Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭМДЕГ

Хариуцагч: К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,

Нэхэмжлэлийн шаардлага: К******* банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-69 дүгээр тушаалын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136,113,246,755.6 төгрөгийн нэхэмжлэлийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд бүртгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, С:.Э, Б.Б, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Мөнгөн хадгаламжийн гэрээ болон Харилцах дансны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлж, Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

Уг нэхэмжлэлд Иргэн бүр эрүүл мэндийн даатгалд даатгуулан шимтгэл төлж, Эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлж, уг сангаас даатгуулагчийн эрүүл мэндийн баталгааг хангах нь эрүүл мэндийн даатгалын байгууллагын үндсэн чиг үүрэг байдаг. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д багтах хэдий ч Монгол Улсын иргэд эрүүл мэндэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор төлсөн мөнгөнөөс бүрддэг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг тэргүүн ээлжинд барагдуулахгүй бол хөрөнгийн дутагдлаас болж тус сангийн санхүүжилт гацах, улмаар эмнэлэг, сувилал, эмийн сан зэрэг 2300 орчим эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа доголдох, иргэд үйлчилгээ авч чадахгүйд хүрч, эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орно. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг тэргүүн ээлжинд барагдуулах шаардлагатайг анхаарна уу... гэсэн байдаг.

Гэтэл Банкны эрх хүлээн авагч нь мөнгөн хөрөнгийн эх үүсвэр, зориулалт, нийтийн ашиг сонирхол, Банкны тухай хуулийг буруу хэрэглэж, зохих дараалалд бүртгээгүй, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг эсрэгээр тайлбарлаж, нэхэмжлэлийг 73 дугаар зүйлийн 73.1.8-д заасан дараалалд бүртгэсэн нь иргэд даатгуулагчдын Үндсэн хуульд заасан эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөж, эрүүл мэндийн даатгалын байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргээд байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг, 9 дүгээр зүйлийн 9.1-т Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна гэж тус тус заасан бөгөөд сангийн мөнгөн хөрөнгө нь хуульд заасан 12 төрлийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Улсын төсөв, орон нутгийн төсвөөс эх үүсвэр, зориулалтын хувьд ялгаатай байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хадгаламж нь Монгол Улсын иргэн бүрийн шимтгэлээс бүрдэж, тэдгээрийн эрүүл мэндийг хамгаалахад зориулах мөнгөн хөрөнгө тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус заасны дагуу К******* банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1679 дүгээр албан бичиг, К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А-69 дүгээр тушаалын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд бүртгэхийг даалгаж өгнө үү. Иргэдийн мөнгийг илүүд үзээд өмнө нь өгнө гэсэн шалтгаанаар Эрүүл мэндийн даатгал болон Нийгмийн даатгалын сангийн мөнгийг дараалал хойшлуулж тавина гэж байгаа энэ асуудал өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Эрүүл мэндийн даатгалын мөнгө бол иргэдийн мөнгө юм. Энэ мөнгийг бид бүгд шимтгэлээрээ төлдөг. Хамгийн гол нь 3,000,000 хүний эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Ялангуяа одоо корона вирус дэлхий дахиныг цочроосон энэ үед эрүүл мэндийн даатгалын эрсдэл, сангийн эрсдэл бага байх чухал. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С:.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ бол төрийн мөнгө биш. Иргэд эрүүл мэндийн эрсдэлээ хамгаалах зорилгоор урьдчилан төлсөн шимтгэлийг, иргэдийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө гэж тодорхой заасан. Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын сангийн мөнгө тухайн төрлөөрөө дийлэнх хувийг эзэлдэг хэдий ч тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд иргэдийн мөнгө, төрийн мөнгө гэж ялгаварлан гадуурхаж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 01 дүгээр тогтоолоор Татварын тухай багц хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдааны тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн мөнгө нь тухайн үед Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдаагүй байсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын харилцаа нэг хуулиар зохицуулагддаг байсан. Энэ хуулийн заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт заасан Иргэд эрүүл мэндээ хамгаалуулах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхэд уг асуудлаар шийдвэр гарсан байдаг. Энэ бол төрийн мөнгө биш. Мөн өр биш юм. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-т зааснаар байж болохгүй. Энэ бол Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т зааснаар байх ёстой юм. Дараагийн асуудал нь энэ хэмжээний Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө банканд удаан хадгалагдсанаас болж, бид удаа дараа олон сарын хугацаанд холбогдох банкнаас гэрээнийхээ үүргийг гүйцэтгэнэ үү гэж олон удаа бичиг явуулсан. Монгол улсад давхардсан тоогоор 7,000,000 орчим эрүүл мэндийн даатгуулагч байдаг. Нийт Монгол Улсын 3,000,000 орчим иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулсан байдаг. Эдгээр иргэдийн төлсөн шимтгэл Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг бүрдүүлдэг. Эдгээр иргэд эрүүл мэндээ хамгаалуулахаар ямар нэгэн гэнэтийн асуудал болоод тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэхэд доголдол үүсээд эхэлчихсэн. Ийм 3,000,000 даатгуулагч иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа болохоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар үндсэн үүргээ биелүүлэхээр бүх хүчин чадлаа дайчилж ажиллаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жилд 400,000,000,000 гаруй төгрөгийн шимтгэлийн орлого хураагддаг гэхэд нэг иргэн дунджаар 142,000 төгрөгийн шимтгэл төлдөг болж таарч байгаа юм. Нөгөө талаас харахад нэг иргэнээр тооцох юм бол нэгдүгээрт эрэмбэлэгдэж болохоор асуудал юм. Өөрөөр хэлбэл иргэн өөрөө би 142,000 төгрөгийг ирээдүйд үүсэх эрүүл мэндийн эрсдэлдээ зориулаад жилд хадгалаад байгаа мөнгө юм. Нэг иргэнээр үзэхэд нэгдүгээрт эрэмбэлэгдэх мөнгө. Би 142,000 төгрөгөө бусдын адил авах эрхтэй. Нийт зүйлээр нь авч үзээд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т зааснаар үзэж байгаа боловч цаад утгаараа харах юм бол даатгуулагчийн өөрийнх нь буюу нэг хүний мөнгө. Ер нь манай 136,113,246,755.60 төгрөг нэгдүгээрт эрэмблэгдээгүйгээсээ болоод эрүүл мэндийн үйлчилгээ авах, дундаж тарифаар тооцох юм бол 453,000 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахааргүй, харин сая шинэчлэгдсэн тарифаар бодох юм бол 340,000 иргэн үйлчилгээгээ авч чадахгүй байх, улирал тутам хийгддэг 165,000 төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэсэн бол 824,000 даатгуулагч иргэн оношилгоо, шинжилгээгээ хийлгээд, эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалаад явах ийм хэмжээний мөнгө. Мөн Эрүүл мэндийн байгууллагаар нь тооцоод үзвэл 6 эрүүл мэндийн төвийн жилийн санхүүжилт. Өрөөр хэлбэл 6 эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх ёстой 150,000 даатгуулагч иргэний өөрийнх нь мөнгө юм. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-т зааснаар Засгийн газрын өр төлбөр юм гээд тавьчихсан сууж байгаа нь банкны эрх хүлээн авагчийн хувьд хуулиа буруу хэрэглэж байна. Мөн муйхар аргаар хэрэглэж дарааллыг арагш нь тавьж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 136,113,246,755.60 төгрөгийн асуудал бол Нийгмийн даатгалын байгууллага байхад гарсан. Нийгмийн даатгалын байгууллага 5 сантай. Хүмүүс эрүүл мэндийнхээ даатгалын шимтгэлийн мөнгийг нийгмийн даатгалын байгууллагад төлдөг. Тэгээд 5 сангаараа бүгдийг нь хувиарладаг. Энэ шимтгэлийн мөнгө бол эрүүл мэндийн эрсдэлд орсон хүмүүсийн эрсдэлийн мөнгө. Тийм учраас манайх өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний мөнгө төлөхөд бэрхшээлтэй байна. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд нийт 9,925.7 тэрбум төгрөг, 2013 онд 58,328.7 тэрбум, төгрөг, 2014 онд 99,429.5 тэрбум төгрөг, 2015 онд 129,722.2 тэрбум төгрөг, 2016 онд 135,444.7 тэрбум төгрөг, 2017 онд 132,537.7 тэрбум төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийн даалгавар эхний удаа, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5 тэрбум төгрөгийг төрийн сангийн данс руу шилжүүлэхээр төлбөрийн даалгаврыг аваачиж өгөхөд үүнийг шилжүүлээгүй. Үүнээс хойш удаа дараа төлбөрийн даалгаврын албан бичиг бичсэн. Бид боломжийн хэрээр мэдэгдэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Бтанаа гэж байгаад бичсэн. Банк мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн банкны Монголбанк дахь харилцах дансаар үл маргах журмаар суутган авах эрхийг Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгох гэж журамд заасан байдаг. Энэ эрхийг авахын тулд Монголбанкнаас саналыг нь авч байж батлуулдаг. Ингээд албан бичгийг удаа дараа Монголбанканд хүргүүлж байсан боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: К******* банк ХХК, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хоёрын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасны дагуу, Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Банк Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид иргэн гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2,800,000 даатгагчийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон банк хоорондын 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн К-01/169 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн К-01/170 тоот, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн К-01/94 тоот мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж хадгалуулсан. Банк дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын санг даатгахгүй, хадгаламжийн даатгалд хамаарахгүй гэж заасны дагуу энэ хадгаламж даатгагдаагүй. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар К******* банк ХХК хоёрын хооронд Иргэний эрх зүйн харилцаа үүсгэж 2,800,000 даатгагчийг төлөөлж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хуулийн дагуу мөнгөө хадгалуулсан ийм харилцаа үүссэн байдаг. Гэтэл энэ мөнгөн хадгаламжийн гэрээг К******* банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагч нар Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-т зааснаар буюу Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар юм гэж бүртгэсэн байгаа. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 6.1.5-т албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр энэ мөнгөн хадгаламж албан татвар биш юм. Харин Засгийн газарт төлөх өр төлбөр мөн үү гэдэг асуудал байгаа. Монгол Улсын Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т өр гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т өрийн хэрэгсэл гэж бүх төрлийн зээл, үнэт цаас болон өр үүсгэх аливаа гэрээ, хэлцлийг хэлнэ гээд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар К******* банк ХХК хоёрын хооронд ямар нэгэн өрийн хэрэгсэл үүсгэх харилцаа үүсээгүй. Засгийн газарт банкны төлөх өр төлбөрийн, өрийн хэрэгсэл байхгүй. Засгийн газарт төлөх өр төлбөр гэж юу байдгийг бид нар мэднэ. Ипотек, Засгийн газраас авсан зээл, гэрээгээр ямар нэгэн ажил, үүрэг гүйцэтгэсний хөлс байдаг. Тэгэхээр үүнд ямар ч өрийн хэрэгсэл үүсгэх зүйл байхгүй. Үүнд мөнгөн хадгаламжийн гэрээгээр Иргэний эрх зүйн харилцаанд оролцсон. Хуульд тодорхой заагаад өгчихсөн гэв.

 

Хариуцагч К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан төлбөр барагдуулах дарааллыг тайлбарлахын тулд нэн тэргүүнд үзэл баримтлалыг авч үзэх ёстой.

Европын төв банкны банкийг татан буулгах болон түүнтэй холбоотой шийдвэрүүдийн тухай 2016 оны зөвлөмж/дүгнэлтийн 1.6 дахь хэсэгт тэтгэврийн сан, тэтгэврийн компаниудын хадгаламж, улсын төсвийн шууд болон шууд бус хэрэглэгч болох засгийн газар, гөв банк, аж ахуйн нэгжүүдийн хадгаламж, түүнчлэн орон нутгийн төсвийн шууд болон шууд бус хэрэглэгчид хамаарах орон нутгийн байгууллагуудын хадгаламж нь эрх бүхий мөнгөн хадгаламжид тооцогдохгүй гэж заасан. Засгийн газрын хадгаламж нь олон улсын жишгийн хувьд бусад хувь хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжтай адилтгагдахгүй бөгөөд банк татан буугдсан тохиолдолд төлбөр барагдуулах дарааллын хувьд хадгаламж гэх хэсэгт багтдаггүй байна.

Банкны тухай хуулийн 2010, 2018 онуудын нэмэлт, өөрчлөлтөөр дээрх үзэл баримтлалын хүрээнд, олон улсад мөрдөгдөж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх зорилгоор төлбөр барагдуулах дарааллыг шинэчилж, илүү нарийвчлан зохицуулсан ба иргэн, хувь хүн, хуулийн этгээдийн харилцах, хадгаламжийн нэхэмжлэлийн шаардлагыг Монголбанкны болон Засгийн газрын буюу төсвийн байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагаас өмнө барагдуулахаар зохицуулсан.

Түүнчлэн Төсвийн тухай хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нь Монгол Улсын нэгдсэн төсвийг бүрдүүлдэг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу холбогдох төсвийг хуримтлуулан зарцуулах эрх бүхий этгээд нь төрийн захиргааны байгууллага /Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг/ буюу төсвийн байгууллага юм. Мөн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх Иргэний хуулийн зарчмын дагуу Банкны тухай хуулийн 73.1.8-д заасан Засгийн газар гэдгийг нэхэмжлэлийн шаардлага гаргагч бусад хуулийн этгээдээс субъектийн хувьд илүү тодотгон нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын К******* банканд хадгалуулсан мөнгөн хөрөнгө нь хадгаламж хэлбэртэй өр төлбөр бөгөөд түүнийг шаардах эрх бүхий этгээд нь Засгийн газар байх тул Банкны эрх хүлээн авагчийн зүгээс төлбөр барагдуулах дараалал тогтоосон тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 дахь хэсэгт оруулан төлбөр барагдуулахаар шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3, 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд тус тус зааснаар Банкны эрх хүлээн авагч нь захиргааны байгууллагад хамаарахгүй байх тул хэргийн харьяаллын хувьд иргэний хэргийн шүүхээр хянагдах маргаан гэж үзэж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.3-т заасан дараалал буюу даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардлагыг Хадгаламжийн даатгалын корпорацаас Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн барагдуулахдаа иргэн, хуулийн этгээдэд олгосон. Ингэхдээ тус хуулийн 7 дугаар зүйл /даатгалд үл хамаарах нөхцөл/-ийн 7.2.2 дахь хэсэгт төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага,7.2.3-т эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан-гийн хадгаламжийн даатгалд хамруулахгүй байхаар зохицуулжээ. Үүний дагуу иргэн, хуулийн этгээдэд олгосон 20.0 хүртэлх сая төгрөгийг нөхөн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгоогүй. Үүнээс үзэхэд мөн иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаас өмнө буюу тусдаа байхаар зохицуулсан байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж өмчлөх эрхийг хуульчилсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт-ыг,Төсвийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт Засгийн газрын гишүүн холбогдох төрийн захиргааны төв байгууллагын болон түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан бусад байгууллагын төсвийн, 16.4.4 дэх хэсэгт төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тус байгууллагын төсвийн гэж төсвийн захирагч субьектыг хуульчилсан. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь төрийн захиргааны байгууллагад хадгалагддаг тул өмчлөгч нь төр байдаг.

Банкны эрх хүлээн авагчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан зүйл огт байхгүй. Харин гагцхүү хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд, Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу олгох талаар мэдэгдсэн үйл баримтыг төлбөр барагдуулахаас татгалзсан гэж үзэж, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө эрсдэлд орж, барагдуулах боломжгүй мэтээр хүлээж авч шүүхэд хандсан нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Аливаа хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох, энэ ажиллагааны хүрээнд төлбөр барагдуулах процесс ажиллагаа нь коллектив буюу хамтын ажиллагаа байдгаараа нэг хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл олон тооны үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хамтад нь хянан шийдвэрлэж, хэн алины эрх ашгийг бусад этгээдийн эрх ашгаас илүүд тавилгүйгээр тэгш байдлыг эрхэмлэн, хамтад нь төлбөрийг барагдуулж, үүргийн гүйцэтгэлийг хангадгаараа ганцаарчилсан үүргийн гүйцэтгэлийн талаар хэрэгждэг захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанаас төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа ялгагддаг. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд хуульчилсан төлбөр барагдуулах дараалал нь орчуулгын алдаанаас улбаалан нарийвчилсан зохицуулалтыг хийж чадаагүй байдаг. Иргэн, байгууллага /хувийн хэвшлийн/-ын хадгаламжийн үлдэгдлийг, төрийн байгууллагын хадгаламжийн үлдэгдэлтэй нэг дараалалд оруулан барагдуулах нь Монгол улсын Үндсэн хууль, Банкны тухай хууль болон Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалд огт нийцэхгүй. Тодорхой зохицуулалт бүхий хуулийн хэм хэмжээ, эсхүл төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ, эсхүл Үндсэн хуулийг дангаар нь хэрэглэх аль ч тохиолдолд шүүх Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн тодруулсан шаардлагын үндэслэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийг нэгэн зэрэг ашигласан нь ойлгомжгүй байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А96 тушаалаар К******* банк ХХК-г татан буулгаад мөн өдрийн А97 тушаалаар банкны эрх хүлээн авагчийн томилсон. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуульд заасан эрхийнхээ дагуу банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдүүдийн төлбөрийн дарааллыг тогтоож, нэхэмжлэлийн баталгаажсан дүнг тогтоодог бүрэн эрхтэй байгууллага байгаа. К******* банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллыг тогтоохдоо А/69 гэдэг тушаалаар тогтоосон. Ингэхдээ Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасан дараалал буюу даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэдэг төлбөрийн дараалалд иргэн, байгууллагын буюу хувийн хэвшлийн байгууллагын харилцах хадгаламжийн үлдэгдэл байх нь зүйтэй юм байна. Засгийн газрын өр төлбөр гэдэг хэсэгт банкнаас авлагатай Засгийн газар болон түүний харьяа байгууллагуудын авлагууд бүртгэгдэх ёстой гэсэн байдлаар тухайн тушаалыг баталж төлбөр барагдуулах дарааллыг тогтоосон. Ингэхдээ яагаад Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т заасан хэсэг рүү Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мөнгийг оруулаагүй вэ гэхээр тухайн газарт дандаа хувийн байгууллагын болон иргэдийн мөнгө байршиж байгаа. Хэрвээ Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагуудын төлбөр орж ирсэн тохиолдолд бид нар төлбөр барагдуулах аргын хувьд Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болно гэж заасны дагуу төлбөр барагдуулах ажлыг зохион байгуулах байсан. Ингэхээр ямар эрсдэл үүсэх вэ гэхээр хувь тэнцүүлээд ирэхээр төртэй тэнцэхүйц хэмжээний хадгаламжтай иргэн болон хувийн байгууллага гэж байхгүй. Ийм учраас тухай иргэний өмчид төр шууд бус байдлаар халдаж эхэлнэ гэсэн үг юм. Нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараалал өөрчлөх нэхэмжлэлийн шаардлагыг ч мөн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын энэ мөнгөн дүнг банкны эрх хүлээн авагчийн зүгээс төлөхгүй гэж хэлээгүй. Гагцхүү Банкны тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг бүрэн эрхээрээ маань хүрээнд хийлгэж өгнө үү. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны тухай хууль 2010 онд шинэчлэн найруулагдахдаа дараалал нь иргэн, хуулийн этгээд, дараа нь Засгийн газрын харьяа байгууллагууд гэж байсан юм. 2013 онд Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль гарч, 2018 онд дараалалд нэмэлт өөрчлөлт орж, даатгагдсан хадгаламж, даатгагдаагүй хадгаламж гэдэг ойлголтын хүрээнд даатгагдсан 20,000,000 нь урдаа ороод Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т даатгагдаагүй нь орж, Засгийн газрын харьяа байгууллагуудын өр төлбөр Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-т орсон юм. Энэ батлагдсан хууль, хууль хэрэглээний шатанд буруу тайлбарлагдаад байна. Энэ бол Засгийн газрын өгөх өр төлбөрт хамаарах ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бол Засгийн газрын удирдлага, хяналтад хуулиараа байна. Хадгаламж хэлбэрээр байршуулж байна. Гэхдээ энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа арга хэрэгсэл нь хадгаламж хэлбэрээр байршуулаад гэрээ байгуулаад явж байгаа юм. Энэ байршуулж байгаа мөнгөн хөрөнгөө удирдахдаа хохирол учруулсан. Энэ банк татан буугдсан ч гэсэн тэр хүний мөнгө байх ёстой. Төлөх ёстой үүрэг нь Засгийн газар, Эрүүл мэндийн даатгалын санд байгаа. Одоо татан буугдсан үед дараалал дээр ороод ирэхээр Банкны тухай хуульд заасан дарааллаараа явна. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1-т бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр гэж заасан байдаг. Банкны эрх хүлээн авагч томилогдоход шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Банк төлөх ёстой байсан. Үүнийг хольж, хутгаж яриад байна. Хуулиар хүлээсэн үүрэг мөн. Бид үүнийг иргэн, хуулийн этгээдэд өгөх ёстой өр төлбөртэй адилтгаж Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-т оруулаагүй юм. Дараагийн асуудал нь Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн үйлчлэх хүрээн дотор Банкны тухай хууль зэрэг хамрах хүрээгээр нэг хуулиуд байгаа юм. Даатгалын тохиолдол гэж үүссэн тохиолдолд хэрэглэгдэх ёстой. Даатгалын тохиолдол гэдэг бол банкийг татан буулгахаар гаргаж байгаа Монголбанкны шийдвэр. Үүн дээр хадгаламжийг тодорхой заагаад өгчихсөн. Даатгагдсан иргэн хуулийн этгээдийн хадгаламжийг хадгаламжийн даатгалын сангаас төлнө. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас анх К******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулж К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1679 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 136,113,246,755.6 төгрөгөөр баталгаажиж, К******* банк ХХК-д байршуулсан эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын 73.1.8-д заасан дараалад бүртгэгдсэн тухай шийдвэр, шийдвэрийн үндэслэл болох К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Эрүүлд мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр-т хамааруулж, иргэд, даатгуулагчидад эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцах, тусламж үйлчилгээг худалдан авах зорилгоор, төр, иргэн, хуулийн этгээдээс урьдчилан төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн мөнгөн хөрөнгийг богино хугацаанд бүрэн барагдуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1679 тоот албан бичиг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд бүртгэхийг даалгаж өгнө үү[1] гэж тодруулжээ.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-нйи өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа К******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136,113,246,755.6 төгрөгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д бүртгэснийг хүчингүй болгуулж, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд бүртгэхийг даалгах тухай шаардлагаа дэмжихээ илэрхийлсэн тул шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 136,113,246,755.6 төгрөгийг мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу К******* банкинд хадгалуулсан байхад Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэсэн дараалалд оруулсан нь хууль бус гэж тайлбарлан маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулийн үзэл баримтлалын дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь Засгийн газарт төлөх өр төлбөрт хамаарах тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах эрх хэмжээтэй ба мөн хуулийн 3 дугаар зүйлд захиргааны байгууллага болон захиргааны үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд тодорхойлсноор ойлгохоор заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгохоор, мөн зүйлийн 5.2-т Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох-оор зохицуулсан байдаг.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Монголбанк нь дараахь үндэслэлээр банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч  томилохоор заасныг хэрэгжүүлж Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн А-96 дугаар тушаалаар К******* банк ХХК-ийг албадан татан буулгаж, А-97 дугаар тушаалаар К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч/цаашид банкны эрх хүлээн авагч гэх/-аар Мягмарын Адилбишийг томилсноос[2] үзвэл тус банкин дахь Банкны эрх хүлээн авагч нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд байна.

Мөн Банкны тухай хуулийн 72 дугаар зүйлийн 71.2.2-т зааснаар банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох эрх хэмжээтэй байна.

Улмаар К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны А/69 дүгээр тушаалын хавсралтаар[3] тус банкнаас шаардах эрх бүхий этгээдүүдийн төлбөр барагдуулах дарааллыг тогтоохдоо нэхэмжлэгч төрийн байгууллагын авах төлбөрийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8 Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэсэн ангилалд оруулснаараа нэхэмжлэгчийн хувьд хэд хэдэн этгээдийн дараа шаардах эрх үүсэх үр дагаварыг бий болгож байх тул маргаан бүхий А/69 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр гэсэн захиргааны актын шинжүүдийг бүрэн агуулж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэрэгсэхгүй орхиж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэснийг тэмдэглэв.

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална, 73.1.3-т Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага 73.1.5-д даатгагдаагүй хадгаламжийн төлбөр, 73.1.8-д Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, банкны эрх хүлээн авагч нь хадгаламжийн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн дарааллыг тогтоохдоо даатгагдсан болон даатгагдаагүй хадгаламж гэсэн ялгаатай байдлыг авч үзэх, үүний дараа Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар төлөгдөхөөр жагсаалт гаргах шаардлагатай байхад хариуцагч нь маргаан бүхий А/69 дүгээр тушаалаар К******* банк ХХК-аас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдүүдийн жагсаалтыг гаргахдаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын шаардах эрхийг Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар гэсэн ангилалд оруулсан нь буруу байна. Учир нь:

1/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд /цаашид "хадгалуулагч" гэх/-ийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "хадгалагч" гэх/-д хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг мөнгөн хадгаламж /цаашид "мөнгөн хадгаламж" гэх/ гэнэ гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон К******* банк ХХК-ийн хооронд 2018 онд байгуулагдсан нийт 6 удаагийн Мөнгөн хадгаламжийн гэрээ[4]-ний дагуу эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө болох 136,113,246,755.6 /нэг зуун гучин зургаан тэрбум нэг зуун арван гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга долоон зуун тавин таван төгрөг жаран мөнгө/ төгрөг тус банкинд байршиж байсан тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Энэ тохиолдолд хадгалуулагч болон банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасан Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээх гэрээг байгуулсан байхад хариуцагч банкны эрх хүлээн авагч нь энэхүү мөнгөн хадгаламжийн гэрээний агуулгыг хадгаламж бус Засгийн газарт төлөх төлбөр гэж өөрчлөн нэрлэх эрхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хадгалуулагч нь төрийн байгууллага гэдэг утгаараа Засгийн газарт төлөх төлбөрт хамааруулах зүйтэй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч төрийн байгууллага болон К******* банк ХХК-ийн хоорондын Мөнгөн хадгаламжийн гэрээ-нд Засгийн газрын оролцоо байхгүйн дээр мэндийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг эрүүл мэндийн даатгалын байгууллага хэрэгжүүлж байх тул Засгийн газарт төлөх төлбөрт хамааруулах боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...иргэд эрүүл мэндийн эрсдлээ хамгаалах зорилгоор урьдчилан төлсөн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө гэж хуульд тодорхой заасан байхад хариуцагчаас төрийн мөнгө гэж хэлээд байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна.

2/ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т төрийн байгууллага-ын хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй байхаар заасан байх тул төрийн байгууллагаас өөрийн хадгаламжийн төлбөрийг шаардах эрх нь Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр гэдэгт агуулгын хувьд бүрэн хамаарч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулийн үзэл баримтлалын дагуу төрийн байгууллагад төлөх аливаа төлбөрийг Засгийн газарт төлөх өр төлбөрт хамааруулахаар ойлгож Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан жагсаалтыг гаргасан. Энэ нь хуулийн үзэл баримтлалын 5. ...банкнаас үүргийн гүйцэтгэл эрх бүхий этгээдийн шаардлагын дарааллыг шинэчилж үр нөлөөг нэмэгдүүлнэ гэж тусгагдсан[5] гэсэн тайлбарын тухайд:

2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Банкны тухай хуульд төлбөр барагдуулах дараалал нь 64 дүгээр зүйлд 64.1.4 иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр, 64.1.5 хуулийн этгээдийн иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр[6] гэсэн дараалалтай байсан байна.

2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулиар 64.1.4. хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр гэсэн заалт нэмж, Банкны тухай хуулийн 64.1.4-64.1.7 дахь заалтын дугаарыг 64.1.5-64.1.8 гэж өөрчилсөн байна.

Улмаар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулиар Банкны тухай хуулийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцож, үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай хуулиар Төлбөр барагдуулах дараалал гэсэн 73 дугаар зүйлийг нэмж хуулчилсан байна.

Банкны тухай хуулийн холбогдох зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулсан байдлаас авч үзвэл, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар орсон төлбөр барагдуулах даатгагдсан хадгаламж, даатгагдаагүй хадгаламж, Засгийн газрын өр төлбөр гэх дараалал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан иргэдэд төлөх төлбөр, төрд төлөх төлбөр гэсэн ялгаатай байдлаар зохицуулсан бус, харин өмнө байсан боловч хуулиас хассан зохицуулалтыг нэмж сэргээх замаар оруулсан зохицуулалт гэж үзэхээр байх бөгөөд үгийн болоод өгүүлбэрийн утгын хувьд иргэдийн хадгаламж, төрийн байгууллагын хадгаламж гэсэн утгыг илэрхийлэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын К******* банк ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 136,113,246,755.6 төгрөгийг Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8-д бүртгэснийг хүчингүй болгуулж, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр дараалалд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.5, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын К******* банк ХХК дахь эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, К******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/69 дүгээр тушаалын 1 болон 4 хавсралтын Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.8: 5.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/, гэснийг тус тус хүчингүй болгож, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын К******* банк ХХК-аас авах 136,113,246,755.6 төгрөгийг Банкны тухай хуулийн 73.1.5-д заасан даатгагдаагүй хадгаламжийн төлбөр-т хамааруулан бүртгэхийг хариуцагч К******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч К******* банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 70200 төгрөг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ