Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

 

  2023             10                 27                                                      2023/ШЦТ/150

                  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.С**********,

Шүүгдэгч Н.Б********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С********* овогт Н.Б**********д холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Б********нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Гашуун сухайт хилийн боомтоос Ухаа худаг уурхай явах чиглэлийн хатуу хучилттай авто замын 114 дэх километрт өөрийн эзэмшлийн 79-74 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 13.1-д заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 35-76 УНН, 33-64 УЕМ, улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, 79-74 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.А*************, М.Э********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Н.Б********нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Гашуун сухайт хилийн боомтоос Ухаа худаг уурхай явах чиглэлийн хатуу хучилттай авто замын 114 дэх километрт өөрийн эзэмшлийн 79-74 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 13.1-д заасан жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 35-76 УНН, 33-64 УЕМ, улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, 79-74 ӨМЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.А*************, М.Э**************** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 14- 5-р, 21-25-р хуудас/,

3ам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг /хх-н 16-19-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.А***********ийн “...2023 оны 07-р сарын 31-ний өдөр Ханбогд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сум орох гээд Б.Болдмаа эгч тээврийн хэрэгслээ жолоодож би Н.Б********** эгчийн гурван хүүхдийн хамтаар зорчиж байсан юм. Тэгээд замдаа явж байхад Н.Б********урдаа байсан тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх хөдөлгөөн хийгээд явж байхад гүйцэд түрүүлж амжаагүй өөдөөс ирсэн нүүрс тээврийн машинтай мөргөлдөж дараа нь гүйцэд түрүүлэх гэж байсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан. Тэгээд цагдаа нар, сумаас эмч нар ирсэн...Ослын улмаас миний миний биед гэмтэл учраад бэлтгэл хийж чадахгүй болж миний биед гэмтэл учирсан. Морь унаж чадахгүй болсон байсан. Одоо би нурууны өвчнөө сэдрээхгүй байх тал дээр анхаарч байгаа. Осолд орсноос хойш том тэрэгнээс айдаг болсон бусдаар сэтгэл санаа гайгүй байгаа...Би хохирол гомдолтой холбоотой баримт гаргаж өгөх боломж байхгүй байна. Цаашдаа гаргаж өгнө...Миний зүгээс гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө, Улаанбаатар хот руу эмчид үзүүлэхээр явахдаа миний ээж ажлаас чөлөө авч явсан, бензин хийсэн мөнгө болох 5.000.000 төгрөгөө гаргуулж авна. Цаашид эмчид үзүүлэх шаардлага гарвал эм тарианы мөнгө гаргуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч М.Э*************ийн “...Би хохирол гомдолтой холбоотой баримт гаргаж өгөхгүй миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 51-р хуудас/,

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дахин өгсөн “...Би энэ эрхээ эдлээд мэдүүлэг өгөхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-р хуудас/,

Гэрч Б.Мягмарнарангийн “...ОБА транс ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...2023 оны 07 дугаар сарын 31-нд Нордбенз маркийн 37-56 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Ухаа худаг уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт орох чиглэлийн нүүрс тээврийн замын 113 дахь километр өнгөрөөд явж байхад урдаасаа хойшоо чиглэлд явж байсан нүүрс тээврийн 33-64 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тойрог зам дээр ирж яваа харагдсан. Тэгээд би хоосон талдаа ирж явсан нүүрс тээврийн машинтай зөрөх гэж байхад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлээд гараад ирэхээр нь би хажуу тийшээ ертөнцийн зүгээр баруун гар тал руу дараад тормоз гишгэхэд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чирэгч зүтгүүрийн арын дугуй руу мөргөсны улмаас би шарваад миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зам дээр хөндлөн болж зогсохоор нь би машинаасаа буугаад харахад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэд түрүүлэх гэж байсан нүүрс тээврийн машины жолооч талын чиргүүлийн ар хэсэг рүү мөргөөд зогссон байдалтай байхаар нь би гүйгээд очтол жолоочийн суудал дээр нэг эмэгтэй хүн жолоочийн эсрэг талын суудал дээр нэг хүүхэд, арын суудал дээр гурван хүүхэд байхаар нь би анхан шатны тусламж үзүүлж Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан хүүхэд эмэгтэй хүнийг тээврийн хэрэгслээс зөөвөрлөж гаргасан. Тэгээд тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүүхдүүдийг тээврийн хэрэгслээс гаргаад байж байхад гурван хүүхэд нь уйлж байсан. Нэг хүүхэд нь уйлахгүй байсан. Тэгээд Ханбогд сумын Сум дундын эмч 30- 40 минут орчим болоод ослын газар дээр ирээд зорчиж явсан хүүхдүүд тээврийн хэрэгслийг жолоодож явсан эмэгтэй хүнийг аваад явсан...Би 113 дахь киломерт өнгөрөөд уруудаад явж байхад замын хагархай хэсэг таараад би хурдаа хасаад ойролцоогоор 40 километр цагийн хурдтай явж байсан...Ослын улмаас миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй...Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 61-р хуудас/,

Гэрч Д.Амарсанаагийн “...Уг ослоос ОБА транс ХХК-ийн эзэмшлийн 37-16 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. ОБА транс ХХК-ийн зүгээс уг тээврийн хэрэгсэлд ослын улмаас эвдрэл гэмтэл гараагүй гэсэн албан бичиг хийж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 63-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9835 дугаартай “...Б.А***********ийн биед сээрний 11,12-р нугалам хугарал, баруун бугалганы зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо....Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ нь гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чаДварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 70-71-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9839 дугаартай “...М.Сийлэгмаа-н биед эрүү, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүү, зүүн шилбэ, баруун шууны цус хуралт. зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 84-85-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9837 дугаартай “...М.Э************ийн биед эрүүний шарх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт 10. Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “...М.Э**********-н биед зүүн шуу ясны далд хугарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 96-97-р хуудас/,

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай мөрдөгчийн “...Навчаа овогтой Б************нь 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр, Prius-20 маркийн 79-74 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...гэх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас Б.************, М.Э************* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...ОБА транс" ХХК-ийн эзэмшлийн 37-56 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Мягмарнаран, "Ти Ти Си Энд Ти" ХХК-ийн эзэмшлийн Nord Benz маркийн 33-64 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Эрдэнэцогт нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй...” гэсэн мөрдөгчийн магадалгаа /хх-н 110-111-р хуудас/,

Яллагдагч Н.Б***********ийн “...2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Ханбогд сумаас Өмнөговь аймгийн Даланзадгад сум орох гээд приус 20 маркийн 79- 74 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Гашуунсухайт хилийн боомтоос Ухаа-худаг чиглэлд өөрийн гурван хүүхэд, ахын нэг хүүхдийг' суулгаад тавуулаа явж байсан юм. Тэгээд миний урд явсан нүүрс тээврийн машиныг гүйцэд түрүүлэх гээд амжаагүй явж байхад өөдөөс эсрэг урсгалаас нүүрс тээврийн машин гарч ирээд эсрэг урсгалаас ирж байсан нүүрс тээврийн машинтай мөргөлдөөд дараа нь гүйцэд түрүүлэх гээд явж байсан нүүрс тээврийн машиныг мөргөж осол гаргасан юм...Миний зүгээс Б.А**************д эмчилгээнд хэрэглээрэй гэж 500.000 төгрөг өгсөн...Миний зүгээс бусдад учирсан хохирлыг барагдуулж өгнө. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 115-р хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч О.Баатармягмарын “...33-64 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Ти Ти Си Энд Ти” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Манай 33-64 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй...Манай компанид гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх- 39-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Б********нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Н.Болдмааг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч Н.Б********нь хохирогч Б.А************д 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч М.Э**********, М.С*********, М.Э********** нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Б***********г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Н.Б********нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Б************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт Н.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б***********г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь хохирогч Б.А**********д 1,500,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч М.Э*********, М.С***********, М.Э************ нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Б************г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б*********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Д.БАТТУЛГА