Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

 

    2023           10                  27                                                    2023/ШЦТ/149

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч: Т.С*******,

Шүүгдэгч Б.А********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Б.А********д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А**********нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа Д.Ө************ Хаан банкны ********** тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 4 удаагийн зарлагаар нийт 6,759,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.А**********нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байхдаа Д.Ө************ Хаан банкны ********** тоот дансны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 4 удаагийн зарлагаар нийт 6,759,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Д.Ө**********: “...Би Цагаан хад суурьшлын бүсэд хувийн бизнес эрхэлдэг ба тээврийн хэрэгсэл явуулдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэг залууг ажилд авсан. Тус залуугийн нэрийг А******** гэдэг ба тухайн залуугийн нэр усыг асууж байгаагүй. Тухайн залуу надад ковшийн жолоочоор ажилдаг байсан ба би жолоочоор ажиллуулж цалинжуулдаг байсан. Би энэ залууг ажилд аваад 1 сар гаран болж байсан ба энэ залуугийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад суурьшлын бүсээс явсан байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхадаас Өмнөговь аймаг руу явсан. Манай ажил дээр жолооч А*********, Самбуугийн хамт үлдсэн. Самбуугийн бүтэн нэрийг мэдэхгүй. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр миний эзэмшлийн ************тоот данснаас нэг дор 3 сая төгрөг, 3.600.000 төгрөг, 99.000 төгрөг, 60.000 төгрөг гарсан гайхаад юу болов гэтэл би өөрийнхөө ашиглаж байсан картыг Цагаанхаданд байх ажлынхаа газар үлдээгээд явснаа мэдсэн. Миний карт ажлын газрынхаа өрөөнд үлдээсэн гэж бодож байна. Би энэ залууг өмнө Цагаанхаданд байх дэлгүүрээс эд зүйл авч байсан учраас энэ залуу миний картын кодыг мэднэ. Би энэ залуугаар ундаа ус авхуулж байсан. Би энэ залууд кодыг нь хэлээд явуулсан. Миний картыг энэ залуугаас өөр хүн мэдэхгүй. Энэ залуугийн нэр усыг мэдэхгүй. Утасны дугаар нь *********** дугаартай байсан. Одоо тухайн гар утас нь болохгүй байгаа...Би өөрийнхөө картын кодыг өөр хүнд хэлж өгөөгүй. Би нас дээр гарсан учраас нэг удаа хөл өвдөөд юманд явуулсан ба картаа өгөөд кодыг нь хэлж өгөөд явуулсан. Тухайн картын код нь 0815 байсан. Одоо бол картаа хаалгасан. Манай гэр бүлийн болох Дуламжав бол мэднэ. Бид хоёроос өөр хүн мэдэхгүй. Манай хүн мөнгө гарч байхад УБ хотоос ирсэн ба бид хоёр уулзаж байхад манай эхнэр чи яагаад картаас мөнгө гаргаж аваад байгаа юм бэ гэхээр юу яриад байгаа юм бэ гэж асуусан чинь картаас мөнгө гарчихсан байсан ба гайхаад картаа хайсан тэгээд Өмнөговь аймгийн Цагаан хаданд мартсанаа мэдсэн... Миний картаас мөнгө авахдаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын АТМ-ээс мөнгө авсан. 3.000.000 төгрөг, 3.600.000 төгрөг, 99.000 төгрөг, 60.000 төгрөгөөр тус тус авсан байсан. 60 төгрөгийг дэлгүүр авсан. 99.000 төгрөгөөр түлш авсан байсан. Эдгээр гүйлгээг Цогтцэций сумын төв уншуулсан байсан... Манай эхнэр миний данснаас мөнгө авна. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бол миний данснаас мөнгө аваагүй. Бид хоёр мөнгө данснаас гарах үед хамт байсан. Эхнэр надаас юун мөнгө гаргаад байгаа юм бэ гэж асуухаар гайхаад хартал мөнгө гарсан байсан... Надад сэжиглэж байгаа хүн байна. Манай ажил дээр жолооч хийж байсан залууг сэжиглэж байна. Нэрийг А***********гэдэг. Энэ хүнээс өөр хүн авахгүй. Би өмнө А************д цалин өгч байхад А********** ************* тоот дансаар хүн рүү мөнгө явуулж байсан ба миний данснаас гарсан мөнгө ************тоот данс руу орсон байсан. ************** тус дансны эзэмшигч нь Отгонбаяр Анхзаяа гэсэн хүн байсан. Тэгэхээр миний картыг авсан хүн надад жолоочоор ажиллаж байсан залууг гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19-р хуудас/,

Гэрч Н.Дуламжавын: “...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх гэртээ байхад манай нөхөр Ө*********данснаас 3.000.000 төгрөг, 3.600.000 төгрөг, 90.000 төгрөг, 66.000 төгрөгийн гүйлгээ гарахаар нь гайхаад нөхрөөсөө асуутал манай нөхөр өөрөө мэдэхгүй байсан. Манай нөхөр бид картаа хаалгаад хаан банкны лавлагаа авсан. Манай нөхөр картаа хайгаад олоогүй, картаа хаана байгааг мэдэхгүй байсан учраас утасны мэдээллийг харж байж мөнгө гараад байгааг мэдсэн. Картаа Өмнөговь аймгийн Цагаанхаданд ажил дээрээ үлдээсэн гэж нөхөр хэлж байсан. Тус картын кодын мэднэ. Одоо бол хаалгасан байгаа...Манай нөхөр картаа хамт ажиллаж байсан залууд өгч явуулсан юм билээ. Тэр залуугийнхаа нэрийг хүртэл мэдэхгүй байгаа. Дансны хуулга, нэг данс байгаа тэр дансаар хамт ажиллаж байсан А******** гэх залууд ********* тоот дансаар хүн рүү мөнгө шилжүүлж байсан байдаг. Тухайн дансны эзэмшигч нь Отгонбаяр овогтой Анхзаяа гэж байсан...Манай нөхрийн данснаас 3.000.000 төгрөг, 3.600.000 төгрөг, 99.000 төгрөг, 66.000 төгрөг ********** тоот данс руу шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/,

Д.Ө********** эзэмшлийн Хаан банкны ************ дугаартай дансны хуулга /хх-н 52-54-р хуудас/,

О.Анхзаяагийн эзэмшлийн Хаан банкны ************* дугаартай дансны хуулга /хх-н 63-р хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 1418 дугаартай шинжээчийн “...Хаан банкны карт 1 ширхэг 10,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-н 37-40-р хуудас/,

Яллагдагч Б.А************ийн “...Би 2023 оны 06 сарын 28-ны өдөр манай хамт ажилладаг Ө*********** гэдэг хүн дэлгүүрээс архи, ундаа аваад ир гээд надад Хаан банкны ногоон өнгийн картаа өгөөд нууц үгээ хэлээд өгсөн тэгээд би дэлгүүрээс архи ус ундаа аваад Ө***********д аваачиж өгсөн ба Ө********** согтуу байсан тул Хаан банкны картыг өгөөгүй. Би 2023 оны 06 сарын 29-ны өдөр Улаанбаатар хот явах ажилтай байсан тул Ө*********** гэдэг хүний картын өгөхөө мартаад тухайн үед өөрийн өмсөж явсан хар өнгийн биеийн тамирын өмдөндөө хармаанд байгааг Цогтцэций суманд ирээд мэдсэн.Тэгээд би Цогтцэций сумын төвд байрлах Хаан банкны АТМ дээр 18 цагийн үед очиж АТМ дээр картаа хийж нууц үгийн хийгээд дансны үлдэгдлийг шалгахад тухайн картад 30 /гуч/ гаруй сая төгрөг байсан тэгээд би 3.000.000 төгрөг, 3.600.000 төгрөг 99,050 төгрөг, 60.000 төгрөг буюу 4 удаагийн давтамжтай нийт 6.759.000 төгрөгийг авсан... Өлзийсайханы картаас мөнгө авах гэж байгаа талаар Ө***********д хэлээгүй бөгөөд бэлэн мөнгөний хэрэг яаралтай гараад би өөрөө дур мэдэж шууд авсан... Тухайн үед Ө************* согтуу байсан тул хэлээгүй бөгөөд эрүүл болсон хойно нь хэлнэ гэж бодож байсан гэхдээ намайг Ө*************д хэлхэхээс өмнө Ө************ өөрөө намайг авсан гэдгийг мэдсэн байсан тул би хэлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.А************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.А************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.А**********ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч, Д.Ө************ нь шүүгдэгчээс 6,759,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирогч Д.Ө**********д 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,759,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Алтангэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А***********д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэх саналыг  шүүгдэгч Б.А************нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б********* овогт Б.А************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А************д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А***********д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч биелэлтэд нь хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Хохирогч, Д.Ө*********** нь шүүгдэгчээс 6,759,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь хохирогч Д.Ө************д 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3,759,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А***********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА