагаад Довдон ахын нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн бид хоёр машинаас буугаад Довдон ахыг аваад явсан Ариунаа эгч Хүрэлчулууныг загинаад байсан тэгээд бид нар яваад өгсөн дараа нь цагдаа ирж авч явсан байсан. Би машиныхаа цонхыг үнэлэхгүй цонхоо нэхэмжлэхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-21-23 тал/,

Хохирогч И.Довдон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 10 сарын 06 билүү 7-ны орой байсан өдрөө санахгүй байна. Сумын танил Даваагийн хамтаар портертой өвс ачаад сумын төвийн гудмаар явж байтал нэг эмэгтэй хүн гудманд гүйж гарч ирээд Хүрэлчулуун агсам тавиад эхнэрээ зодоод байна та 2 туслаач гэсэн бид хоёр нөгөө хүүхнийг суулгаад гэрийнх нь ойролцоо давхиад очитол Хүрэлчулуун хашааныхаа гадаа согтуу байсан тэгээд би Хүрэлчулуун дээр очоод яаж байгаа юм юу болов миний хүү гэхэд надтай Хүрэлчулуун дээр очоод яаж байгаа юм юу болов миний хүү гэхэд надтай Хүрэлчулуун зуураллдаад заамдалцаж аваад миний нүүр ам хамар луу цохисон бид хоёр дээр доороо орсон залуу хүүхдийг би дийлэхгүй юм байна лээ. Хүрэлчулуун надаас Даваагийн портер машины жолоочийн эсрэг талынх нь цохьсон тэгтэл Даваа машинтайгаа цугтаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-24-27 тал/,

 

            Гэрч Б.Цэрэнханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Хандсүрэнгийн утас руу нөхөр Хүрэлчулуун нь залгаад машин унчихаар хүн байвал машин унаад ирж намайг ав гээд байсан хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан тэгтэл Хандсүрэн машин унаад явах хүн байхгүй байна Цэрэнханд эгч бид хоёр хоёулахнаа байна гэхэд Хүрэлчулуун намайг ирээд авч чадахгүй байна уу би наана чинь хэн хэн байгааг өөрөө харнаа гээд согтуу бололтой яриад байсан утсаар Хандсүрэнтэй маргалдаад байсан тэгээд би хоолоо хийгээд байж байтал хашааны хаалгаар гар чийдэн тусгаад ороод ирсэн би өөдөөс нь хэнийг нь мэдэхээр гэрээсээ гараад очтол чи хэн бэ гэсэн Хандаа байна гэхэд чи яасан их намайг цагдаад өгдөг юм гээд эхнэр Хандсүрэнтэйгээ андуурч намайг зодохоор хашаан дотор элдэж хөөсөн би хашаанаас гараад гүйтэл намайг Хүрэлчулуун гудамжны гэрэлд хараад таньсан бололтой намайг орхиод гэр лүү орчихсон би араас нь сэмхэн дагаад байшин руугаа орох гэхэд байшингийн хаалга дотроосоо цоожтой Хүрэлчулуун Хандсүрэнг байшин дотор зодоод байсан Хандсүрэн уйлаж хашгираад орилоод болиоч гээд байсан би цонхоороо хөшигний завсраар хартал Хүрэлчулуун Хандсүрэнг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан.. гэх мэдүүлэг /хх-28-31 тал/,

 

            Гэрч Д.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Даваа Хүрэлчулуун эхнэр хүүхдээ зодоод бид хоёр салгах гээд дийлэхгүй Довдон ах  Хүрэлчулуунтай зодолдоод үлдсэн бараг зодуулж байгаа байх гээд хурдан хамт очиж цагдаа дуудмаар байна гээд би Даваагийн машинд суутал жолоочийн эсрэг талын цонх хагархай сандал дээгүүр нь хагархай байсан цонхоо яасан юм бэ гэж асуухад Хүрэлчулууныг хагалсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-32-34 тал/,

           

Гэрч Р.Ариунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Хүрэлчулууны байгаа газар нь очиход Хүрэлчулуун хашааны үүдэнд гудамжинд Довдонтой зодолдоод дээр доороо орж байсан би очиж салгаад Хүрэлчулууныг Хүрэлбаатар ахынх нь гэр лүү оруулсан Довдонг эхнэр Ариунаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-35-37 тал/,

 

   Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №513 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Б.Хандсүрэнгийн биед дээд уруулны дотор салс язарсан шарх, дээд, доод  урууланд зулгаралт, зүүн нүдэнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун шанаанд цус хуралт, эрүүний зүүн талд цус хуралт, цээжинд цус хуралт, баруун шанаа, эрүүнд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт /хх-42 тал/,

 

Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №555 тоот шинжээчийн дүгнэлтэд

1. Х.Улаанаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй

5. Хүүхдийн өвчний түүх ирээгүй гэх дүгнэлт /хх-44 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12 тал/,

- хохирогч Б.Хандсүрэнгийн гэрэл зураг /хх-13-14 тал/,

- үзлэгийн тэмдэглэл /хх-15-16 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-39 тал/,

- Төв аймгийн Аргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 369 тоот албан бичиг /хх-57-н ар тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 316 тоот лавлагаа /хх-59 тал/,

- Х.Аривжахын төрсний гэрчилгээний хуулбар /хх-61 тал/,

- Х.Бадрахын төрсний гэрчилгээний хуулбар /хх-61 тал/,

 

- шүүгдэгч М.Хүрэлчулууны ял шийтгэлийн хуудсыг шалгахад: үгүй гэх лавлагаа /хх-60, 68 тал /,

 

- шүүгдэгч М.Хүрэлчулууныг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр /хх-52 тал/, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-54 тал/, байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Шүүгдэгч М.Хүрэлчулуун согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлан 2016 оны 10 дугаар сарын 06-наас 2016 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын төвд Б.Хандсүрэн, Х.Улаанаа нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Хандсүрэн, И.Довдон, иргэний нэхэмжлэгч Б.Даваа, гэрч Б.Цэрэнханд, Д.Ариунаа, Р.Ариунбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №555 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №513 тоот шинжээчийн дүгнэлт шүүгдэгч М.Хүрэлчулууны мөрдөн байцалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулид заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

         Иймд шүүгдэгч М.Хүрэлчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Хүрэлчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол санал гаргаагүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

   Хохирлын талаар

 Хохирогч Б.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлсэн Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, хохирогч И.Довдонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Надад гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх зав гараагүй одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Би машиныхаа цонхыг үнэлэхгүй, цонхоо нэхэмжлэхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргээр энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Хүрэлчулуунд холбогдох гэм хорын асуудал байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Хүрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.