Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2012 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Б-д холбогдох,  

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,487,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Т” ХХК нь хариуцагч Бтэй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Самсунг маркийн 10 ширхэг гар утсыг зээлээр худалдан борлуулсан болно. Энэхүү гэрээний дагуу нэгж үнэ 2,599,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг гар утсыг Бт хүлээлгэн өгсөн бөгөөд нийт үнэ нь 25,990,000 төгрөг болсон.

Хариуцагч Б  нь дээрх төлбөрийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлж зээлээр худалдан авсан гар утасныхаа төлбөрийг төлөхийг хариуцагч Бт удаа дараа сануулсан боловч үр дүнд хүрсэнгүй.

Иймд хариуцагч Бээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,990,000 төгрөг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу хоногийн 129,950 төгрөгийн алданги буюу үүрэг зөрчсөн 50 хоногийн алданги нийт 6,497,500 төгрөг, бүгд 32,487,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 32,487,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

           

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болох талаар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

 Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, хэргийн материалтай танилцаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

“Т” ХХК болон Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг 1 сар, 4 хоногийн хугацаатайгаар байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “Т” ХХК нь “S10 Green”  маркийн гар утас 3 ширхэг, “S10 White” маркийн гар утас 7 ширхэг, нийт 10 ширхэг гар утас нийлүүлэх, худалдан авагч Б нь нийлүүлэгчээс барааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийг “Т” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 432002423 тоот дансаар шилжүүлэн төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Талууд бичгээр байгуулсан гэрээгээ зээлээр худалдах, худалдах авах гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний шинжийг судлан үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “S10 Green” маркийн 3 ширхэг, “S10 White” маркийн 7 ширхэг буюу нийт 25,990,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг гар утсыг хариуцагчид хүлээлгэн өгснийг нотолно гэж Бийн гарын үсэг бүхий “Зарлагын баримт”-ыг гаргасан ба хариуцагчаас нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул шүүх энэ баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэв.

 

Хариуцагч шилжүүлэн авсан 10 ширхэг гар утасны үнийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлснийг нотолсон баримт, тайлбарыг гаргаагүйгээс шүүх хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхэд хүрэв.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гар утасны үнэ 25,990,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 2.4 дэх заалтаар “төлбөрийг нэхэмжилсэн хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5%-ийн алданги төлнө” гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг бичгээр хийх, алдангийн хэмжээ хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч нь 10 ширхэг гар утасны үнэ 25,990,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулах талаар худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч тохирсон хэмжээгээр хэтэрсэн хугацааны алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа хэтэрсэн хугацааг 50 хоног /58 хоног боловч 8 хоногоор багасган шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тооцно/-оор тооцож, нийт 6,497,500 /(25,990,000х0,5%)/129,950х50/ төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагч Бээс 32,487,500 төгрөг /25,990,000+6,497,500/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Бээс 32,487,500 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 320,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА