| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-11-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Б.Түвшинтөр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Од холбогдох 2316000000149 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, ... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, бэргэн, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын ... тоотод оршин суух хаягтай, Говь-Алтай аймгийн ... багт оршин суух хаягийн бүртгэлтэй, ... регистрийн дугаартай, Бэсүд овогтой З.О гэв.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Ог тус аймгийн Есөнбулаг сумын ... тоот хашаанд байх HONDA FIT машины хропыг 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.О нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Есөнбулаг сумын ... тоот хашаанд байх хохирогч Ш.Хын эзэмшлийн HONDA FIT машины хропыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 700,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.О гэм буруутай болох нь:
Шүүгдэгч З.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж асуултад хариулсан: “...Хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн. ...Ах ажилд явсан. Өнөөдөр л ирэх юм гэсэн. Тэгээд тэр хохирлыг өнөөдөр л хийнэ гэсэн ш дээ. Хохирлыг нь барагдуулна. Миний буруу” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ш.Хын мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хулгай орж хашаанаас Fit маркийн тээврийн хэрэгслийн орж ирсэн шинэ хроп алга болсон байна. Тэгээд хроп алга болсны маргааш таксинд явдаг Сүлд гэх хүний ах Отгоо надад танай хашааны доод талаас хроп авч явсан байна гэж хэлсэн. ...Улаанбаатар хотоос 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 700,000 төгрөгөөр авч ирсэн. Хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч Ц.Цн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах Их нуруу түүхий эдийн төвийг ажиллуулдаг. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр миний танихгүй хүн машины хропыг 40,000 төгрөгөөр зарсан. Тухайн хропыг таксигаар авч ирж буулгасан. Би хроп зарсан хүнийг хараад танина. Тухайн хропыг түүхий эд авдаг Очир гэх хүнд 2023 оны 08 дугаар сарын 15-нд зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Ц.Сн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 07 дугаар сарын сүүлээр намайг Баатарын дэлгүүрийн тэнд явж байхад Одсэр, Цогоо гэх 2 залуу миний машинд суугаад хойшоо Индэртэд байрлах хашааны гадна очоод тухайн хашааны гадна байсан хогийн савын хажууд байсан 1 ширхэг машины хропыг миний машинд ачаад Их нуруу түүхий эдийн төвд зарсан. Би Одсэр гэх залууг хараад танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Ө.Цн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр намайг явж байхад З.О таараад такси бариад Индэрт багийн нэг хашааны гаднаас очиж энэ минийх юм гэж хэлээд 1 хроп авсан. Би хулгайлсан талаар нь мэдэхгүй хэрэггүй л юм болгосон. З.О минийх гэж хэлээд “Алтайн нуруу” түүхий эдийн цэг дээр такси барьж авч очиж өгсөн. Би машинаас буугаад явсан хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “...1-5 хүртэл дугаарлан ширээн дээр тавьсан зураг байх бөгөөд гэрч Ц.Цд үзүүлэхэд 2 дугаартай хүний зургийг заав. Мөн ажиллагааны явцад зургуудыг байр, дугаарыг сольж үзүүлэхэд 4 дугаартай хүнийг зургийг заав. Ажиллагааны явцад Ц.Цс ямар содон шинж тэмдгээр нь таньсан талаар тодруулахад гудамжинд архи уугаад яваад байдаг ер нь зүс мэднэ...” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-10-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “...бодит үнэ цэнийг 700,000 төгрөгөөр тодорхойлов...” гэх ТХҮ-921/4647 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 31-33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч З.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Хт 700,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч З.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч З.Ог тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний эрүүл мэндийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овгийн З.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч З.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч З.Од мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Огээс 700,00 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Хт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА