Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/01161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ү” ХХК -д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдон учирсан хохирол 14,456,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн төлөөлөгч Х.Чулуунбат, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би “Ү” ХХК-тай 2019 оны 3 дугаар cap 19-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнт дэх хувийн эзэмшлийн зуслангийн зориулалттай тэгш газарт 8x10 хэмжээтэй халуун, хүйтэн ус, бохирын хамт бүрэн шийдэгдсэн, шалны халаалттай, өвөл, зуны аль ч улиралд амьдрах боломжтой, блокон хийц бүхий хувийн сууцыг 1 автомашины гараашийн хамт нийт 36,000,000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор барьж, бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 16,000,000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээ байгуулахад би хариуцагч талтай аман яриагаар макын блокоор өрж, 10-ын хөөсөөр бүрж, мөөгөн дээвэртэй байшин барьж, бусдыг нь гэрээнд заагдсаны дагуу дуусгахаар тохиролцож ажлаа эхлүүлсэн. Ажил эхлүүлснээс хойш хариуцагч талаас нэхэмжилсний дагуу төлбөрүүдийг хоног өдөр алдалгүй, цаг тухай бүрд нь буюу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөг (урьдчилгаа хөлс), 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн.

Дээрх төлбөрүүдийг шилжүүлсний дараагаар хариуцагч талтай уулзахад хэмжээ алдчихжээ, 8х13 хэмжээтэй байшин баригдах болсон тул нэмж 1,000,000 төгрөгийн зөрүүгээ авмаар байна гэхэд нь ярилцаж тохиролцоод өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн миний зүгээс сагсны талбай нэмж хийлгүүлэхээр тохиролцож 8x11 хэмжээтэй талбайтай сагсны шийд 1,940,000 төгрөгөөр хийхээр тохиролцож хэмжээ алдсан мөнгөн дүнтэй хамт буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2,940,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, бүгд 33,940,000 төгрөг шилжүүлсэн болно. Үүнээс 1,940,000 төгрөг нь сагсны талбай, үлдсэн 32,000,000 төгрөг нь хувийн орон сууцны хөлсөнд өгсөн байгаа юм.

Гэтэл ажил гүйцэтгэгч нь ажлаа хугацаанд нь хийгээгүй, хийсэн ажил нь чанаргүйгээс гадна дутуу хийж орхин явснаас үүдэн маргаан гарч, гэрээ цуцлагдсан тул шүүхэд хандсан.

Дутуу баригдсан байшингийн өртгийг тогтоолгохоор үнэлгээний компанид 2019 оны 6 дугаар сард анх хандаж тухайн үед үнэлгээ гаргуулж байсан бөгөөд үнэлгээгээр “Ү” ХХК-ийн барьсан дутуу барилгад нийт 27,457,800 төгрөгийн зардал орсон болохыг тогтоосон юм. Хэдийгээр ийм хэмжээний зардал гаргасан байсан боловч уг байшингийн гүйцэтгэл чанаргүй буюу шал, хана, дээврийн ажилд дахин хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай болсон тул арга буюу дээрх ажлуудад нэмэлт хөрөнгө зарж ажлыг дахин шинээр гүйцэтгэсэн.

Тухайлбал, суурь цутгаагүй зөвхөн бэлэн суурийн блокуудыг хоорондоо маш зайтай тавьсан байсныг дахин хүчитгэж цутгасан, мөн шалыг далий цутгасны улмаас шаллах боломжгүй байсан тул тэгшилж дахин цутгасан, ханын өрлөг буруу хийгдсэнээс салхи нэвт сийгэж байсан тул хөөс шахах, цонхны ялуу болон багадсан цонхыг дахин хийсэн, дээврийн ажлыг бүхэлд нь шинэчлэн хийхээс өөр аргагүй байсан тул түгжээ өрлөгөөс эхлэн бүгдийг хийсэн. Тухайлбал, дахин шинээр дээврийн төмөр авч хийх, таазанд хийсэн фанерын оронд банз хийх, каракасыг шинэчлэх, дээврийн хүрээг уртасгах, байшингийн дотор өрөө хоорондын багануудыг хэт нимгэн модоор хийсэн байсныг өргөн модоор сольж хийх зэргээр ажил гүйцэтгэгчийн дутуу, чанаргүй хийсэн ажилд дахин их хэмжээний хөрөнгө зарсан ба ажил гүйцэтгэгчийн хийсэн ажилд нэмэлтээр хийсэн ажлын гүйцэтгэлийн зардлыг мөн тогтоолгоход 7,974,300 төгрөгийн зардал орсон болохыг тогтоогоод байна.

Миний шүүхэд баримтаар гаргаж өгсөн 18 орчим сая төгрөгийн баримтууд нь ажил гүйцэтгэгчийн дутуу орхисон байшинг гүйцээн барьсан зарим зардлаас гадна дээр дурдсан буруу хийсэн ажлыг дахин хийж засан сайжруулсантай холбоотой баримтуудын зарим хэсэг юм.

Иймд бидний байгуулсан гэрээ цуцлагдсан тул ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн 33,940,000 төгрөгөөс түүний зарцуулсан буюу үнэлгээгээр тогтоогдсон 27,457,800 төгрөгийг хасаж тооцон үлдэх 6,482,200 төгрөгийг, мөн ажил гүйцэтгэгчийн хийсэн зарим ажлын үр дүнг цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжгүй байснаас дахин засаж сайжруулан хийж гүйцэтгэхэд гаргасан зардал болох 7,974,300 төгрөгийн хамт нийт 14,456,500 төгрөгийг ажил гүйцэтгэгч “Ү” ХХК-аас гаргуулах хүсэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343.1, 350.1.1, 352.1, 355.1, 225, 227.1, 227.5-д заасны дагуу хариуцагчаас 14,456,500 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх тул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны хавар миний танил “манай дүү Ар гүнтэд хувийн орон сууц барих гэж байгаа юм. Чи хямд үнээр бариад өгөөч” гэж гуйсны дагуу анх Лтэй уулзаж 8x10 метрийн хэмжээтэй, гарааштай амины орон сууцны барилгыг тухайн үеийн зах зээлийн хамгийн доод үнээр тооцож, 36,000,000 төгрөгөөр 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Барилгын ажил эхлэх гээд газар дээр нь хэмжилт хийх үед Л манай байшингийн хэмжээ арай жижиг байна гээд 8x13 хэмжээтэй болгохоор хүсэлт гаргасан. Л нь тамбартай болгоё гэж хэлээд өөрөө зургаа авч ирж өгсөн. Ингэснээр үнэ нэмэгдэнэ шүү гэдгийг хэлж байсан. Өөрөө ч зөвшөөрсөн. Анхны тохироогоор хавтгай дээвэртэй байсныг мөөгөн дээвэртэй болгож өөрчилсөн. Барилгын ажил эхэлснээс хойш нийт 33,940,000 төгрөгийг ажлын хөлс гэж авсан. Үүнээс 30,255,500 төгрөгийг барилгын материал, тээврийн зардалд зарцуулсан.

Барилгыг өгсөн зургийн дагуу суурийг тавьж байшинг барьсан. Уг газар нь цэвдэгтэй байсан учир суурийг 10 см-ийн бүс бетон хийж өгсөн. Сууринд уулын чулуу түүж оруулан 30 см-ийн бетон цутгаж дүүргэлт хийсэн. Нэхэмжлэгч тал дахин нэмж бетон цутгасан гэдэг зөв. Угаасаа цутгагдах ёстой байсан. Энэ нь нэмэлт ажил биш, харин хийгдэх ёстой ажил юм. Мөн дээврийн банз нь хийгдэх ёстой ажил юм. Миний авсан байсан дээврийн төмрийг Л солимоор байна гэхээр нь би дахин өөр дээврийн төмөр авч өгсөн. Хуучин төмрөө аваагүй, тэндээ үлдсэн.

Гараашийн шалны доор бохирын цооног цутгасан. Евро блокоор ханыг өрсөн ба захиалагч блокон ханыг шилэн хөвөнгөөр доторлон модоор реклэнэ гэсэн учраас дулаалгын хөөс шахаагүй байсан. Барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд мөнгө шаардлагатай байсан учир санхүүжилтээ өгөхийг хүсэхэд “...та нараар бариулахгүй, дахиж мөнгө өгөхгүй...” гэх мэтээр маргаан үүсгэж биднийг ажиллуулаагүй. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 6 хүн cap гаран ажилласан бөгөөд цалинд нь нийт 8,545,000 өгсөн.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээтэй танилцсан. Үнэлгээнд манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын материалын болон тээврийн зардлын тооцоог буруу гаргаж, ажилчдын цалинг хүн/цагаар тооцохдоо мэргэжлийн ажилчин, туслах ажилчны цалингийн зөрүүг тооцоогүй, түүнчлэн одоогийн зах зээлд байхгүй хямд ханшаар буюу нэг хүнийг өдрийн 20,000 төгрөгөөр бүгдийг тооцож гаргасан нь учир дутагдалтай байна.

Ар гүнт рүү бага зардлаар явах машин огт байхгүй, ажилчид өдөрт 20,000 төгрөгөөр ажилладаггүй, харин 80,000-100,000 төгрөгөөр ажилладаг. Бүтэн барилга дуусгахад 19 куб.м хайрга орно гэж тооцсон нь үндэслэлгүй. Хайрга ачсан машины ажлын хөлсийг огт оруулалгүй тооцсон байна. Миний хийсэн ажил дээр хийгдэх ёстой ажлуудыг нэмж хийсэн байдлаа нэмэлт ажил гэж бичсэн нь үндэслэлгүй. Анхнаасаа 8х10 харьцаатай байшин барьсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан.

Цонхны амалгаан дээр гарсан 7 см-ын зөрүү нь засаж болох алдаа юм. Хана өрсөн блок нь тайрч болдоггүй, хээтэй, дотроо дулаалгатай блок учир өрөлтийн явцад цонхны амалгаанд зай гарсан нь үнэн.

Суурийн блокийг хүчитгэхийн тулд барилгыг бүрэн буулгаж байж хийх ёстой ажил. Дээрх барилгыг буулгахгүйгээр хүчитгэх ажлыг хийх ямар ч боломжгүй. Би цалинд 8,000,000 төгрөг өгсөн байхад үнэлгээн дээр 4,000,000 төгрөгөөр тооцсон байдаг юм байна. Миний материал авсан зардал 30 гаран сая төгрөг болсон байхад 27,457,800 төгрөг гаргасан байдаг юм байна. Өгсөн мөнгө нь миний хийсэн ажилд таарсан учир зөрүү шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Ажлын хөлсөнд 33,940,000 төгрөг авсан нь үнэн. Үүний 30,255,500 төгрөг нь материал, тээврийн зардалд зарцуулагдсан. Ажилчдын цалинд 8,545,000 төгрөг төлсөн. Би өөрөөсөө 4,860,500 төгрөгийг гаргасан буюу энэ хэмжээний алдагдал хүлээсэн явж байна.

Би 1 тонн арматурыг 1,200,000 төгрөгөөр авсан. Гэтэл үнэлгээнд 200 кг арматур орсон гэж бодсон байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт болгоныг би гүйцэлдүүлж ирсэн. Байшингийн хэмжээг томсгосон, дээврийг мөөгөн болгосон. Би газрыг нь эвдчихгүй гэсэндээ жорлонг нь хүртэл гараар ухуулсан шүү дээ. Хүнд сэтгэл гэж байдаг л бол миний байдлыг ойлгож бид хоорондоо асуудлаа шийдвэрлэх боломжтой л байсан. 

З0 гаран жил барилгын ажлыг хийж байгаа хүн хэмжээ алдаад 8х10 харьцаатай барилгыг 8х13 болгосон гэдэг худлаа, блокийг евро болгож өөрчлөх асуудлыг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн. Захиалагчтай тохирохгүйгээр байшингийн хэмжээг томсгох, блокийг дур мэдэн сонгох эрх гүйцэтгэгчид байхгүй. Бодит байдалд нийцэхгүй зүйлийг нэхэмжлэгч яриад байна. Өөрсдийнх нь хүссэнээр барилгын ажлыг хийсэн байхад өнөөдөр худлаа яриад зогсож байгаа нь үнэхээр жудаггүй байна. Хүний хийсэн ажлыг буруутгадаг нь олон шүү дээ. Манай салбарынханд ч ийм асуудал зөндөө шүү дээ.

Нэхэмжлэгчээс нэмж хийсэн ажил буюу бидний хийсэн ажлыг дахин засварласан гэсэн дүгнэлтийг үзэхэд зайлшгүй хийгдэх байсан ажлыг дахин засварлаж хийсэн мэтээр, бэлэн байсан дээврийн 183 м.кв төмрийг шинээр худалдаж авсан байдлаар, огт хийх боломжгүй суурийн үеийн цутгалтын хүчитгэлийг дахин хийсэн гэж үнэлгээг тооцож гаргасан нь мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ хийдэг газарт байж боломжгүй алдаа гэж үзэхээр байна. Зөвхөн эндээс үзэхэд 7,974,294 төгрөгийг дахин засварлах ажил хийсэн гэсний 3,973,675 төгрөгийн зардал зайлшгүй хийгдэх ёстой ажил ба авчихсан байсан дээврийн төмрийн үнийг оруулан /цалинг тооцохгүйгээр/ тооцож гаргасан байна.

Манай компанийн зүгээс Лтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа амины орон сууцны 1 м.кв-ийг нь 450,000 төгрөгөөр тооцож, 80 м.кв байшинг 36,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Ажил эхлэх үед байшингийн хэмжээ 104 м.кв болж томорсон. Энэ хэмжээгээр зардал өсөх нь ойлгомжтой. Гэтэл захиалагчаас мөнгөө нэмж өгөхгүй гэснээс болж ажил зогссон. Бидэнд ажлаа дуусгах боломж байсан боловч материалгүй болсон учраас аргагүй зогссон. Компанийн хувьд ажилласан 6 хүндээ цалинг нь бүрэн тооцож өгсөн. Энэ ажлаас компани 4,860,500 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Иймд Лээс гаргасан 14,456,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Шинээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л нь хариуцагч “Ү” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдон учирсан хохирол 14,456,500 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба анх гаргасан шаардлагаа 543,500 төгрөгөөр багасгасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан нэмэлт нотлох баримт гаргаж өгөх үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл өөрчлөгдөөгүй бөгөөд хуралдааны явцад хариуцагчид гардуулсан дэмжиж буй шаардлагатай холбоотой тайлбарыг хариуцагчийн танилцсан хэргийн материалд үндэслэн нэхэмжлэгч талаас гаргасан нь хариуцагчид мэдэгдээгүй баримт, мэдэх боломжгүй үйл баримтаар мэтгэлцсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэмэлт нотлох баримтыг өмнө бүрдүүлэх боломжтой байсан, одоо энэ хүсэлтийг гаргаж байгаад хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр хангахгүй орхиж, хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт зусланд 10х8 м-ийн хэмжээтэй хувийн, блокон орон сууцыг барих барилгын ажил /суурь, блок, өрлөг, дээвэр, гадна, дотор засал, 00-ийн трас (гүний худгаас байшин холболт, дотор холболт бүгд), монтаж, шалны халаалт (цахилгаан холболт бүгд)/-ыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс 36,000,000 төгрөг, үүнээс урьдчилгаа 16,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаар урьдчилан олгох замаар хуваан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Ийнхүү барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар Л, “Ү” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 33,490,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу барилгын ажлыг гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн хийж гүйцэтгэх явцад гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээ цуцлагдах болсон үндэслэлийг нэхэмжлэгч “...ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан...”-аас үүдэлтэй гэж тайлбарласан бол хариуцагч хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг “...ажлын хэмжээ нэмэгдсэн, булан блок захиалгаас гарахгүй удсанаас өрлөгийн ажил удааширсан...” буюу өөрөөс шалтгаалаагүй гэж тайлбарлаж байна.

 

Гэрээт ажил эхлэх үед ажлын хэмжээ нэмэгдэж, сууцны хэмжээ 8х13 метр хэмжээтэй байхаар өөрчлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн зурж өгсөн зураг /хувийн сууцны дээвэр болон доторх зохион байгуулалтын талаарх/, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд ийнхүү ажлын хэмжээ нэмэгдэх болсон шалтгаан нь хариуцагч хэмжээ алдсанаас бус харин нэхэмжлэгчийн хүсэл зоригоос үүдэлтэй байна. /хх-ийн 49-50 хуу/

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээ /1.2, 1.3/-ээр “...гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн нөхцөлд зөвхөн хоёр талын зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдэж, хоёр талын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан гэрээний эх хувьд хавсаргаж болно, хэрэв гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хоёр тал тохиролцож чадаагүй нөхцөлд анх байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу гэрээт ажлыг дуусгана...” гэж харилцан тохиролцсон боловч ажлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой талууд гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэгдсэн ажлын хөлс хэд байх, ямар хугацаанд ажлыг гүйцэтгэх талаар тохиролцоогүй, шүүх хуралдааны явцад харилцан адилгүй тайлбарыг гаргаж байна.

 

Шүүх энэ тохиолдолд хувийн сууцны дээвэр болон доторх зохион байгуулалтын зургийг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн, уг зургийн дагуу хариуцагч ажлыг гүйцэтгэж байсан үйл баримтад үндэслэн ажлын хэмжээг нэмэгдүүлэхээр талууд тохиролцсон үйл баримтыг тогтоогдсон гэж, харин ажлын хөлсний хэмжээ болон ажил гүйцэтгэх хугацааны талаарх талуудын байр суурь өөр учир ажил гүйцэтгэх хугацааг анх байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэхээр харилцан тохирсон гэж үзэх нь гэрээний 1.3-т нийцнэ.

 

Ажлын хөлсний тухайд гэрээ цуцлагдсан учир ажлын хөлсийг хэрхэн тооцохоор тохирсныг нотлох нь ач холбогдолгүй тул энэ хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажлыг гэрээнд заасан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусгах ёстой байсан боловч хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хугацаа хэтрүүлсэн үндэслэлийг булан блок захиалгаас гарахгүй удсанаас үүдэлтэй гэж хариуцагч тайлбарласан боловч гэрээ байгуулах үед энэ нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, гэрээт ажлын хугацааг тодорхойлох боломжтой байсан, хариуцагч талын гаргаж буй энэ үндэслэл гэрээт ажлын хэмжээ нэмэгдсэнээс үүдэлтэй хугацаа алдалтад шууд хамаарахгүй тул шүүх энэ нөхцөл байдлыг хүндэтгэх шалтгаанд тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрхээс дүгнэвэл “хэмжээ алдсанаас ажлын хэмжээ нэмэгдэх болсон” гэх нэхэмжлэгчийн тайлбар, “ажлын хэмжээ нэмэгдсэн, мөн шаардлагатай материал буюу булан блок захиалгаас гараагүй удсан нь хугацаа алдах шалтгаан болсон” гэх хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй байна.

 

Иймд гэрээгээр тохирсон хугацааг хариуцагч хэтрүүлсэн нь гэрээний үүргийн зөрчилд тооцогдох тул нэхэмжлэгчийн татгалзлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 222 дугаар зүйлийн 222.1.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус нийцсэн гэж дүгнэв.

 

Гэрээ цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд тохирох хөлсийг хариуцагчид төлөх, илүү төлсөн бол тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс давсан хэсэг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохиролд тооцогдох үндэслэлтэй юм.

 

Талууд гүйцэтгэх ажлын төсөв гаргаагүй, хариуцагч материалын зардалтай холбоотой зарлагын падаанаас өөрөөр өдөр тутмын, нэг бүрчлэн зарцуулсан материалын бүртгэл хөтлөөгүй тул шүүх хэрэгт авагдсан “Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланг хэргийн материалтай харьцуулах замаар хариуцагчийн ажлын гүйцэтгэлийн өртгийг тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

 

“Тод Үнэлгээ” ХХК-ийн барилгын гүйцэтгэлийн өртгийг 27,457,800 төгрөгөөр тооцож гаргахдаа арматурыг 1 тонн 1,200,000 төгрөгөөр тооцох ёстойг 960,000 төгрөг дутуу буюу 200 кг 240,000 төгрөгөөр, ханын блокийг 1150ш 8,625,000 төгрөгөөр тооцох ёстойг 1,268,154 төгрөг дутуу буюу 1058.5ш 7,356,846 төгрөгөөр, хамар ханын брусс модыг 15 боодол 300,000 төгрөгөөр тооцох ёстойг 90,000 төгрөг дутуу буюу 42м 210,000 төгрөгөөр, цонхны уголник төмөр 52м 405,600 төгрөгөөр тооцох ёстойг 360,600 төгрөг дутуу буюу 9 м 45,000 төгрөгөөр, хар фанер 30ш 630,000 төгрөгөөр тооцох ёстойг 480,000 төгрөг дутуу буюу 15ш 150,000 төгрөгөөр, дээврийн төмөр 183 м.кв 1,427,400 төгрөгөөр тооцох ёстойг 91,500 төгрөг дутуу буюу 183 м.кв 1,335,900 төгрөгөөр тус тус тооцсон нь үндэслэлгүй тул дээр дурдсан зөрүү дүнг хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын өртөгт нэмж тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 25, 31, 33, 36, 44, 45, 111-119 хуу/

 

Харин хариуцагч нь ажлын хөлсний зардалд 8,000,000 төгрөг төлсөн, тээврийн зардлыг хэт багаар тооцсон гэж тайлбарлах боловч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй тул шүүх үнэлгээний тайланд тусгагдсан дүнг баримтаар нотлогдоогүй тайлбараар үгүйсгэх үндэслэлгүй болно.

 

Иймд үнэлгээнд заасан үнийн дүн, хэргийн баримтын хооронд гарсан зөрүү болох 3,250,254 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын өртөг дээр нэмж тооцон хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын өртгийг 30,708,054 төгрөг гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь шилжүүлсэн ажлын хөлс 33,940,000 төгрөгийн зөрүү 3,231,946 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан үндэслэлээр нэхэмжлэгч доголдлыг арилгахад зарцуулсан үндэслэлээр хариуцагчаас 7,974,300 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д заасныг үндэслэн шаардаж байгаа.

 

“Тод Үнэлгээ” ХХК нь сууцны зориулалттай барилгад А.Дээврийн модон буюу банзан хучилт сольсон, дээврийн хаялга уртасгасан, Б.Шалны хазгай цутгалтыг 10-15 см орчим хэмжээтэй хийт бетон цутгаж тэгшилсэн ба дулаалсан, В.Урд ба баруун 2 цонхыг ялуугүй хийсний улмаас өрлөг суулт өгч, цонхон дээр дарсан, ялуутай болгож цонхны хэмжээг жижгэрүүлэн сольж, шинэчилсэн, Г.Ханын өрлөг хоорондын зай ихтэй, сийгэлт үүссэн учир зайг хөөсөнцрөөр шүршиж дулаалсан, Д.Таазны буюу хучилтыг хуучин шаардлага хангахгүй хар фанераар хийсэн байсныг сольж, банзаар хийсэн, Е.Ханын буюу дотор тасалгаа хоорондын ханын каракас модыг 5х5 брусс модоор хийсэн байсан ба ганхаад өнгөлгөө хийгдэх боломжгүй салж унаад байсныг 4х15 брусс болгож өөрчилсөн зэрэг нэмэлт ажлыг хийхэд гүйцэтгэлийн тайлангаар 7,974,300 төгрөг гарсан гэжээ. /хх-ийн 120-138 хуу/

 

Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардлын тухайд ажлыг гуравдагч этгээдээр үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн тул тухайн цаг хугацаанд ямар ажил хийгдсэн, хийгдээгүй байсныг одоо тодорхойлох, тухайн ажлын чанар байдалд одоо шинжээчээр дүгнэлт гаргуулах боломжгүй тул талуудын тайлбар, хэргийн баримтад үндэслэн шийдвэрлэхээс аргагүй.

 

Хариуцагч нь үнэлгээнд тусгагдсан 6 ажлаас В-д заасныг огт үндэслэлгүй, А, Е-д заасан ажил нь зайлшгүй бус харин нэхэмжлэгчийн хүсэлтээр нэмж хийсэн, Б, Г, Д-д заасан ажлууд нь гэрээт ажлын явцад хийгдэх ёстой байсан ажлууд гэх үндэслэлээр маргасан байдаг.

 

Талууд барилгын ажлын үе шатны гүйцэтгэх ажлын талаар дэлгэрэнгүй тохироогүйгээс шүүх дээрх ажлуудаас алийг цаашид угаас хийгдэх байсан ажил, алийг ажлын үр дүнгийн доголдлын улмаас дахин хийгдсэн ажил болохыг хариуцагчийн тайлбарт үндэслэн зааглах боломжгүй тул хийгдсэн ажлуудаас солигдсон болон нэмэлтээр засварлагдсан байдалд нь үндэслэн А, В, Г, Д, Е-д заасан ажлуудыг доголдол арилгахын тулд хийгдсэн ажил мөн гэж үзлээ.

 

Харин Б-д заасан ажил нь угаас хийгдэх байсан ажил тул ажлын үр дүнгийн доголдол арилгах зорилгоор хийгдсэн ажил гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэхэд нийт 7,974,294 төгрөгийн зардал гарснаас Б-д заасан ажлыг буюу суурийн тэгшилгээ үе буюу шалны өнгөлгөө бетон цутгах ажил хийхэд гарсан 2,533,935 төгрөгийг нийт зардлаас хасаж, үлдэх 5,440,359 төгрөгийг нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохиролд тооцох үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчаас гүйцэтгэсэн ажил, ажлын хөлсний зөрүү 3,231,946 /33,940,000-30,708,054/ төгрөг, ажлын үр дүнгийн доголдолтой холбогдуулан нэхэмжлэгчээс гарсан зардал 5,440,359 төгрөг буюу нийт 8,672,305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,784,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан “Ү” ХХК-аас 8,672,305 төгрөгийг гаргуулж Лд олгож, Лийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,784,195 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 153,707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА